• Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
Сурталчилгаа

Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Найрамдлын өдрүүд  10-р сарын 5-аас эхлэн сарын хугацаанд үргэлжлэв.  Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс  58 дахь жилийн  найрамдлын өдрүүдийн хүрээнд ЕБС-ын сурагчид болон цэцэрлэгийн багачуудын дунд олон талт үйл ажиллагааг  зохион байгуулсан юм.

Мөн тус нийгэмлэгээс Найрамдлын өдрүүдийн хүрээнд ОХУ-ын кино өдөрлөгийг Уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа. Өдөрлөгийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б. Мажинбуу нээж, мэндчилгээ дэвшүүлж, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын дэд консул Кузнецов Дмитрий Николаевич нарын зочид ОХУ-ын мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн юм.

Өдөрлөгийн үеэр  ОХУ-ын  “Российскийн рененссанс” кино наадамд оролцсон ОХУ-ын  уран бүтээлчдийн тоглолт, “Дурлалын бооцоо”  инээдмийн  шинэ киног үзэгчдийн хүртээл болгов. Мөн “Кавказад болсон явдал”  киноны гол дүрийн жүжигчин  Н.В.Варлей  хүрэлцэн ирж үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан юм. Тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа 200 гаруй гадаадын мэргэжилтнүүд оролцож, Оросын уран бүтээлчдийн шилдэг тоглолтыг үзэж сонирхов.

Нийгмийн хариуцлагын жишиг загварыг бүтээгч Эрдэнэт үйлдвэр ХХК,  орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бодлогын хүрээнд Орхон аймгийн аж ахуйн нэгж,  үйлдвэрлэгчдийг дэмжих зорилт  хэрэгжүүлдэг.  Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр бүхий л хэлбэрээр орон нутгийн үйл ажиллагаанд дэмжлэг өгч  байгаагийн томоохон хэсэг нь жижиг дунд үйлдвэрлэгчид рүү хандсан  худалдан авалтын бодлого юм. Орхон аймгийн үйлдвэрлэгчидтэй  хамтын ажиллагааны хүрээгээ  тэлэх, тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримталж буй нь бизнес эрхлэгчдэд таатай нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн  11 үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан 7,7 тэрбум төгрөгийн, 2017 онд 13 аж ахуйн нэгжээс 11,5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ. Тэгвэл  2018 оны 9 сарын байдлаар уг үзүүлэлт 1,5 хувиар өссөн дүнтэй байна. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй энэхүү хамтын ажиллагааны үйл явц,  гарч  буй ахиц дэвшил болон хүндрэл бэрхшээлийн  талаар санал бодлоо солилцох зорилготой уулзалтыг Эрдэнэт  үйлдвэрийн зүгээс санаачлан зохион байгуулдаг. Харин хоёр дахь удаагийн уулзалт өнөөдөр болов.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой

Орхон аймгийн  үйлдвэрлэгчидтэй хийх  уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв. Бид энэ оны 2 дугаар сарын 2-ны өдөр үйлдвэрлэгчдээ хүлээн авч уулзсан. Тэр  үеэр бид та бүхэнтэй хамтран  ажиллах  гэрээ байгуулахад ямар асуудал байгаа эсэх, Эрдэнэт үйлдвэрээс энэ чиглэлээр ямар дүрэм журмыг  баримтлан ажиллаж буй талаар мэдээлж байсан бол энэ удаа өмнөх уулзалтын шийдвэр, үр дүнг  нээлттэй хэлэлцэх, энэ хугацааны үйл ажиллагааны тайланг мэдээлэх болно хэмээн тэрээр хоёр дахь уулзалтын зорилгыг тодотгов.  Мөн 2018 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд олон ажил,үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний дотор Хууль эрх зүйн газар болон Хангамжийн хэлтсээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, орон нутгийн компаниудтай байгуулах хамтын ажиллагааны гэрээг ойлгомжтой, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлж ирлээ. Анхны уулзалтанд Орхон аймгийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байв. Эдгээрийн 15 нь үйлдвэрлэгч компани. Бид хамтын ажиллагааны мэдээллээ хэвлэл мэдээлэл болон өөрийн цахим хуудсаар дамжуулан бүхий л хэлбэрээр нээлттэй хүргэхийг зорьж байна. Тиймээс өнөөдрийн уулзалтаар оны эхний 9 сарын тайлан мэдээллийг та бүхэнд хүргэнэ. Энэ бол бидний хамтын ажиллагаа цаасан дээр бус хөрсөн дээр бууж буйг бодитоор харуулах нэг хэлбэр юм. 2019 он бол та бидний хувьд том дэвшлийн жил байх болно.  Өөрөөр хэлбэл,  хамтын ажиллагаатай компаниудын тоо болон худалдан авалтын үнийн дүнг нэмэгдүүлнэ гэсэн үг. 2016 онд Эрдэнэт үйлдвэр үндэсний аж ахуйн нэгж болсон. Ингэснээр Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөх, түүний хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээж байгаа. Ер нь Монгол Улсын Их хурал, Засгийн газраас баримталж буй бодлогод үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, хөгжүүлнэ гэсэн том зорилт бий. Энэхүү зорилтыг бид бодит ажил хэрэг болгох ёстой. Тиймээс худалдан авалтын бодлого, дүрэм журмыг үүнд чиглүүлж, ил тод нээлттэй, үр өгөөжтэй байх арга хэлбэрийг нэвтрүүлнэ. Үйлдвэрлэгчид та бидний хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй байж гэмээнэ үндэсний үйлдвэрлэл хөгжин дэвжих таатай хөрс суурь бэхжинэ. Ирэх он энэхүү зорилтын хэрэгжилтийн жил байна” хэмээн мэдээлэлдээ дурьдсан юм.  

Үйлдвэрлэгчид өсч, нийлүүлэгчдийн тоо буурчээ

Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны тайлан, илтгэлийг Хангамжийн хэлтсээс танилцуулав. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын үйл ажиллагаандаа тухайн бараа бүтээгдэхүүн нь тус үйлдвэрийн хэрэгцээнд нийцсэн байх, чанар стандартын шаардлага хангасан байх, зах зээлийн үнэтэй дүйцэхүйц байх, заасан хугацаанд нийлүүлдэг байх гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримталдаг.

2018 оны эхний 9 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр дотоод болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийт 488 худалдан авалтын гэрээ байгуулсны 29 хувь буюу 28,9 тэрбум төгрөгийн 143 худалдан авалтын гэрээг Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй байгуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 149 хувиар өссөн байна.  Дотоодын компаниудаас энэ хугацаанд нийт 102 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ.  Энэ нь өмнөх онуудаас харьцангуй өндөр үзүүлэлт аж. Тухайлбал, 2015 онд 51,3 тэрбум, 2016 онд 62 тэрбум, 2017 онд 102 тэрбум, харин энэ оны эхний 9 сарын байдлаар дотоодын үйлдвэрлэгчдээс авсан  худалдан авалтын үнийн дүн 102 тэрбумд хүрээд байна. Сүүлийн 4 жилд тус үйлдвэр Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдээс нийт 150 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд үүний 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалтыг үйлдвэрлэгч компаниудаас авчээ. Эндээс харахад Орхон аймгийн нийлүүлэгч компаниудаас авах худалдан авалтын хэмжээ  буурч,  үйлдвэрлэгч компаниудаас авсан худалдан авалт өссөн байна. Одоогийн байдлаар орон нутгийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээний 81 хувь нь 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь цаашид хамтран ажиллах үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд эерэг нөлөө үзүүлж байгаа аж.  

Орон нутгийн үйлдвэрлэгчдээ хүлээн авч уулзаж буйд талархав

Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахь удаа зохион байгуулж буй хамтын ажиллагааны тайлан уулзалтад оролцсон компанийн төлөөллүүд дээрх үгийг онцолж байлаа. Энэ удаагийн уулзалтад Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг 19 компанийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин, хамтын ажиллагааны харилцан ашигтай уян хатан бодлогыг хэрэгжүүлж буй нь бизнесийн нэн таатай орчныг бүрдүүлж байна гэж үйлдвэрлэгчид талархаж байв. Цаашид хамтын ажиллагааны хүрээг тэлэх, үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх, худалдан авалтын гэрээний хугацааг уртасгахад хоёр талын үүрэг хариуцлага, зөв хандлага  юунаас ч илүү чухал гэдгийг онцолсон. Мөн уг уулзалтад “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал У.Энхбаяр оролцож, баялаг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжиж, Эрдэнэт хотын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулахыг уриаллаа. Энэхүү санаачилгыг  Эрдэнэт үйлдвэр уриалгахан хүлээн авч, бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг уулзалтын үеэр Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хэлэв.

М.Балжинням

 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Зургийн цомог