• Шилдэг бүтээлийн эзэд ирэх сард тодорно

      Монгол Улсын эрчим хүчний сайд өнгөрсөн оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холдогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал “Эрчим хүч-математик загварчлал” сэдвийн дор бүтээлийн уралдаан зарласан. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд шинийг санаачлан нэвтрүүлэх боломжтой болон нэвтрүүлж буй арга шийдэл, техник технологи, тоног төхөөрөмжийг таниулах, ажилтнуудын техникийн болон шинжлэх ухааны боловсролыг хөгжүүлэх, туршлага судлуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх, бүтээлч, шинийг эрэлхийлэгч ажилтнуудыг урамшуулах зорилго бүхий энэхүү уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Инновацийн сангийн найман сая төгрөгийн санхүүжилттэй уг уралдааныг өргөн хүрээнд, өндөр зохион байгуулалттай хийхээр төлөвлөсөн ч “ковид-19” халдварын үеийн нөхцөл байдлаас  шалтгаалан цомхон бүрэлдэхүүнтэй, хэсэгчилсэн байдлаар зохиогдов. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж, хэсгүүдэд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, шугам сүлжээний оролтын параметрүүдийг математик загварчлал, компьютер симуляцийн аргаар боловсруулж дүн шинжилгээ хийх, ажилчдад орчин үеийн техникийн хөгжлийн чиг хандлагыг таниулах, тэдгээрийг үйлдвэрлэлд ашиглаж сурах идэвх санаачилга өрнүүлэх зорилготой уг уралдаанд хувь хүн, хамт олны 18 бүтээл иржээ. Ихэвчлэн, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг багасгах, найдваржилтыг өсгөх, хийц болон ажиллагааг оновчилсон, технологийн горим, түүний үзүүлэлтүүдэд чанарын өөрчлөлт оруулахыг эрмэлзсэн бүтээлүүд байв. Тэд бүтээлүүдийнхээ загвар, танилцуулга, үзүүлэнг видео бичлэг, гэрэл зураг, бодит үр ашгийн судалгаа ашиглан хийсэн байгаа нь сонирхол татсан. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас Дулааны цахилгаан станцын “ДЦС-ын хөрөнгө оруулалтын үнэлгээний DCF загвар”, мөн “ДЦС-ын үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг математик загвар ашиглан тооцоолол хийх симуляци программ”, Ус хангамжийн цехийн “Эргэлтийн усны горим”, мөн “Ус хангамжийн цехийн ус өргөх станцуудын насосны ажиллах горимыг оновчлох”, “Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэлийн программ”, Ил уурхайн “Цахилгаан эрчим хүчний чанарын хэмжилт, динамик загварчлал” гэсэн зургаан бүтээл дараагийн шатанд шалгарлаа. Ирэх сард эцсийн шалгаруулалт хийгдэж, түрүүлсэн бүтээлийн эзэд гурван сая, дэд байрт шалгарсан баг хоёр сая, гутгаар байр эзэлсэн хамт олон 1,5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Харин тусгай байранд гурван бүтээл тунаж 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэнэ.     Мөн шинэ санаа, оновчтой бүтээлд тодорхойлох боломжтой бүтээлүүдийн эрхийг хамгаалах, зохиогчидтой хамтран ажиллах, үлгэрчлэн бусад газар нэвтрүүлэх асуудалд үйлдвэрийн газрын зүгээс анхаарч ажиллана гэж шүүгчид онцолсон. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат, цахилгааны тэргүүлэх инженер Д.Энхтөгс тэргүүтэй удирдлагын багаас гадна ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболор урилгаар ирж, шүүгчээр ажилласан юм. Тэд “Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд шинжлэх ухаанд суурилсан бүтээл түлхүү ирэх болов уу, гэж хүсэж хүлээсэн ч сайн саналын хэлбэрийн танилцуулга дийлэнх нь байсан учир дараагийн шатны шалгаруулалт хийхээр шийджээ. Бүтээл нь шалгарсан багийнхан дараагийн шатанд нарийн мэргэжлийн түвшинд ярилцлага өрнүүлж өрсөлдөнө. Ингээд ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболортой цөөн хором ярилцлаа.      П.АРИУНБОЛОР: Эрдэнэт үйлдвэрт хиймэл оюун ухааны сүлжээ үүсэх боломжтой   -“Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд ирсэн бүтээлүүдийн чанар чансааны талаар та юу хэлэх вэ? -Юуны өмнө намайг чухал ач холбогдолтой энэ уралдааны шүүгчээр урьсанд баярлалаа. Уралдаанд ирсэн 18 бүтээл шинжлэх ухааны түвшинд хийгдсэн сайн ажлууд ч байна, зарим нь хөдөлмөр хөнгөвчилсөн, сайн санал санаачилга хэлбэрийнх ч байна. Бид шинжлэх ухааны үндэстэй, математик загвараар эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэлд эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ, гэдэгт илүү төвлөрч авч үзлээ. Сайн бүтээл олон ирсэн болохоор шууд байр эзлүүлэхэд хэцүү байна. Тиймээс нэгдүгээр шатанд шалгарсан ажлуудыг дахин хэлэлцэж, мөн чанарыг нь илүү нарийн тодотгох хоёр дахь хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн. Би Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдээр маш их бахархаж байна. Эндээс Монгол Улсын хэмжээнд мөрдөх стандартууд гарах төлөвтэй. Мөн маш сайн докторууд төрж мэдэхээр байна. Залуус үйлдвэрлэлийнхээ горимыг, асуудлыг маш сайн мэдэж байгаа нь бахархал төрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэхэд математик аргачлал, тооцоолол сайн эзэмшсэн эдгээр залуусын хүч хөдөлмөр маш их гэдгийг өнөөдөр олж харлаа. Шинэ үеийн залуус сайн бэлтгэгдэж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн туршлага сайтай, ихэнх нь магистрын зэрэгтэй, судалгааны арга барил хэдийнээ эзэмшсэн залуус уралдаанд оролцлоо. Шүүгчийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн хэтийн зорилго- Үйлдвэрлэл, шинжлэх ухааны парк байгуулахад залуусын хувь нэмэр их, тэдэнд итгэж болно гэж хэлмээр байна.     -Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний чиглэлийг авч яваа мэргэжилтнүүдийн ур чадвар, залгамж халааг та хэрхэн үнэлэв?  -Ер нь Эрдэнэт үйлдвэр залгамж чанар сайтай. Үйлдвэрлэлийн гол бодлогыг барьж яваа тулхтай мэргэжилтнүүдийнхээ удирдлага дор залуу үе нь хүмүүждэг, арга барилыг авдаг, уламжлал шинэчлэлийг хослуулсан залгамж холбоо үүссэн газар. Нэгэнт бий болсон уламжлалт холбоонд үндэслэн үйлдвэрийг цаашид улам автоматжуулаад, технологийг нь оновчтой горим руу шилжүүлээд ухаалаг болгох, яваандаа хиймэл оюун ухаан ажиллахад бололцоотой. Учир нь 40 гаруй жил ажилласан энэ үйлдвэрт өөрийн “бодит дата”-нууд бэлэн байгаа. Бүх өгөгдлүүдээ   ашиглаад, залгамж холбоогоо үргэлжлүүлээд, залуучуудаа боловсруулаад явахад дараагийн 10 жилд хиймэл оюун ухааны сүлжээ үүснэ гэдэгт итгэлтэй байна.  -Манай үйлдвэрийн газар эрчим хүчний асуудлаа хэр оновчтой шийдвэрлэсэн гэж үзэж байна?  -Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээний уурхайн хувьд эрчим хүчний бодлого барьж байгаа хүмүүс нь монголд төдийгүй дэлхийд өндөр үнэлэгдэх мэргэжилтнүүд гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Сүүлийн үед цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох том алхам хийсэн нь маш зөв шийдвэр байсан. Дээрээс нь янз бүрийн сэргээгдэх эрчим хүч яригдаж байна. Маш олон мэргэжилтэн доктор хамгаалчихсан судалгааны ажил хийж байна. Өөрөөр хэлбэл эрдмийн бүхэл бүтэн бүтээн байгуулалт өрнөж байгаа газар шинжлэх ухаан, технологийн тал дээр асуудал гарахгүй, Монгол улсын хэмжээнд тэргүүлэх байр сууриа алдахгүй болов уу.   -Сүүлийн үед Монголын эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгааг та ажиглаж байна?  -Бид Улаанбаатар, цаашлаад Монгол улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөвийг байнга сонирхож байдаг. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ асар их өсөж байна. Энэ нөхцөлд хэмнэлт маш чухал. Эрчим хүчний оновчтой төлөвлөлтүүд хийх ёстой. Хувьсах гүйдлээр эрчим хүч дамжуулж байсан бол одоо тогтмол гүйдлийн шугам сүлжээ, өндөр хүчдэл, смарт, кредит гээд ухаалаг сүлжээ бий болж байна. Үүнээс гадна энэ их үйлдвэрлэл, хорт хийн ялгарал дэлхийг туйлдуулж байгаа энэ үед бид эко орчин, сэргээгдэх эрчим хүчийг илүү түлхүү ашиглах ёстой. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог харахад нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй. Харин усны эрчим хүчний нөөц хомс. Яагаад гэхээр Монгол улс Азийн усны яг хагалбар дээр оршдог. Тэгэхээр бид цэнгэг усаа гамнах ёстой. Би бол мэргэжлийн хүн биш. Сонирхогчийн хувьд усан цахилгаан станц барих шийдвэрийг зөв гэж боддоггүй. Хамгийн ээлтэй хөгжих нь нар болон салхины эрчим хүч. Яваандаа био химийн эрчим хүчийг гаргах хэрэгцээ бий. Энэ их хог хаягдал байнга дулаан ялгаруулж байдаг шүү дээ. Хүмүүсийн хоолны үлдэгдэл, хаягдал энэ бүхнээр био химийн сэргээгдэх эрчим хүч гаргах боломжтой. Гэхдээ дулааны цахилгаан станц тэргүүлэх байр суурийг эзэлсээр байх болно. Түүнийг сэргээгдэх эрчим хүчээр тэжээж оновчлох асуудал нэн чухал.   -Манай уншигчдад, уралдаанд оролцсон залууст хандаж юу хэлэх вэ? -Өнөөдөр бол сурах эрин үе. Дээхэн үед бидэнд сурах бичиг олддоггүй байсан бол интернет хөгжсөн энэ цаг үед бүх хүмүүст шинжлэх ухааны хаалга нээлттэй. Хүн өөрөө хичээвэл ямар ч амжилтад хүрэх боломж нөхцөл бүрдсэн. Янз бүрийн программ хангамж бий болчихлоо. Залуу хүмүүс амжилтад хүрэх хоёр л зам бий. Англи хэлтэй байх, үндсэн мэргэжлээ маш сайн мэдэж, өөрийн болгох. Цаашид эрдмийн ажилтан болох гэж байгаа бол математик суурьтай байх ёстой. Түүнээс гадна дэлхий нийтэд эмэгтэй инженерүүдийг илүү дэмжих болсон. Учир нь эмэгтэй хүмүүс шинжлэх ухаан, технологийн салбарт орж ирснээр дэлхий ертөнц өөрөөр хөгжиж эхэлсэн. Дан эрчүүд байсан бол дэлхий хогондоо дарагдаж, дайн тулаан түлхүү болох байсан байх. Гэтэл эмэгтэйчүүд шинжлэх ухаан, технологийн салбарт хүч түрэн орж ирснээр илүү их инновацийг бий болгосон. Хүн нэг хэрэглэсэн бол тэр ая тухтай, ашигтай шинж чанарыг мэдээд буцаад тэр хэрэглээнээсээ гарч чадахгүй мөнгө төлдөг бүтээгдэхүүнийг инноваци гээд байгаа шүү дээ. Тэгвэл  инновацийг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргаж байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүд хүүхдээ асарч байна, эмнэлэгт өвчтөн асарч байна. Өөрсдийн мэдэрч байгаа зовлонг техникээр дамжуулан хүнд хүртээж байгаа учраас инноваци бий болоод байгаа юм. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш ихээр инноваци бий болсон. Тэгэхээр охидыг инженерчлэлийн чиглэлээр суралцаасай гэж хүсдэг. Тэгвэл монгол сайхан хөгжих боломж бий. Дэлхийн технологи ороод ирлээ, интернет нээлттэй байна, хөгжихөд хязгаар үгүй боллоо. Хүн хэдий чинээ зүтгэнэ төдий чинээ сайхан амьдрах боломж нээгдсэн. Тийм учраас бүү залхуур, суралц гэж хэлмээр байна. -Баярлалаа.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байна

      Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах зорилгоор байгуулагдсан Төв штабын ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа.    -Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Төв штаб болон Чиглэл хариуцсан штабуудыг Ерөнхий захирлын А/139 тоот тушаалаар байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь уурхайчдын ажлын байр, цалин хөлс, урамшууллыг тогтвортой хадгалж, уурхайчдынхаа  гэр бүлийг эрсдэлээс хамгаалах, улс, орон нутгийн  эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бууруулах-гүй байх гэсэн үндсэн зорилго-тойгоор ажиллаж байна. Энэ нь уурхайчдын хамтын хөдөлмөр юм. Мөн “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, үүний хавсралт “Хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Үнийн хэлбэлзлийг тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан.  “Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах”, “Санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх”, “Нийгмийн харилцаа хамтын ажиллагааны асуудлыг зохицуулах”, “Томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-д чиглэл хариуцсан штабууд арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөний биелэлт 46,4 хувьтай байна. Эдгээр штабууд долоо, 14 хоног тутам хуралдаж, Төв штабын хуралдаанаас шийдвэр гаргаж, ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллаж байгаа. Үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр 42,5 хувийн биелэлттэй байна. Нийт 50 үүрэг даалгаврыг чиглэл хариуцсан штабуудад хүргүүлж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. -Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ямар ажлууд хийгдээд байна вэ?  -Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2,244.3 тн-оор, молибдены баяжмалын үйлдвэрлэлийг 152.4 тн-оор нэмэгдүүлж ажилласнаар зэс, молибдены баяжмал ачилтын төлөвлөгөөг 101-112,6 хувиар биелүүлж, 3,8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдээд байна.   -Үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг, зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, зэсийн үнийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан, гүйцэтгэлд хяналт тавьж ажилласнаар батлагдсан төлөвлөгөөт нийт зардлыг эхний дөрвөн сарын байдлаар 23.8 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллалаа. -Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, технологийн горимыг цахилгааны үнийн гурван тарифт системд тохируулан ажилласнаар 185.0 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардал хэмнэсэн. -“Сархиа” байгалийн чийрэгжүүлэлтийн төвд агч, голт бор, хайлаас зэрэг 2650 мод, бут, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 4М далангийн баруун урд талд 530 мод тарьж хүлээлгэн өглөө.  -“Уурхайчин-1” орон сууцны хорооллын барилгын угсралтын ажил, Соёл, спортын “Эрдэнэт цогцолбор“-ын барилгын ажил, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.  -Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам суурилуулах шинэчлэлийн ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй, тоног төхөөрөмжийн туршилт хийгдэж байна. Төв штабын өмнөх хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй таван бодлогыг авч хэлэлцсэн. Цаашид энэ ажлыг эрчимжүүлнэ.  -Үйлдвэрийн газрын гэмт хэрэг, зөрчлийг арилгах, хариуцлага тооцох системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ерөнхий захирлын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга бат, хариуцлага, дэг журмыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  А/203 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  -Баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 26

    Өнөөдөр 05 дугаар сарын 26 Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 147дахь өдөр. Он дуусахад 218 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +7 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 5-6 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 26.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 4. Шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Энэ өдөр үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Аливаа үйлд муу бөгөөд өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад модон хохимой өдөр тул цээрлэвэл зохилтой. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5242 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2801, евро 3054, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрчдийн хэрэгцээнд зориулан өргөн хэрэгцээний ямар бараа таваар үйлдвэрлэж байна вэ? Хариулт:- Эрдэнэт үйлдвэрээс хөдөлмөрчдийн өргөн хэрэглээнд зориулан жилд 10 гаруй нэрийн 300 гаруй мянган төгрөгийн бараа үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнд, спортын хэрэглэл, орон сууцны сантехникийн зориулалттай резинээр хийсэн сэлбэг, малчид, хөдөлмөрчдийн гэр ахуйн хэрэгцээний зарим нэрийн бараа үйлдвэрлэж худалдааны байгууллагаар дамжуулан борлуулж байна. Цаашид нийт ажиллагсдын цалингийн фондын нэг төгрөг тутамд таван мөнгөний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нормативыг үндэслэн өргөн хэрэгцээний бараа үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэр төрлийг өргөтгөх чиглэлээр тодорхой программ боловсруулж байна. Ийм боломж ч үйлдвэрт байгаа юм.  (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • Бутлуурын удирдлага, хяналтын схемийг шинэчилж байна

      Баяжуулах үйлдвэрт хүдэр хүлээн авах анхан шатны бутлуурын удирдлагын шкабыг солих ажил ид үргэлжилж байна. Үйлдвэр байгуулагдах үед тавигдсан цахилгаан схемтэй удирдлагын шкаб нь сул зогсолт үүсгэх, гэмтэл их гарах болж ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрчээ. Иймээс програмчлагдсан, мэдрэгч бүхий дэлгэцтэй Siemens фирмийн орчин үеийн удирдлага, хяналтын шкаб шинээр суурилуулж байна. Ингэснээр удирдлага хяналт оновчтой, шуурхай болохоос гадна мэдээллийн сан бүрдэх, түүнд тулгуурлан дүгнэлт хийх боломжтой болж, орчин үеийн программ хангамжийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагаар давуу юм. Энэ жил бутлуурын удирдлагын хуучин таван шкабыг S7-300, S7-400 загварын шинэ төрлийн удирдлага, хяналтын шкабаар солих бөгөөд эхний ажлын туршилтыг өнгөрсөн лхагва гарагт амжилттай хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн уг ажлыг “Анд энерги” компани үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүй гүйцэтгэж, “их зогсолт”-ын өмнө хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.   М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 25

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 146 дахь өдөр. Он дуусахад 219 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +6 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-7 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 25. Сумьяа гараг. Билгийн тооллын шинийн 3. Балжиннямтай шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Өдрийн сайн цагнь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5242 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2801, евро 3072, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 39, Японы иен 25, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Эрдэнэт үйлдвэрээс улс даяар дэлгэрсэн үүсгэл санаачилга, туршлага бий юу? Хариулт:-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн интернационалч хамт олны үүсгэл санаачилгаар бий болж, улс даяар дэлгэрч, үр ашгаа өгсөн, одоо ч өгсөөр байгаа дараах тэргүүн туршлага бий. Үүнд: Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөний туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр МХЗЭ-ийн Төв хороо, БНМАУ-ын Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо тогтоол гаргасан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нэгдсэн системийн туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай 1980 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Аж үйлдвэр, барилгын ажилчдын ҮЭ-ийн төв хорооны тэргүүлэгчдийн тогтоол гаргасан. Боловсон хүчинтэй ажилладаг туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай Геологи уул уурхайн үйлдвэрийн яам албан даалгавар гаргасан. (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • ДЦС-ын “Бүтээлч” бүлгийнхэн эргэх механизмын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж бүтээжээ

    Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцынхан ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” сургалт, дадлагын төхөөрөмж бүтээх уралдаанд ирүүлсэн аюул эрсдэлийг мэдрүүлэх төхөөрөмжөө танилцуулав. Тус станцын ажилтнууд үйлдвэрлэлийн ажлын байранд түгээмэл гарах эрсдэлтэй аюул буюу эргэлдэх механизмтай харьцаж буй үед тохиолддог осол аваарыг бодитойгоор мэдрүүлэх зориулалттай төхөөрөмж бүтээжээ. Эргэлдэх машин механизм дээр ажиллахдаа тухайн ажилтан ямар аюул эрсдэлтэй тулгарч болох, түүнээс сэргийлэхийн тулд хэрхэн сонор сэрэмжтэй ажиллах ёстойг уг төхөөрөмж дээр сургах юм байна. “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд тус цехийнхэн өндөр ач холбогдол өгч, төхөөрөмж бүтээх ажилтнуудаа нэгтгэн “Бүтээлч” бүлэг байгуулан оролцож байгаа аж. Тэд уралдааны төхөөрөмж бүтээх ажлаа 3 дугаар сарын сүүлээр эхэлсэн бол одоо сүүлийн шатны тохируулгыг хийж буйгаа ХАБЭА-н инженер С.Бадрах ярив. “Бүтээлч” бүлгийнхний хийсэн “Эргэлдэх механизмын аюулыг мэдрүүлэх” төхөөрөмж нь автомат удирдлагатай төдийгүй олон үйлдлийг нэг зэрэг харуулах боломжтой. Гар утасны аппликейшн ашиглан, хамгийн бага 12 вольтын хүчдэлээр хөдөлгүүрүүд ажиллахаар зохион бүтээсэн нь инженерийн ур ухаан шингэсэн онцлогтой бүтээл болжээ. Мөн аккумляторт цэнэглэдэг тул хаана ч зөөвөрлөн ашиглаж болох зэрэг олон давуу талтай юм. М.Балжинням Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо баяр хүргэв

    Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас хамтран аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, нийгмийн даатгал төлөлт, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр эрэмбэлдэг ТОП 100 шалгаруулалтын манлайлагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тодорсон. Энэхүү амжилт, ололтод  гар сэтгэл нийлж,  хамтын хүчээр хүрсэн уурхайчин хамт олондоо тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяр хүргэв.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2019 оны ТОП 100 жагсаалтын тэргүүнд бичигдсэнээрээ Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтыг 18 дахь удаагаа манлайлж буй. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татвар, цэвэр ашиг, борлуулалтын орлогын хэмжээгээр нь харьцуулан эрэмбэлдэг, “ТОП 100” шалгаруулалтын 2019 оны жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 961.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэлт, 561.8 тэрбум төгрөгийн ашиг, 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон зэрэг амжилтаараа тэргүүлжээ. Өнгөрсөн оны эдгээр үзүүлэлт нь тус үйлдвэрийн 42 жилийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болж, “шилдэг 100” жагсаалтын түрүү байрыг авчирсан байна.  Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний дөрвөн сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 хувиас дээш биелүүллээ. Дэлхий нийтээр ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед тус үйлдвэрийнхэн гадаад дотоод ямар нэг өр төлбөргүй, өөрсдийн хүчээр мөнгөн хуримтлал бий болгож, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай материал, сэлбэг хэрэгслээ нөөцөлж авах зэрэг зорилт хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нараар  ахлуулсан төв штаб болон дэд штабын зохион байгуулалттай өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн. Үүний хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмэлт орлого олох, өртөг зардал бууруулах чиглэлээр тухайлбал, төлөвлөгөөт хэмжээнээс гадна 300 мянган тонн хүдэр нэмж боловсруулах, зэсийн металл авалтыг 0.4 хувиар, молибдены металл авалтыг 3.5 хувиар өсгөх даалгавартай ажиллаж байна. Ингэж ажилласны  үр дүнд оны эцэст 25.8 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 17 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр зорилт дэвшүүлжээ. Энэ зорилт эхний 4 сарын байдлаар амжилттай хэрэгжиж, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.  М.Балжинням Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100-аас дээш хувиар биеллээ

    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилттай байна.  Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 103.7 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 104.2 хувиар тус тус биелүүлэв. Тодруулбал, 1427.4 мянган метр куб уулын цул гаргаж, 573.5 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Ил уурхайнхан 2174.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлсэн бол баяжуулагчид 1820.5 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх зэс болон молибдены агуулгын төлөвлөгөөний биелэлт 101.1-118.7 хувьтай байна. Харин зэсийн металл авалт 87.5 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены металл авалт 50.01 хувь буюу төлөвлөгөө 103.1 хувиар биелсэн дүн гарчээ. Баяжмал дахь зэсийн металл 7430 тонн, молибдены металл 167.5 тонны гүйцэтгэлтэй, төлөвлөгөөний биелэлт 110.7-133.7 хувьтай байгаа бол баяжмал дахь зэс молибдены агуулгын төлөвлөгөө 102.2-102.4 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд 33245 тонн зэсийн баяжмал ачигдаж, чанарын үзүүлэлт 102.2 хувиар, 281.1 тонн молибдены баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.4 хувиар тус тус биелжээ. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Сэтгэлийн хүч-Зүтгэлийн илч

      Та бидний сайн мэдэх газрын нэг бол Судалгаа шинжилгээний хүрээлэн. Цаг нартай уралдсан тэдний нарийн чимхлүүр ажлын үр дүнгээр баяжуулалтын технологи зөв голдрилоор явж, дэлхийд танигдсан бүтээгдэхүүний чанар сайн гардаг. Тэр ч утгаар нь Судалгаа шинжилгээнийхнийг Эрдэнэт үйлдвэрийн “судас баригч” гэж нэрлэх нь бий. Энд тодорхой ажилтай тунгалаг төрхтэй олон сайхан бүсгүй мэргэжил чадвараараа манлайлан ажилладаг. Тэдний нэг нь баяжуулагч Норзонгийн Лхамбаяр.  Ховд аймгийн Булган сумын харьяат энэ эмэгтэй багын л хичээл сургуульдаа мэрийлттэй, хичээнгүй сүрхий охин явжээ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Худалдааны техникумд элсэн суралцаж, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшихэд аавынх нь нөлөө их байсан болов уу. Түүний аав Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар нутагтаа 40 шахам жил ажилласан, олны дунд нэр хүндтэй эрхэм байлаа. Аав нь арван хүүхдэдээ: “худал хэлж, хулгай хийж болохгүй, улсын ажлыг унагаж, хүний итгэл алдаж болохгүй” гэж захидаг байсан нь бяцхан охины ой тойнд тод сийлэгдэн үлдэж, хожим ажил, амьдралдаа мөрдөх гол “дүрэм” болжээ. Н.Лхамбаяр Ховд аймгийнхаа Худалдааны трестэд нягтлангаар ажиллаж байхдаа дадлагын оюутан залуутай танилцаж дотноссон нь тэдний гайхам сайхан хайрын эхлэл байв. Тэд гурван хүүхдийн эцэг, эх бололцон, хүнээс дутуугүй амьдарч байсан ч үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуусыг соронз мэт татсан Эрдэнэсийн хотыг зорьсон. Гэсэн ч санаснаар болдоггүй хорвоо түүнд хатуурхаж, магнайн толионд нь зурвас тодроогүй, толгойн үсэнд нь мөнгөн хяруу унаагүй байхад хань нь тэнгэрийн орноо одож, ангаахай адил гурван хөөрхөн үртэйгээ л үлдсэн. Хадмууд нь хэдий ойр байвч хүний нутагт бүсгүй хүн ажилгүй, өөрийн талын ах дүүгүй, өдөр шөнийн эргэлтэд аавыгаа нэхэн уйлагнах гурван хүүхдээс өөр ханьгүй амьдарна гэдэг ёстой л амьдын там санагдаж байсан нь мэдээж. Н.Лхамбаяр нутаг буцахаар шийдсэнээ хадам ах Ж.Баатархүүдээ хэлбэл, “Чи залуу хүн дахин сурч, Эрдэнэт үйлдвэрт хэрэгтэй мэргэжил эзэмш. Олны дунд  ажиллаж, хамт олонтойгоо ханьсаж амьдрах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч төв газраа үлдсэн нь дээр” гэж зөвлөснөөр ачаа бараагаа буцааж задалсан гэдэг. Тухайн үед хэлсэн болгоныг нь ухаарч ойлгох сэхээ байгаагүй ч, “Ах нь ажилд ороход нь тус дэм болъё” гэсэн ганц өгүүлбэр Эрдэнэтэд амьдрах итгэл төрүүлж байлаа. Ингэж л тэр, зоргоор болдоггүй тавилан заяаг зоригоороо туулахаар сэтгэл шулуудсан юм.  Н.Лхамбаяр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дүүргэж, баяжуулагч мэргэжил эзэмшин одоогийн Судалгаа шинжилгээний хүрээлэнд 2003 онд баяжуулагчаар ажилд орсон. Эхний жилүүдэд ажилдаа тэнцэхгүй гологдох вий, алдаа гаргаж хүмүүст түвэг удах вий гэхээс эмээж, дахин дахин нягтлан шалгаж хичээдэг байжээ. Түүний анхны мэргэжил болох нягтлангийн мэдлэг чадвар нь судалгаа шинжилгээний ажилд ихэд хэрэг болно. Тооцоолол буруу хийвэл олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөрөө зориулсан судалгааны ажил гажуудах аюултай тул маш няхуур, нямбай хандах хэрэгтэй гэх. Тэрээр Судалгаа шинжилгээний хүрээлэнд 17 жил ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн болон хагас үйлдвэрлэл, лабораторийн туршилтын ажилд биечлэн оролцож, технологийн процесст нэвтрүүлж буй шинэ тоног төхөөрөмж, урвалжуудад туршилт, сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг өндөр үр дүнтэй гүйцэтгэж ирснийг журмын нөхөд нь  бахархан ярьсан. Үйлдвэрлэлийн технологийн хүндрэл гарахад мэргэшсэн, шуурхай, найдвартай учраас түүнд түрүүлж үүрэг өгч, илүү ачаалал үүрүүлнэ. Гэсэн ч хамт олныхоо итгэлийг зүтгэл дүүрэн хариулаад сурчихсан Н.Лхамбаяр бүхнийг амжуулаад инээгээд зогсож байна. Амьдралын ончроо нугачаанд түшиг тулгуур болж ирсэн хамт олон минь надад юу юунаас эрхэм гэж тэр ярих. Хөвүүлэн баяжуулагч мэргэжлийн тавдугаар зэрэгтэй тэрээр жилд 155 удаагийн үйлдвэрлэлийн туршилтын сорьцлолт, 2078 сорьцлолтын дээжийн боловсруулалт, 548.7 дээжид ширхгийн шинжилгээ, 418 дээжид нунтаглалтын горим тогтоох ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ тоо зарим хүмүүсийн хувьд мөрөөдлийн үзүүлэлт байж мэдэх юм. Н.Лхамбаяр ирээдүйд ашиглах хүдрийн технологийн шинж чанарыг тодорхойлох, геометаллургийн загвар буюу ордын геологи ашиглалтыг боловсруулах лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн туршилтад идэвх чармайлттай оролцон сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг үр дүнтэй гүйцэтгэсээр байна. Ажилд орсон эхний жилүүдэд үйлдвэрээс дээжээ авчирч хатаагаад, аяганд хийж гараар нунтаглаад шинжилгээ сорьцлолтыг нүдэн баримжаагаар шахуу хийдэг байснаа тэр дурссан. “Одоо орчин үеийн дэвшилтэт олон багаж, тоног төхөөрөмжтэй, түүн дээр ажиллаж байгаа залуус нь дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой, хэл устай, судалгаа шинжилгээний ажил нь Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсад үнэлэгдэх хэмжээнд хүрсэн нь сайхан шүү”, гээд сэтгэл дүүрэн инээмсэглэсэн. Тэрээр ажилдаа тун өөриймсөг ханддаг онцлогтой. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, зохион байгуулалтад анхаарч, аюул, эрсдэлийг олж илрүүлэн арилгахад санаачилгатай ажилладаг. Тиймдээ ч “Аюулгүй ажиллагч”-аар гурван удаа шалгарсан, залуу ажилчдад үлгэр дуурайлал болсон тэргүүний ажилтан төдийгүй халамжлан хүмүүжүүлэгч юм.  Хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Н.Лхамбаярын гурван хүүхэд өнөөдөр ээжийгээ ачлах хэмжээнд хүрчээ. Том охин нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт конвейерийн машинчаар ажиллаж байгаа бол дундах нь Японд ажиллаж, амьдардаг. Харин бага хүү нь саяхан, “Энержи ресурс” компанид ажилд оржээ. Дөрвөн ач, зээгийн эмээ болсон, гээд нүүр дүүрэн инээмсэглэх түүний яриа цаанаа л хат суусан, амьдрал таньсан, өөрийн жаргалаас илүү үр хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлт торгууд эмэгтэйн гайхамшигт түүхтэй. Амьдрал хэмээх их далайн шуурганд сэлүүрээ алдаж, бүр живсэн хүмүүс ч бий. Харин Н.Лхамбаяр итгэлийн хүчээр жигүүрлэн, зүтгэлийнхээ илчинд дулаацан жаргаж, хамт олондоо хүндлэгдэн, уурхайчдынхаа урд эгнээнд тэмүүлэл дүүрэн алхаж явна.  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #20: Дашцэрэнгийн ТӨГСБАЯР

    Төгссөн сургууль: 1998 онд ШУТИС-ийн МТС-д хими технологич мэргэжлээр бакалавр, 2002 онд МТС-д техникийн ухааны магистр, 2010 онд КТМС-д үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мэргэжил: Химийн технологич Ажилласан туршлага: 1998 онд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад ажилд орсноос хойш эдүгээ 22 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2009 онд ОХУ-ын Москва хотноо химийн лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр, 2012 онд Сингапур улсад ISO чанарын стандартын чиглэлээр, 2019 онд Австрали улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэс, Дулааны цахилгаан станцын химийн инженерээр ажиллаж байсан тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд Лабораторийн эрхлэгчээр дэвшин ажиллаж байна. Өөрийгөө чадваржуулж, үйлдвэрлэлд үр өгөөжтэй ажил хийхийг зорьж яваа түүний томоохон оролцооны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд энэ оны сүүлчээр хэрэгжих “Химийн бодис, урвалжийн менежментийг сайжруулах” төсөл юм. Чадварлаг инженерүүдээс бүрдсэн энэхүү төслийн баг тайлангаа тавих бэлтгэл ажилдаа оржээ. Химийн инженер мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрэгтэй газарт нь харуулж, бодит ажил болгох нь түүний чин хүсэл билээ. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын Уур усны лабораторийг MNS ISO/IEC17025:2018 стандартын түвшинд хүргэж, Монгол Улсын эрчим хүчний салбарын итгэмжлэгдсэн  лабораториудын  нэг болгохоор хичээн ажиллаж байна. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Хөгжим, кино бол миний амьдралын сэргээш. Мөн хамгийн ойр байдаг гэр бүл, хамт олноосоо урам зориг, эрч хүч авдаг даа. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Аливааг шинжлэн судлахад чиглэсэн,  химийн шинжлэх ухаан нь дэлхий нийтэд хурдацтайгаар хөгжиж, шинэ шинэ технологиуд гарч байгаа нь,  мэргэжлийн биднээс өөрийгөө хөгжүүлэх, маш их уншихыг шаарддаг. Тиймээс ч уншихгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй юм. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Уур усны лабораторийг итгэмжлэлд оруулна. Бид энэ ажлынхаа хүрээнд Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газраар итгэмжлэл хийлгэхээр ойрын хугацаанд бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн төслийн ажлаа хийж дуусгана даа. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж их чухал үг санагддаг. Эрүүл гэдэг үгэнд хүний бие бялдрыг хамааруулахаас гадна, сэтгэл санаа эрүүл саруул байх нь чухал юм. Хүмүүс бие бялдрын эрүүл мэндэд ихээхэн анхаардаг ч сэтгэл санааны эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах нь бий. Сэтгэл санааг эрүүл саруул байлгах нэг гол хүчин зүйл нь сэтгэл судлал гэж боддог учраас сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр илүүтэй судалж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна. -Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? -Дэлхийн алдартай хөгжимчдийн тоглолт үзэхийг мөрөөддөг. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Бусдад түвэг учруулахгүй ажиллаж, амьдрах л хэрэгтэй. -Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? -Мэдээж, энэ бол миний мөрөөдлийн ажил. Би сурагч байхын л химийн хичээлд дуртай хүүхэд байсан. Их сонирхолтой шинжлэх ухаан шүү. Өнөөгийн залуусыг ажиглаад байхад ажилдаа дургүй, аливаад ял авсан юм шиг ханддаг. Хүн өөрийн ажлыг аль болох сонирхолтой байх талаас нь анхаарч, түүнийгээ хийж хэрэгжүүлснээр жинхэнэ утгаар нь ажилдаа дурладаг болов уу. Сэтгэлээсээ хийсэн ажил үр шимээ өгдгийг мартаж болохгүй. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа олон талын боломжийг нээж өгдөг. Миний хувьд хамт олон, нийгэмд хувь хүн өөрийгөө хэрхэн, яаж авч явахыг Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа л сурсан. Эхний 15 жил өөрөөсөө  ах хүмүүстэй ажиллаж байсан бол сүүлийн 6 жил дандаа залуучуудтай ажиллаж байна. Энэ хоёрын хооронд маш их ялгаа харагддаг. Аль ч насны хүнийг ойлгож ажиллана гэдэг л надаас их зүйлийг шаарддаг. Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа

   Монгол улсад  2016 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 15 ны өдрийг Хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар уг өдрийг бүтээлч, ажил хэрэгч байдлаар зохион байгуулж, хүний нөөцийн мэргэжилтнүүддээ номын дуу сонсгож, “тархи цэнэглэгч” өдөр болгов. Тэд “Монгол улс дахь хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, хөгжил” сэдвээр шинэ мэдээлэл авч, саналаа солилцсон юм. Сургалтыг Монголын Хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатар удирдан, хүний нөөцийн менежментийн сонирхолтой жишээ, судалгааны дүн бүхий хичээл заав. Энэ үеэр тус газрын удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, Хүний нөөцийн ажилтны мэргэжлийн өдрийн ач холбогдол болон өнөөгийн бодлого хөтөлбөр, сургалтын талаар ярилцлаа.


Захиргаа, Хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд:

   Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн чиглэлээр 58 ажилтан ажилладаг. Тус үйлдвэр өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн Төрийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж байна. Ингэснээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар шинээр байгуулагдсан. Тус газар дотроо Хүний нөөцийн алба, Албан хэрэг хөтлөлтийн алба, Төрөлжсөн архив гэсэн гурван албаар дамжуулан өөрчлөлт шинэчлэлт, хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг шинэчлэх ажлуудыг  шат дараатай хийж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан үйлдвэрийн нийт 6000 гаруй ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчилж дууслаа. Энэ ажил нэлээд цаг хугацаа шаардсан, нүсэр ажил байв. Мөн Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн чиглэлээр хөтлөгдөж байгаа баримт бичгийг хууль, журамд нийцүүлэн боловсруулах ажил хийгдэж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар ээлжийн амралтын хуудсыг, заавартай нь  хавсарган өөрчилж, ээлжийн амралт олгох мэдэгдэл болгон шинэчилсэн. Ингэснээр Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан заавар дүрэмтэй нийцүүлж боловсруулсан болно. Чөлөөний хуудас болон архивт хүний нөөцийн чиглэлээр хадгалагдаж буй бичиг баримт, зааварт тулгуурлан ажилтны анкетийг шинэчиллээ.  Ийм олон шинэлэг бөгөөд их ажлын ард гарсан амжилтаар манай газрын хамт олон Хүний нөөцийн ажилтны өдрийг угтаж байна. Бид энэ өдрийг баяр ойн хүрээнд бус өөрсдийнхөө мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарч, хүний нөөцийн иж бүрэн асуудлыг орчин үеийн чиг хандлага, үйл ажиллагаандаа хэрхэн уялдуулж, сайжруулах талаар суралцаж, мэдлэгийн өдөр болгон тэмдэглэлээ.
 

Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд:

   Хүний нөөцийн алба үндсэн хоёр чиг үүрэгтэй. Эхний үүрэг нь хөдөлмөрийн холбоотой харилцааг шийдвэрлэх бол дараагийн чиг үүрэг нь  хувь хүний сургалт, хөгжлийн асуудлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, өдөр тутамд ажилтан, ажил олгогчдын хооронд үүсдэг бүхий л хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж, төлөвлөх, үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй хувь хүний хөгжил, сургалтын хөтөлбөр бодлоготой уялдуулан ажилтны сургалтын хэрэгцээг тодорхойлж, төлөвлөж зохион байгуулах нь манай албаны үндсэн ажил юм.  Чиг үүрэг ингэж тодорхой болсноор бидний хийх ажил ойлгомжтой, эмх цэгцтэй болсон гэж хэлж болно. Тодорхой ажлаас л үр дүн, өндөр бүтээмж гардаг.  Хүний нөөцийн ажилтны өдөр бол манай улсын хувьд харьцангуй шинэ тэмдэглэлт өдрүүдийн нэг. Энэ өдрөөрөө бид хүний нөөцийн ажилтнууддаа шинэ мэдээлэл өгөе, оюуны мэдлэгээ арвижуулая гэдэг үүднээс бүгдээрээ номын дуу сонсож байна. Орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэхийн тулд юунаас эхлэх, юунд тулгуурлан хөгжих вэ гээд олон чухал мэдээллээр “чихээ онгойлгож” байгаа нь бидэнд ач холбогдолтой боллоо. Цаашид ч бид хүний нөөцийн ажилтнуудаа чадавхижуулах чиглэлээр сургалтын цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.


Ган бөөрөнцөгийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Мягмар:

   "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болсноор хүний нөөцийн бодлого, зорилтоо шинээр тодорхойлон ажиллаж байна. Манай үйлдвэрт хүний нөөцийн алба үүссэний 45 жилийн ой бас энэ өдрүүдэд тохиож байна. Энэ утгаараа бидний ажиллаж байгаа салбарын хувьд шинэ үе ирж байна гэж ойлгож байгаа. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрсдөө хөгжиж боловсрох шаардлагатай. Энэ үүднээсээ өнөөдрийн сургалтыг зохион байгуулж, чухал мэдлэгийг бидэнд өгч байгаад талархаж байна. Тухайлбал, хүний нөөцийн мэргэжилтэн маш сайн төлөвлөж ажиллах ёстойг сургалтаар заасан. Цагаа олсон, гоё мэдээлэл сонссондоо олзуурхаж байна. Миний хувьд  Эрдэнэт үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байна. Хүний нөөцийн мэргэжилтний хувьд ажилтнуудтайгаа яг байгаагаар нь харилцаж, боловсролын түвшингээр нь бус чаддаг зүйлээр нь илүү хөгжүүлж, урамшуулж ажиллах зарчим баримталдаг.
 

Чанар хяналтын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Бумгэрэл: 

   Манай үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн алба үүссэний ойн үеэр Монголын Хүний нөөцийн институтын мэргэжилтнийг урьж, өөрсдөдөө сургалт авч байгаа нь чухал ажил хэрэг гэж бодож байна. Манай үйлдвэр бүх талын үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллага. Гэхдээ бид үргэлж шинийг эрэлхийлж, тэр тусмаа хүний нөөцийн бодлогоо сайжруулж, шинэчилж ажиллах ёстой. Тиймээс өнөөдрийн сургалт үүнд том хувь нэмэр боллоо. Цаашид ч мэргэжлийн байгууллагатайгаа хамтран ажиллаж, тэдний шинэ туршлага, арга барилыг нэвтрүүлж ажиллах болно. Би үйлдвэртээ хүний нөөцийн чиглэлээр 18 дахь жилдээ ажиллаж байгаагийн хувьд манай салбарын хөгжил эрчимтэй урагшилж, улам боловсронгуй болж байгаа гэж хэлмээр байна. Үүнийгээ дагаад хүний нөөцийн мэргэжилтнүүд арга барилаа шинэчилж, өөрийгөө боловсруулж суралцаж байхын чухлыг энэ удаагийн сургалтаас илүү мэдэрлээ. 
   

  

  

   Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн алба үүсч хөгжсөний 45 жилийн ой энэ онд тохиож байна. Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглах, зэсийн үйлдвэр барьж байгуулах эхлэлтэй зэрэгцэн тэнд ажиллах боловсон хүчний асуудлыг давхар шийдсэн нь тухайн үеийн төр засгийн оновчтой бодлого болсныг тус үйлдвэрийн хүний нөөцийн салбарын өнөөг хүртэл тогтвортой төлөвшиж ирсэн түүхэн замнал харуулдаг. Тиймээс ч Монгол улс төдийгүй дэлхий нийтийн хүний нөөцийн менежментийн орчин үеийн түвшинд хүрэх бааз суурь, нөөц боломж Эрдэнэт үйлдвэрт хэдийнэ бүрдсэн гэдгийг судлаачид үнэлж байна.
   Ийнхүү ажилтан хүнтэй хамгийн “ойр” байж, тэдний ажиллах урам зориг, эрч хүч, сурч хөгжих гээд бүх л хүсэл тэмүүллийн нэгэн жигүүр нь болж байдаг “Хүний нөөцийнхөн” өөрсдийн мэргэжлийн өдрийг мэдлэг, мэдээллээр дүүрэн тэмдэглэлээ. Шинэ цагийн хөгжил дэвшлийг ажилтан бүрийнхээ өөдлөн дэвжих их эрмэлзэлтэй ижилсүүлж, түүчээлэх тэдний ажил мэргэжил хариуцлагатай хийгээд нэр төртэй алба билээ.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

 
   “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ITU) гишүүн байгууллагууд тэмдэглэдэг. Дэлхий дахины мянга мянган экспертүүд хамтран ажиллаж, техникийн хэлцлийн баримт бичгийг боловсруулж, сонгон хэрэглэх олон улсын стандартыг батлан гаргах ажилд оруулж буй хүчин чармайлтыг үнэлэн, тэдэнд хүндэтгэл үзүүлдэг өдөр юм. Эдийн засагт ялангуяа олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг роль үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдлыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвхжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан энэхүү “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй.
   Монгол улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ. Монгол улсын хэмжээнд стандарт боловсруулах ажлыг Стандартчилал, Хэмжил Зүйн Газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс гүйцэтгэдэг. Энэ хэлтсийн 18 ажилтан  байгаль орчин, хэмжил зүй, хүнс, барилга, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, уул уурхай гэх мэт стандартчиллын 40 гаруй салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг стандартчилах үйл ажиллагааг зохицуулан, зохион байгуулж, мэдээлэл түгээж байна. Манай улсын хувьд үндэсний стандартын тэмдэглэгээг нь MNS гэх ба өнөөдөр манай улсад 6200 гаруй стандартыг мөрдөж байна.
   Энэ жил “Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газартай хамтран Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад стандартын мэдлэг олгох зорилгоор “Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 /MNS ISO9001:2016 стандартын шаардлага”, “Стандартчиллын суурь асуудал, нэгдсэн менежментийн тогтолцоо” сэдэвт сургалтуудыг 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
 
Чанарын мэргэжилтэн Д.Шинэбаатар
 
 

   Хүний нөөцийн ажилтны өдөр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Монгол улсын Хүний нөөцийн менежментийн салбарын өнөөгийн чиг хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг удирдаж, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд шинэ мэдлэг мэдээллийг түгээж хуваалцсан  Монголын Хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатартай энэ үеэр уулзаж ярилцав. Тэрээр Монгол улс болон Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн хөгжлийн талаар ийн дүгнэж байна.

   -Хүний нөөцийн менежментийн ажил мэргэжил бол орчин цагт техник технологийн дэвшлээс ч илүү чухалд тооцогдож буй. Учир юу гэвэл, бүх зүйл техникийн дэвшлээр тодорхойлогдох болсон хөгжлийн хурдацтай энэ үед хүмүүс хоорондын амьд харилцаа гэдэг зүйл илт үгүйлэгддэг. Тэгвэл үүнийг сэргээх, нөхөх мэргэжил бол хүний нөөцийн менежерүүдийн алба.  Монголд өнөөдрийн байдлаар энэ чухал салбарын хөгжил, чиг хандлага ямар түвшинд байна вэ?
   -Хүний нөөцийн салбарын хөгжлийн өнөөгийн байдлыг тодотгож хэлэхэд манай улсад энэ чиглэлээр том дэвшил гарч байна. Өөрөөр хэлбэл, Хүний нөөцийн удирдлага, менежментийн салбар харьцангуй эрчимтэй хөгжиж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад хөгжлийн түвшин  доогуур байгаа ч  20-25 жилийн өмнө эхэлсэн гэхэд  манай орчин цагийн хүний нөөцийн тогтолцооны асуудал эрчимтэй, хурдтай  хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Мөн Монголын хүний нөөцийн чиглэлийн мэдлэг мэдээлэл, ур чадвар жил ирэх тусам ахиж, дэвшилтэнд хүрч байгаа нь харагдаж байгаа. Хүний нөөцийн менежмент бол практик салбар. Тийм учраас төдийлөн онолоор юмуу академик мэдлэг агуулга дээр суурилдаггүй. Мэдээж, шинжлэх ухаанч, шинэ шинэлэг мэдээлэл чухал боловч бодит байдал дээр хүмүүстэй амьд харилцаа үүсгэж байж, эсвэл хүний нөөцийн мэргэжилтэн өөрөө илүү туршлагажиж, мэргэшиж байж хөгждөг салбар гэж хэлж болно. Тиймээс хамт олон, баг бүрэлдэхүүнтэйгээ ойр байдаг алба, хэлтсүүд илүү хурдан хөгжих боломжтой. Тэр ч утгаараа, аливаа улс орны залуучууд боловсорч, урагшлахын хирээр хүний нөөцийн менежмент эрчимтэй хөгжих нөхцөл нь бүрддэг юм. Бусад улс орон хэдэн зуун жилийн өмнөөс хөгжсөн, манай улс саяхан ярьж эхэлсэн гэдэг нь чухал биш гол бүтээгдэхүүн болох хүнээ дагаад дэлхийн жишигт хүрэх боломжтой. Ингээд авч үзэхээр, манай улсын хүний нөөцийн менежментийн хөгжил дэлхийн түвшнээс хол хоцроогүй гэж ойлгож болно. Нийтээрээ өндөр түвшинд биш юмаа гэхэд Монголд бусдыгаа тэргүүлж, олон улсын түвшинд хүрсэн хүний нөөцийн менежментийн бодлоготой аж ахуйн нэгж, байгууллагууд хангалттай олон байна. Тэднээс бусад нь суралцаад, хөдөлмөрийн зах зээлийн хүний нөөцийн менежментийн бодлогыг боловсронгуй хөгжүүлээд явах үндэс бүрэлдсэн гэж болно.

   -Салбар бүр өөрийн онцлогтой. Хүний нөөцийн менежментийн салбарын онцлог нь чухам юу вэ?
  -
Үнэхээр оновчтой асуулт байна. Энэ салбарын онцлог нь гэвэл хүнээ дагаж хөгждөгт оршино. Тухайн улс орон, бүс нутаг, бүр тодруулбал тухайн аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын сэтгэлгээний хөгжил, эсвэл шинэ үе түрж гарч ирэх бүрт шинээр бий болж байдаг. Энэ утгаараа ч мэдээлэл технологитой ойролцоо салбар. Өөрөөр хэлбэл, хөгжил нь түрүүлж явах учиртай. Одоо цагт хүн технологийг хөгжүүлэх биш технологи нь хүнээ дагуулах түвшинд ирж байна. Тэгэхээр хүний нөөцийн мэргэжилтэн хэмээх энэ ажил үүрэг өөрсдөө тухайн зах зээл, салбартаа манлайлагч, уриалагч байж, тухайн улс орон, байгууллагынхаа ажиллах хүчин, ажилтнуудыг чиглүүлж, хөгжүүлж байдаг. Тийм учраас өөрсдөө үргэлж суралцаж, хөгжиж байх ёстой. Манлайллын илүү өндөр ур чадвартай байх ёстой. Үүнийг ч шаарддаг. Тэгэхээр нэг талаасаа маш гайхалтай мэргэжил, нөгөө талаасаа хариуцлагатай ажил гэж тодорхойлдог.

  -Манай улсад хүний нөөцийн мэргэжилтнийг бэлтгэх асуудал ямар хэмжээнд явж байна вэ? Хүний нөөцийн мэргэжлийн ажилтнууд хэр хүрэлцээтэй байдаг юм бол?
   -Манай улс энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх  нөөц боломж харьцангуй сайн гэж хэлнэ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн жишээг авч үзэхэд, тус үйлдвэр хүний нөөцийн алба үүсч хөгжсөн 45 жилийн үүх түүхтэй. Эрдэнэт үйлдвэр өөрөө ашиглалтад ороод 41 дэх  жилтэйгээ золгож байхад хүний нөөцийн салбар нь 45 жил болсон байна гэдэг нь үйлдвэр ажиллаж эхлэхээс 4-5 жилийн өмнө энд боловсон хүчний асуудлыг тэр тусмаа ажиллагсдын мэдлэг мэдээллийг дээшлүүлж, чадавхижуулах, сургаж хөгжүүлэх бодлого түрүүлээд хэрэгжсэн гэсэн үг. Үйлдвэрээсээ ахмад хүний нөөцийн салбар энд байна. Эрдэнэт үйлдвэр бол уул уурхайн салбар. Уурхайн хүний нөөцийн бодлогын газар нь өөрөө оюуны уурхай болжээ гэж онцолмоор байна. Уурхайг бид эрдэнэс баялаг гэж харахаас гадна тэр уурхайг үр ашигтай ажиллуулахын тулд маш чадварлаг, ажилтнуудыг бий болгох ёстой. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 45 жилийн түүхэн хөгжил, туршлага, мэдлэг мэдээллэл нь  ахмад, дунд, өнөө үеийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээ чадавхижуулж ирсэн байна. Ийм чадварлаг нөөцийг бий болгоогүй бол Эрдэнэт үйлдвэр үр ашигтай, тасралтгүй ажиллагаатай байж,бүхэл бүтэн үйлдвэр дагасан хотыг авч яваа хүчирхэг байгууллага, хамт олон  болоход хүндрэлтэй байсан. Тэгэхээр энэ төсөл үр өгөөжтэй байгаагийн хамгийн гол үнэ цэнэ бол хүний нөөц юм. Тэднийг чадавхижуулж байгаа үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд маш чухал нөлөөтэй гэж онцлон тэмдэглэхийг хүсч байна.

   -Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн суурь боломжийг та ярьлаа. Тэгвэл хөгжлийн түвшин нь хаана явж байна гэж та хэлэх вэ?
   -Ер нь хүний нөөцийн бодлогоо ямар ч байгууллага төгс шийднэ гэж байдаггүй л дээ. Эрдэнэт үйлдвэр ч тасралтгүй суралцаж байна. Бусад орны болоод дотоодын байгууллагуудын шилдэг туршлага, арга барилаас суралцаж, хөгжиж байна гэж би хардаг. Эрдэнэт үйлдвэрийн нэг онцлог зүйл бол хүний нөөцийн эх булаг, үндсийг бий болгож чадсан уурхай. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн маш тогтвортой хэвшил соёл, төлөвшлүүд байна. Энэ бол хүний нөөцийн менежментийн бие даасан тогтолцоо гэсэн үг. Тухайлбал, боловсон хүчнээ авах, цалинжуулах, сургаж мэргэшүүлэх гээд бүгд тогтворжсон. Энэ бүгдийг цаасан дээр эрэмбэлж, төлөвлөөд, загварт оруулахаар тэр нь өөрөө стандарт болдог. Бид цаг үргэлж суралцаж, гадны өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагаас судалж, мэдээлэл солилцохдоо тэдний хүний нөөцийн менежментийг илүү сонирхож, гайхширдаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрт яг тэр тогтолцоо хэдийнэ төлөвшөөд, бодит байдал дээр  хэрэгжээд явж байна. Энд бодит практик, бодит үр дүн байна. Тийм учраас бид “айлаас эрэхээр, авдраа уудал” гэдэгчлэн  Эрдэнэт үйлдвэрийнхээ олон жилийн туршид бий болгож, тогтоосон хүний нөөцийн менежментийн төлөвшсөн тогтолцоог илүү сайжруулан жишиг болгоод авч явах боломжтой. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежмент тасралтгүй хөгжиж байгааг цохон тэмдэглэмээр байна. Тэр дундаа хөгжлийн өндөр түвшинд хүрэх суурь хангалттай, багахан хэмжээний мэдлэг мэдээллийн инноваци нэвтрүүлэхэд л дэлхийн тэргүүлэгч улс орнуудын жишигт ойртох эх сурвалж, бааз суурь сайтай хамт олон юм. Манай улсад төдийлэн энэ суурь нөөцөө төлөвшүүлж чадаагүй, харьцангуй залуухан  байгууллага хамт олон нэлээд бий. Ер нь хүний нөөцийн менежмент бол шинэ мэдлэг мэдээлэл гэхээсээ гадна тухайн байгууллагын хөгжлийн үе шатаас хамаардаг. Тодорхой цаг үеийг туулж байж төлөвшдөг  зүйл. Ном уншаад, эсвэл дүрэм боловсруулж хэрэгжүүлснээр хязгаарлагдахгүй.  Ийм учраас мэргэжлийн хүний нүдээр харахад, Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын суурь чадамж маш өндөр гэж үнэлдэг.

  -Хүний нөөцийн ажил мэргэжлийн онцлогийг та ярианы эхэнд тодотгосон бол хүний нөөцийн хувь ажилтны өөртөө төлөвшүүлэх шинж чанарууд юу байдаг вэ?
   -Хүний нөөцийн ажилтан бол хамгийн эхлээд манлайлагч байх ёстой. Бидний мэргэжлийн үг байдаг. Хэн нэгний сайхан инээмсэглэлийг харахыг хүсвэл өөрөө эхлээд сайхан инээмсэглэх ёстой гэж. Тухайн хүний нөөцийн менежер өөрийн байгууллагаа хоцролтгүй хамт олон болгоё гэвэл өөрөө эртэч байх. Шинийг санаачлагч хамт олонтой байя гэвэл өөрөө шинийг санаачилдаг, эрэлхийлэгч байх ёстой юм. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтний гол чанар нь ярьж буй зөв зан үйл, зөв тогтолцоогоо өөрөө үлгэрлэж үзүүлдэг байх. Баян болоогүй хүний баяжих тухай сургаалийг бүү сонс гэж үг бий. Түүн лугаа адил хүний нөөцийн мэргэжилтэн аливаа нэг хүний нөөцийн удирдлагатай холбоотой зарчмын санал тавихад ажилтнууд ийм байдлаар ханддаг. Өөрөө яагаад эртэч биш байна, манлайлагч биш байна гэх мэтчилэн. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг бол зэрэг дэвийн хувьд ажилтан, менежер байж болох ч удирдлага, захирлын түвшинд бэлтгэгдсэн өндөр ур чадвартай хүмүүс байх шаардлагатай. Онцлог ч гэж хэлж болох юм.

   -Ажилтны хувийн мэдээлэл зөвхөн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд очдог. Ажилчин хүн өөрийн хувийн болоод ажил хөдөлмөр эрхлэх явцад гарч болох бэрхшээл, асуудлаар  хүний нөөцийн мэргэжилтэнд голдуу ханддаг. Энэ утгаараа, хүний нөөцийн мэргэжилтнүүд өндөр хариуцлага хүлээдэг гэж ойлгодог?
   -Яг зөв. Энэ бол мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудал. Хүний нөөцийн ажлын байрны тодорхойлолтод байгууллагын нууц болон хувь хүний нууцыг чандлан хадгална гэж заасан байдаг. Ёс зүйн дүрмэндээ ч ийм. Олон улсын ёс зүйн дүрмэнд ч нууц хадгалах зарчмыг тод томруунаар тусгаж өгсөн байдаг. Хэрэв ямар нэг байдлаар ийм алдаа гаргавал хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллахад бэрхшээлтэй хүн байна гэж ойлгоно. Тиймээс ийм байдлыг мэргэжлийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг.

   -Хүний нөөцийн ажилтны баярын өмнөхөн уулзаж байна. Тиймээс энэ өдрийн зорилго, ач холбогдлын талаар асуухгүй өнгөрч боломгүй?
   -2016 оноос манай улсад Хүний нөөцийн ажилтны өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-нд тэмдэглэдэг болсон. Энэ хүрээнд салбарын үнэ цэнийг илэрхийлсэн өдөр болгон өнгөрүүлэх нь зүйтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл, баярын хурал, уриа лоозон байлгах биш өмнө миний хэлсэнчлэн үлгэрлэх, манлайлах, өөрсдөө суралцах зорилгоо эрхэмлэж, хийсэн бүтээснээрээ бахархдаг, үнэлж дүгнэх ёстой  өдөр гэж ойлгодог. Тиймээс бидний мэргэжлийг үнэлдэг, бахархдаг байгаасай, үнэ цэнийг нэмэгдүүлсэн өдөр байгаасай гэж бодож байна.

   -Манай үйлдвэрийн Хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн мэргэжлийн өдрөөр таны сургалтанд сууж, мэдлэгээ ахиулж байна. Энэ удаагийн сургалтаар та ямар шинэ санаа тэдэнд өгөв?
   -Өнөөдрийн сургалт маань нэлээн олон багц сэдвээр явагдлаа. Хүний нөөцийнхөн бол өвөрмөц хүмүүс. Яагаад ингэж хэлэв гэхээр, хүмүүсийг сургаад хөгжүүлээд байдаг, гэтэл өөрсдөө сургалт хөгжлийн арга хэмжээнд оролцох зав зай тааруу. Хүмүүсээ шагнаж урамшуулаад байдаг хирнээ өөрсдөө хамрагдах нь цөөн. Янз бүрийн баяр ёслолын үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг ч өөрсдөдөө зориулж, оролцох нь бага байдаг. Тэгэхээр энэ удаа мэргэжлийн өдрийн цаг хугацааг өөрсдөдөө зориулж, мэдлэг мэдээллээ шинэчилж, шинийг суралцая гэсэн зорилгоор сургалт хийж байна. Сургалтаараа Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажилтнууддаа Монголын Хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, стратегийн менежмент, хүний нөөцийн тренд,  Эрдэнэт үйлдвэр дэлхий нийтийн хүний нөөцийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд юуг анхаарах ёстой вэ зэрэг багц сэдвээр хичээл заалаа. Сүүлийн үеийн шинэ мэдээллээсээ хуваалцахыг зорилоо.

   -Тэгвэл дэлхийн улс орнуудын хүний нөөцийн менежментийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд Эрдэнэт үйлдвэр юуг анхаарах ёстой юм бэ?
   -Ер нь бол иж бүрэн асуудал л даа. Байгууллагын хэмжээнд гол анхаарах ёстой зүйл бол байгууллага дээр хүний нөөцийн менежментийг үр дүнтэй нэвтрүүлэхийн тулд ажилтнуудын зөв хандлагыг төлөвшүүлж, хөгжүүлэх. Энэ бол нэн түрүүний асуудал.  Дараагийнх нь хүний нөөцийн менежмент стратегийн түвшинд хэрэгжихийн тулд бүх шатны удирдлагууд хүний нөөцийн менежментийг ойлгодог, бодлого үйл ажиллагаа, сэтгэл зүйгээр дэмжих. Энэ хоёр зүйлгүйгээр дан ганц хүний нөөцийн менежерүүд ажиллах хэцүү. Учир нь, тухайн ажилтан хүн өөрөө идэвх зүтгэл гаргахыг хүсэхгүй байхад хүний нөөцийн мэргэжилтэн хичнээн хичээгээд үр дүнд хүрч чадахгүй. Бид хичнээн сайхан санаачилга, бодлого менежмент нэвтрүүлээд удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол хүний нөөцийн ажил үр өгөөжтэй муутай байдаг. Эдгээр хүчин зүйлүүд хүний нөөцийн менежментийн хөгжлийг урагшлуулахад хамгийн гол хүч болох юм.

  -Саяхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлагууд тантай уулзаж, хүний нөөц, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого чиглэл, стратеги төлөвлөгөөний талаар танилцуулж, ярилцсан. Эрдэнэт үйлдвэр дэх одоогийн хүний нөөцийн баримталж буй бодлого, хийж байгаа ажлууд орчин үеийн хүний нөөцийн менежментийн чиг хандлага, стандартад нийцэж байна уу? Та үүнд ямар бодолтой байна вэ?
   -Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийнхан манай төвд хүрэлцэн ирж, уулзалт хийсэн. Энэ уулзалтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын дараагийн шатанд хэрэгжүүлэх зорилт, хөтөлбөрийнхөө талаар бидэнд танилцуулж, санал бодлоо солилцсон. Мэргэжлийн байгууллагын хувьд манайд хандсанд бид баяртай байгаа. Эндээс хамгийн тааламжтай санагдсан зүйл нь  Эрдэнэт үйлдвэр хөгжлөөс хоцрохгүй байхын тулд  илүү дэвшилтэт, шинэлэг хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Үйлдвэрийнхээ хүний нөөцийн бодлогын бүх үе шатыг дөрвөн бүлэгт хувааж, шинэ үеэ хэрхэн чадавхижуулж, тогтвортой ажиллуулах, ажилтнуудынхаа сэтгэл санааг хэрхэн урам зоригтой байлгах, туршлагатай, нөөц мэдлэгийн уурхай болсон ахмад ажилтнуудаа яаж дэмжих, тэдний мэдлэгийг хэрхэн өвлөж үлдээх гээд дэлхийн түвшинд яригдаж буй хүний нөөцийн чухал асуудлуудыг байгууллагынхаа хэмжээнд бодлого, хөтөлбөр болгож хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна. Энэ нь хүний нөөцийн суурь өгөгдөл сайтай, менежменттэй үйлдвэрийг хөгжлийн дэвшилтэт шатанд гаргахад том түлхэц болохуйц өргөн хүрээтэй, алсын хараатай, маш зөв зорилт болжээ гэж мэргэжлийн судлаач хүний хувьд хэлье. Зорилт хөтөлбөрөө цаашид тасралтгүй хэрэгжүүлээд явахад Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн бодлого дэлхийн жишигтэй зуузай холбон хөгжинө гэдэгт итгэлтэй байна.    

   -Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Ярилцсан М.Балжинням
Фото Б.Баттөгс

 
   Цагаан тоос... Энэ үг хавар намрын хавсарга салхи, хур чийг татруу жилийн хуурайшилт дагаж сонсогдох болсоор удаж буй. Тэр ч бүү хэл сонгууль, сонгуулийн дуулианаар улс төрчдийн “шоуны” бай, хөрсөн дээр буугаагүй хийрхлийн гол сэдэв ч байх болсон нь нууц биш. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологийн хаягдал булинга, элс болон хуримтлагдаж, үүнээс дэгддэг тэрхүү цагаан шороо ойр орчмынхоо  бүс нутагт суурьшсан иргэдийн ахуй байдалд их бага хэмжээгээр таагүй нөлөө үзүүлж байсныг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайн хувьд уг асуудалд онцгой анхаарал хандуулсаар , бас бодитой тэмцсээр байгааг ч хэлэх нь зүйтэй. Энэ удаагийн сурвалжлагын зорилго маань цагаан тоос дарах ажлын явц газар дээрээ ямар байгааг, ахиц дэвшил, хүндрэл бэрхшээлийн тухай  “халуун цэг”-ээс нь хүргэхэд чиглэсэн. Албан яриа хөөрөө гэхээс илүүтэйгээр цагаан тоостой хамгийн ойр “нөхөрлөсөн” ажлын багийнхныг зорьсон минь энэ. Хүйтний ам наашилж, салхины хурд нэмэгдсэн өдөр байсан ч  цайрч, бужигнан дэгддэг хуурай “цагаан тоос” энэ удаа чимээгүй, “аядуу” угтсан. Үүний учрыг шинээр туршиж буй технологийн эерэг нөлөөлөл, тууштай оновчтой бодлого, үйл ажиллагааны үр дүн гэж ажлын албаныхан хамгийн түрүүнд дуулгалаа. Тэд цаг агаарын тааламжтай, тааламжгүй аль ч үед гадаа ажиллаж байгаа хэдий ч өнөөдрийн гарч буй үр дүнд урмаар дүүрэн буйгаа ярьсан.
 
Цагаан тоосны 80 хувийг бүрэн дарсан
 
   Цагаан тоос дарах ажлыг тогтвортой, тасралтгүй явуулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн шийдвэрээр Баяжуулах үйлдвэрийн дэргэд Цагаан тоос дарах ажлын алба энэ онд байгуулагдсан юм. Энэ алба цагаан тоос дарах ажлыг дагнан хариуцаж, гардан гүйцэтгэх үүрэгтэй. Харин бодлогын түвшинд асуудлыг шийдэж, холбогдох цех албадыг нэгтгэн ажиллах чиглэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн. Цагаан тоос дарах арга технологи, техник тоног төхөөрөмж, хүн хүч гээд үүнтэй хамаарах бүхий л асуудалд томоос том дэвшил гарч байгааг хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа онцлов. 
   Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн  нийт талбайн хэмжээ 2067 га газар. Үүнээс 1300 га нь хуурай талбай бөгөөд  897 га талбайг  цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс  гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар, дэгдэлтийн нийт талбайн 700 орчим га газарт тоос дарах ажил хийгджээ. Ингэхдээ технологийн хэд хэдэн аргуудыг хослуулан ашигласнаар ийм үр өгөөж гарч буйг  Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторингийн албаны дарга  Ж.Жавхланбат тодорхой тайлбарлав. Тэрээр “Зөвхөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болсон цагаан тоос дарах ажил 2007 оноос эрчимтэй хийгдэж,  ихээхэн хөрөнгө хүч зарцуулж ирсэн. Цагаан тоосны дэгдэлттэй талбайг усалж норгох, хөрсөөр хучих зэрэг олон аргыг энэ хугацаанд туршиж, ашиглаж байна. Эдгээрээс хөрсөөр дарах технологи үр дүнгээ илүү өгсөн.  Хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, зориулалтын техник ашиглан усаар норгож, шүрших, өвөл зуны хаялтын үеэр технологийн аргаар цагаан тоос дарах ажлыг зохион байгуулж байна. Дээрх технологийн аргуудыг үе шаттай тасралтгүй туршсанаар өнөөдрийн байдлаар, бид цагаан тоосны нийт талбайн 80 хувийг дарж чадлаа” гэсэн юм.  
 
 
   Өнгөрсөн хавар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн  тоос дарах зориулалттай шинэ техник тоног төхөөрөмж хүлээн авсан нь тэдэнд хамгийн чухал “зэвсэг” болжээ. Энэ нь 160 морины хүчин чадалтай трактор. Бас Hydro seeder маркийн 30  хүртэл хувь өтгөрүүлсэн шингэнийг 80-100 метрийн зайд цацах хүчин чадалтай шүршигч машиныг ашиглаж эхлээд байна. Тоос дэгдэлтийн талбайд хаягдал булингыг дарагч бодистой хольж цацах үеэр  зарим булан тохойн хэсэг газруудад хангалттай хүрч өгөхгүй байх тохиолдол бий.  Үүнд  зориулалтын бодис найруулах төхөөрөмжөө ашиглан шүршиж. Мөн зарим хэсгийн газрыг хөрсөөр хучжээ. Өвлийн улирал ойртож байгаа учраас  энэ аргаараа зарим талбайд хөрс хучилтаа үргэлжлүүлнэ. Дарагч бодисоор Хаягдлын аж ахуйн урд хэсэг буюу зуны хаялт өгдөг талбайг хучсан. Салхи ихтэй үед тоос босож, улмаар дарагч бодисоор хучсан талбай руу хуурай тоос дэгдэх эрсдэлтэй тул тэр хэсгүүдэд шүршигч техникүүдээ байрлуулан, технологийн аргуудаа хослуулж, хооронд нь уялдуулах гээд нарийн горим энд мөрддөг. Ингэж тасралтгүй, байнгын ажиллагааг хангаснаар 2020 оны хавар гэхэд цагаан тоосны дэгдэлт хэмээх хар бараан хаяг цаасан дээр үлдэх нь байна. Үүнийг мэргэжилтнүүд ч, ажлын албаныхан ч үндэслэл судалгаа, өнөөгийн хийж хэрэгжүүлсэн ажил, жишээ баримтаараа баталж байгаа юм. 
 

 
 
Магнофлок 336 урвалж ашиглан булингын шинж чанарт нөлөөлөх технологийн туршилт үр дүнгээ өгч байна
 
   Цагаан тоос дэгддэг талбайд тунаагч урвалж бодис ашиглан булингын шинж чанарт нөлөөлөн өтгөрүүлж, хучилт хийх арга үр дүнгээ өгч байгааг Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны инженер Л.Одонтунгалаг хэллээ. Тэд 10 дугаар сарын 9-ний шөнийн 02 цагаас эхлэн магнофлок 336 флокулянт урвалжаа булингатай хольж, үүнийг дамжуулах төмөр хоолойг угсраад ажилд оруулжээ. Дарагч бодисоо Герман улсын BASF фирмийн CPS-30 маркийн төхөөрөмжөөр найруулж байгаа аж. Одоогийн байдлаар, зуны хаялтын нийт 3 км талбайнхаа эхний хэсэгт хольсон бодисоо бүрэн өгчээ. Хоорондоо километрийн зайтай гурван хэсэг газар бий. Энд нийт 51 ширхэг булинга хуваарилах хоолой байдаг. Бүгдэд  нь зэрэг өгөх боломжгүй учраас тус бүрт нь 25 хоногоор 2-3 өдрийн зайтай тунаагч урвалжаа хольж өгч байна.  Энэ урвалжийг Оюутолгойн уурхайд  мөн өтгөрүүлэх зориулалтаар ашигладаг гэнэ. 
Ийнхүү Цагаан тоос дарах ажлын албаныхан Судалгааны төвтэй хамтран ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байна. 
 
 
 
   “Бид 8 дугаар сарын сүүлээс эхлэн өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудаа  эхэлсэн. Энэ сарын 25 гэхэд зуны хаялтын бүх талбайн цагаан тоосыг дарж дуусгаад, өвлийн хаялтын талбай руугаа  орохоор төлөвлөж байгаа. Гэхдээ бид аль болохоор хугацаа хожиж, 25-ны өдрөөс наана зуны хаялтын талбайг норгож дуусгахаар шамдаж байна” гэж Л.Одонтунгалаг инженер ярив.  
 
 
   Магнофлок урвалж нь нарийн ширхэгтэй элсийг сайн өтгөрүүлж, шавар болгосноор хүчтэй салхинд ч бутарч дэгдэхгүй, нягтралтай чанараа хадгалж байна. Энгийнээр харахад ч элс шороо шиг бургихгүй, зуурсан цементийн өнгө хэлбэртэй байгаа. Олон жилийн судалгааны үр дүнд уг урвалж туршилтаар үйлдвэрлэлийн технологит сөрөг нөлөөгүй болох нь батлагдсан гэдгийг инженерүүд онцолж байв. Тэгвэл эдийн засгийн үр ашиг болоод цаг хэмнэлт, хөдөлмөр бүтээмжийн талаас нь Судалгааны төвийн инженер Б.Эрдэнэцогт “Шинэ урвалжийн давуу тал маш их байна. Хамгийн энгийнээр хэлэхэд, богино хугацаанд их талбайд хүртээмжтэй, дарж байна. Бас нэгж га талбайд зарцуулах зардал нь ч өмнө хэрэглэж байсан аргуудтай харьцуулахад хямд төсөр. Өдөрт 2.4 тонн флокулянт хэрэглэж байна. Үүнийг нийт хүдэр боловсруулалт болон хаягдал булингын хэмжээтэй харьцуулахад нэг тонн хаягдал булингад 25-30 грамм урвалж зарцуулж байна гэсэн үг.  Өмнө нь  бид  усалж норгох аргыг олон удаа туршиж, ашигласаар ирсэн. Тэр үед нэг белаз машин 24 цагийн туршид дөнгөж 1-2 га талбайг л норгодог байлаа. Харин энэ магнофлок урвалжтай хольж барьцуулдах арга маань 3-5 хоногийн хугацаанд 560 га хүртэл газрыг хамрах боломжтой. Үүнд булингын шинж чанар, урсацын байдал нөлөөлөх ч маш их цаг хэмнэж, өндөр бүтээмж үзүүлэх сайн талтай нь туршилтаас харагдаж байна” гэсэн юм. 
 
 
   Удирдлагын багийн зөв чиглэл, мэргэжилтнүүдийн судалгаа, ажлын албаныхны өдөр тутмын уйгагүй туршилт, газар дээрх үр дүнгээс харахад Эрдэнэт үйлдвэрт хаягладаг цагаан тоос тойрсон асуудал эмх цэгцэндээ орж, он удаан жил хүндрэл бэрхшээл, хэл ам дагуулж ирсэн эл асуудалд цэг тавих цаг ойртсоор байна.  
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
   Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтран Ус хангамжийн цехийнхээ Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, улмаар шимт хөрс болгох үе шаттай судалгаа, туршилт хийж байна. Энэ хүрээнд лагийн талбайг усгүйжүүлж үнэр дарах бэлдмэл цацах ажил өнгөрсөн долоо хоногт амжилттай хийгдлээ. Судалгаа, туршилтын ажлын үр дүнг ирэх хавар тооцох юм. 
   Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламж хоногт 24 мянган м3 бохир ус хүлээн авч механик, биологийн, гүний цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт гэсэн шат дамжлагаар цэвэрлэж байгаль орчинд нийлүүлдэг. Лаг нь нэгдүгээр тунгаагуур буюу механик цэвэрлэгээнээс үүсдэг түүхий тунадас юм. Цэвэрлэх байгууламж хоногт 300-350 м3 түүхий тунадас шахдаг гэхээр Эрдэнэт үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан 40 жилийн хугацаанд хэр хэмжээний лаг хуримтлагдсан нь тодорхой. Цэвэрлэх байгууламжийн лаг нь Хог хаягдлын тухай хуулиар аюултай хог хаягдлын жагсаалтад багтдаг. Иймээс Эрдэнэт үйлдвэр аюултай хог хаягдлаа байгальд ээлтэй шимт хөрс болгон ашиглах эцсийн зорилготой ажиллаж байна гэж Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн технологич Д.Золбооцэцэг ярилаа.  
 
М.ОДГЭРЭЛ
 
 
 
Даваа, 14 10-р сар 2019 00:00

Краб-М төхөөрөмж суурилуулна

   Цахилгааны цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт саяхан Краб-М шинэ төхөөрөмж хүлээн авлаа. Удахгүй энэ төхөөрөмийг суурилуулах аж. Краб-М нь  цахилгаан хөдөлгүүрийн ороомгийн утсыг дотроос нь халааж сугалж авах зориулалттай ОХУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн төхөөрөмж юм. Өмнө нь хөдөлгүүрийг засварлахад их биеийнх нь хамтаар 250-300 хэмийн халуун зууханд 4-6 цаг халааж, гараар сугалж авдаг байж. Крабыг ашигласнаар  статорын зүрхэвчийг дотор талаас нь гурван минутад 180 хэм хүртэл халааж, ороомгийн утсыг автоматаар сугалж авдаг. Энэ нь 30 кВт хүртэлх чадалтай хөдөлгүүрийн ороомгийн утсыг авах зориулалттай.  Уг  төхөөрөмжийг суурилуулснаар хөдөлгүүрийн насжилт уртсах, ажлын цагийн зарцуулалт  багасах, ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөдөлмөр хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой юм. Тус хэсэгт жилд 11-30 кВт-ын  165 орчим хөдөлгүүр засуулдаг. “Краб”-ыг ашигласнаар жилд 271,26 кВт эрчим хүч, 29,8 сая төгрөг хэмнэх тооцоо гарчээ. 
 
Я.Энхтуяа
 
Зэсийн үнэ ханшийн талаар Эрдэнэт үйлдвэрийн Экспорт борлуулалтын ахлах мэргэжилтэн Х.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
 


   - Өнгөрсөн сар болон энэ сард зэсийн үнэ ямар түвшинд байгаа талаар ярилцлагаа эхэлье?
  - 2019 оны есдүгээр сард зэсийн үнэ дунджаар 5745.48 ам.доллар тонн байсан нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 37.5 ам.доллароор өндөр байна. Мөн оны эхний есөн сард зэсийн үнэ дунджаар 6044 ам.доллар тонн байсан нь өнгөрсөн оны дундаж үнэтэй харьцуулахад 481 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 10-р сарын эхний 10 хоногт зэсийн үнэ дунджаар 5634 ам.доллар тонн буюу 73.8 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна.

   - Үнийн бууралтын шалтгааны талаар товч мэдээлэл өгвөл?  
   - Дэлхийн зэсийн уул уурхайн үйлдвэрлэл буурч байгаа боловч үнээс үл хамааран АНУ, Хятадын худалдааны дайн, Хонконгын бослого, Их Британи улс Европын холбооноос гарах асуудал (Brexit) болон дэлхийн аж үйлдвэрлэл, ялангуяа авто машины үйлдвэрлэлийн бууралтаас шалтгаалан зэсийн эрэлт суларч үнэ буурч байгаа талаар судлаачид мэдээлж байна. АНУ, Хятад, Европ, Япон, Өмнөд Солонгос, Тайван зэрэг зэсийн эрэлтийн ихэнх хувийг бүрдүүлдэг хөгжингүй орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд сайнгүй байгаа учир тус улсуудын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч одоогоор тодорхой үр дүн үзүүлээгүй байна. 

   - АНУ-Хятадын худалдааны дайны цаашдын хандлага ямар байна вэ?
  - АНУ-Хятадын удирдагчид 10-р сарын эхээр уулзах байсан боловч Хятадын 70 жилийн ойн баяртай давхацсан учир уулзалтыг хойшлуулж 10-р сарын 15-ны өдөр товлосон. Гэвч шинжээчид талуудын удахгүй болох уулзалтын үр дүн нааштай байна гэдэгт эргэлзэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Судалгааны байгууллагын прогнозоос харахад оны үлдсэн хугацаанд зэсийн үнэ дунджаар 5500-5800 ам.доллар тонн болох төлөвтэй байна.

   - Зэсийн зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
 
Сэтгүүлч А.Бямбамаа
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог