• Шилдэг төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардууллаа

             Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн 21 дэхтөгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд  уул уурхайн инженер, бизнесийн удирдлагын мэргэжлээр70 орчим оюутан төгсөж, бакалавр, магистрын диплом гардан авав.      Тодруулбал, энэ өдөр уул уурхай, бизнесийн удирдлага хөтөлбөрөөр бакалавр зэрэгтэй 36, магистр зэрэгтэй 33оюутан төгслөө. “Эрдмийн баяр”-ыг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нээж үг хэлсэн. Тэрээр энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Технологийн сургууль нь “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль болон өөрчлөгдсөнийгонцлов. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан эрдэмтэн, доктор, хүндэт профессор, зөвлөх инженерүүд оролцож, шинээр төгсөгчдөд баяр хүргэхийн зэрэгцээ эзэмшсэн мэргэжлээ ажил хөдөлмөрийн талбарт амжилт бүтээл дүүрэн зориулж ажиллахыг ерөөлөө.     Тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг 3.2-оос дээш голч дүнтэй дүүргэсэн хоёр оюутныг ШУТИС-ийн шилдэг оюутнаар шалгаруулж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн газарт ажлын байраар хангах батламж гардуулсан юм. Шилдэг оюутнаар тодорсон Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгч  Б.Ишдорж, П.Бат-Эрдэнэ нар зууны манлай үйлдвэрийн ажилтны эгнээнд шилжих эрхтэй боллоо.         Технологийн сургууль буюу “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2019-2020 оны  хичээлийн жилд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрт олон шинэчлэл хийсэн байна. Тухайлбал, Боловсролын магадлан итгэмжлэлээр 3 дахь удаагаа батламжлуулж, энэ хичээлийн жилд олон улсын чанарын стандарт хэрэгжүүлжээ. Цаашид тус сургууль нь шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн, Монголын уул уурхайн шилдэг боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилтоо улам чанаржуулан ажиллахаар зорьж байна.   М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МҮХАҮТ, Орхон, Булган аймгийн ЗДТГ, тус аймгууд дахь танхимын салбар зөвлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцсон “Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулган амжилттай өндөрлөлөө. Холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг ажил хэрэг болгож, асуудлыг дор бүр нь шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр уламжилсан. МҮХАҮТ-аас чуулганд оролцогчдод зориулан хувь хүний хөгжил болоод эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэхэд яах ёстой вэ, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр юу хийх вэ гэсэн асуултын хүрээнд хагас өдрийн сургалт зохион байгууллаа. Тус танхимын гишүүнчлэлтэй байгууллага, хувь хүмүүс Орхон, Булган аймаг дахь салбараас гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааны талаарх мэдээ мэдээлэл хүлээн авч, сургалт зөвлөгөөнд хамрагддаг байсан бол энэ удаагийн танхимын сургалтаар тал бүрийн цогц мэдээлэл авснаа тэд илэрхийлж байлаа. Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих хамгийн таатай хувилбар, гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ. Хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогчдын санал бодлыг сонслоо.   МҮХАҮТ-ын газрын дарга Б.ЭРДЭНЭБАТ: Албаны хүмүүс орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо     -Та чуулганыг дүгнэн юу хэлэх вэ?     -Чуулганыг амжилттай зохион байгуулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон, Булган аймгийн салбар танхим болон Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин оролцлоо. Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн зарчмаар сум, орон нутагт бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдэгт санал санаачилга гаргалаа. Ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо. Үзэсгэлэнгээс бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бодитоор үзэж харсан. Мөн үйлдвэрлэгчид Эрдэнэт үйлдвэрт ханган нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авсан нь чуулганы бодит үр дүн юм. Саналуудыг нэгтгэн цаашид ажил хэрэг болгон ажиллана. Орхон аймгийн “Эрдэнэт газар өгөөж хоршоо”-ны дарга О.ЦЭЦЭГСҮРЭН: Хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо     -Өнөөдрийн чуулганаас авч үлдсэн зүйл юу байна вэ?    -Сургалтаас маш олон мэдээлэл авлаа. Бизнесийг яаж эхлүүлэх вэ, ямар зарчмаар явуулах вэ гэдэг маш чухал юм байна. Төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хэрэгтэй мэдээлэл авсан. Миний хувьд газар тариалан эрхэлж, хүнсний болон даршилсан ногоо, жимсний чанамал үйлдвэрлэж байна. Өнөөдрийн сургалтаас өөрийн бизнест дүн шинжилгээ хийж, алсын хараа муу байна уу даа гэсэн бодол төрсөн. Гэхдээ хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо. Чуулганд оролцсондоо ихэд олзуурхаж байна, зохион байгуулагч нартаа баярлалаа. Булган аймгийн Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал П.СҮХБААТАР:  Бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл       -Та хаанаас оролцож байна вэ, үйлдвэрлэгчийн хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?     -Би Булган аймгаас чуулга уулзалтанд оролцохоор зорьж ирсэн. Манайх дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэр төрлөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор зулын шар тос, саван, малын ясыг дахин боловсруулах аргаар гаргаж авсан эрдэст уурагт тэжээл зэрэг таван нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Өнөөдөр эко савангаа танилцууллаа. Үйлдвэрийн удирдлагууд судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хэрэгтэй зүйл санаачилсан МҮХАҮТ, Эрдэнэт үйлдвэрт талархал илэрхийлье. ӨМӨЗО-ны Баяннуурын хил дамнасан цахим худалдаа буюу “Е экспорт төсөл” ихээхэн анхаарал татлаа. Урд хөршид үзэсгэлэн худалдаанд оролцохдоо том зах зээл ямар байдгийг харсан. Тиймээс бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл юм.     “Монгол хүнс” үйлдвэрийн захирал Л.БААСАННЯМ: Бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна      -Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ямар алхам хийж байна вэ?     -Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг миний хувьд төр, орон нутгийн удирдлагуудтайгаа ойроос уулзах боломж гарсанд баярлаж байна. Манайх талх, нарийн боов дагнан үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд ЖДҮ-ийн төсөлд хамрагдаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Сурилуулалтын ажил хийгдээд удаагүй байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сайжрахын хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар сайжирна. Тиймээс бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна. Хөгжих боломж их бий. Хамгийн гол нь гарцыг хайж, зөв гэж үзсэн замаар явах хэрэгтэй. Өнөөдрийн чуулган бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ

              “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулганы хүрээнд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Ажлын гутал хувцас, хор саармагжуулах болон эрүүл мэндийн эко бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, модон эдлэл, уран зураг, төмөр хийц, үүрэн телефоны компани, банк санхүү, арьс ширэн эдлэл, хэвлэлийн компаниуд дор бүрнээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан. Чуулганы оролцогчид үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонслоо. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал сэтгэгдлийг нь хуваалцлаа.    Булган аймгийн “Эко Хялганат хоршоо”-ны дарга Т.ДААРИЙМАА: Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа         Бид 2014 оноос хоршооны зохион байгуулалтад орж, өнөөдрийн байдлаар 18 хүнтэй, 12 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үзэсгэлэнд эмийн ургамал, зөгийн бал, жили, цэцгийн тоос, зөгийн балтай гишүүний чанамал гэсэн бүтээгдэхүүнээр оролцлоо. “Монголын үйлдвэрлэл үйлчилгээ, хоршоодын холбоо”-ноос энэ онд манай хоршоог жишиг болгохоор сонгосон. Чуулга уулзалтад Булган аймгаас төлөөлөл болж ирсэндээ баяртай байна. Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа. Цаашдаа хамтран ажиллах олон гарц, боломж бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна.    “Тугалхан” нунтаг ааруул үйлдвэрлэгч Б.ЧУЛУУНБАТ: Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог        Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Цахир сумаас ирсэн сарлагийн цагаан идээгээр нунтаг аарц, ааруул боловсруулан худалдан авагчдад хүргэж байна. Энэ бүтээгддэхүүнээ хүмүүст таниулах гэж хагас жилийг зарцуулсан. Улаанбаатарын томоохон супермаркетууд маш их сонирхож байна. Хүнсний нэмэлт тэжээл гэдэг утгаараа борлуулалт сайтай, эрэлт ихтэй болсон. Хатуу ааруул идэхээс татгалзаж байгаа хүмүүс өдөрт хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой. Цаг үеэ олсон чуулган боллоо. Бизнес эрхлэгчдэд хүлээлт их байсан. Аливаа зүйлийг хөгжүүлье гэвэл мэдээлэл сайн өгөх ёстой. Чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах нь оновчтой гэж харлаа. Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог. Удирдлагууд үзэж харж, танилцлаа. Бид чадах хэмжээндээ хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байна.   “БЭККО” ХХК-ийн захирал Б.БЭХБАЯР:  Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломж их бий          Манай компани 2019 оны 4 дүгээр сараас үйлдвэрлэлээ эхэлсэн. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нь боловсон хүчний олдоц, мэргэшсэн байдал, нийгмийн хангамжийн асуудал талаасаа давуу талтай. Харин гол хэрэглэгчиддээ хүргэх газарзүйн байршлын хувьд алс байна. Үйлдвэрлэлийн бүхий л дамжлагаа өөрсдөө хийдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаа их бий. Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломжтой. Орон нутагт аймаг, Эрдэнэт үйлдвэр л түших гол газрууд маань болж байна. Дотоодын давуу эрх олгох талаар өнөөдрийн форум дээр их яригдлаа. Манай бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээ, чанарын сертификатаа авч, Олон Улсын чанарын шаардлага хангана гэж гарч ирсэн. Манай компанийг судална гэсэн, бид итгэлтэй байна. Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаатай цөөн компани байдгаас хангайн бүсэд ганц манайх бий.  “Оюутолгой” ХХК-ийн тендерт оролцоход бүс нутгийн хөгжлийг дэмжинэ гээд говийн компаниудаа сонгосон. Бид Улаанбаатар, мал эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрээ хангана гэж зорьж байгаа. Манай компаниас жилдээ 100 мянган ширхэг бүтээгдэхүүн худалдан авъя гэвэл 20 оёдолчныг ажлын байраар хангаад явах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэнээр олон ажлын байр бий болж, түүнийг дагасан орон нутгийн татварын хэмжээ өсөх, нийгэм дэх ядуурал буурах зэрэг олон хам шинжтэй. Хуулинд орсон нэмэлт өөрлөлтүүдийг сонсоход сайшаалтай байна. Энэ бүхэн биеллээ олох байх.      И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа Орхон аймагт зохион байгуулж байна. Чуулганд 400 орчим жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр хүрэлцэн иржээ. Мөн, энэ чуулганы үеэр зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчлалаа.    Чуулганд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ц.Батзул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тэргүүтэй Орхон, Булган аймаг дахь ХАҮТ-ын төлөөллүүд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд оролцлоо.      МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох чиглэлд илүүтэй анхаарч, 16 аймагт түншлэл бий болгосон талаар дурьдаад, дотоодын үйлдвэрлэгчдэд дангаар бус хамтарсан хэлбэрээр ажиллах нь үр дүнтэй болохыг онцолсон. МҮХАТ нь ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад зах зээлд арьс шир, ноос ноолуур, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортлох өргөн боломжтойг тэмдэглэлээ. Монгол Улсын эдийн засгийн шинэ модульд томоохон уул уурхайн компанийг түшиглэн бичил бизнесийг хөгжүүлэх тухай тусгажээ. Энэ ч утгаараа Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулсан өнөөдрийн чуулган өндөр ач холбогдолтойг тэрээр онцоллоо. Монгол Улсын хэмжээнд тогтоодог өрсөлдөх чадварын 2019 оны үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлсэн бол Булган аймаг жагсаалтын 21-рт бичигдсэн. Хоёр аймаг нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжихөд энэ удаагийн чуулган эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.          Бизнес эрхлэгчидтэй 2019 оны ололт амжилтаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаагаа зөвлөлдөн, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсохоор зохион байгуулж буй чуулганы нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах боломжийн талаар цэгцтэй ойлголт өгөхийг зорьлоо. Бид 2019 онд амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Бид 2020 онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ. Уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуйн төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа чуулганд оролцогчдод тавьсан илтгэлдээ, үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалтын бодлого, орон нутгийн худалдан авалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтыг зах зээлийн үнийн түвшинд, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласнаар 2019 онд худалдан авалтаас 60 тэрбум төгрөг хэмнэсэн тухай тэрээр танилцуулсан юм. Мөн үйлдвэрийн худалдан авалтын бүхий л мэдээлэл шилэн болж, www.tender.gov.mn сайт дээр нээлттэй, ил тод байршиж байгааг Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдэд хэллээ.       Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2016 онд 5.2 тэрбум, 2017 онд 14.6 тэрбум, 2018 онд 46 тэрбум, 2019 онд 48.2 тэрбум төгрөгийн өссөн дүнгээр дэмжиж худалдан авалт хийсэн байна. И.Чинтогтох Фото:Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш: Батсайханы ЭНХБАТ

    Төгссөн сургууль: ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийг 2003-2007 онд Санхүүч мэргэжлээр төгссөн. Мэргэжил: Санхүүч Ажилласан туршлага: 2007-2017 онд Санхүүгийн зохицуулах хороо, 2017-2018 онд Төрийн банк, 2018-2019 онд Капитрон банканд тус тус ажилласан. 2019 оны 4 дүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2013-2014 онд БНСУ-ын Ajou university /MBA/-ийг дүүргэсэн. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөө бүтээхээр урагшилж яваа түүний хүрэх өндөрлөг хол. Тиймдээ ч бэрхшээлийн өмнө нугарахгүйгээр бат зогсож, зорьсондоо хүрэхээр зүтгэсэн. Санхүүгийн салбарт чадварлаг боловсон хүчнээр нэрлэгдэж, үеийнхэндээ үлгэрлэсэн тэрээр өчигдрөөс илүү өнөөдрийг, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийг хүсдэг нэгэн. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Юуны өмнө, уурхайчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би шинэ өглөө бүрийг эрч хүчтэй, эрүүл хэв маягаар эхлүүлэхийг хичээдэг. Тиймээс сүүлийн 10 гаруй жил ус уух дадлыг өөртөө хэвшүүлсэн. Шүршүүрт орж, эрч хүчээ сэлбээд ажил руугаа алхах дуртай. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүчээ авдаг вэ? -Гэр бүлээсээ урам зориг авна. Тэр тусмаа өдрөөс өдөрт өсөж торниж байгаа хоёр үрээ харах тоолон би чинь ямар чухал хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж яваа билээ гэж боддог шүү. Мөн найз нөхдөөсөө болон ажлын шинэ орчин, уулзаж байгаа хүн бүрээс л урам зориг авдаг. Өглөө ажил руугаа алхах замдаа ч тухайн өдрийн эрч хүчээ авах үе бий. Хийх ажлын төлөвлөгөөгөө бодож, ажил дээрээ ирмэгцээ шаардлагатай зүйлсээ тэмдэглэдэг. Араас нь аяга кофе уусан байхад эрч хүч улам л сэргэдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлж, түүхэн амжилт тогтоосон. Энэ бүх ололт амжилт, мэдээ мэдээллийг уурхайчдадаа болон ялангуяа олон нийтэд үнэн зөв хүргэж, ойлгуулах нь бидний ажлын чухал хэсэг. Мөн үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, материалын зах зээлийн үнэд хяналт тавих,  нийцүүлэх нь ажлын маань онцлог гэж хэлж болно. Тийм ч учраас Азидаа томоохонд тооцогдох тэргүүний үйлдвэрт ажиллаж, уурхайчдын хөлс хүч, сэтгэл зүрхээр бүтэж байгаа  баялаг, түүний үнэ цэнийг бусдад хүргэж байгаа нь яах аргагүй миний ажлын эерэг тал. Мэдээж сул талууд бий. Гол нь сул талаа өөрсдийн давуу тал болгон, бэрхшээлийг даван туулж, алхам алхмаар тогтвортой урагшлах нь хамгийн чухал гэж боддог. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ? -Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ үед мэргэжлийн зүгээс болон хувь хүн талаасаа зогсонги байдалд орохгүйгээр байнга шинийг эрэлхийлж, хөгжихийг эрмэлздэг. Ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа хүн хэзээд бусдад үнэлэгддэг гэж боддог. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусадтай хуваалцах, харилцан суралцах нь хөгжлийн чухал суурь юм болов уу. Мэргэжлийн онцлогтой холбоотой бүхий л шинэ мэдлэг, мэдээ мэдээллээс хоцрохгүй, цаг үеэ мэдрэхийг чухалчилж байна. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Дээрх ойлголтыг хөгжлийн 2 багана гэж үзэж болох юм. Өөрийгөө дайчлах нь хувь хүний хөгжлийн суурь болдог бөгөөд хэдий чинээ бат бөх байна төдий чинээ өндөр барилга босох боломжтой. Харин бусдаас суралцахыг чанартай барилга барихад шаардлагатай материал гэж үзэж болох юм. Тиймээс суурь сайтай, чанартай барилга барихын тулд аль алийг нь  чухалчлах  хэрэгтэй. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Өдөрт 30 минутаас багагүй хугацааг дэлхий дахинд болж байгаа мэдээ мэдээллийг уншиж судлахад зориулснаар шинэ содон зүйлийг мэдэх, суралцах хүсэл төрдөг. Өглөө босоод 3-5 км гүйх, 7 хоногт 2 удаа спорт заал орох зэрэг эрүүл мэндээ дэмжсэн, эрч хүч сэргээсэн зүйлийг амьдралдаа хэвшүүлэхээр зорьж байна. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Энэ амьдралдаа харамсахааргүй ХҮН шиг амьдар” гэж аав минь хэлдэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоос өмнө санхүүгийн чиглэлээр төрийн байгууллагад, дараа нь төрийн болон хувийн банканд ажиллаж байсан.  Эрдэнэт үйлдвэр миний хувьд шинэ салбар, шинэ туршлага хуримтлуулах талбар болж байна. Энд ажилласнаараа улсын томоохон баялаг бүтээгч үйлдвэр санхүүгийн зах зээлийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх, ямар оролцоотой байх боломж байна, яаж энэ салбаруудыг цогцоор нь хөгжүүлэх вэ гэдэг талаас нь илүүтэй бодох болсон. Миний үзэл бодол, харах өнцөг тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг энд хэлмээр байна. Дэлгэрэнгүй...
  • Орхон, Булган аймгийн үйлдвэрлэгчид чуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 24-нд “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо. Чуулганд 400 орчим жижиг, дундүйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ. Мөн, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчилна. Стратегийн орд бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүс нутгийн хэмжээнд нөлөө үзүүлдэг гол аж ахуйн нэгж болохын хувьд Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг ийнхүү мэдээ мэдээллээр ханган, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.     Монгол Улсаас батлагдсан хууль, эрхзүйн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн тодорхой боломжууд байдаг бөгөөд үүнтэй уялдсан Засгийн газрын тогтоолд бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчээс ямар давуу эрхтэйгээр авах тухай заасан нь бий. Орон нутгийн үйлдвэрлэгч байх нь давуу тал болохоос гадна тухайн бараа бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт нь бусад төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байх шаардлагатай. Энэ утгаараа, зохион байгуулагчдын зүгээс үйлдвэрлэгчдэд мэдээллийг нээлттэй хүргэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр барьж буй бодлогыг танилцуулах нь олон талын ач холбогдолтой хэмээн үзэж байна. Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2017 онд 27 хувь, 2018 онд 30 хувь, 2019 онд 35 хувийн өссөн дүнгээр дэмжсэн худалдан авалт хийжээ. Дотоодын үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганд Сангийн яам, МҮХАҮТ болон Орхон аймаг дахь ХАҮТ-аас холбогдох хүмүүс урилгаар оролцон, чиглэлийнхээ дагуу сургалт зохион байгуулна.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Д.ТӨГСБАЯР: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хамт олон өнгөрсөн оны ажлаа хэрхэн дүгнэж, энэ онд ямар ажлууд төлөвлөснийг нь сонирхохоор хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяртай ярилцлаа.     -Хуулийн хэлтэс 2019 оны ажлаа хэрхэн үнэлж дүгнэв? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газартай холбоотой хууль эрх зүйн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Үүнд, гаднын байгууллагууд үйлдвэрийн газартай гэрээ байгуулах, Ерөнхий захирлын бүтцийн нэгжүүдийн тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах, үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан дотоод үйл ажиллагааны дүрэм, журмууд болон 53 бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах, журам хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн үйлдвэрийн газарт холбогдох 70 орчим хэрэг маргаан, зөрчлийн асуудлаар хууль ёсны эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажиллалаа. Тухайн хэрэг маргааны 50 орчим хувийг хууль хяналтын байгууллагуудын түвшинд шийдвэрлүүлсэн нь нэлээд өндөр үзүүлэлт гэж үзэж болно. Мөн Эрдэнэт үйлдвэр улсын онц чухал объект болохын хувьд Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд шат дараалалтай ажлуудыг хэрэгжүүлж байна.     -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ?    -Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газрын аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудлыг Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтран бүрэн хариуцан ажилладаг. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажлууд зохион байгуулж, гүйцэтгэж байна. Тухайлбал, “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэн ажиллаж байна. Журмын хүрээнд үйлдвэрийн газрын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах болон гэрээний дагуу ажил үйлчилгээ үзүүлж байгаа гаднын байгууллага, хувь хүмүүсийг түр болон зочин үнэмлэхээр нэвтрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулан ажилласнаар үйлдвэрийн хэмжээнд хэвшүүллээ. Мөн үйлдвэрийн газартай гэрээ хэлэлцээр байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болон бусад байдлаар үүссэн өр, авлагын асуудлаар 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүстэй холбогдон, хуулийн дагуу ажиллагаа явуулж тодорхой үр дүн гарсан бөгөөд тухайн үйл ажиллагааг цаашид сайжруулан ажиллахаар төлөвлөөд байна.     -Энэ онд төлөвлөсөн зорилтот ажлуудынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?    -Бид 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нэлээд өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тогтмол хийж гүйцэтгэгддэг ажлуудаа цаашид боловсронгуй болгох байдлаар төлөвлөхөөс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө явуулж байсан арга ажиллагаагаа өөрчлөх, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтарч ажиллахаар төлөвлөн, энэ чиглэлийн уулзалт, хэлэлцээр хийх зэрэг зохион байгуулалтын ажлуудаа эхэлсэн. Үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангахад манай хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд чухал оролцоотой тул энэ оны турш батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа чанартай гүйцэтгэх болно.      -Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа “Ятгах тусам нягтал” аянд Эрдэнэт үйлдвэр хэрхэн нэгдэж байна вэ?     -Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголын банкнуудын холбоо хамтран залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор “Ятгах тусам нягтал” сарын аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн гаралтад цахим гэмт хэрэг, залилан мэхлэх үйлдэл улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй гарч байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх аяныг өрнүүлсэн гэж ойлгож болно. Орхон аймгийн хэмжээнд 2017 онд 71, 2018 онд 83, 2019 оны байдлаар 114 залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн статистик судалгаа гарсан. Эрдэнэт үйлдвэр ч тус аянд нэгдэж, иргэдийг болгоомжгүй байдлаасаа эрсдэлд орох вий гэдэг үүднээс холбогдох сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулна, фондын байр өгнө гэх зэргээр иргэдийг хохироосон гэмт үйлдлүүд өнгөрсөн онд гарсан. Энэ бүхэнд зохих хариуцлага тооцож, цаашид энэ төрлийн залилангийн гэмт хэрэг гаргахгүй байхад анхааран ажиллах болно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • С.САРАНЦЭЦЭГ: Уурхайчин бүсгүйчүүд аюул ослоос ангид, сэтгэл түвшин байгаасай...

          Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын бүтээлийн үзэсгэлэн “Горняк”-т гарахад Сараагийн уран нарийн шаглаа бүхий өнгө донжны зохицол төгс бүтээлүүдийг анх нүдээр үзэн шагшиж билээ. Тэр үед эхнэр хүний хувьд нөхөртөө ганц даалин урлаад өгчих хүсэлтэй явдгаа хэлэхэд тэрээр “Хэзээ ч хамаагүй хүрээд ирээрэй. Би үнэ хөлс нэхэхгүй ээ, заагаад өгье” гэсэнсэн. Надаас арчаатай, ажилтай эмэгтэй бол хэзээний очоод хэргээ бүтээчихсэн, гарын ур нь гэнэт илрээд бүр хэд хэдэн юмны ард гарчихсан явах байсан биз. Харин бидний дараагийн уулзалт гурван жилийн дараа гэрт нь тохиосон юм. Тэр ширээн дээр урлалын бүтээлээ эгнүүлжээ. Даалин, хавтага, аяга, тамхины уутаас эхлээд эрэгтэй, эмэгтэй малгай, бүс, монгол гутал, оймсны хараа, углаж өмсдөг булган чихэвч хүртэл байна. Арьс шир дээр шагласан зүү ороох оёдол нь тун нарийн, чамин. Зэрвэс харвал монгол уран зураг мэт. Ингээд Монгол Улсын Уран хатгамалч, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Шүүх хатаах хэсгийн краны машинч Союузанын САРАНЦЭЦЭГ-тэй уулзаж ярилцлаа.        -Монгол Улсын уран хатгамалч цол хэзээ хүртсэн бэ? Эрдэнэтэд ийм цолтой урлаач олон уу?     -2018 онд. Уран хатгамалчдын Улсын III уралдаанд зүү ороох оёдлын төрлөөр тэргүүн байр эзэлж, Монгол Улсын Уран хатгамалч цол хүртсэн. 21 аймаг, Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 130-аад уран гартан 300 гаруй бүтээлээр өрсөлдсөн юм. Монгол Улсын Уран хатгамалч улсын хэмжээнд 16, Эрдэнэтэд ганц байдаг.     -Гарын ур удам дамждаг гэдэг. Таны хувьд удам бий юу?     -Аав маань уран дархан байсан. Намайг хоёр сартай байхад өөд болсон болохоор би мэдэхгүй л дээ. Ах, эгч нар, хамаатан садангууд маань ярьдаг юм. Анзаараад байхад манай эгч, хоёр ах, тэдний охидууд бүгд гарын дүйтэй. Аавын маань гарын ур, нүдний ур, сэтгэлийн ур бидэнд удамшсан юм болов уу гэж боддог. Мөн ээжийнхээ үйл урлахыг бид харж өссөн.      -Зүү ороох оёдлын анхны багш тань хэн бэ?        -Зүү ороох оёдлын “А” заасан хүн гэвэл Эрдэнэтийн гуравдугаар сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш Маналжав. Маш сайн багш байсан. Биднээр гөлөм оёулна, эсгий ширдэг ширүүлнэ. Манай ангийнхан төгсөхдөө нанжин гахай гөлөм хоёрыг, булигааран гөлөм нэгийг оёж, ширмэл ширдэг олныг ширж борлуулан  сургуульдаа хамгийн их хөрөнгө оруулсан ангиар шалгарч байлаа.      -Тэр эрчээрээ оёсоор байв уу?       -Үгүй. Сургууль төгсөөд оёхгүй олон жил болсон. 2010 онд манай нөхрийн талын ургийн баярыг Өсөхөө аварга Архангайд зохион байгуулсан юм. Тэнд Г.Өсөхбаяр аваргын, аав, ах, дүү нарынх нь эдэлж хэрэглэж байгаа гоё даалинг хараад нөхөртөө хийж өгмөөр санагдсан. Ирээд л эрэл хайгуул хийж, анхны даалингаа эсгэсэн дээ. Тэр цагаас хойш оёдол хийгээгүй өдөр байхгүй. Тасралтгүй 10 дахь жилдээ хатгаж байна.     -Анх бие дааж даалин урлахад бэрхшээл тулгарсан уу?      -Загвар хийц гаргах, арга эвээ олох амаргүй байсан. Манай Шүүн хатаах хэсгийн дарга Д.Гансүх гэж мундаг удирдагч байлаа. Ажилтнаа хүн ёсоор хүндэлж, ямар ч сэдвээр нээлттэй ярилцдаг сайхан хүн байсан. Тэгээд би даргадаа “Нөхөртөө даалин оёх гэсэн чинь арга эвээ олдоггүй ээ...” гэж хэлэхгүй юу. Тэгсэн надад  даалингаа өгсөн. Ер нь Д.Гансүх дарга монгол ахуйгаа дээдэлдэг, гоё хөөрөг, сайхан эдлэл хэрэглэдэг, морь мал сонирхдог хүн л дээ. Даргын даалинг урд, хойдгүй үзэж тэмтэрч байгаад л яг тэр загвараар анх оёсон. Эхэндээ дандаа даалин оёдог байсан. Яваандаа хөгжих хэрэгтэй гэж бодоод 2013 онд би Улаанбаатар хотод Монгол Улсын Уран хатгамалч З.Цэнгэлсайхан багшийн сургалтад суусан.      -Зүү ороох оёдлоос өөр гар урлалын төрлүүдийг сонирхож эхэлсэн үү?  -Зүү ороохоос өөр нарийн оёдол зөндөө. Тэр болгоныг сурахыг зорьсон. Зоосон ширээний сүлжмэлийг Монгол Улсын Уран хатгамалч Ц.Батбуян багшаар заалгасан. Гүнзгий судлахаар сурмаар юм ундраад л байдаг. Сүүлд Монгол Улсын Уран хатгамалч Мөнхцэцэгээр зээгт наамал заалгасан.       -Хүнээс их тэвчээр шаардсан ажил шиг санагддаг...?     -Нарийн чимхлүүр, цаг хугацаа их зарсан ажил болохоор тэвчээр шаардана. Ер нь хатгамал хийж байгаа хүн хүлээцтэй, юмны арга эвийг олохдоо дүйтэй болж төлөвшдөг. Нэг юм эхлүүлэхдээ ийм болж дуусна гэж нүдэндээ төсөөлөн хараад бүхий л цаг зав, ур ухаанаа шингээж, дурлаж хийдэг.      -Ар гэрийн ажил орхигддог байх. Танай хүн хэр дэмждэг вэ?  -Эхэндээ дургүйцдэг байсан. Би ажилдаа явж ирээд гэртээ хичнээн цаг өнгөрснийг анзаарахгүй юмаа л оёно. Тэгэхээр гэрээ цэвэрлэсэнгүй, хоолоо хийсэнгүй гэдэг ч юм уу. Тэр үед би “Энэ гэрт дуртай юмаа хийж болохгүй юм бол би гэртээ харъя даа” гэж тоглоомоор хэлдэг байсан. Сүүлдээ оёж байгаа юмнууд маань илүү гоё, эдийн засгийн хувьд амьдралд дэмтэй болоод ирэхээр дэмждэг болсон. Бид хоёр Эрдэнэт үйлдвэрт нэг цехэд ажилладаг юм. Шөнийн ээлжээс буучихаад хот руу сургалтанд хамрагдахаар хоёулаа гараад давхичихна. Хүсэл тэмүүллийг минь өдөөдөг хүн болж хувирсан гэх үү дээ. Оёод дуусахаар манай хүн барьж гараад борлуулна. Нэг талдаа миний менежер. Нөгөө талаар өөрт нь зориулж урласан эдийг зүүгээд, эдэлж хэрэглээд явахаар миний реклам. /инээв/ Одоо энд тийм материал байна, тэнд ийм зураг байна гээд бариад ирдэг болсон.        -Зээгт наамлаар бүтээж буй энэ бурхан хаана залрах вэ?      -Эрдэнэт үйлдвэрийн маань хаа нэгтээ заларна даа. Үйлдвэртээ нэг сайхан бүтээл урлаж бэлэглэхсэн гэж бодоод л явдаг байсан юм. Тэгээд уул уурхайн хүнд үйлдвэрт хөдөлмөрөө зориулж байгаа эмэгтэйчүүдээ осол аваараас ангид, сэтгэл санаа нь түвшин амгалан байгаасай гэсэн үүднээс зээгт наамлаар Цагаандарь эх бурхан бүтээхээр шийдсэн. Оёдол заалгахаар намайг сонгож ирсэн чадварлаг олон үйлчин бий. Тэдний дундаас Цахилгаан цехийн инженер Ч.Сарантуяа, Аж ахуй, үйлчилгээний цехийн химийн машинч Ё.Энхмаа, Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч О.Жаргал нартай хамтрах болсон нь учиртай. Нэгдүгээрт, ур сайтай, нямбай, хоёрдугаарт, бурхан бүтээж буй утгаараа хар хор нь арилсан, амьдрал нь тэгширсэн гурван сайхан эмэгтэйг сонгон хамт урлаж байгаа. 1.50х75-ын хэмжээтэй бурхан маань 30-аад деталл хэсгээс бүтэх юм. Одоо 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа. Цагаан сарын өмнө үйлдвэртээ хүлээлгээд өгчих санаатай үзэж байна.      -Үйлдвэрийн гүнд ажилладаг эмэгтэйчүүдэд хүндрэлтэй асуудал бишгүй тохиодог байх. Таны хувьд гэхэд ихэр хүүхэд тээгээд кран дээр ажиллах амаргүй байсан нь мэдээж. Энэ бүхэн бурхан бүтээхэд нөлөөлсөн үү?    -Тийм ээ. Үйлдвэрлэл дээр ажилладаг эмэгтэйтэйчүүдэд халшрах үе байдаг. Миний амьдралд 2016 он хэзээ ч мартагдашгүй баяртай, гунигтай дурсамж үлдээсэн. Хичнээн хүсээд ч ирэхгүй нь дээ гэж горьдлого бараг тасраад байсан хүсэл биелж, үр хэвлийд бүрэлдэхдээ ихрээрээ заяаж баярлуулсан. Тэр үед би банкнаас нилээд хэмжээний зээл аваад “Уран шувуу” оёдлын газраа байгуулаад дориун ажиллаж байсан юм. Гэдэс томрохын хэрээр кран дээр гарахад хэцүү болоход хөнгөн ажилд шилжүүлэн үйлчлэгч болгосноор цалин навс унасан. Өнөөх зээлээ төлж дийлэхгүйд хүрч, бие, сэтгэлийн хямралд орсон. Үйлдвэрт 17 жил ажиллахдаа ганц удаа “дикрит” авсан түүх ийм. Тэр үеийг дурсахад хэцүү байдаг. Тиймээс би хүүхнүүдээ аюул эрсдэлээс хамгаалах, сэтгэл санааг нь амгалан тайван байлгах үүднээс Цагаандарь эх бүтээж үйлдвэртээ бэлэглэхийг хүссэн.       -Гар урлалын төрлүүдээс зээгт наамлын онцлог нь юу вэ?    -Номт гурван оронд хөгжсөн гар урлалын том төрөл. Дээд цэгтээ тултал хөгжсөн нь Монголд. Зээгт наамлан бүтээлд дархчуудын оролцоотой алт, шүр, сувд сэлтийг шигтгэж болно. Дээхэн үед адууны дэл сүүлээр хүртэл хийж байсан түүх бий. Хамгийн гол онцлог нь Монголчуудын нүүдэлчин ахуйд их тохирсон. Хуйлаад аваад явахад зай эзлэхгүй, эвдэрч хэмхрэхгүй. Хэдэн зуун жил чанараа хадгална.       -Зах зээлийн нийгэмд зарим хүмүүс чаддагаа хүнд заах дургүй байдаг. Харин Сараа сонирхсон хүн бүрт өглөгч сэтгэлээр тусалдаг гэх. Энэ юунаас үүдэлтэй вэ?      -2010 онд даалин анх оёх санаатай мунгинаж явахдаа Эрдэнэтэд даалин урладаг хэд хэдэн хүн дээр очсон юм. “Нөхөртөө даалин оёх гэсэн юм туслаач, та зааж өгч чадахгүй бол ядаж оёж байгаа юмаа ганц харуулчих...” гээд явдаг байлаа. Би хүний оёж байгааг харна уу гэхээс ур чадварыг нь булаагаад авчихгүй шүү дээ. Тэгэхэд загинаад гаргаж байсан. Монголын том өв соёлыг өмчилж болохгүй л дээ. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн багш нартай уулзсан. Тэд хайчилбар, туузан хатгамал, баривч оёхыг голдуу заадаг байсан. Анх ийм бэрхшээлтэй тулсан учраас хүссэн хүн бүрт туслахсан гэж хичээдэг дээ. Би Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан, бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг эгчид их баярлаж явдаг. Хамгийн анх намайг тоож, итгэж “Сая төгрөг эмэгтэйчүүдийн амьдралд...” төслөөр хүүхнүүдэд зүү ороох оёдол заах боломж олгосон нь урам нэмж хөтөлсөн.         -Таны урласан бүтээл даалингаар жишээлэхэд үнэ ханш ямархуу байхав?     -Ур хийц, загвар, материалын чанар, өнгө донж, бэлгэдэл, хэмжээ, хэр хугацаа, хөдөлмөр шаардсанаасаа шалтгаалаад янз бүр. Мөн захиалагчийн эд таних үнэлэмжээс шалгаалах ч бий. Ер нь голдуу Монгол эр хүний гоёл чимэглэл, эдлэл хэрэглэл гэдэг утгаараа үнэтэй, дахин давтагдашгүй.      -Баярлалаа.                  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дэвшилд тэмүүлэгч хамт олон

          Эрдэнэт үйлдвэрийн зүрхэн цех Баяжуулах үйлдвэрийн аварга тээрэм, бутлуураас эхлэн бүхий л тоног төхөөрөмжийг угсарч  суурилуулах, засч сэлбэх, “эмчлэн” илааршуулах их ажлыг Засварын хэсэг хийдэг. Эгнээнээсээ “гавьяат” төрүүлсэн энэ хамт олон өнгөрсөн жил ч амжилтын буухиагаа ахиулжээ. Баяжуулах үйлдвэрээс зарлаж, бүтэн жил үргэлжилсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааны шилдгээр шалгарав. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жилд үйлдвэрийн газарт өрнөсөн далайцтай том ажлуудын ихэнхийг гардан хийсэн гавьяатнууд бол Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн. Эднийхэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболд, А.Ф Тюряковын нэрэмжит шинэхэн шагналтан Козорез А.В, үйлдвэртээ үр өгөөжтэй ажилласныхаа шангаар хувийн орон сууцны түлхүүр гардсан Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Г.Бат-Эрдэнэ нарын зэрэг шилдгүүд цугларсан “онцгой” хамт олон. Он гарсан ч тэдний ажил ундарсаар. Бид Засварын хэсгийнхний ажлын нэгээхэн хэсгийг сурвалжлахаар  Өөрөө нунтаглах хэсэг дээр ирлээ.  Аварга тээрмүүд эрчилдэн  эргэлдэх энэ хэсэгт жилд 13 сая тонн хүдэр боловсруулдаг аж. Нунтаглалтын хоёрдугаар шатны гуравдугаар тээрмийг солих ажил өнгөрсөн оны 12-р дундуур эхэлжээ. Доржболд гавьяатаар ахлуулсан Угсралтын тусгай бригадынхан тээрмийн титэм арааны боолтын чангалгаа хийж байв. Дүнгэнэх их чимээнд биднийг ойртон очихыг ч анзааралгүй ажиллах тэдний заримтай уулзаж ярилцлаа.     Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Т.АМАРХҮҮ:        Энэ хэсэгт 23 дахь жилдээ засварчнаас механикч хүртэл ажиллаж байна. Бидний ажил  үндсэн үйлдвэрлэлийг тасралтгүй найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлдгээрээ хариуцлагатай бас онцгой. Одоо манай ӨНХ-ийн 3-р тээрмийг сольж байна. Цагт 300 гаруй тонн хүдэр боловсруулдаг энэ тээрэм хоёр дахь шатных. Хүдрийг ММС-1 тээрэмд нунтаглаад ангижруулагчаар оруулж, шаардлагатайг нь дахин буталдаг юм. Хуучин тээрмийг авсан. Шинэ тээрмийн угсралтын ажил үргэлжилж байна. Бид энэ сарын 28 гэхэд тээрмийн угсралтыг дуусгахаар шамдаж байна. Тусгай бэлтгэгдсэн Угсралтын бригадын найман хүн ажиллаж, демонтаж, угсралтын ажил гүйцэтгэж байна. Мөн ӨНХ-т ажилладаг Засварын хэсгийн хамт олон тээрэм солих ажлыг гүйцэтгэж байгаа. Засварын ажлыг  чанартай, хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэснээр хүдэр боловсруулах төлөвлөгөөг давуулан биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ чухал ажилдаа өөрсдийгөө дайчилдаг. Бас бахархдаг.    Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, засварчин Э.ДОРЖБОЛД:       Манайх оны өмнөхөн 7-р тээрмийн угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр үзүүлэлттэй хийж дуусгалаа. Одоо ӨНХ-ийн гуравдугаар тээрмийг сольж байна. Үүнийг ч мөн  төлөвлөснөөс 14  хоногийн өмнө дуусгахаар шамдан ажиллаж  байна.  Манай Засварын хэсгийн хамт олон гар сэтгэл нийлсэн, ажилсаг хүмүүс. Асар их хөдөлмөрийнхөө шимээр өнөөдөр Дэвшилд тэмүүлэгч хамт олон боллоо. Сайхан байна. Цех хэсгийн удирдлагууд биднийг бүтээмжтэй, аюулгүй ажиллах боломжоор их  сайн хангаж байна. Засварын багаж тоног төхөөрөмж нилээн шинэчлэгдсэн. Жишээ нь өнөөдөр бид боолт чангалах ажлаа АНУ, Герман улсад бүтээгдсэн гидро түлхүүрүүд ашиглаж байна. Ингэснээр бидний ажил их хөнгөвчлөгдөж байна. Өмнө нь ийм байгаагүй. Боолтод түлхүүр хийж, кранаар татаж чангалдаг, 360 боолтыг хоёр өдөр чангалах жишээтэй байлаа. Дэвшилтэт багаж ашигласнаар цаг хугацаа ч хэмнэж, боолтны чанарт сайнаар нөлөөлж байна. Манайхны хөдөлмөрийг төр засаг, Эрдэнэт үйлдвэр, цехийн захиргаанаас үнэлж байгаад бид баяртай явдаг. Засварчид хөлс хүчээ шавхан угсарсан, засварласан тээрэм, бутлуураа хүнгэнэтэл сайхан ажиллахыг харж, өөрсдөөрөө бахархдаг даа.    Засварын хэсгийн дарга Д.НАРАНБААТАР:         Баяжуулах үйлдвэрээс 2019 онд Манлайллыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааныг бүтэн жилийн турш зохион байгуулан шинэ оны босгон дээр дүнгээ гаргасан юм. 13 хэсгийг таван чиглэлээр дүгнэсэн уралдаанд манайх тэргүүн байр эзэлсэн. Тухайлбал, ХАБ-ын чиглэлээр бид амжилттай ажилласан. Тухайн жилдээ осол аваар, осолд дөхсөн тохиолдол гаргаагүй. Мөн Өглөөний ХАБ, Өглөөний дасгал зэрэг аянг дөрвөн улирлын турш зохион байгуулсан. Аюулыг мэдээлэх хуудас ашиглан ослыг  арилгахад идэвхтэй  оролцсон. Үүний үр дүнд Аюулгүй ажиллагчаар анх удаа  гурван  хүн, хоёр дахь удаагаа гурван хүн, гурав дахь удаагаа нэг хүн шалгарсан. Мөн Үлгэр жишээ 5С хэрэгжүүлэгч хамт олон болсон. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд манайхан томоохон хувь нэмэр оруулсан. Баяжуулах үйлдвэр  2019 онд 31,5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэйгээс  32,2 сая тонныг  боловсруулсан. НБХ-т ажилладаг есөн тээрмийг 5900 цагт засах жилийн төлөвлөгөөтэй ч 5275 цагт багтаан засч, 625 цаг хэмнэсэн. ӨНХ-т  батлагдсан 3791 цагийн  засварыг 2900 цагт багтааж хийсэн. Нийт дүнгээрээ бүтэн жилдээ 1454 цагийг засварын ажлаас хэмнэсэн. Тээрмүүдийг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд засварласнаар 700 мянган тонн хүдэр нэмж боловсруулах боломжийг зөвхөн Засварын хэсгийн ажилчдын хүчээр бүрдүүлсэн. Олон нийтийн үйл ажиллагаанд манайхан байнга идэвхтэй оролцдог. Тухайлбал сагсны тэмцээнд хоёр дахь жилдээ, шагайн харваа, хөл бөмбөгт мөн түрүүлсэн. 2020 оны анхных болох цасны баярын тэмцээнд манай хамт олон тэргүүн байр эзэллээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр бид олон ажил хийсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн 7-р тээрэм  солих, 205-р флот машин шинэчлэх, конвейерын редукторуудыг Герман улсын SEW-EURODRIVE фирмийнхээр, шигшүүрүүдийг Австри улсынхаар солих, БТХ дээр Метсо бутлуур, ӨНХ дээр TELSMITH бутлуур суурилуулах зэрэг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг манай  хэсгийн хамт олны хүчээр хийж гүйцэтгэсэн. Суурилуулж угсарсан тоног төхөөрөмж бүхэн  сайн ажиллаж байгаа нь  манайхан  хэр мэргэшсэн, чадварлаг, хөдөлмөрч хамт олон болохыг харуулж байна.    Засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ:        Би Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт 19 жил ажиллаж байна. Удам дамжсан уурхайчдын нэг. Аавыгаа “40 хувьд” гарахад залгамжлан орсон. Энэ бахархалт үйлдвэртэй хувь заяагаа холбосондоо баяртай явдаг. Би гэр хороололд амьдардаг байсан. Өнгөрсөн оны сүүлчээр үйлдвэрийн захиргаа найман хүнд ажлын үр дүн, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж байр өгсөн. Үүнд манай хамт олон миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрээс гурван өрөө сайхан байр өгсөн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө улам сайн ажиллах эрч хүч, урам бэлэглэсэн. Би болоод манай гэр бүл ах дүүс, найз нөхөд маш их баяртай байгаа. Манайхан байрны түлхүүрээ гардаж авсан орой хөндий байшиндаа гудсаа авч очоод хоноцгоосон. Үйлдвэрийнхээ хайр хишиг, хамт олны итгэлээр тохитой  байрандаа жаргалтай амьдарч байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо баярлалаа.      Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Ш.ТӨРБАТ: Манай мэргэжилтнүүд цаг үеэ дагаж хөгжих ёстой

        Мэргэжлийн өндөр ур чадвар, өвөрмөц сэтгэлгээ, ажил амьдралын баялаг туршлагатай нэгэн бол Эрдэнэт үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч, доктор (Ph) Ш.Төрбат юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.     -Таны хүүхэд насны хүсэл мөрөөдөл юу байв. Дунд сургуульд математикийн хичээлд хэр байсан бэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?    -Бусад хүүхдүүдийн адил жолооч, нисгэгч болохыг мөрөөдөж явсан санагддаг. Манай ээж багш хүн л дээ. Ээж хэлсэн юм уу бүү мэд, багш намайг анх хамгийн урд  талын ширээнд суулгачихсан. Тэгэхээр ямар ч илүү дутуу хөдөлгөөн хийхгүй хичээлдээ анхаарна биз дээ. Ер нь хичээлдээ сайн хүүхэд байсан. Математикийн хичээлд ер нь гайгүй явлаа. Булган аймгийн математикийн олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн. Оюутан болоод Политехникийн дээд сургуулийн математикийн олимпиадад дэд байрт шалгарч байлаа. Аав маань малын эмч. Ээж бага ангийн багш. Хөдөөнөөс хүүхдээ эргэж ирсэн эцэг, эхчүүд багштай нь уулзана. Ингэж багшийг маш сайхан хүндэлдэг байж дээ.    -Ингэхэд та Эрдэнэт үйлдвэртэй яаж яваад хувь заяагаа холбочихов оо?    -10-р ангид мэргэжил сонгох боллоо. Эхлээд би эдийн засагч болъё гэсэн бодолтой явсан. Бидэнд математикийн хичээлийг ангийн багш заадаг байлаа. Би тоо бодохдоо хайхрамжгүйгээсээ ганц нэг алдана. Үүнийг багш нэлээн эмзэг хүлээж авсан уу,  эдийн засагч болъё гэхэд чи хайхрамжгүйгээсээ алдаа гаргаж өрөнд орно хэрэггүй гэдэг юм. Харин дунд сургуульд сурч байхдаа би Эрдэнэтэд аавтайгаа нэг удаа ирсэн юм. Тэгэхэд Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид явагдаж байлаа. Ажил хийж яваа хүмүүсийг нүдээр харлаа.Гадаа оросуудын волейбол тоглохыг үзлээ. Орос гуанзанд нь хоол идлээ. Энэ мөчөөс би Эрдэнэтэд ажиллах бодол төрсөн. Тэгээд Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн цахилгаан механикийн ангийг сонгосон. Бид тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн цахилгаан механикийн ангийн хоёр дахь төгсөлт. Их сургуулиа 13-уулаа төгссөн. Диплом хамгаалалт дээр Түлш эрчим хүчний яамны сайд П.Очирбат, Геологи уул уурхайн яамны сайд Д.Ренчинханд нар сууж, шалгалт авч байлаа. П.Очирбат гуай:” Манай үндэсний мэргэжилтнүүд төгсөж байна. Та нар хаана ч очиж ажиллаж болно. Бид та бүхнийг юм юмны зах зухаас зааж бэлтгэсэн шүү” хэмээн ярьж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Дээд сургуульд сурах хугацаандаа би Эрдэнэтэд оюутны дадлага хийсэн. Миний их сургуулийн ангийн багш Эрдэнээ гэж нэртэй хүн байлаа. Намайг далд уурхайгаар явуулах сонирхолтой. Сургуулиа төгсөх жил Налайхад  дипломын дадлага хийсэн. Тэгээд л Эрдэнэтэд ирж ажиллаж амьдарсан даа.    -Таны амьдралын 36 жил Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой явж иржээ. Энэ хугацаанд та Эрдэнэт үйлдвэрт яг юу хийсэн гэж боддог вэ?    -Анх би Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехэд дөрөвдүгээр зэргийн цахилгаан монтёроор ажилд орсон. Бидэнд их сургуульд далд уурхайн, уулын, цахилгааны, механикийн чиглэлийн хичээл ордог байлаа. Сүүлдээ энэ нь чиглэлийн ангиуд болж салсан. Нэлээн хүнд программаар хичээллэж байсан юм билээ. Хожим Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий энергитикийн албыг хашихад сурсан мэдсэн минь их хэрэг болсон санагддаг. Цахилгаан цехэд би реле хамгаалалт, теле механик дээр ажилласан. Цахилгаан цехийн монгол ах нар ОХУ-д сургууль төгссөн, чадварлаг хүмүүс ажиллаж байлаа. Д.Баасандалай, С.Шаравдорж, С.Чинбат, Ч.Содномдорж нарыг дурсмаар байна. Орос мэргэжилтнүүд ч  хүнийг жинхэнэ ажилд сургана. Ажиллах хугацаандаа  ТM-301, ТМ-120, Гранит зэрэг теле механикийн системийг солих, шинэчлэх ажлыг өөрсдийн хүчээр хийж байлаа. Уг хяналтын системийг бид жилийн хугацаанд тавих байсныг найман сарын хугацаанд гүйцэтгэсэн. Өндөр узелийн холбооны хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж, Эрдэнэт үйлдвэрийн бүх объектыг хянаж удирддаг системүүдийг тавьсан. Одоо подъемын насосуудыг үйлдвэрийн захиргааны нэгдүгээр байрнаас удирдаж эрчим хүчний бүх объектууд диспетчерын нэгдсэн хяналтад орсон байгаа. Теле механикийн хэсгийн дарга байхдаа ус, дулаан, цахилгааны тоолуур тавих ажлыг эхлүүлсэн. Монголд анх удаа Эрдэнэт үйлдвэр орчин үеийн ус, дулаан, цахилгааны тоолуур тавьсан байх. Тухайн үед цахилгааны нэг хувийн алдагдал сард 150 сая төгрөг байсан. Тоолууржуулах ажлыг шинэ түвшинд гаргаж тавьсан нь их үр ашиг өгсөн. 2008 онд дулааны цахилгаан станцад 5 мВт-ын хоёр турбин генератор суурилуулах ажилд биечлэн оролцсон. Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн цахилгаан хувиргах системүүдийг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын 48мВт хүчин чадал бүхий өргөтгөлийн ажлыг зохион байгуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Дээд удирдлагын түвшинд ойлголцолд хүрэх, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах гээд их нүсэр ажил байсан юм. Бид хамтын хүчээр энэ том бүтээн байгуулалтын ажлыг хийсэн нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монгол Улсын Эрчим хүчний системд  үр ашигтай ажил болсон. Энэ  мэтчилэн олон бүтээн байгуулалтын ажил намайг ажиллах хугацаанд үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн байна.     -Цаашид таны бодлоор Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний бодлогыг хэрхэн авч явах ёстой вэ?    -Аливаа юм хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Эрчим хүчний болон автоматикийн техникүүд  таван жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байх жишээтэй. Манай мэргэжилтнүүд цаг үеэ дагаж хөгжих ёстой. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ чиглэлээр  боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй. Аливаа техник технологийн горим, ажиллах зарчмуудыг математик загварчлал, компьютер симуляцийн төрөл бүрийн программ хангамж ашиглан боломжит үр ашгийн хувилбаруудыг шинжлэх ухаанчаар боловсруулах нь маш чухал. Дээр нь менежмент сайн байх ёстой.    -Эрдмийн цол хамгаалсан сэдвийнхээ талаар ярина уу?    -2019 онд “Тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийн алгуур унтраах горим” сэдвээр техникийн ухааны докторын (Ph) зэрэг хамгаалсан. Энэхүү эрдмийн ажил нь Эрдэнэт үйлдвэрийн технологийн шаардлагад нийцсэн, өндөр үр ашигтай техникийн шийдэл гаргах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх  боломж бүрдсэн нь чухал ач холбогдолтой юм.     -Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та шатрын спортын  мастер цолтой. Хэзээнээс шатрын спортоор хичээллэсэн бэ? Шатрыг шинжлэх ухаан, спорт, урлагийн цогц нийлбэр гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?     -Нийлнэ. Намайг дэс дараатай сэтгэж сурахад шатар их нөлөөлсөн. Манай нагацууд шатарчид байлаа. Тэдний тоглохыг харж байгаад шатар сурчихсан юм. Шатар тоглосон маань надад оюуны дасгал болж хичээл сурлагад ч нөлөөлсөн.    -Яаж..?    -Сэтгэж сургасан. Тэвчээр суулгасан. Үүнийг би шатартай холбож ойлгодог. Эрдэнэтийн шатрын холбооны тэргүүнээр би нэлээн хэдэн жил ажиллалаа. Холбооныхоо үйл ажиллагаа бодлогод оролцож явлаа. Олон ч тэмцээнд оролцож медаль авсан. Энэ рейтинг үзүүлэлтээрээ шатрын спортын мастер болсон доо. Шатраар нэг хэсэг амьсгалж явсан шүү. Шатар тоглодог хүүхдүүд ядаж амьдралаа зөв аваад явчихдаг. Үүнийг би амьдрал дээр харлаа. Том мэргэжилтнүүд, банкны захирлууд болчихсон явах жишээтэй. Би  Эрдэнэтийн шатарчдын түүхийг мэднэ. Хожигдоод уйлаад явж байсан хүү хожим шатрын том мастер болчихсон явахыг ч үзлээ. Шатар тоглодог хүүхдүүд өөрсдөө хичээлдээ хичээдэг эсэх нь бүү мэд ямар ч гэсэн онц сураад явах юм билээ. Харин мэргэжлийн дээд түвшинд хүрэх явдал өөр асуудал, хувь хүн амьдралаа золиослох шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй.     -Төгсгөлд нь залууст хандаж  хэлэх таны үгийг сонсъё ?    -Амьдралд томьёо байхгүй гэж залуу насандаа бодож явлаа. Нас ахиад ирэхээр амьдрал томьёотой юм байна. Бүх шашинд сайн сайхан сургаал, номлол бий.10 хар нүгэл, 10 цагаан буян гэдэг чинь л суртал томьёо бололтой. Буддаг шашин талаас бус философийн утгаас нь судалсныг үзэхээр... Хүний үгийг авах эсэх нь хувь хүний хэрэг. Номын номоос хүний ном дээр гэж өвгөд ярьдаг. Тэгэхээр залууст хандаж, амьдралын жудагтай,хүний номоор явах хэрэгтэй. Ёс зүйтэй байх чинь хүний номоор явж байна гэсэн үг. Бүх юм цаг хугацаатай, хэмжээтэй.    -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх бодлогын хүрээнд бүтэн өнчин хүүхдийн асрах “Энэрэл” төвийн үйл ажиллагааг дэмжин, бүтцийн нэгжийнхээ бүрэлдэхүүнд багтаасан. 2015 онд үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо хүүхдийн төлөөх тус төвийн үйл ажиллагаанд уурхайчдыг татан оролцуулах зорилгоор хоёр жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлжээ. Бүтцийн нэгж бүрд нэг хүүхэд хариуцуулж, цехүүд өөр өөрийн оролцоогоор дэмжлэг үзүүлсэн байна. Хэрэгжиж байсан төсөл 2017 онд дууссан ч Засвар механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөл өнөөдрийг хүртэл уламжлалаа хадгалан, үлгэр жишээ ажиллаж, А.Билгүүнбаатар хүүгийн ирээдүйд хуримтлал үүсгэж эхэлжээ. Сайн мэдээг өртөөлөн “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэгтэй уулзаж ярилцлаа.  

 
М.МАЙЦЭЦЭГ: Ирэх сарын 11-нд спорт заалны нээлтээ хийнэ

 
   - “Энэрэл”-ийнхэн сурагчдын амралтаа хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?
   - Манайхан хүүхдийн амралтаар төлөвлөгөө гарган ажилладаг. Эхний төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд “Ирээдүйн одод” сургууль дээр “Аав, ээж, би” тэмцээнд хүүхдүүдээ оролцуулна. Тэмцээнд бүх хүүхэд хамрагдаж, “Энэрэл” төвийн багш, ажилчидтай баг болон хоорондоо өрсөлддөг. Мөн энэ долоо хоногийн Лхагва гаригт Эрдэнэт үйлдвэрээр аялал хийхээр төлөвлөж байна. Хүүхдүүд Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, уурхайчдын ажил мэргэжилтэй танилцаж байсан. Энэ удаа Ил уурхайг үзэж, “Сэлэнгэ” катерингаар зочилно.

   - Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр хийгддэг ажлуудаас танилцуулахгүй юу?
   - Хүүхдүүдэд нийгмийн харилцаа маш чухал. Тиймээс хичээлээс гадуур, сонирхсон секц, дугуйландаа хамрагдаж, гар урлал, амьдрах ухаанд суралцан, хувилбарт үйлчилгээний төлөвлөгөөт ажлууддаа оролцож байна. Манай төв Соёл урлагийн цогцолбор, Хүүхэлдэйн театр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран ажилладаг. Энэ дашрамд, суралцах бүх талаар дэмжлэг үзүүлж ирсэн Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүд талархал илэрхийлье. Хүмүүс манай хүүхдүүдийг зүгээр суудаг гэж ойлгодог байх. Өдрийг харин ч их завгүй өнгөрүүлдэг шүү. Хамаатан садан нь амралтаар авч явах хүсэлтэй байдаг ч чөлөөтэй цаг гарах нь ховор. Бид 11 дүгээр сарын нэгнээс “Эрдэнэт” сувиллын цогцолборт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх 13 төрлийн үзлэгт хамрагдана. Ирэх жилээс хүүхдүүдээ “Медипас”-т үзлэг шинжилгээнд оруулах хүсэлт гаргах бодолтой байна.

   - Өнөөдрийн байдлаар “Энэрэл”-ийн ам бүлээс өрх тусгаарласан хэдэн хүүхэд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна вэ? Хүүхдүүдээ ажилд зуучлах талаар анхаардаг уу?
   - Манайхаас 24 хүүхэд Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орсон. Өнгөрсөн жил “Моннис” группт 4 хүүхэд ажилд орсон бол энэ оны 11 дүгээр сарын нэгнээс “Сэлэнгэ” катерингт нэг хүүхэд ажиллахаар болсон. Ажил мэргэжлээрээ чадвартай, авьяастай хүүхдүүдээ аль болох үйлдвэрт ажилтнаар оруулахыг эрмэлзэж байна. Энэ жил нэг хүүхэд маань Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн дэмжлэгтэйгээр Технологийн сургуульд суралцаж байгаа. 

   - Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн, хөрөнгө оруулалт хийсэн сайн санаачилгыг бид дэмжих ёстой гэж бодож байна. Засвар механикийн заводын үлгэр жишээ ажлын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
   - Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан төсөлт ажлын үр дүнд цех, нэгж бүр хариуцан авсан хүүхдээ баярлуулах, танилцуулга уулзалтад авч явах, дугуйлан секцэд хамруулах олон төрлийн ажил хийсэн. 2017 онд төсөл хаагдахад Засвар механикийн завод, Судалгааны төв, Орос сургууль, Медипас, Соёл урлагийн цогцолборын хамт олон өнөөдрийг хүртэл уламжлалаа хадгалж яваа. Дээрх төслийг “Шинээр эхлүүлж өгөөч” гэсэн саналаа Эмэгтэйчүүдийн холбоонд хүргүүлсэн. Сайн дурын ажил нь тухайн хүний зав зай, сэтгэлийн асуудал байдаг тул уриалгахан хүлээн авах нэг хэсэг байхад хайхрамж муутай ханддаг хүмүүс ч бий. Эдгээрийн үр дүнд нэг хэсэг хүүхэд нь мартагдаж, олны дунд орхигдох талтай. 
   Засвар механикийн заводыг маш идэвхтэй, үлгэр жишээ цех гэж дүгнэн хэлмээр байна. Тэд А.Билгүүнтамирт улирлын чанартай хувцас авч, хадгаламжид нь хүүхдийн 20 мянган төгрөгөөс гадна хуримтлал үүсгэж, хичээлийн хоцрогдол арилгах давтлагад явуулан, баяр бүрээр хүүхдэдээ бэлэг илгээдэг уламжлалтай. Өмнө нь Дэнжийн 7 дугаар сургуульд суралцаж байсан хүү маань одоо 17 дугаар сургуулийн 3 дугаар ангид суралцдаг болсон. 

   - Эрдэнэт үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Танайд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэв?
   - “Энэрэл” төвд сүүлийн 25 жил бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй байсан. Энэ ч утгаараа бид дорвитой дэмжлэг авч, томоохон үр өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зорилоо. Хүүхдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургалтын аятай таатай орчин бүрдүүлэх, спортоор төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилгоор спорт заал барьж, ашиглалтад оруулахаар барилгын ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын явц 80 хувьтай, дотоод заслын ажлуудаа ирэх сарын 25 гэхэд дуусгаж, ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна. Хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийсэн энэ ажлыг Эрдэнэт үйлдвэр 510 сая төгрөгөөр дэмжсэн. Мөн аймаг, орон нутгийн 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбайтай болж, “Хөдөлмөр зуслан”-гийнхаа дэргэд 285 орчим сая төгрөгийн эмнэлгийн байр барьж, гүйцэтгээлээ 70 хувиар хаалаа. Ирэх хавар хүүхдүүдийг зусландаа гарахаас өмнө энэ ажил үндсэндээ дуусна. Мөн АНУ-ын Соёлын хүрээлэнд “Хүүхдүүдийн өрөөний тохижилт” сэдвээр төсөл бичиж, стандарт болгож өгөөч гэсэн санал тавьсны дагуу 10 мянган доллар буюу 25 сая төгрөгийн үнийн дүн бүхий давхар ор, бусад тавилгаар хангагдсан. Хүүхдүүд тухтай орчинд сууж киногоо үздэг, ёс заншлын тоглоом наадгайгаа суралцах гэртэй болсон гээд манай төвд хийгдсэн олон ажил бий. 
 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Чанарын хяналтын хэлтэс оны эхний есөн сарын ажил үйлчилгээ,орлогын төлөвлөгөөг 100 гаруй хувиар давуулан биелүүлж, 864.8 сая төгрөгийн зардал хэмнэжээ. Мөн хэсэг албадын гүйцэтгэлийн өртгийг 11-22 хувь хүртэл бууруулж ажилласан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжилзүйн газартай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийт 13 стандарт шалгуулан ажиллаж байна. Тус хэлтсээс гаднын нийлүүлэлтийн орцын хяналтаар 273 нэр төрлийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа материалд шалгалт хийжээ. Үүний 22 нэр төрлийн 241 тонн бараа материалд чанар стандартын шаардлага хангаагүй шалтгаанаар акт тогтоон буцааж, үйлдвэрт учирч болзошгүй гурван тэрбум гаруй төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажиллав. Мөн үйлдвэрт нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг холбогдох гэрээ хэлэлцээр, техникийн зохицуулалтын хэм хэмжээ, тохирлын үнэлгээ, сорилт шинжилгээ, хяналтаар тодорхойлох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- ын чанарын хөтөлбөрийг мөрдөн ажиллаж байна.

Б.ЧУЛУУН

   Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хаягдал элсний хуримтлалаас дэгддэг цагаан тоос дарах ажил эрчимжиж, тодорхой үр дүнд хүрч буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг ажлын явц байдалтай газар дээр нь танилцуулж, бодит мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэр хамтран цагаан тоосны бүс нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. 
   Цагаан тоосны дэгдэлтэд өртөмтгий бүсэд  Орхон аймгийн Говил, төмөр замын ойр орчим буюу Баянцагаан, Жаргалант сумын зарим багийн нутаг дэвсгэр харьяалагддаг. Тус багуудын 45 иргэн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажилтай танилцах “аялал” хийлээ. Тэдэнд цагаан тоосны дэгдэлтийн талбайд тоос дарах  гурван төрлийн арга буюу технологийн туршилтуудыг хэрхэн нэвтрүүлж буй талаар Баяжуулах үйлдвэрийн тэргүүлэх инженер Г.Цогтгэрэл танилцуулж, мэдээлэл өглөө. Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Цагаан тоос дарах ажлын алба хамтран шинэ урвалж ашиглан булингын шинж чанарт нөлөөлөх шинэ технологийн арга туршсан нь  өгөөжөө өгч байгааг энэ үеэр иргэдэд харуулсан. Өөрөөр хэлбэл, Хаягдлын аж ахуйн 897 га талбайг эзэлдэг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн 80 орчим хувийг одоогоор дараад байгааг мэргэжлийн хүмүүс газар дээр нь тайлбарлав. Энэхүү үр дүнд хүрэхэд шинэ технологиос гадна өмнө нэвтрүүлэн ашигласаар буй усаар норгох, хөрсөөр хучих зэрэг аргуудыг хослуулан уялдуулсан нь ач тусаа өгсөн байна.    
   Өнгөрсөн хавар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн  тоос дарах зориулалттай,  160 морины хүчин чадалтай трактор хүлээж авсан. Бас Hydro seeder маркийн 30 хувь хүртэл өтгөрүүлсэн шингэнийг 80-100 метрийн зайд цацах хүчин чадалтай шүршигч машиныг ашиглаж эхлээд байна. Цагаан тоос дарах гол зэвсэг болсон эдгээр техникийн “ид шид”-тэй иргэд бас танилцлаа. Тоос дарах ажлыг эрчимжүүлж үр дүнд хүргэх, ирэх онд энэ асуудалд сүүлчийн цэг хатгах зорилт тавин ажиллаж буйгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа энэ үеэр онцолсон. Энэ зорилтыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс онцгой анхаарч, ажиллах хүч, техник тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулсан нь ч цагаан тоос “баяртай” гэх боломж нөхцөлийг бүрдүүлж буйг хэллээ.    
   Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэд Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажилтай танилцсаны дараа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны сургалтын танхимд Байгаль орчны нөхөн сэргээлт, цагаан тоос дарах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл сонссон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар энэ үеэр иргэдтэй уулзаж, харилцан санал бодлоо солилцлоо. Олон жил Эрдэнэтийнхний “толгой”-ны өвчин болсоор ирсэн цагаан тоостой 20 гаруй жил “ноцолдсоор” ирсэн ч дорвитой ахиц гараагүй. Харин бид сүүлийн жилүүдэд энэ ажлыг судалгаа, туршилт гээд олон талаас нь идэвхжүүлэн ажилласнаар гарц шийдлийг олж чадсан. Өөрөөр хэлбэл, технологийн оновчтой туршилтаар учрыг нь олоод байна. Тиймээс ирэх жил цагаан тоосноос бүрэн салж чадна гэж хэлэх боломжтой болсон” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч мэдээлэлдээ тодотгосон. Мөн тэрээр энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд иргэдийн оролцоо санал санаачилга чухал буйг, хамтын хүч, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах нь зөв гэдгийг ч хэллээ. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс ч дээрх саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, цаашид иргэдээ энэ чиглэлийн мэдээллээр хангах, эрүүл мэндийн үзлэгийг илүү чанаржуулж, онош дүгнэлтийг нээлттэй мэдээлж байх, ард иргэдийнхээ санал бодлыг тусган хэрэгжүүлж байхыг хүссэн. Цагаан тоосонд нэг дуугаар, нэг хүчээр “баяртай” гэж хэлэх зорилгыг энэ удаагийн уулзалт дэвшүүллээ.  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгс
 
   Хөгжил дэвшил хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тодорхой тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны горимуудад  шинжлэх ухааны үндэслэл гаргах аргачлал боловсруулах эрдэм  шинжилгээний ажлууд  хийгдэх болжээ.  
   1000 гаруй тонн жинтэй хүдэр, ган бөөрөнцөг, хуяг бүхий тээрмийг зогсоохын тулд 30-45 минут зарцуулдаг. Энэ хугацаанд тээрмээ эргэлдүүлэн хүдэр гаргаж дуусгадаг. Хүдэр гарах хэмжээгээр ган бөөрөнцөг хуяг хоёр үлдэж, ган бөөрөнцөг хагарах,  хуяг гэмтэх асуудал ихээр гардаг. 
   Үүнийг давтамж хувиргагч руу шилжүүлэх горимыг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга - Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат зургаан жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийж боловсруулан,  эрдмийн ажлаа энэ сэдвээр хамгаалжээ. 
   Тэрээр “Тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийн сүлжээний тэжээлийн горимоос давтамж хувиргагчийн удирдлагын горимд шилжих математик аргачлал боловсруулах” гэсэн өргөн хүрээтэй эрдмийн ажлаа амжилттай хамгаалж Техникийн ухааны доктор боллоо.
   Уул уурхайн үйлдвэрт тээрмүүдийг асаах, унтраах нь чухал асуудал байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тээрмүүдийн асаалтын асуудал шийдэгдчихсэн тул алгуур унтраалтын горимыг боловсруулж, математик загварчлал хийж, компьютер симуляцад оруулж ийнхүү баталгаажуулжээ.  
   Энэ эрдмийн ажил нь математик загварчлал, практик хоёрын ажиллагааг холбож компьютер симуляц ашиглаж байгаагаар шинэлэг болжээ. Эрдмийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарч, тээрмүүдийг зөөлөн унтраах нь хуяг, ган бөөрөнцгийн элэгдлийг бууруулах юм. Ингэснээр цахилгааны зогсолтууд цөөрч үүнийг дагаад үйлдвэрлэх бүтээгдэхүүн, ажиллах хүчин, засварын ажил зэрэг багасах юм. Дашрамд дуулгахад, Цахилгаан хөтлүүрийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хүн Монгол Улсад төдийгүй Гадаадын улс оронд ч цөөхөн байдаг юм байна. 

А.Бямбамаа
 


   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н чиглэлээр энэ оны гуравдугаар улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг ХАБЭА-н зөвлөл хэлэлцэн шилдгүүдийг тодруулжээ. Аюулгүй ажиллагчийн жагсаалтад хоёр дахь удаагаа бичигдсэн 14 ажилтан, мөн хэсгээсээ шилдгээр шалгарсан Ил уурхай, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Аж ахуй, үйлчилгээний цехийн удирдлагууд ХАБЭА-н хэлтсээс зохион байгуулсан хүндэтгэлийн зоогт уригдан, үйлдвэрийн удирдлагуудтай зангиагүй уулзаж ослыг тэглэх эрхэм зорилгын хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар чөлөөтэй  ярилцав. Эрдэнэт үйлдвэр ХАБЭА-н чиглэлээр олон талт ажил хийж байгаагийн нэг нь ажилтны оролцоо, манлайллыг идэвхжүүлэх үйл ажиллагаа юм. Одоогоос долоон жилийн өмнөөс “Аюулгүй ажиллагч” нарыг шалгаруулж, урамшууллыг янз бүрийн хэлбэрээр олгож ирсэн. Тухайлбал, аюулгүй ажиллагчийн жагсаалтад анх удаа бичигдсэн ажилтанд гарын бэлэг, дуулганы “Аюулгүй ажиллагч” наалт, гэрчилгээ олгодог бол хоёр дахь удаагаа бичигдсэн ажилтныг үйлдвэрийн удирдлагатай хүндэтгэлийн зоог барих, чөлөөт ярилцлага өрнүүлэх уулзалтад урьдаг. Харин аюулгүй ажиллагчийн жагсаалтад гурав дахиа бичигдсэн ажилчдад мөнгөн урамшуулал олгодог бол дөрөв дэх удаагаа бичигдсэн ажилчдад гадаадад аялах эрх олгодог юм. Эрдэнэт үйлдвэр хамгийн үнэт баялгаа ажилтан гэж үздэг учраас өөрийгөө болон журмын нөхдөө аюул эрсдэлээс хамгаалсан, эрсдэлт хүчин зүйлийг илрүүлж мэдээлсэн, ХАБЭА-н чиглэлээр санаачилгатай ажилласан уурхайчдыг урамшуулах, хүндэтгэн алдаршуулах үйл ажиллагаа улам төгөлдөржих учиртай гэж ХАБЭА-н хэлтсийн орлогч дарга Б.Баттайван онцоллоо. 
   Хүндэтгэлийн зоогтой, зангиагүй уулзалтын үеэр аюулгүй ажиллагч, зарим шилдгүүдтэй уулзаж сэтгэгдлээс нь хуваалцсан юм.   
 


 
Бид манлайллын зөөлөн хяналтын арга хэрэглэдэг
 
Д.ДАРХАНБАЯР: /Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер/ 
 
 
   -Манай станцын хамт олон ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаараа хоёр, гуравдугаар улиралд дараалан тэргүүллээ. Энэ нь манай ажилчдын идэвх зүтгэл, ХАБЭА-н үйл ажиллагааны зөв хандлагатай холбоотой. Бид үйл ажиллагаандаа манлайллын зөөлөн хяналтын арга хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл хянаж шалгахаасаа илүү зөвлөн туслах хэлбэрээр хамтарч ажилладаг гэх үү дээ. Мөн станц өөрийн фейсбүүк нүүр хуудсандаа ажилчдынхаа ХАБЭА-н чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг зурагжуулж олон нийтэд хүргэдэг. Тэрхүү мэдээлэл дээр удирдлагууд нь байнгын урмын үгтэй сэтгэгдэл бичиж, ажилчдаа идэвхжүүлдэг. Ер нь ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилчдыг татан оролцуулах нь чухал ач холбогдолтой. Манайд бас нэгэн сайхан үйл ажиллагаа хэвшсэн нь “Өглөөний ХАБ”. Ажилтнууд маань “Өглөөний ХАБ”-аа ээлжээр хөтөлдөг. Маргааш өглөө би ийм сэдвээр ХАБ-ын үйл ажиллагааг удирдана, гээд урьдчилаад мэдээлчихдэг. Ингэснээр ажилтан бүр ХАБЭА-н үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ оролцож байгаа юм. Түүнээс гадна ХАБ-ын албаны дарга, хэсгийн удирдлагуудыг ХАБЭА-н шаталсан сургалтуудад байнга хамруулдаг зэрэг нь тэргүүний хамт олон болоход нөлөөлсөн болов уу. Ингээд галын бурхаддаа улам их амжилт хүсье.  
 
 
Ажилчдад эмээх халгахаас илүү аюул эрсдэлийг илрүүлье, хамтдаа сэргийлье гэх хандлага бий болсон
 
С.ОЮУНЦЭЦЭГ: /Ус хангамжийн цехийн цахилгаанчин/ 
 

   -Би Ус хангамжийн цехэд 27 дахь жилдээ ажиллаж байна. Цахилгаанчин, диспетчер, эрчим зүйч, мастер, технологич гээд олон ажил хийж явсан. Одоо ээлжийн цахилгаанчнаар ажиллаж байгаа. Энэ олон жил хамт олныхоо дунд,  ажлын гүнд нь орж ажилласан болохоор аюулд дөхсөн янз бүрийн эрсдэл олж харах нь илүү байдаг. Үйлдвэрийн удирдлагууд маань аюулгүй, зөв ажилласан хүмүүстээ хүндэтгэл үзүүлэн, санал бодлыг нь сонсож үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг нь их таалагддаг. Сүүлийн үед ХАБЭА-н чиглэлд үл буруутгах зарчим үйлчилж байгаа нь ажилчдад эмээх халгахаас илүү аюул эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, хамтдаа сэргийлье гэсэн зөв хандлага бий болж байгаа. Анх ажилд орж байхад Орос мэргэжилтнүүд ХАБЭА-н үйл ажиллагааны заавар чиглэл өгдөг байсан. Тэр цагаас өнөөдрийг хүртэл би ХАБЭА-н зөрчил дутагдал гаргаж байсангүй. Одоо энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагаа улам боловсронгуй болон хөгжиж байгаа нь сайн хэрэг.

 

Урамшууллын тогтолцоо нь зөв...
 
Н.ЦЭНД-АЮУШ: /Баяжуулах үйлдвэрийн бутлуурчин/ 
 
 
 
   -Аюулгүй ажиллагчийн жагсаалтад хоёр дахь удаагаа бичигдсэндээ баяртай байна. Би Эрдэнэт үйлдвэрт тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд зөвхөн ХАБЭА-н үйл ажиллагаанд бус, үйлдвэрийн дотоод журмаас эхлээд ажилтан хүн мөрдөх ёстой бүхий л хууль, дүрмийг зөрчихгүйн тулд хичээж ажиллаж ирсэн. Үүний шагнал юм болов уу гэж бодож байна. ХАБЭА-н чиглэлийн ихэнх саналаа “Аюулыг мэдээлэх хуудас”-аар идэвхтэй бичиж илгээдэг. Ер нь өөрийгөө болон цуг ажиллаж байгаа нөхрөө аюул эрсдэлээс хамгаалах нь ажилтан хүний үүрэг юм. Эрдэнэт үйлдвэрийн аюулгүй ажиллагч нараа урамшуулдаг, идэвхжүүлдэг үйл ажиллагаа маш зөв тогтолцоотой санагддаг. Ажлын бус орчинд нээлттэй ярилцах нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж юм. Ажилдаа нямбай хандаж, аюулыг мэдээлэх сувгуудыг ашиглаж санаачилгатай зөв ажиллах юм бол гадаадад аялах хүртэл урамшуулал бий. Гэхдээ шагналаас гадна олон хүнийг аюул эрсдэлээс хамгаалж байгаа нь хамгийн сайхан.   
  
 
М.ОДГЭРЭЛ

 

 
   
 
   
 
   

   
 
   
 
   Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “ТОП 100” аж ахуйн нэгжийг 22-дох жилдээ шалгаруулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ сүүлийн 18 жил “ТОП 100” аж ахуйн нэгжийг тэргүүлсэн амжилт үзүүлсэн юм. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим болон онцлох аж ахуй нэгжийн төлөөллөөс бүрдсэн нийт 13 компанийн 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, бизнес аялал зохион байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.  Энэ үеэр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх оны онцлох ААН-тэй танилцах аяллын багийг хүлээн авч уулзан, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар танилцуулсан юм. Уурхайчин хамт олон оны төгсгөл гэхэд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 700 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг танилцуулахын зэрэгцээ  шинээр хийж хэрэгжүүлж байгаа техник шинэчлэлийн ажлуудынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж буй “Эрдэнэс таван толгой”, “Оюу толгой”, “Хан богд кашмер” зэрэг онцлох 13 аж ахуй нэгжийн төлөөлөл ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлагатай танилцаад буцлаа. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн хамт олон өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл техникийн, эдийн засгийн бүх үзүүлэлтүүдээ бүрэн биелүүлэн ажиллаж байна. Тухайлбал уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 104 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 100.6 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсэг машин цагийн төлөвлөгөөг 112.7 хувиар тус тус биелүүлсэн амжилттай байна. 
   Оны эхний есөн сарын байдлаар зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс найман тэрбум 74 сая төгрөгөөр буюу 8.0 хувиар хэмнэжээ. Технологийн тээврийн хэсгийн 1 тонн км ачаа эргэлтийн өөрийн өртөг төлөвлөгөөнөөс 41.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн нэг машин цагийн өөрийн өртөг 12624 төгрөгөөр тус тус бууруулан ажиллажээ. 
   Түүнчлэн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах, 2019 оны хүрсэн түвшнээс бууруулахгүй байлгах чиглэлээр хийгдэх техник, зохион байгуулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлуулан, гүйцэтгэлийг улирал бүр нэгтгэн дүгнэж, үр дүнг хэлэлцэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. 
 
                                                                         А.Бямбамаа
 
 
 
   “Үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн насжилт өндөр байгаа учир хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болж байна. Хүдэр дэх зэсийн агуулгаас хамаарч үйлдвэрийн өөрийн зардал жилд гурван хувиар нэмэгдэж байна. Энэ асуудалд үйлдвэрийн инженер техникийн ажилчид бид ихэд анхааран ойрын таван жилээр харж, төлөвлөж ажиллах ёстой. Таван жилийн дараа автоматаар 15 хувиар өснө. Энэ зардлыг хэрхэн бууруулах, эрсдэлээс яаж хамгаалах талаар бодлого боловсруулан үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна” гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан ярилаа. 
 
 
   Техникийн хэлтсийн хамт олон өнгөрсөн дөрвөн сард үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Энэ үеэр 2020 оны бизнес төлөвлөгөө болон захиалгын программыг хэрхэн ажиллуулах, сайжруулах талаар ярилцаж ирэх оны үндсэн хөрөнгийн болон эргэлтийн хөрөнгийн захиалгыг авч дуусгаад байна. 
 Эргэлтийн хөрөнгийн техникийн үндэслэл, тодорхойлолт зэрэг захиалгын программд нэн шаардлагатай мэдээллийг авч дуусган Худалдан авалт, хангамжийн хэлтэст хүргүүлжээ. 
   Хүдрийн агуулга буурч түүнийг даган металл авалт буурч байгаа энэ үед бүтээмж өндөртэй техник, техникийн бэлэн байдал нь тасралтгүй үйл ажиллагаа явуулахад  чухал. 
   Иймээс технологийн үндсэн тоног төхөөрөмж дээр хөрөнгө оруулалтын өгөөжийг гаргах ажил хийж байна. Энэ нь технологийн үндсэн тоног төхөөрөмжийг худалдаж авах боломжуудыг тооцож өнөөдөр ашиглаж байгаа үндсэн хөрөнгүүд өөрийн өртөгт хэрхэн нийцэж байгаа эсэхийг тооцох чухал ажил юм.  Өмнө нь бүтээмж өндөртэй техник тоног төхөөрөмжийг худалдан авч ашиглалтын зардал ихэсдэг байсан бол энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тоног төхөөрөмжүүд дээр аудит хийж байгаа юм. 
 
А.Бямбамаа
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог