• Өглөөний сэргээш цуврал контент #11: Номчи овгийн Дэжидийн БАЙГАЛ

    Төгссөн сургууль: Өмнөговь аймгийн 10 жилийн сургууль, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Мэргэжил: Инженер-химич-технологич Ажилласан туршлага: 1976 оноос Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Сургалтын төвд багш-орчуулагч, 1977 оноос тус үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1978 оноос Химийн төв лабораторид инженер, ахлах инженер, орлогч дарга, дарга, 1996 оноос Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч, 2005 оноос Захиалагчийн албаны даргаар ажиллаж байгаад 2011 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн даргын үүрэгт албыг хүлээн авсан. Мэргэжил дээшлүүлсэн байдал: Уралын мэргэжил дээшлүүлэх институт, Английн Манчестерын их сургуульд Эдийн засгийн удирдлагын, Сингапурт инноваци бүтээмжийн, Японд эргономикийн сургалтаар мэргэжил дээшлүүлсэн. Чин хүсэл: “Юу хийвэл, хүний төлөө байх бол, яавал, энэ ажлыг илүү сайн хийж болох вэ” хэмээн сэтгэлээ чилээн ажилласан он жилүүдээ эргэн хараад “За яахав ээ, энэ дайтай байхад болж” гэж өөртөө дүн тавина. Бусдад дэм болох, хүн гомдоохгүй байх амьдралын чиг шугамаа алдалгүй явсаар өнөөдрийг хүрсэн Д.Байгал дарга Эрдэнэт үйлдвэрт 44 дэх жилдээ хүч хөдөлмөрөө зориулж яваа нь энэ. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн залгамж халааг чадавхжуулан бэлтгэх их ажилд гар бие оролцон, уурхайчин залуусыг дуу хуураар хөглөсөн “Cu-Mo” хамтлагийн суурийг тавилцаж, удирдсан хамт  олноо атгасан гар шиг зангидсан туршлага түүнд бий. Тэр эрдэнэс дээжилсэн Эрдэнэт хэмээх их айлын нэгэн үеийн түүхийг бичилцсэн эрхэм хүмүүн. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? -“Өнөөдөр амжуулж болох ажлыг маргаашдаа бүү үлдээ” гэж ээж минь захидаг байсан. Энэ зарчмыг амьдралдаа мөрдлөг болгож ирсэн. Шөнө хэчнээн оройтсон ч өглөө 06:30 цагт л сэрдэг, сэрээд хэвтдэггүй. 1976 онд ажилд орсон үеэсээ л ийм дэглэмтэй болж, 44 жил өнгөрсөн байна. Өглөөний агаар чээж дүүрэн амьсгалах мэдрэмж гайхалтай сайхан. Цонх хаалгаа нэвт онгойлгож өглөөний агаараар гэрээ дүүргэх нь өглөө бүр хэвшил болсон зүйлсийн нэг гэж болно. -Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ? -Сэргээш гэдэг үгийг би амьдралдаа хэрэглэж үзсэнгүй. Сэтгэл сэргэх, урам зоригтой болох гэсэн утга байх. Хүний толгой өглөө хамгийн сэргэг байдаг шүү дээ. Тухайн өдрийн төлөвлөсөн ажлаа тэрхүү толгойг ашиглаж амжуулах л сайхан. Тэгээд ч өглөө эрт агаар сийрэг байхад хүний бүтээмж өндөр, ард бүхэл бүтэн өдөр байгаа гэж бодохоос сэтгэл өег байдаг. Завгүй байж, өөрийн гараар бүтээсэн бүхэн урам сэргээдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Эвлэлийн ажил, Химийн төв лабораторийн дарга, нийгмийн асуудал хариуцсан захирал, орон сууцны төсөл хөтөлбөрийн зохицуулагч, ахмадын ахлагчаар ажиллалаа. Ерөөсөө л бусдын төлөө зүтгэх хувь төөрөгтэй төрсөн юм шиг санагддаг. Эвлэлийн гишүүд, илгээлтийн эздийг бүртгэж суусан нөхөр, тэднийгээ мэргэжилтэй болгож сургаад, ажил амьдралд нь дэм болж, орон сууц хувьчлах ажлыг хүртэл хариуцаж явлаа. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа эрүүл урт наслахад нь чиглүүлээд сууж байна. -Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа өнөөгийн хангамж, үйлчилгээг та хэрхэн үнэлж дүгнэх вэ? -Энэ буянлаг ажлын суурийг тавилцаж, эхний дөрвөн удаагийн “Хамтын гэрээ”-ний зохиогч болохын хувьд Эрдэнэт үйлдвэрийн хангамж үйлчилгээг хамгийн оновчтой, зөв, хөөсгүй гэж хэлнэ. -Ажлыг илүү сайн хийхийн тулд өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач? -Би удирдах ажилтны дадлага туршлагын хувьд удирдах алба хашиж байгаа дүү нартаа нэг л зүйлийг захина. Өөрөө төгс мэдэхгүй, төгс хийж үзүүлж чадахгүй зүйлээ бусдаас хэзээ ч битгий шаардаж бай. Ажилтныхаа түшиж тулах аав нь, ээж нь, ах нь, дүү нь байж чадвал тэдний итгэл, хүндлэлийг хүлээх болно. Зөвхөн түүн дээр тогтсон эвсэг хамт олон л хөдөлмөр тэмцлийн зөв ялалт байдаг юм шүү. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлсөн бэ? -Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хийж чадах бүхнээ зориулж, барьж босголцсон тэр л үйлдвэр минь бидний нэг насны бахархал. Ямар ч тохиолдолд түүнийхээ төлөө насан эцэс болтлоо тэмцэх болно. Өөр итгэл үнэмшил гэж үгүй. -Залуу үеийнхэнд хандан таны хэлэх зөвлөгөө? -Эрхэлж байгаа ажил чинь чамайг ардын дууны аялгуу шиг, айзам найргийн мөрүүд шиг баяр баясал, эрэл хайгуулд хөтөлж, өдрийн бодол шөнийн зүүдийг чинь эзэмдэж, ажилд явахдаа хөөрч, ажлаас ирэхдээ гэрэл гэгээ цацруулж байвал та гэр бүлээрээ аз жаргалтай байж чадна аа. Байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж сураарай. Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт сувиллын цогцолборын дэргэдэх ёс зүйн хэсгийн хороонд ажиллах сонирхолтой иргэдийн анхааралд...

    “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборын дэргэдэх ёс зүйн хэсгийн хороог шинэчлэн байгуулах гэж байгаатай холбогдуулан тус хороонд орж ажиллах сонирхолтой иргэд, мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл нь нэрээ дэвшүүлэх боломжтой юм. Сонирхсон иргэдийн материалыг тус цогцолборын хүний нөөцийн мэргэжилтэн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хүлээн авах гэж байна. Салбар хорооны гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд: 1. Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгтнүүд болон үйлчлүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй байх; 2. Ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан бол давуу тал болно) 3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй; 4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой зэрэг болно. Хаяг:Эрдэнэт сувиллын цогцолбор ДГТ 408 тоот Утас: 73661 / 75773661,  Дэлгэрэнгүй...
  • Зэсийн үнэ дахин буурлаа

        Шинэ төрлийн корона вирусын халдвар дэлхийн эдийн засагт худалдааны маргаанаас илүү эрсдэл учруулж болзошгүй байна. Корона вирусын талаарх мэдээлэл цацагдсанаас хойш 10 хоногийн дотор зэсийн үнэ 675 ам.доллараар буурсан. Сүүлийн өдрүүдэд корона вирусын талаарх мэдээлэл бараа таваарын үнийн хэлбэлзэлд голлох нөлөө үзүүлж буй. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус вирусын эсрэг эмчилгээний арга олдсон тухай мэдээлэл цацагдахад 5570 ам.доллар болж буураад байсан зэсийн үнэ 5726 ам.доллар болж өссөн боловч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага корона вирусын эмчилгээг бүрэн олсон эсэх нь эргэлзээтэй талаар мэдээлснээр зэсийн үнэ дахин буурах хандлага ажиглагдлаа.     Хятадын сар шинийн амралтын дараах эхний өдрийн арилжаагаар Шанхайн биржийн үнэлгээ есөн хувиар уналаа. Биржид бүртгэлтэй 2600 гаруй компанийн хувьцаа нэг өдрийн дээд хязгаар болох 10 хувиар унасан байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн идэвхийг бууруулахгүйн тулд БНХАУ-ын төв банк 129 тэрбэм ам.доллар зах зээлд нийлүүлж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүүг 0.1 хувиар буурууллаа.      Шинэ төрлийн корона вирусын халдвартай холбоотойгоор Хятадын зэс хайлуулах зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хязгаарлах төлөвтэй. Тус вирусын голомт болох Hubei мужийн Huangshi хотод байрладаг Daye Nonferrous зэс хайлуулах үйлдвэр 2020 оны нэгдүгээр улиралд 70 хувийн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байгаа талаар тус компани мэдээлэв. Харин Хятадын Зэс Хайлуулах Үйлдвэрүүдийн Худалдан Авалтын Холбооноос үйлдвэрлэлээ бууруулах талаар ямар нэгэн албан мэдэгдэл хийгээгүй байна. Concord Resources худалдааны компанийн судалгаа эрхэлсэн захирал Duncan Hobbs Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд нөхцөл байдал их хүндрээгүй тохиолдолд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэхийг эрмэлзэнэ гэж ярилаа.  Х.Мөнхцэцэг Дэлгэрэнгүй...
  • М.ЭНХХИШИГ: Бизнес эрхлэгчид хөл дээрээ босох гэж мөлхөж байсан бол одоо алхах хэмжээнд хүрлээ

         Орхон аймагт хэвлэл, хаяг, рекламын үйлчилгээгээр анхдагч “Тод өнгө” ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ, өсөлт хөгжлийг харуулахаар “Эрдэнэтээ дэмжье” булангийн ээлжит дугаартаа онцоллоо. Эрдэнэт үйлдвэртэй 15 жилийн хамтын ажиллагаатай тус компани үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх хорол тоглоомыг хүүхэд багачуудад таниулахаар үйлдвэрлэлдээ модон хийц нэвтрүүлж эхэлжээ. Тус компанийн захирал М.Энххишигтэй ярилцсанаа ийн сийрүүллээ.      -ХЭВЛЭЛИЙН САЛБАРТ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ САНАА ХЭРХЭН ТӨРСӨН БЭ?     -Энэ салбарт хөл тавьсан түүх их сонин. Нөхөр маань Эрдэнэт үйлдвэрийн Тооцоолон бодох цехэд электроникийн инженер, би Монгол-Швейцарын хамтарсан Ган бөмбөлгийн үйлдвэрт ажилладаг байлаа. Интернет буюу цахим орчныг тийм ч түгээмэл бус ашигладаг байх үед нөхөр маань интернетээр фотошоп программыг судалж, бие даан сурсан. 2002 онд шинэ бизнесээ эхлүүлж байлаа. Компьютер, принтер худалдан авч, Үйлчилгээний төвийн нэг давхарт цээж зураг авах, угаах үйлчилгээ үзүүлснээр бидний ажил эхэлсэн. Нэг эргэсэн хүрд зогсолтгүй эргэдэг юм байна. Залуучуудын сэтгэлгээ энэ салбарт маш их үгүйлэгддэг учраас том хүүгээ энэ чиглэлд сургаж, хөгжүүлэх сонирхол их байна. Хүү маань ШУТИС-ийг мебель, модон эдлэлийн дизайнер мэргэжлээр дүүргэсэн. Одоо компанидаа дизайнераар ажиллаж, маркетингаа хийж, шинэлэг санаагаа хэрэгжүүлж яваад баярладаг.      -ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТОГТВОРТОЙ ЯВУУЛАХАД ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ӨНГӨ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛДОГ ГОЛ ЗҮЙЛ ЮУ ВЭ?     -Аливаа байгууллагын баялаг нь хүний нөөц байдаг. Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахын зэрэгцээ ажиллагсдынхаа ар гэртэй хамтарч ажиллахыг чухалчилсаар ирсэн. Ажилчдаа дэмжих, тэдний авьяасыг олж харах, нээн илрүүлэх, хөгжүүлэх талаас нь илүүтэй анхаардаг. Манайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа ажилтан бий. Анх зарын дагуу худалдагчаар ажилд орж байсан бол өнөөдөр ахлах дизайнераар ажиллаж, дунд түвшний удирдах шатанд хүрсэн. Ер нь ажиллагсдадаа компаниараа бахархах сэдэл төрүүлнэ гэдэг удирдлагын хувьд маш том үүрэг хариуцлага. Өнгөрсөн хугацаанд хүний нөөцийн бодлогоо тогтвортой барьж ажилласан нь бидний ялгарах тал болов уу гэж хардаг.      -ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛСОН ХАРИЛЦАГЧДЫНХАА ТАЛААР ЮУ ХЭЛЭХ ВЭ?      -Хамтын ажиллагааг урт хугацаанд хадгалах нь байнгын харилцагчийг бий болгохоос гадна тухайн байгууллага тогтвортой оршин тогтнох, өсөн дэвжих гол хөшүүрэг гэж хэлж болно. 2005 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхэлснийг тодхон санаж байна. Тухайн үед Баяжуулах фабрикийн эдийн засагч н.Сувдаа, мэргэжилтэн Л.Дэлгэрмаа, Л.Уранцэцэг, Л.Батгэрэл нар Эрдэнэт хотын хэмжээнд хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад судалгаа хийсэн юм. Судалгааны дүнгээр манай компани шалгаруулалтад тэнцэж, бүтээмжийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эдүгээ 15 дахь жилдээ Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэлийг каластр системээр дэмжин ажиллаж, хөгжүүлсний үр нөлөөгөөр гэгээлэг өнгө төрхтэй хаяг, реклам, хүндэт самбарууд хийгдэх болсон. Хэвлэлийн компаниудын өрсөлдөөний дүнд бусдаас шинэлэг байх, техник технологийн дэвшилттэй байх, ажилтнууд нь оюунлаг байх зэрэг олон эерэг үр дүн гарсныг хэлэх нь зөв байх. Дэлхий хавтгайрч байгаа өнөө үед шинэчлэлээс хоцрох ёсгүй л гэж боддог. Тиймдээ ч их хотын соёлоос дутахгүй үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Ажилчид, удирдлага нь нэг зүг рүү харж чадсан учраас манай компанийн үйл ажиллагаа тогтвортой, байнгын харилцагчтай болсон гэж хардаг.      Биднийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн, компанийн засаглал руу орох хэмжээнд хүртэл явахад Эрдэнэт үйлдвэрийн оруулсан гавьяа их бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, гэрээгээр хамтран ажилласнаар бид хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн. Нэг ажилтны ард хоёроос зургаан ам бүл байгаа гэж бодоход 100 гаруй хүний амьдралд дэмнээ болж байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээгээр Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд, Захиргааны нэгдүгээр байрны гадна талбайд байрлуулсан Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго бүхий хүндэт самбар болон үйлдвэрийн аваргуудын хүндэт самбарыг тус тус урласан. Орон нутагтаа албан татвар төлж, нийгмийн даатгалын санд шимтгэл төвлөрүүлж байгаа нь бидний үүрэг. Зах зээлийн нийгэм рүү шилжсэн манай орны бизнес эрхлэгчид хөл дээрээ босох гэж мөлхөж байсан бол одоо алхах хэмжээнд хүрчихлээ.      -“ӨНГӨЛӨГ АМЬДАРЦГААЯ” ГЭСЭН УРИА ҮГ ЮУГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?      -Манайхан өдөр тутмын үйл ажиллагаандаа “Өнгөлөг амьдарцгаая” уриаг мөрдлөг болгон ажилладаг. 2006 онд хамт олноороо ярилцаж, энэ уриа үгийг сонгож байсан. Нэгдүгээрт, бид хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул хийж байгаа бүтээгдэхүүнээ тод өнгөтэй байгаасай, хоёрдугаарт хийж гүйцэтгэж байгаа ажилтнуудаа өнгөлөг байгаасай, гуравдугаарт хэрэглэгчийн зүгээс ч дизайны төгс шийдэл бүхий гоё бүтээл гар дээрээ авах сонирхол нь давамгайлдаг тул аль аль талаас нь бодож энэ уриаг санал нэг баталсан.          -ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТӨРЛИЙН ТУХАЙД?     -Манайх самбар, хаяг, офсет хэвлэл, өргөн форматын хэвлэл, бэлэг дурсгал зэрэг 9 чиглэлээр 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, орон нутгийн хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлж байна. Хэвлэлийн салбар нэг гаргасан бүтээгдэхүүнээ олон дахин олшруулах боломжгүй байдгаараа онцлогтой. Учир нь, тухайн үйлчлүүлэгчийн захиалгын дагуу, хүсэл сонирхолд нь нийцэх шинэ бүтээлийг сэтгэх, бодох, урлах шаардлагатай болдог. Тэр хэрээр дизайнер ур ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулдаг.       Бид үйлчилгээний нэр төрлөө нэмэх зорилгоор энэ жилээс модон хийц урлах ажилд орсон. Үндэсний баяр цагаан сарыг тохиолдуулан уламжлалт наадгайн нэг төрөл болох хорол тоглоомыг үйлдвэрлэж, худалдаанд гаргалаа. Таниулах тодорхой хугацаа шаардлагатай гэж харж байна. Ямартаа ч үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж, хойч үедээ таниулахад бид чадах бүхнээ хийх болно. Одоогоор модон бэлдцээ Улаанбаатар хотоос татаж, өөрийн байранд тоглоомоо үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийн шат дамжлага өдөр тутам хийгдэж байгаа ч гар ажиллагаа ихтэй, нэг тоглоомыг бэлэн болгоход тал бүрийг нь зүлгүүрдэж, 3 давхарлан лакдах зэргээр 1008 удаагийн ажиллагаа ордог тул олон тоогоор гарах боломжгүй байна. Одоогоор 100 орчим тоглоом худалдаанд гаргасан.  Хорол тоглоом нь хүн хоорондын амьд харилцаа үүсгэсэн, сэтгэх чадварыг хөгжүүлсэн, биесээ хүндэлсэн агуулгын хувьд баялаг уламжлалтай.          -БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД САНХҮҮГИЙН САХИЛГА БАТ ЧУХАЛ БОЛОХ НЬ ХАРАГДДАГ. ТАНЫ ХУВЬД ЭНЭ ТАЛ ДЭЭР БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ?      -Санхүүгийн сахилга бат чухал байлгүй яахав. Манайх байгууллагын соёлдоо нэвтрүүлсэн нэг онцлог зүйл нь цаг баримтлах хувийн соёл байдаг. Анх байгуулагдахдаа нэг минут хоцрохгүйгээр ажилдаа ирнэ гэсэн соёлыг тогтоож, түүнийгээ хэвшүүлсэн. Өнөөдөр энэ зарчмаараа л яваа. Шинэ ажилтанд ч энэ шаардлагаа тавьдаг. Нэг минутаар хоцорч ажилдаа ирэх, нэг минутаар түрүүлж ажлаас гарах гэсэн ойлголт манайханд байхгүй. Харин хүний нөөцийн дараа тавигдах гол хөрөнгө оруулалт нь мэдээж техник технологийн шинэчлэлтийн асуудал орно. Цаг үеэ даган бид илүү боловсронгуй болох ёстой. Санхүүгийн сахилга бат сайн байснаар өнөөдөрт хүрсэн гэж боддог. 2002 оноос эхлэн ашгаасаа үйл ажиллагаагаа өргөжүүлж,  нэг компьютерээ олон төрлийн машинаар нэмсэн дээ.      -ОРОН НУТАГТ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ ХҮРЭЛЦЭЭ ХЭР БАЙНА ВЭ?     -Анх хүмүүсээ тодорхой хэмжээнд сургаж ажиллуулдаг байсан бол сүүлийн үед мэргэжлийн залуу боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэх болсон. Манайх орон тооны 18 ажилтантайгаас дийлэнх хувийг нь залуучууд эзэлж байна. 2002 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тогтвортой ажилласан 6 хүн бий. Бусад нь 5-8 жил ажиллаж байна.      -2020 ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ХАМГИЙН ТОМ АЖИЛ ЮУ ВЭ?      -Бид одоогийн байрандаа 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан гэж бодохоор чамгүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн 7 жилийн турш өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болохыг мөрөөдөж, барилгаа барьж эхэлсэн. Тухайн жилийн ашгаасаа тодорхой хуримтлал үүсгэх замаар уг барилгын ажлаа бага багаар явуулсан. Энэ жил дуусгана гэсэн зорилт тавьсан. Ажлын байртай болсноор ажиллах орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх боломж бүрдэх юм. Тэгэхээр энэ онд өргөн хэвлэлийн машинаа илүү шинэ технологи руу шилжүүлж, ирэх 3 жилд төмөр хийц рүү орох бодолтой байна. Төмрийг лазераар зүсэж, томоохон төмөр хийц гаргахаар төлөвлөсөн.      Алсдаа эрдэнэс шигтгэсэн, үнэ цэнтэй хорол тоглоом бүтээхийг зорьж байна. Үнэ цэнэ агуулсан бүтээл худалдаанд гарахын хэрээр манай орлого ч өсөн нэмэгдэнэ. Тэр үед компаниа хувьчилж, ажиллагсдадаа хувь эзэмших эрх олгох бодолтой явна. Тэр хүн зөвхөн цалингаа аваад ажил хийх нь сонин биш. Харин амьдралынхаа нэгэн үеийг хамтдаа үдэж, бие, сэтгэл зүрхээ энэ компанийн хөгжилд зориулсан тэдгээр хүмүүс яагаад хувь эзэмшиж, өөрийн өмчийн компанитай болж болохгүй вэ гэсэн бодолтой явдаг. Санаж явбал бүтнэ гэдэг дээ. Бид бүтээхийн төлөө ажиллах болно.       -СҮҮЛИЙН АСУУЛТЫГ ТАНД ҮЛДЭЭЕ?     -Бидэнд итгэж, өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэн үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье. Бизнесийн хөгжлийн замаар хамтдаа урагшилж, эх орныхоо, Эрдэнэт хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа бид үргэлж баяртай байх болно. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Сарын эхний 10 хоногт 907 мянган тонн хүдэр боловсруулжээ

        Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2 дугаар сарын эхний 10 хоногт 678.2 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 99.2 хувьтай биелүүлэн ажилласан байна. Харин 332.8 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.7 хувиар биелүүллээ. Энэ хугацаанд хүдэр олборлолтын хэмжээ 878.3 мянган тонны гүйцэтгэлтэй байсан бол баяжуулагчид 907.7 мянган тонн хүдэр боловсруулав. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100 хувиар биелж, молибдены агуулга 98.09 хувьтай байв. Зэсийн металл авалт 100.5 хувиар, молибдены металл авалт 103.2 хувиар тус тус биелж, баяжмал дахь металл авалтын төлөвлөгөө 101.6-102.4 хувиар биелсэн дүнтэй байна. Мөн баяжмал дахь зэсийн агуулга 102 хувь, молибдены агуулга 104.3 хувийн биелэлттэй гарчээ. Сарын эхний 10 хоногт 16641  тонн баяжмал ачигдаж, зэсийн баяжмалын чанар нь 102 хувь, молибдены баяжмалын чанар 104.3 хувиар биеллээ. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүн байр эзэллээ

         Монгол Улсын Засгийн газраас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн 2019 оны ээлжит үзлэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон тэргүүн байрт шалгарчээ. Өмнө нь тус үйлдвэр 2015 оны улсын үзлэгт тэргүүлж байсан бол 2019 онд  үйл ажиллагаагаараа дахин манлайллаа.      Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Засгийн газрын улсын үзлэг зохион байгуулах тухай 150 дугаар тогтоол, Ерөнхий сайдын “Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” 46 дугаар захирамжийн дагуу өнгөрсөн оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т явагдсан. Саяхан, Засгийн газраас баталгаажуулсан тус үзлэгийн нэгдсэн дүнгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компани, төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудаас хамгийн өндөр буюу 97.25 хувийн оноо авч тэргүүлжээ. Энэхүү үнэлгээ нь маш өндөр үзүүлэлт гэдгийг улсын үзлэгийн комиссынхон онцолж, үзлэгийн дүгнэлтдээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон ажилтан ажиллагсад энэ хугацаанд зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой сайжруулж, ахисан түвшинд ажиллаж буйг цохон тэмдэглэсэн байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт байгууллагын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд цахим хэлбэрийг нэвтрүүлсэн нь мэдээллийн технологийн чиглэлээр санаачилгатай ажилласныг үнэлсэн байна. Түүнчлэн комиссын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг төрийн өмчит бусад байгууллага болон орон нутгийн төр засгийн байгууллагуудад сурталчлах, тэргүүн туршлага хуваалцах чиглэлийг гаргаж, үүнийг үзлэгийн нэг үр дүн гэж үзжээ.     Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаагаар улсад тэргүүлсэн үйлдвэрийн удирдлага хамт олонд уг ажлын зохион байгуулалтыг хариуцаж ажилладаг бүтцийн нэгжийн хувьд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр талархал илэрхийлж, амжилтаа улам ахиулж ажиллахыг хүсэв. Тэрээр, “зөвхөн улсын үзлэгт тэргүүлэх нь бидний зорилго биш юм. Ажлаа илүү сайжруулж, баримт бичгийн өндөр эргэлттэй, том бүтэцтэй үйлдвэрийн хувьд арга барил, үйл явцыг улам боловсронгуй болгох, цахим хүний нөөц, цахим албан хэрэг хөтлөлт, цахим ажлын зохион байгуулалт гэсэн чиглэлийг баримтлан хэрэгжүүлж байгааг улсын үзлэгийн комиссынхон үнэллээ” гэсэн юм. М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Хөгжил дагуулах “Цутгуур”-ын шинэчлэл

         Тээрмийн хуяг, экскаваторын шанага, автогрейдрийн хусагч гээд Эрдэнэт үйлдвэртээ нэн хэрэгцээтэй цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЗМЗ-ын Цутгуурын цехэд томоохон бүтээн байгуулалт өрнөж буй. Энэхүү ажлыг сурвалжлахаар очсон биднийг цехийн дарга М.Мөнхсайхан газарчлав. Хэвний хэсгийн технологийг өөрчилж, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж байгаагаас өнгөрсөн оны 11-р сарын нэгнээс энэ оны 5-р сарын нэгэн хүртэл цутгуурын үйлдвэрлэлийг зогсоожээ. Эхний байгууламжаар ороход л нүргээн их, ажил буцална. Энд ч гагнуурын очис гялалзан, тэнд ч машин дээрээс зуурмаг буулгаж, хэсэг хүн бетон цутгаж, зарим нь ямар нэгэн зүйлийн хэмжээ авч харагдана. Засвар механикийн заводын Цутгуурын цех, Засвар угсралт, Барилга засварын цехийн ажилчид зогсоо чөлөөгүй ажиллана. Тэдний дунд хэд хэдэн орос ажилчин ч харагдана. Хуучин элсний “яам”-уудыг буулгажээ. Энд ваакум хальсны хэв суурилуулахаар зэхэж байгаа аж. Өргөгч кран, бас бус техник ажиллаж, ажилчид овор ихтэй ачаа буулгана. “Энд кварцын, эргэлтийн, хромт элсний нөөцийн бункер, ялгагч суурилуулж байна. Өмнө нь хэвний элс, шаврын технологитой байсан. Дараа нь үүн дээр нэмэгдээд ХТС буюу хүйтнээр хатууруулах холимог, ваакум хальсны технологитой болсон. Одоо элс шаврын технологио бүрэн халаад хүйтнээр хатууруулах холимог, ваакум хальсны технологио давхар явуулах юм. Элс шавраар цутгамлын хэв хийдэг технологийн үед ашигласан элс 100 хувь хаягддаг байсан бол ХТС, ваакум технологийн үед элсээ буцааж шигшээд дахин ашиглана гэсэн үг. Энэ технологийг нэвтрүүлснээр нэлээд олон материал хэрэглэгдэхээ болино. Хэв бэлтгэх тасагт хагас автомат шугамтай болох юм. Энэ шинэчлэлийн дүнд манайх дэлхийн дэвшилтэт үйлдвэрүүдтэй хөл нийлүүлнэ” гэж цехийн дарга ярилаа.      Хуучин тоног төхөөрөмж 1970-аад онд Оросод үйлдвэрлэсэн, гар ажиллагаа ихтэй, ажлын байр нь байнгын чичиргээтэй, тоос шороотой байсан бол одоо хүний биед сөрөг нөлөөгүй болох аж. Өмнө нь цехэд байсан овор ихтэй тоног төхөөрөмж болон туузан дамжуулагчид огт үгүй болжээ. Цутгуурын цехэд цагт 50 тонн хольц зуурах хүчин чадалтай автомат машин шинээр суурилуулсан байна. 2009 оноос хойш суурилагдсан 30, 10 тонн хольц бэлтгэх машин, хэвний голч бэлтгэх бүрэн автомат машин бий. Эдгээр тоног төхөөрөмж 10 гаруй жил бүтээмж сайтай ажиллаж буй. Барилга засварын цехийнхэн автомат шугамны голд явах тэргэнцрийн замын нарийвч хийж бетондож харагдана. М.Мөнхсайхан дарга “Одоо угсралтын ажил 70 орчим хувьтай явж байна. 5-р сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Хэвний хэсэгт ашигладаг модон загварууд 100 хувь шинэчлэгдэж байгаа. Хэвний хэмжээ, технологи өөрчлөгдсөн болохоор бүхнийг шинээр хийлгэж байна. Технологио өөрчилснөөр хэвнээс үүдэлтэй гологдол тэг рүү тэмүүлнэ. Цутгуурын цехээс зөвшөөрөгдөх 3,8 хувьтай гологдлыг багасган 2,3 хувиас ихгүй болгох зорилготой” гэв.       Үйлдвэрлэл зогссон үеийг ашиглан эднийхэн тоног төхөөрөмжүүддээ урсгал засвар хийж байна. Хайлах хэсгийн дарга Б.Бат-Эрдэнийн удирдлаган дор ган төмөр хайлдаг зуухнуудын доторлогоо хийж, хэсгийнхээ шалыг өөрсдийн хүчээр тэгшилж янзалжээ.      Цехийн гадна байрлах Материалын агуулахад холигч, хацарт бутлуур, элс хатаах төхөөрөмж, хатаалгын зуух гэсэн дөрвөн том тоног төхөөрөмж суурилуулжээ. Өнгөрсөн онд гүүрэн кран мөн шинээр сууриллуулсан гэсэн. Энэ агуулахад загварын зориулалттай панерууд хураажээ. Өмнө нь загвараа банзаар хийдэг байсан бол, панераар хийснээр ус чийгэнд далийж мурийхгүй бат бэх болох аж.       Бидний сурвалжилгын үеэр хамт явсан цехийн даргын утас байнга дуугаран, “Үүний будгийн өнгийг хараад өгөөч, байрлал нь энд байвал болох уу” гэх зэргээр шавдуулна. Энэ бүхэнд мань эр зааварчилга өгөхөөр “гүйнэ”.  Хэвчнээс ажлын гараагаа эхлэн 17 дахь жилдээ энэ цехийн бүхий л ажил албан тушаал хашсан М.Мөнхсайхан цехийн даргаар томилогдоод удаагүй ч их бүтээн байгуулалтын өдөр тутмын явцыг зохион байгуулахад сэтгэл, зүтгэлтэй, ачаалалтай ажиллаж байгаа нь мэдрэгдэв.      Бид энэ үеэр бүтээн байгуулалтад оролцож буй зарим хүмүүстэй уулзаж ярилцсан юм.      Барилга засварын цехийн барилга угсралтын хэсгийн мастер Т.ЭРДЭНЭМЯГМАР:      -Манайх ЗМЗ-ын Цутгуурын цехийн барилгын үндсэн суурь хийцлэлийн ажлыг бүрэн хийлээ. Элсний бункер, шигшүүр, жи краны суурь, кабелийн суваг, каналын ажил гүйцэтгэлээ. 2019 оны 11-р сарын эхээр эхэлсэн ажил маань 100 хувь хийгдлээ. Өнөөдөр тэргэнцрийн суурийн бетон цутгалтын ажил дуусч байна. Цаг хугацааны хувьд шахуу, хүндрэл бэрхшээл байсан ч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон нэгэн цул болж ажилласан болохоор асуудлыг ярилцаад газар дээр нь шийдээд явсан. Бид ажлаа төлөвлөгөөнөөс дөрөв хоногийн өмнө гүйцэтгэлээ. Барилга угсралтад манайхаас 50-60 хүн ажиллалаа.  Тэргэнцрийн суурь, элсний бункер гэх зэрэг маш нарийн ажиллагаатай ажлууд хийсэн.  Араас нь тоног төхөөрөмжийн угсралт явагдах учраас бид ямар нэгэн алдаа гаргах эрхгүй, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.   Засвар угсралтын цехийн мастер Б.ГАЛТБААТАР:      -11-р сарын нэгнээс тоног төхөөрөмжийн буулгалтын ажил эхэлсэн. Энэ ажлаа төлөвлөгөөний дагуу хийсэн. Ажлын байрны тоос шороо ихтэй яггүй байсан ч хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэж, аюулгүй байдлаа ханган ажиллалаа. Манай дөрвөн бригадын 25 хүн ажилласан. Зарим үед өргөх даац буулгаж буй зүйлээ даахгүй зэрэг хүндрэл тулгарсан ч тэр бүхнийг зургийн дагуу техникийн хүчээр буулгасан. Бид автокран, автовишк, сагстай өргөгч ашигласан. Мөн материал бэлтгэх агуулахад 4 номерын 2 бункер угсарсан. Элс тээвэрлэх 133 мм-ийн шугам хоолой угсарна. Материал бэлтгэх тасагт том оврын таван бункерын угсралт хийж байна. Хэвний хэсэгт 12,5 тонн жинтэй ХТС-60, мөн ХТС-30 бункер угсарлаа. Шигшүүрийн хэсэгт халуун элсний бөөрөнхий бункер угсарна. 10 тоннын даацтай жи краны угсралт, тулгуурын хэмжилт хийж байна.  Бид ажлаа аюулгүй хийж дуусгах зорилготой ажиллаж байна.    Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, хэвчин Б.БААТАРХҮҮ:      -“Цутгуурын цехэд хэвчнээр 24 дэх жилдээ ажиллаж байна. Миний хувьд энэ цехийн түүхэн бүтээн байгуулалтыг нүдээр харж, гар бие оролцож яваа маань сонирхолтой бас бахархалтай хэрэг. Технологи өөрчлөгдөж, тоног төхөөрөмж шинэчлэгдсэнээр ажлын байр ажилчинд ээлтэй болж, бүтээгдэхүүний чанар илүү сайжирна. Гарын ур, мэдрэмж шаардсан энэ сайхан ажил мэргэжлээ би  15 хүнд өвлүүлсэн. Нэг шавь маань гэхэд манай цехийн дарга болчихсон явж байна. Энэ сайхан үйлдвэрээрээ, ажил хөдөлмөрөөрөө, шавь нараараа би бахархдаг” гэв.     Хэвний хэсгийн мастер, Хоккейн спортын олон улсын хэмжээний мастер П.БАТЗАЯА:      -2006 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг металлургич инженер мэргэжлээр төгсөөд, 2007 оноос одоог хүртэл Цутгуурын цехэд ажиллаж байна.  Манай хэсэгт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулж байгаад бид их баяртай, урам зоригтой байгаа. Гадаадаас өндөр үнээр авдаг тоног төхөөрөмжийн эд ангийг өөрсдөө үйлдвэрлэдгээрээ бахархдаг. Энэ шинэчлэлийн дараа бүтээмж улам нэмэгдэж, ажлын орчин сайжирч, олон эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна. Энэ бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай байна.      Засвар механикийн заводын Цутгуурын цех 1980 оны 12-р сарын 31-нд анх ган хайлуулж, Эрдэнэт үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж, эд ангийг цутган үйлдвэрлэж эхэлсэн бол 40 жилийн ойн босгон дээр Үйлдвэрийн газраас том төсөл хэрэгжүүлж, тус цехийн тоног төхөөрөмж  шинэчлэгдэн, технологи өөрчлөгдсөнөөр дэлхийн дэвшилтэт үйлдвэртэй хөл нийлэхүйц болох нь ээ. Эрдэнэт үйлдвэрийн найдвартай ар тал болсон Засвар механикийн завод ийнхүү цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх цар хүрээгээ тэлж, олон жил өндөр бүтээмжтэй  ажиллах  хөрс сууриа зэхэж байна. Я.Энхтуяа Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Түүхийн захиалга - Цаг хугацааны давхцал /эргэцүүлэл/

    Технологийн сургуулиас үйлдвэрийн ажилтнуудын дунд зарласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн тухай эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч У.Цэрэнбатын бүтээлийг хүргэж байна. Заримдаа агшин зуурын явдал бидний төлөө байсан юм шиг санагдана. Тэд эхлүүлж, тэд хамт дуусдаг. Тэдний үйл хэргийг дурсаж, тэд мөнхрөөсэй гэж би хүснэм... Ш.Отгонбилэг /1952-2001/ “2001 оны нэгдүгээр сарын 14. Увс аймгийн Малчин суманд “Ми-8” нисдэг тэрэг осолдож УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, нисдэг тэрэгний техникч Д.Отгон, НҮБ-ын ажилтнууд, Японы “NHK” телевизийн сэтгүүлчид амиа алдлаа”  гэсэн мэдээ өдөржин дотуур байрны ТВ-ээр цацагдав. Энэ өдөр Ням гараг байлаа. Бүтэн сайн өдөр бүр “UBS” телевиз уран сайхны таван кино дараалан гаргадаг цагаар “үл таних” хүний тухай мэдээлэл хөвөрнө. Энэ онд би есдүгээр ангийн сурагч байсан юм. Маш тод санаж байна. ТҮҮХИЙН ЗАХИАЛГА “ШО ба Эрдэнэт” 1952 он. Шагдарын Отгонбилэг Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. 1964 он. Дөрвөлжин сумын бага сургуулийг 12 настай хүү онц дүнтэй төгсөн, аавтайгаа хамт нийслэл хотыг зорьж байх энэ мөчид “Эрдэнэтийн овоо”-ны орчимд хүдэр байгааг Монгол, Чехословакийн хамтарсан геологичид тогтоож байлаа. 1973 он. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах гэрээнд Монгол Улсыг төлөөлж Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУ-ыг төлөөлж, тус улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зурж, шинэ хот бүхий, баяжуулах үйлдвэрийг нэг тэрбум рублиэр барьж байгуулахаар тохиролцов. 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хороо “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд шав тавьж байлаа. Энэ үед Ш.Отгонбилэг, Геологи, уул уурхайн яамны Эрдэнэтийн боловсон хүчнийг бэлтгэх бодлогын хүрээнд Эрхүүгийн техникийн их сургуульд сурахаар Зөвлөлт рүү дөрөө жийв. 1976 он. Энэ оны нэгдүгээр сарын нэгний байдлаар Эрдэнэт хотод 40 мянган м3 бетонин зангилаа, төмөр бетон цех, Арматурын цех, Механикжуулалтын бааз, Захиргаа аж ахуй үйлчилгээний хоёр корпус, талх барих газар, Эмнэлэг, 964 хүүхдийн сургууль, 400 ортой хүүхдийн хоёр цэцэрлэг ашиглалтад ороод байлаа. Ш.Отгонбилэг Зөвлөлтөд боловсрол эзэмшиж байхдаа англи, орос хэлийг ахисан түвшинд судалж, уул уурхайн инженер, улс төрийн эдийн засаг, түүх нийгэмд шамдан суралцсан байв. Тэрээр их сургуулиа онц дүнтэй төгсөж, уул уурхайн инженер-маркшейдерийн диплом өвөртлөн эх орондоо ирж, Уул уурхайн яамны сайд П.Очирбатын томилгоогоор мэргэжилтэн болсон юм. 1976-1981 он. Ш.Отгонбилэг Уул уурхайн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад, газар, хэлтсийн дарга хийж, ОХУ-д аспирантурт суралцан, “Эрдэнэтийн орд газрын хүдрийн чанар, агуулгыг дундчилах нь” сэдвээр эрдмийн цол, докторын зэрэг хамгааллаа. Тэрээр Москвагийн Уул уурхайн Их сургуулийн эрдмийн зөвлөлийн талархлыг хүлээж байсан юм. 1978 онд Эрхүүгийн Анагаахын дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр дүүргэсэн, Дорноговь аймгийн Д.Туяа бүсгүйтэй гэрлэж, гэрээ засч, өрхийн тэргүүн боллоо. Энэ оны 12 дугаар сарын 14-нд “Эрдэнэт” үйлдвэр  анхны баяжмалаа гаргаж, жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхний ээлжээ ашиглалтад оруулсан билээ. ДАВХЦАЛ “ЭРДЭНЭТ ба ШО” 1989 он. Энэ оны аравдугаар сарын 20-нд Ш.Отгонбилэг 50:50 хувийн оролцоотой, Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол захирлаар томилогдлоо. Энэ онд Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлж ашиглалтад орж, жилд 20 сая тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадалтай болов. “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын төсвийн 60 хувийг дангаараа бүрдүүлж байлаа. 1990 он. Монгол улсын эдийн засаг туйлдаж, эх орон “Эрдэнэт”-ийн уурхайчдын нуруун дээр байв. Энэ үед Ш.Отгонбилэг Лондонгийн металлын зах зээлд зэсээ борлуулж, дэлхийн уул уурхайн “магнат”-уудтай бизнес хийн, ухаан уралдуулж байлаа. 1991 он. Монголын талын хувийг 51-д хүргэх түүхэн шийдвэр Ш.Отгонбилэгийнх байсан юм. 1994 он. “Эрдэнэт” үйлдвэрийг 1994-2004 он хүртэл хөгжүүлэх шинэ концепц батлагдаж, “Тэсрэх бодисын үйлдвэр” ашиглалтад оруулан, энэ төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болов. Ш.Отгонбилэг “ирээдүй”-г төлөвлөн өнөөгийн Эрдэнэт хотын хөгжлийг харж байсан.  1996 он. Ш.Отгонбилэг энэ оны 11-р сарын 15-нд Технологийн сургуулийг нээж үг хэлэхдээ, “Цаашид энэ сургууль үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, төслийг амжилттай хослуулсан цогцолбор байх ёстой” гэсэн. Түүний үг биеллээ олсон. 1989-1998 он “Эрдэнэт” үйлдвэр, Шагдарын Отгонбилэг хоёрын Монголоо тээсэн он жилүүд байлаа. Монголын Олимпийн хорооны Ерөнхийлөгч асан Д.ЗАГДСҮРЭН: / “Өнөөдөр” сонин 2004 он/ “1999 онд би Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан бөгөөд Спортын эмнэлгийн холбооны шугамаар МҮОХ-ны ээлжит чуулганд төлөөлөгчөөр оролцож байлаа. Энэ чуулганаар түүнийг Ерөнхийлөгчөөр дахин сонгосон. Хурал завсарлангуут гарахаар явж байтал Орхон аймгийн Спорт хорооны дарга Н.Зулбаатар /агсан/ тааралдаад “Өөрийг чинь Шо дарга дуудаж байна” гэдэг юм. Анх нүүр тулж уулзаж байгаа нь тэр. Бид нэг их удаан ч ярилцаагүй. “Одоо дэд ерөнхийлөгчөө сонгоно. Таны нэрийг би дэвшүүлэх гэж байгаа” гэлээ. Тэгээд хурал үргэлжилж, намайг дэд ерөнхийлөгчөөр сонгох тухайгаа хэлэхэд хүмүүс дэмжсэн. Хүдрийн ил уурхайн дарга асан Н.БЯМБАДОРЖ: /С.Зэвсэг “Монголоо тээсэн он жилүүд” ном 2008 он/ “Их сонин. Өрөөнд нь ороход ширээн дээр нь нэг ч бичиг цаас байдаггүй. Асуудлыг шийдэж байгаа байдал нь их онцлогтой. Тун өөр хүн болох нь тод байсан. Би залуу байхдаа илүү ярьчихвий гэж айдаг байлаа. Мань хүнд юм ярихдаа давтвал “Чи замбараагүй ярьж байна шүү. Цэгцтэй ярь. Надад чамтай наль наль гээд байх цаг байхгүй. Бүх юмаа бэлдчихээд орж ир” гэнэ. ШО ер нь 24 цагийн хэдэн цагт нь унтдаг юм болоо гэж бид гайхдаг байлаа.” Засвар механикийн заводын дарга асан Д.АДЬЯА: “Хангалттай эрх мэдэл өгч, чөлөөтэй сэтгэх боломж олгодог байсан нь түүний удирдах ухаан байсан.” Геологи, эрдэс судлалын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Г.ЖАМСРАНДОРЖ: /25ТВ “Хусавч арилахгүй үнэн” нэвтрүүлэг 2017 он/ “Оюутолгой ордыг нээсэн нь Ш.Отгонбилэгийн санаачилгаас үүдэлтэй. Тэр анх 1994 онд АНУ-ын Магма коппер компанитай хамтарч “Эрдэнэт-магма” хамтарсан компани байгуулж Монголд зэсийн том орд олох ажлыг эхлүүлсэн юм. Хожим гадны хөрөнгө оруулагч нар нь олон удаа солигдож эцэстээ “Рио Тинто” болсон түүхтэй. Ш.Отгонбилэг Монгол улсыг Лондонгийн Металлын биржид хүрэх гарцыг нээж, дэлхий мэддэг болсон.” ЭРГЭЦҮҮЛЭЛ 1998 он. Ц.Элбэгдоржийн Засгийн газар, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Д.Одхүү нарын “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг өрөөний хаалгыг эвдэн орж, “Төр өмчөө мэднэ” хэмээн битүүмжлэн, Ерөнхий захирлаар Д.Дорлигжавыг томиллоо. 2000 он. УИХ-ын ээлжит сонгууль. МҮОНТ-ийн захирал асан Ц.Оюундарь сонгуулийн өмнөхөн Ш.Отгонбилэгийн тухай “Зууны луйвар” нэртэй нэвтрүүлэг хийж, олныг шуугиулж байв. Гэвч Завхан нутгийн зон төрсөн хүүгээ, төр засуулахаар УИХ-ын гишүүнээр сонгосон юм. 2001 он. “2001 оны нэгдүгээр сарын 14. Увс аймгийн Малчин суманд Ми-8 нисдэг тэрэг осолдож УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, нисдэг тэрэгний техникч Д.Отгон, НҮБ-ын ажилтнууд, Японы “NHK” телевизийн сэтгүүлчид амиа алдлаа.” Шагдарын Отгонбилэг Монголын их заяанд Отгонтэнгэр хайрхан шигээ шүтэн залбирч, түүнд зүтгэн, өдөр бүрийг ургах наран адил өөдрөгөөр хардаг байсан. Тэр Монгол хүний IQ, EQ дэлхийд хаа хүрэхийг тогтоосон “түвшин”, “шалгуур” байлаа. “Ш.Отгонбилэг судлал” Монгол хүний тэмүүлэл, өнөө цагийн бахархал байх учиртай. Бид түүнд, бас түүхэнд өртэй. Хөх тэнгэрийн захиасаар их хүмүүн төрдөг хуультай... У.Цэрэнбат Дэлгэрэнгүй...
  • Бүтээмжийн үйл ажиллагаа үр дүнгээ өгсөөр...

          Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сайн саналын системийн үйл ажиллагаа өсөлттэй байна. Өнгөрсөн онд ажилтнуудаас ажил сайжруулахад чиглэгдсэн 7204 санал бүртгэгдсэн бөгөөд санал гаргалт 62 хувиар өсөж, хэрэгжилт 53 хувьтай байлаа. Харин 5 сайн үйлсийн хүрээнд бүтцийн нэгжүүдийн 1257 ажлын байранд үнэлгээ хийгдэж, ХАБЭА, 5С-ийн чиглэлээр 3358 санал гарснаас 60 хувь нь хэрэгжсэн байна. Мөн 600 орчим ажлын байр 5С-ийн хэрэгжилтийн түвшин ахиулж, 186 ажлын байр 5С-г хэвшүүлэгч түвшинд шалгарч урамшуулал хүртсэн юм. Үүний үр дүнд ажлын байрны эрүүл ахуй, эмх цэгц, зохион байгуулалт, сахилга бат, соёл сайжирч, ажлын байрны эрсдэл буурчээ. “5 сайн үйлс хэрэгжүүлэгч” загвар ажлын байр бий болгох хөтөлбөрт найман цехийн 11 ажлын байр хамрагдсаны тав нь ажлын байрны түвшин ахиж, гурав нь үлгэр жишээ 5С хэрэгжүүлэгч загвар ажлын байр болов. Харин бүтээмж чанарын дугуйлангууд 310 бүтээлч төсөл, 326 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.1 хувиар өссөн байна. Түүнээс гадна бүтээмжийн модуль сургалтад 24 бүтцийн нэгжээс 746 ажилтан хамрагдсан бол цех нэгжүүд дээрх ажлын байрны сургалт, зөвлөгөө, туршлага судлах ажлуудад 1855 хүн хамрагдсан нь нийт ажилтнуудын 43 хувь байна.      2019 онд Эрдэнэт үйлдвэр бүтээмжийн үйл ажиллагаандаа 300 сая төгрөг төлөвлөсөн боловч зардал 358.5 сая төгрөг болж нэмэгдэв. Учир нь ажилтнуудын санал санаачилга идэвх өссөнтэй холбоотой юм. Бүтээмж чанарын дугуйлангуудын хэрэгжүүлсэн төслүүд үйлдвэрт 4,9 сая төгрөгийн үр ашиг өгчээ. Өөрөөр хэлбэл бүтээмжийн үйл ажиллагааны урамшуулалд нэг төгрөг зарцуулж 13.8 төгрөгийн үр ашгийг бий болгосон байна. М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Далангийн өндөржилтөд нийцсэн насос суурилуулна

         Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн агаар үлээгч ба насосны станцид Герман улсын KSB фирмийн Омега-200/670 маркийн хоёр насос ирлээ.  Энэ насос нь цагт 630 м3 усыг 120 м-ийн өндөрт шахах хүчин чадалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал нь З15 кВт юм. Анх 8НДВ-60 маркийн цагт 600 м3 усыг  80 м өндөрт шахах зориулалттай насосууд суурилагдсан бол 2004 оноос 1Д630-90 маркийн цагт  630м3 усыг 90 м-ийн өндөрт шахах хүчин чадалтай насосууд тавигджээ. Сүүлийн үед Хаягдлын аж ахуйн далангийн өндөржилт нэмэгдсэнээс ажиллаж байсан насосуудын хүчин чадал багассан учраас ийнхүү Омега-200/670 маркийн насосоор тоноглох болжээ. Дээрх насосуудыг суурилуулснаар хүчин чадал нь далангийн өндөржилтийн шаардлагад нийцэх юм. Одоогоор насосны суурийн зургийн ажил Зураг төслийн хүрээлэнд хийгдэж байна. Уг станцид насос суурилуулах бэлтгэл хангаад байна. 6-р сар гэхэд эхний насосыг суурилуулахаар төлөвлөж байгаа тухай тус хэсгийн механикч Д.Буйдан мэдээллээ.  Я.Энхтуяа Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа

     Гаалийн ерөнхий газрын Орхон аймаг дахь  Гаалийн газраас Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрхзүйн газартай хамтран  Материал техникийн хангамжийн хэлтэс, Чанар хяналтын хэлтэс, Тээвэр ложистикийн албаны ажилтан албан хаагчдад өнгөрсөн пүрэв гарагт сургалт явууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны Оюу танхимд болсон уг сургалтаар   гаалийн байгууллагын үйл ажиллагаа, шинэ хөтөлбөр, гаалийн хууль тогтоомжийг сурталчлан таниулсан. Гаалийн байгууллага нь гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, шалгуур хангасан аж ахуйн нэгжид итгэл хүлээлгэж, гаалийн хяналт бүрдүүлэлтэд нь  зарим хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих,  хууль ёсны худалдааг хөнгөвчлөх үүднээс Гаалийн ерөнхий газраас  Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор улсын хэмжээнд хоёр байгууллага нэгдсэн аж. “Манай улсын шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэр бүхий л шаардлагыг хангаж байгаа тул  хөтөлбөрт  нэгдэн орох бүрэн боломжтой” хэмээгээд энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр үйлдвэрийн эдийн засагт хэмнэлттэй болохыг гаалийнхан тодотгов. Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан таниулснаар  гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахих түвшин дээшилж, гаалийн үйлчилгээ илүү хөнгөн шуурхай болох юм гэж Гаалийн газрын дарга Б.Майдармаа хэлсэн үгэндээ онцолсон юм.


Я.ТУЯА


 

    Б.Баасансүрэн даргын  унаган мэргэжил нь үнэндээ  уул уурхайгаас  хол, өөр мэргэжил. Тэр мэргэжлээ их л санаандгүй бөгөөд бяцхан адал явдалтайгаар сонгож байснаа дурдатгалдаа өгүүлсэн. 1982 онд түүнийг 10 дугаар анги төгсөхөд сурагчдыг  сурлагаар нь жагсаан, улаан шугам татдаг байж. Гэхдээ түүнд  улаан шугамны хаана жагсаж  байгаа нь тийм ч сонин байсангүй. Харин жолооч болох хүслээр “ өвчилсөн” хүүхэд байв. Сургуулиа төгсөөд,  цэргийн албанд мордож, тэнд жолооч болно гээд  шийдчихсэн явж байтал нэг өдөр  ангийн багш нь дууджээ. Яваад очтол, чи юун цэргийн алба хаах вэ, элсэлтийн шалгалтад ор гэж зэмлэж. Ингээд багшийнхаа хэлснээр шалгалт  өгч, уул уурхайн чиглэлээр гадаадад сурах эрхтэй болов.  Гэтэл  нөгөө бүлгийн  нэг хүүхэд  орос хэлний ярилцлагадаа унаснаас болоод  түүний сонгосон  машин үйлдвэрлэлийн анги сул үлдсэн байжээ.  Тэр үед ах нь ч түүнд “миний дүү, заавал гадаад хуваарь гэж байхаар сонирхлоо дагаад, машин техникийн чиглэлийн ангид эндээ сурвал яасан юм бэ”  гэж зөвлөх нь тэр. Ингэж  Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид элссэн түүхтэй. Хожим   нөгөө шалгалтандаа унасан хүүхэд таараад, би хуваариа буцааж авна гэсэн ч, “одоо тийм юм байхгүй, би хэдийнэ сонгосон” гээд өгөөгүй гэдэг. Тэр жил  Монгол Улсын  Их сургуулийн бүтцээс Политехникийн дээд сургууль бие даан тусгаарлаж, Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид анхны  25 хүүхэд элсүүлсний нэг нь тэр байв. Харин өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа гурав, дөрөвхөн төгсөгчийн нэг нь Б.Баасансүрэн дарга юм.  Хөгжилтэй бас санаандгүй сонгосон энэ л мэргэжил нь түүний  амьдралын замыг зааж явна.
     Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уул ус тэгш хангай нутагт тэр  малчин айлын хүү болон мэндэлжээ. Сурагчийн амралтаараа нэгдлийн малтай  аав ээждээ тусалж, бусад үед сумын төвийн дотуур байранд эрдэм номын дуу сонсон хүүхэд насаа үдсэн. А үсэг таниулсан анхны багш,   амьдралын замд хөтөлсөн аравдугаар ангийн  багш нараа үргэлж санан дурсаж, тэр л сайхан хүмүүсийн гар дээр сурч хүмүүжсэнээ их хувь тохиол гэж тэр өгүүлнэ. Хүүхэд байхын их хөдөлгөөнтэй, авхаалжтай байсан нь одоо ч хэвээрээ гэж түүний ойр дотныхон ярьдаг. Тиймдээ ч наймдугаар анги төгсөтлөө хурдан морь унаж, бүсээ намируулан хүлгийн зоон дээр дарцаглаж өсчээ. Арван нэгэн хүүхэдтэй айлын дунд хүү,  ах дүү нар дотроо хамгийн адтай сэргэлэн  байсан тэрээр ажил амьдралын замд ч хамгийн эрэмгий, дайчин нэг нь. Үргэлж урагшаа харж, өөдөө тэмүүлж явдаг цог жавхаанд нь  багадаа давхиж хурдалсан  морьдынх нь  хийморь, сэрүүхэн өндөрлөг хэдий ч сэтгэл татам унаган нутгийнх нь нөмөр нөөлөг нөлөөлснийх буй заа.   

     Аав ээжээс илүү ачлалт бурхан гэж үгүй. Арван нэгэн хүүхдийг төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн аав ээж хоёрыгоо тэр хүний дээд гэж хайрлан шүтнэ. “Миний аав насаараа мал дагасан, нутаг усандаа алдартай сайн уяач хүн байв. Манай адуу “Өвгөний зээрдүүд” гэж зүсээрээ танигдсан нэршилтэй. Аавын минь нэг дүр төрх ер санаанаас гардаггүй  юм. Зун морио хөлслөх гээд уул, нугаар явна. Тэгээд надаас их асууна, миний хүү аль морио унах вэ, алийг нь хөлслөх вэ гээд л. Миний унах морь, бас хөлслөх морь тусдаа байсных л даа. Аав минь тэгж хайр, хал хоёрыг зэрэг амсуулж өсгөсөн. Харин ээж минь хатуу талдаа хүн. Сахилгагүйтвэл сүү самарч байгаа шанагаараа цохиод авна. Тэгж л тэр олон хүүхдийг дэгтэй хүмүүжүүлсэн байх. Их ажилсаг,  дээл сайхан оёдог уран хүн байсан” гэж ижий аав хоёроо дурссан.  Хүн болох төлөвшлийн  эхний суурийг түүнд сумын сургуулийн тэр л бүлээн дулаахан орчин өгсөн гэдэг. Сургуулийнхаа дотуур байранд 8 дугаар ангиа дүүргэж, чухам тэрхүү цаг хугацааны орчил дунд хүний арга эвийг олох, бие даан амьдрах гээд олон чадваруудыг олж авсан хэмээн Б.Баасансүрэн дарга хуучилна.  Үндэс сайтай мод түмэн зүгтээ сүрлэг сайхан нахиалж ургадгийн адил хүүхэд ауйдаа ухаант аав ээж, ачит багш нараасаа өвлөсөн хүмүүжил нь түүнийг оюутны цэнхэр өдрүүд,  ажил хөдөлмөрийн гараанд ч хэлбэрэлтгүй хөтөлсөн юм.  
     Энх цагийн их хөгжлийн нэрийн хуудас Эрдэнэттэй тэр хувь заяагаар холбогдсон. Оюутны дипломын ажлаа  “Мушгиа өрөм үйлдвэрлэх оновчтой технологи” сэдвээр хамгаалж, үйлдвэрлэлийн дадлагаа өнөөгийн нэг гэр нь болсон Засвар механикийн заводдаа хийж байжээ. “Үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа л эзэмшиж буй мэргэжилдээ улам их “дурлаж” билээ. Үнэхээр сонирхолтой, машин хийх юм байна, машин үйлдвэрлэл гэж юу болох гэдгийг тэр үеэс л илүү сайн мэдэж авсан. Төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажиллах хүсэл ч  төрсөн дөө” гэж тэр Эрдэнэтийн хүн болох үеийн дурсамжаа хуваалцсан. Түүнийг сургуулиа төгсөхөд нь тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яамнаас Завхан аймагт хуваарилсан боловч Эрдэнэтэд  ирэх хүсэлтээ олон дахин хэлж байж, шинэ цагийн шилдэг бүтээн байгуулалтын өлгий хотыг зорин иржээ. Түүний анхны ажлын гараа  Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатаас эхлэв. Механик инженер, цехийн даргын албыг нэр төртэй хашиж, тэр ч бүү хэл тухайн үеийн олон нийтийн хамгийн том байгууллага болох МХЗЭ-ийн Эрдэнэт хотын хороонд хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, оюуны цараатай, чадварлаг удирдагч болохоо харуулж чаджээ. Хотын ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар даргын сонгуульт ажил аанай л түүний холыг харж, том сэтгэж чаддаг чадварыг нь дагаж ирсэн гэж хэлж болно.  

     1989 онд хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны бүгд хурал болов. Тус  хурал дээр Модны үйлдвэрийнхээ  ХЗЭ-ийн Хорооны даргын даалгавраар үг хэлэх болж,  ажилчин залуусын нийгмийн асуудлыг хөндсөн санал хэлсэн гэдэг. Залуучуудыг орон сууцжуулах  хөтөлбөрийг хэрэгжүүлье. Ингэхдээ залуучуудынхаа  хүчийг нэгтгээд, газрыг нь шийдэж өгөөд, өөрсдөөр нь орон сууц бариулая гэсэн нь хурлын төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татаж, удирдлагууд нь ч зөв зүйтэй асуудал дэвшүүллээ гэж үнэлжээ.  Ингээд тун удалгүй хотын ХЗЭ-ийн Хорооны сонгуульд  өрсөлд гэсэн санал ирж,  дэд даргаар сонгогдсон байна. Энэ бүхэн түүнд хамт олныг зөв удирдан чиглүүлэх, ямар ч ажилд манлайлан оролцох өндөр чадвартайгаа нээх боломж, бас арвин туршлага хуримтлуулах үүд хаалга нь болж өгчээ. Эрдэнэт хотын ХЗЭ-ийн Хорооны дэд даргаар ажиллаж байхдаа түүнд өөрийн мэргэжлээрээ Засвар механикийн заводад ажиллах бодол хэдэнтээ төрж,  тэр саналаа ч Эвлэлийн хорооны даргадаа хэлэв. Ингээд ЗМЗ-ын ерөнхий инженер Ц.Цогтсайхан, Орлогч дарга Х.Даваасүрэн,  Механик цехийн дарга Д.Цогтхангай нартай уулзахад нь уриалгахнаар хүлээн авч, “Баскагаа аль ажил дээр томилох вэ” гэж ярилцан, дотно хандаж байсан нь одоо ч мартагддаггүй аж. Харин тэр заводдаа л  ажиллаж байвал юу ч хийхэд  бэлэн гэсэн тэмүүлэл дүүрэн Цутгуурын цехэд мастераар ирж байв. Дараа нь Механик цехдээ  багажны хэсгийн мастераар ажиллаж байхад нь  Хөтөлийн Гангийн үйлдвэрээс ажлын санал хүлээн авчээ. Тэнд жил орчим ажиллаад, үйлдвэртээ эргэж ирсэн гэдэг. Ингээд төрөлх үйлдвэртээ технологи инженер, Засвар монтажийн цехийн орлогч дарга, Ган бөмбөлгийн цехийн дарга, Засвар механикийн заводын дарга гээд  үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн газар бүхэнд очиж, хичээл зүтгэл, мэдлэг чадвараа зориулж явна.  
     Түүний түүхийг сонсоход тэр үнэхээр л Эрдэнэтэд амьдрах л ерөөлтэй хүн ажээ. Өөр газар орон, хамт олонтой ажиллах олон боломжууд гарсан ч тэр эргээд л Эрдэнэтийн овоондоо буцаад ирдэг гэнэм. “Эрдэнэт надад олон зүйлийг өгсөн. Оюутан ахуй цагтаа учирсан амьдралын ханьтайгаа гурван сайхан охины аав ээж бололцож, эдүгээ зээ нараа тойруулсан өнөр өтгөн айл болжээ. Хэн бүхний адил энэ  үйлдвэрт ажиллах болсноороо хязгааргүй их бахархаж,  Орос ах нарын үлдээсэн өндөр соёл, ажлын зөв арга барилыг эрхэмлэж явдаг. Оюутан ахуй цагаасаа л энд би өсөж, төлөвшиж, ажил хөдөлмөрийн эрдэмд суралцаж яваа гэж санана. Мастераас эхлээд ахлах мастер, хэсгийн дарга, хэлтсийн инженер, цехийн дарга хүртэл ахиж дэвшсэн энэ замд  Эрдэнэт үйлдвэр гэдэг өнөр бүл  намайг хөтөлж, хүн болгосон гэж ам бардам өгүүлнэ. Тиймээс юу чаддаг, юу мэддэгээ бас юу бодож яваагаа хэрэгжүүлэх боломж гэж би өнөөдрийн ажил албаа хардаг” хэмээн тэр сэтгэлээ  уудалсан.

     Б.Баасансүрэн даргын удирддаг Засвар механикийн заводын ирээдүй гэрэлтэнэ.  Тэр гэрэл гэгээг илүү тод болгохын төлөө түүний хамт олон  шинэ, өндөр түвшинд ажиллахыг зорьдог. Тиймээс ч Засвар механикийн заводыг 2018-2032 онд хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгаврын төслийг хамт олонтойгоо гүйцэтгэж, цаашид явах зам, зүг чигээ тодорхойлох нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар, мөн өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчээр бүтээгдэхүүний өртгийн шинэчилсэн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа төдийгүй Олон улсын ISO9001 стандартыг Заводынхаа үйлдвэрлэл, аж ахуйн бүхий л үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ  онд тус заводынхан Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих технологийг үйлдвэрлэд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд компанийн удирдлага гарын үсэг зурсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил нь эхэлж, 2020 оны эхээр технологио бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ бол ирээдүйн их хөгжлийн гараа, дэвжин дээшлэхийн эхлэл юм. Заводынхаа хувь заяаг атгаж байгаагийн хувьд Б.Баасансүрэн даргад үргэлж бодож явдаг нэг зүйл бий гэсэн. Энэ нь тус заводын техник технологийн шинэчлэлийг үе шаттай зөв оновчтой хийх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн олон улсын зах зээлд тэнцэхүйц стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нөөц боломжийн тухай. Үүнийг хэрэгжүүлнэ гэж тэр эрс шийдэмгий өгүүлнэ лээ.  
      Хүн бүхэн өөр өөрийн чадах зүйлийг хийж, амжилтанд хүрэх хичнээн сайхан. Түүн лугаа Б.Баасансүрэн даргын багийхан ингэж ажиллаж, ийм ихийг бүтээсэн шүү гэж харж, бахархах сайн ажил үйлсийг хойчдоо үлдээх нь түүний чин хүсэл. Өөрийн багт ажиллаж буй мэргэжил нэгт хамтрагч, залуусаа тэр үнэт баялаг хэмээн бахархдаг. Хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө  шинийг эрэлхийлж, цаг  үргэлж том  сэтгэж, холыг харах нь түүний бас нэг давуу чанар. Хүн болж төрсний их хувь заяа түүнд эрин зууны манлай хотод ажиллаж амьдрах ерөөл хайрласан шиг тэр өөрөө ч Эрдэнэтээ, Засвар механикийн заводаа их хөгжлийн оргил өөд хүргэх билэг ерөөлөөр дүүрэн явна. Түүний хэлсэнчлэн,  хөгжлийн бодлогоо зөв тодорхойлсноор бүс нутгийг хамарсан металл боловсруулах үйлдвэр төдийгүй улс орныхоо аж үйлдвэрийн тодорхой салбаруудын  машин, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, тоноглолын үйлдвэрлэлийн том төв болох цаг үе ойрхон гэдэгт итгэнэм.


М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн компанийн хэтийн төлөвд чухал нөлөөтэй хүдрийн нөөц бүхий орд, илрэлүүдийн геологи хайгуул болон эрэл үнэлгээний ажил газар дээрээ хэрхэн үргэлжилж буйг өнгөрсөн лхагва гарагт явж үзлээ. Үйлдвэрийн Хөгжил, их барилгын асуудал хариуцсан дэд захирал Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр болон Ерөнхий захирлын зөвлөхүүд тэргүүтэй холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг Ил уурхайгаас эхлээд Баруун хойд болон Төвийн ордоор дамжаад Завсрын хэсэг, судалгааны томоохон биет болох Оюут, Шандын орд дээр ажилласан юм. 1985, 2012 онд эрлийн хайгуулын шатанд нөөц тогтоосон Шандын орд дээр өрмийн гурван машин ажиллаж байна. Энэ удаа 1300 гаруй метрийн гүний түвшинд өрөмдлөг явуулсан нь анхны тохиолдол бөгөөд энд хүдэржилт байх магадлалтай дүн гарчээ.
     Ерөнхий захирал энэ үеэр “Хүдэржилт боломжийн байдалд харагдаж байгаа нь 300-400 метрээс цааш. Хэрэв нөөц тогтоогоод ашиглах болвол далд уурхайн асуудал яригдана. Далд уурхайн зардал илүү өндөр байдаг. Тэр утгаараа хүдрийн агуулга ямар байхад онцгой анхаарч байна. Зэсээ дагаад өөр үнэт металл байж гэмээнэ ордын үнэ цэнэ нэмэгдэх учиртай. Ойрын жилүүдэд геологи хайгуул, судалгааны ажил үргэлжилнэ” гэж ярив.
     Шандын орд дээр илүү нарийвчилж гүний хайгуул хийх, олон төрлийн эрдэс болон металл тодорхойлох, геологийн үнэлгээ хийж нөөцийг бүрэн тогтоох ажил давхар хийгдэж байна. Түүнээс гадна өрөмдлөгийн явцад гүний тодорхой түвшнөөс салаалах шинэ технологи ашиглаж байна. Нэг цооногоос олон салаа өрөмдөж зардал бууруулах технологийг энэ жилээс ашиглаж эхэлжээ.    
     Энэ жилийн геологи хайгуул нь агаар сансарын зургийн тайлал, геофизикийн аргачлалуудаас гадна талбайн урсгал сарнилын хүрээний болон хөрсний геохимийн дээжлэлтүүд, хувирлын зэрэг өмнө хийгдэж байгаагүй цогц ажлыг Эрдэнэтийн Овоо ордын эргэн тойрон 60 км радиуст хийж байгааг геологич онцолж байлаа. Мөн ашиглалт явуулж буй орд дээр олон улсын Жорк кодоор шалгалт, хяналтын өрөмдлөг болон нөөц, баялагийн үнэлгээний ажил хийж байна. Олон улсын туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүд энэ ажлыг удирдан явуулж  байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч “Гео сан” компани геофизикийн аргаар агаарын болон газрын тандан судалгаа, “Дипирамид” компани хувирал, структур, зураглал, “Тайтлайн ресурс”-ийнхэн нөөц, баялагийн үнэлгээ хийж байгаа аж. Мөн Геологи хайгуулын ангийн 20 гаруй ажилтан хээрийн ажилд байнгын хяналт тавьж, чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.          
     Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр геологийн болон талбайн судалгааны ажилд их хэмжээний хөрөнгө хүч зарцуулах болсон. 2017 онд өмнөх онтой харьцуулахад Геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн бол энэ жил 3,2 дахин өсгөжээ.

М.ОДГЭРЭЛ

 














 

     Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, бүтээн босгох, чухал судалгаа, шийдвэрүүдийг гаргахад гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлнтүүд, уурхайчид нэгэн дор цуглаж төрөлх үйлдвэрийнхээ 40 жилийн ойн баярын  хуралд оролцлоо. Мөн энэ үеэр уурхайчдын 40 жилийн амжилтыг харуулсан архивын ховор баримт материал, гурван үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, олны хүртээл болгосон.  

      Баярын хурал, хүндэтгэл ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Содном, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний сайд асан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга, Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Очирбат, Геологи, уул уурхайн яамны орлогч сайдаар ажиллаж байсан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, зөвлөлийн гишүүнээр 20 шахам жил ажилласан Д.Рэнчинханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор Ч.Хурц тэргүүтэй Уул уурхай, аж үйлдвэрийн үе, үеийн сайдаар ажиллаж байсан эрхэмүүд, ахмадууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн Монголын талын дарга, гишүүнээр ажиллаж байсан, мөн тус зөвлөлийн хянан шалгах хорооны дарга, шинжээчээр ажиллаж байсан эрхэмүүд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирал, орлогч захирлаар ажиллаж байсан эрхэм хүндтэй хүмүүс, тус үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдаас бүрдсэн төлөөллүүд нэгэн дор цугласан.
      20-р зууны Манлай бүтээн байгуулалт болж, Дэлхийн жишигт эрэмблэгдсэн  Эрдэнэт үйлдвэрийн анхны шанг таталцаж, ажил үйлсээрээ дархалсан эрхэм уурхайчдадаа баяр хүргэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УУХҮЯ, Монгол улсад суугаа элчин сайдын яам, хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд баярын мэндчилгээ өвөртлөн ирсэн.    

        Баярын хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн нээж үг хэлсэн. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудалд чухал шийдвэр, оновчтой бодлогыг хэрэгжүүлж ирсэн төр засгийн үе үеийн удирдлагууд болон Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон үе үеийн уул уурхайн яамны удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгоход залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт хотын анхдагчид, илгээлтийн эзэд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, Ахмадууд, Уурхайчид, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, ажилчдадаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлсэн. Мөн, “Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор агсан Ш.Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж, энэ үйлдвэрийг чадамгай удирдаж, Монгол хүний, Монгол инженерийн үнэлэмжийг өөрийн оронд болон дэлхийн бусад орнуудад үзүүлж чадсан, бүх шатны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавъяатай хүн юм. Ийм учраас энэ баярынхаа өдөр Ш.Отгонбилэг агсныг дурсан санаж, түүний гэр бүл, үр хүүхдэд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүн хүндэтгэл талархалаа илэрхийлж байна” гэсэн. Мөн, “Энэ 40 жилийн түүхэн хугацаанд дэлхийд томд тооцогдох үйлдвэрийг 24 цаг тасралтгүй, доголдолгүй ажиллуулж чадах удирдах ажилтнууд болоод инженер техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэж, ийм том үйлдвэрийн сайн авч явах ажилтан ажилчдын бүхэл бүтэн “арми”-ийг бий болгосон нь Эрдэнэт үйлдвэрийн үнэт зүйл гэж би ойлгож байна” гэсэн юм. Тэрээр цааш нь, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны түүхэн амжилт, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярьж, шинээр боловсруулан хэрэгжүүлж буй үндсэн чиглэл, төслүүдийг танилцуулж, Эрдэнэт үйлдвэр энэ жилээс цааш дахин 60 жил ажиллах нөөцийг тогтоож, баталгаажуулсан тухай бахархан дуулгасан юм.       
     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн улс, эх орны хөгжилд оруулж ирсэн хувь нэмрийг онцгойлон тодотгож, “Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид та бүхэн  улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол улсын засгийн газар итгэл төгс байна” гэсэн.
     Уурхайчин хамт олонд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бие төлөөлөгчөөрөө дамжуулан илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     Энэ үеэр мөн, компанид үр бүтээлтэй амжилттай ажилласан Автотээврийн байгууллагын хүнд даацын белазын  жолооч Б.Ууган-Эрдэнэ, Автотээврийн байгууллагын автомашины цахилгааны засварчин С.Энхболд нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр, “Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Засвар механикийн заводын ороомогчин, өндөр настан Л.Саруултуяа, Геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч Б.Октябрь, Засвар механикийн заводын цахилгаан ба хийн гагнуурчин Э.Оюунболд нарыг тус тус шагнаж, урамшуулсан.


     Ойн баярын үйл ажилалгаанд хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Уурхайчин” соёлын ордон, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэрийн ажилчин, уран сайханчид, авъяаслаг уурхайчид “Хайрлан жаргах эх орон” хүндэтгэлийн концертоо толилуулсан юм.

     Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.
     Тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын ээлжит шийдвэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  болж, өнөөдөр цолыг нь гардуулж өглөө.
     Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ: Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, Монголросцветвет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм гэж онцолж байв.
     Мөн Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.
     ШУТИС-ийн профессор цол хүртсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.




 

 

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Элдэвтэй эр

     Одоогоос 18 жилийн өмнө энэ шавилхан залууг би  таних болсон юм. Гадаад дүр төрх нь “Аман хуур” киноны  Соном өвгөнийг санагдуулах эл эрийг Дамбийн Одсүрэн гэдэг. Гадна, дотнын мэргэжлийн танилууд нь “Эрдэнэт”-ийн Одсүрэн гэх. Эрдэнэт үйлдвэрийнхэн Баяжуулахын Од хэмээнэ. Түүнийг таньж, мэдэхгүй хүмүүс ийн дотно ханддаг нь эрхэлсэн ажилдаа эзэн байж, мэргэжлийн ур чадвараараа олонд танигдсаных биз. Нэгэн цагт Сайншандын Төмөр замын боловсон хүчний дарга асан Майдарын Дамбийнх 15 хүүхэдтэй айл байх.  Одсүрэн тэдний 10 дахь хөвгүүн нь. 15 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нь төмөр замчнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Түүний ээж Самбуугийн Цэрэнбалжир гэж өндөр насалсан, буянтан байв. Эдүгээ үр хүүхдүүд нь бүгд тус тусын ажил алба эрхлэн улс орондоо өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулж явна. Түүний ханийг Жигжидсүрэнгийн Долгорлхам гэдэг. Тогооч мэргэжилтэй. Шүлэг бичих авьяастай. Хотын төвийн 19-р цэцэрлэгт амтат хоол хийн бяцхан үрст үйлчилж, хорооллын хашаандаа ногоо тарьж, цэцэг үрслэн суух. Энэхүү аав, ээжийнх нь хөдөлмөрч тууштай зан чанар, авьяас билгийг төрсөн үр хүүхэд нь өвлөсөн бололтой. Том хүү  О.Анхучрал нь Триатлионы  холбоонд тамирчин дасгалжуулагч. Уулын ашиглалтын механик инженер мэргэжилтэй. Триатлионы спорт сонирхогчдын хоёр удаагийн улсын аварга тамирчин. Дунд охин О.Азжаргал нь 2002 онд Монгол улсын урлагийн үзлэгийн “Бяцхан тод авьяастан”-аар шалгарч байв. Харин авьяас билэг нь хожим тодрох ирээдүйн нэгэн төлөөлөл нь бага охин Бөртэ-үжин бөлгөө...

     Энэхүү хөргийн эзэн Улаанбаатар хотын Тээврийн ТМС-ийг улаан дипломтой төгсөж, гагнуурчны дөрөвдүгээр зэрэг эзэмшээд  Эрдэнэтийн “отгон” илгээлтийг өвөрлөж ирсэн залуусын нэг. Түүний ажлын дадлага туршлага бүтээлч хөдөлмөрөөс суралцсан олон арван залуус буй. Одоо түүний шавь нараас Эрдэнэт үйлдвэрт найм нь, Оюутолгойд хоёр нь ажилладаг гэнэ.
     ...Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийнхэн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тасралтгүй  үйл ажиллагааг ханган ажилладаг. Ээлжит болон ээлжит бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг хамт олон. Бутарсныг эвлүүлж, салсныг нийлүүлж, хуучирсныг шинэчилдэг нь гагнуурчны ажлын онцлог. Одсүрэн үр дүнтэй, өндөр бүтээлтэй, гар сэтгэл нийлэн ажилладаг  бригадын дарга Ш.Эрдэнэбат, залуу ажилтан Н.Отгондорж, Э.Батзаяа, Э.Гомбодорж, Э.Энхбаяр, С.Бат-эрдэнэ нарынхаа ажил үйлсээр бахархаж явдаг гэсэн. Нимгэн зузаан төмрийг ямар электродоор хэрхэн яаж гагнах нь тухайн мэргэжилтнээс нарийн мэдрэмж шаардана. Бид бол төмрийн мэс заслын эмч нар юм гэж тэр ажил мэргэжлээ тодотгов. Түүний хэсгийнхэн Бүтээмж чанарын “Эв нэгдэл” дугуйлангийн гишүүд. Тэд олон бүтээлч санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.  Одсүрэн хотын төвөөр алхахдаа хийсэн ажлаа ярих. “10-р хорооллын шугам хоолойны засварыг хийж, Уурхайчин соёлын ордны өмнөх лед дэлгэцийн суурийг би гагнаж босгосон. 400 метр газар, Эрдэнэт хотын цэвэр усны шугамыг би шинэчлэн сольж байлаа” гэж “томорно”. Манай Засварын хэсэг 150 ажилтантай. Даргын нарийн бичиг, үйлчлэгч хоёроос бусад нь эрчүүд. Сайхан даа гээд хариу нэхсэн харцаар намайг ширтэх. Тэрбээр улс төр, уран зохиол, урлаг спорт, уул уурхайн сэдвийг хөндөж ярих дуртай. Өөрийн үзэл бодлоо хамгаалж баримтаар нотлох гэж чигээрээ зүтгэнэ. Маргасан нөхцөлд бууж өгөхгүй зөрүүдэлнэ. Энэ нь түүний ямарваа нэг ажлыг гүйцэт хийж санаа амардаг, хөдөлмөрч зангийн илрэл мэт. Түүний нэг дутагдал нь хүнд үгүй гэдэггүй. Би чадахгүй, амжихгүй гэж хэнд ч хэлж үзээгүй гэхэд болно. Ямартаа нэг найз нь Эрдэнэтийн байшингийн булан тойроод ирэхээр  Од л гагнуур хийж суух юм гэхэв. Учир нь Эрдэнэтийн орон сууцуудын нэг давхарт  үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээхэд Одсүрэн гагнуур хийн ажилласан байдаг. Анх түүний хаалга үүдийг нь нээсэн байруудад одоо үсчин, гоо сайхан, цайны газар ажиллаж буй. Ингэж тэр олон байгууллага, хувь хүнтэй ойртон дотносож хөдөлмөрлөсөн хүртээмжтэй эр. Тэр түмэнд хүндлэгдсэн хөдөлмөрийн сайчуулын нэг. Хэтийдсэн магтаал зарим хүнийг ичээх нь бий. Харин “хийсэн ажилтай, хэлэх үгтэй” Одсүрэн шиг аливаа юманд эвсэлтэй  элдэвтэй эрийг сайшаахад ичих зүйл алга. 

     32 жил гагнуурчнаар ажилласан түүний хийж бүтээснийг энд жагсаавал хэдэн хуудас материал болно. Баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин Дамбийн Одсүрэнгийн ажилласан хугацаанд хийсэн гагнуурын оёдлын уртыг тооцоход олон зуун километр гарч байх жишээтэй. Нэг баримт дурдахад 2000 онд Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг далайцтай хийж  КМД, КСД бутлуурыг цаг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөд тэр бусдыгаа манлайлан оролцжээ. Ер нь тэр зүгээр сууна гэж үгүй. Үндсэн ажлынхаа хажуугаар Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усны шугам хоолойн ажилд гар бие оролцон ажилласан байна. Чи унтаж амардаг юм уу гэхээр... Орой амраад эрт босоод сурчихсан юм. Хүн ажиллаж байхдаа амардаг байхгүй юу гэж ам таглана.  Найз нөхөд нь “Аман хуур”-ын  Соном оо гэж хошигнож дуудахаар би тэр хүн биш ээ. Харин төрсөн жилтэйгээ ямар нэг талаараа адилхан байж болох юм гэх. Нээрээ л “элдвийн зүйлийг элэглээд байдаг, илбэч эрдэмтэй бичин” жилтэн тэр бөлгөө. Тиймээс юм бүхэнд авхаалж самбаатай, овсгоотой. Хүн хийе бүтээе гэсэн сэтгэл байхад болохгүй зүйл бүтэхгүй ажил байхгүй гээд л зүтгэнэ. Энэ нь түүний бусдаас ялгарах давуу тал. Барилдаад уначихаараа дахиад нэг үзчихье гээд зууралдаад салахгүй. Хэрвээ тэр урлаг, спортоор тууштай хичээллэсэн бол юм дуулгах байсан нөхөр. Техник мэргэжлийн сургуулийн оюутан явахдаа гар бөмбөгийн шилдэг холбогч байж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж явсан “толгой”.  Мөнхүү нийтийн цэнгээнт бүжгийг гаргууд хийнэ. Баяжуулах үйлдвэрийн ахмадын “Од” бүжгийн хамтлагийн гишүүн. Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан,урлаг спортын олон талын авьяастай, ийм нэгэн элдэвтэй эрийн энгэрт эрхэт төрийн одон гялалзах цаг ирсэн мэт ээ.

 


Т.БАТЧУЛУУН
 

     Энэ сарын 12-нд Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Архивын товчооны дарга Б.Одонтуяа нар хамтран ажиллах, туршлага судлах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хоёр тал архивын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, цахимжуулах чиглэлд хамтран ажиллахаар болов. Энэ үеэр Б.Одонтуяа: “ Бид энэ ажлын хүрээнд мэргэжилтнүүдээ солилцох, төрөл  бүрийн сургалт явуулах, цахим  программ хангамжийн туршлага солилцох  зэрэг мэргэжлийн чиглэлийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар зорьж байна” гэв.  Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнүүд, хотын найман дүүрэг, ЗДТГ-ын архивын тасгийн дарга нарын 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцлоо.


М.ЖАВЗАНПАГМА

     Дорнодын талаас газрын тос оргилсон тэр намар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагбулагт цагаан дээлээ үнэт тосоор мялаан сэтгэл дүүрэн инээд алдан буй дүрс бүхий мэдээг телевизээр үзэж байхдаа  хожим уул уурхайн сэтгүүлч болоод эрхэм энэ хүмүүнтэй ярилцаж суухын чинээ зүүдлээгүй явлаа. Хүний амьдрал баялаг агаад таашгүй. Бид гурвантаа уулзаж эрдэс баялгийн салбарын талаар ярилцаж байгаа ч энэ удаагийнх илүү элгэмсүү, нээлттэй өрнөлөө.

-Та Завхан руу сайн явж ирэв үү?
-Сайхан яваад ирлээ. Би чинь Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн шүү дээ. Бунхантын өвөлжөөнд төрсөн юм.

-Бунхант гэдэг ямар учиртай нэр вэ?
-Манай өвөлжөөний бэлд найман бунхан байдаг юм.Их Монголын үеийн язгууртан хүмүүсийн булш оршдог юм гэнэ лээ.

-Ингэхэд таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би долоон нас хүртлээ нутагтаа байсан. Аав маань намайг таван настай байхад өөд болсон. Бага дүү Жамбалралди маань нэг ой дөнгөж өнгөрч байсан. Дүүгээ харж, ойр зуурын аргал түлээ ойртуулах төдийхнөөр ээждээ тусалдаг байсан биз. Манайх Хавцгайт, Шаврын гол хавиар зусдаг, Бунхант, Ханан, Тулгын өвөлжөө сэлгэн нутагладаг айл байсан юм билээ. Би Бунхантад, миний дүү Дондовсамбуу Хананд, бага дүү Жамбалралди Тулгад төрсөн гэдэг. Өвөлжөөний орчимд худаг, ус байхгүй цасны хунгар хайлж уудаг байлаа. Зун Шаврын голоос усаа зөөнө. Хүний өөрийн хурга ишиг эргүүлсэн шиг өдрийг өнгөрөөнө. Айлын хүүхдүүдтэй шилбүүр унаж уралдаж тоглох ийм л ажилтай байсан байх.

-Та хэдтэй хотод орж ирсэн бэ?
-Намайг найман нас хүрэх жил ээж маань хотод нүүж ирсэн. Нүүх ч гэж дээ, тэмээний тэнгийн нэг талд хамаг хөрөнгөө хийсэн, нөгөө талд нь намайг арганд хийгээд тэгнэчихсэн, 10-аад хонь туугаад, ээж минь хээр морио унаад, гэр оронтойгоо нүүж явсан Галбадрахынх гэдэг айлыг бараадан сар гаруй явж Улаанбаатар гээч газар ирж байлаа шүү дээ.

-Та чинь хоёр дүүтэй юм шиг байсан. Яагаад ганцаараа тэмээнд тэгнэгдэж ирдэг билээ?
-Дондовсамбууг багад нь авга ахынд өргүүлчихсэн юм билээ. Бага дүү Жамбалралдийг зун хот руу явахын даваан дээр айл ирээд аваад явчихсан. Би дүүгээ өгөхгүй гэж уйлж унжиж, зуураад тавихгүй өчнөөн юм болсон. Хөөрхий дөө, муу ээж минь хүн танихгүй, газар мэдэхгүй нутагт хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрахав гэж бодож, бас үр хүүхэдгүй нэг ч гэсэн айлд үрийн заяа хайрлах гэсэн юм байлгүй дээ. Чи хэрэггүй юм асууж байж баахан гуниг зарлуулчих юм. Гэхдээ яахав, миний хүүхэд нас энэ.

-Бүр сэтгэл эмзэглэчихлээ, уучлаарай. Та тэгээд хотод ирээд ямар сургуульд оров?
-Хотод ирээд Амгаланд суурьшсан. Амгаланбаатар хотын 8-р сургуульд бүртгүүлэхээр хамар хашааныхаа хүүхэдтэй очсон юм. Бүртгэж байгаа багш овог нэрээ хэл гэсэн. Би ойлгохгүй дуугүй зогсоод л байсан. Багш асуултаа давтахдаа чамайг хэн гэдэг вэ гэж асуухад нь би Очирбат гэсэн. Аавын чинь нэр хэн бэ? гэхэд нь би аав байхгүй гэсэн. Тэгвэл ээжийнхээ нэрийг хэл гэсэн. Би Пунсалмаа гэж хэлсэн. Энэ өдрөөс би Пунсалмаагийн Очирбат болсон хүн дээ.

-Та яагаад аав байхгүй гэж хэлсэн  юм бэ? Та аавтай ш дээ.
-Тийм л дээ. Гэхдээ бурхан болсон хүний нэр хэлж болохгүй. Лам хувраг байсан хамаатан садан, ойр төрлийн хүнийхээ нэрийг хэлдэггүй цээрлэдэг байсан болохоор тэр байх. Миний аав Гонсын Гэндэнжав гэдэг чинь Галуутайн хүрээний зурхайч лам байгаад хүрээ хийдийг тараахад “хар” болж ээжтэй минь гэрлэж, би төрсөн юм гэнэ лээ. Чи мөн үгэнд дуртай хүүхэд юм аа.

-Уучлаарай, мэргэжил минь ийм юм аа. Хэр сурагч байсан бэ?
-Би бусдын адил л хүүхэд байсан. Бөмбөг өшиглөдөг, лабтуу цохидог, ширээний теннис тоглодог, бас ном уншдаг, онц сурдаг сурагч байсан. Харин аравдугаар ангиас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхсон. Харамсалтай нь миний хүслээр болоогүй.

-Та Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн байх аа. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Аж үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан мэргэжилтнээр нэг жил ажиллаад Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр томилогдож зургаан жил ажилласан. Эндээс миний ажлын гараа эхэлсэн гэж үздэг дээ.

-Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар ажиг сураг сонсдог байв?
-Хамгийн түрүүн Эрдэнэтийн овоо гэдэг газар Чехүүд хайгуул хийдэг гэж сонссон. Харин Эрдэнэтийн үйлдвэрийн талаар бол 1972 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилогдоод байхад Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудлыг хариуцаж ажиллахыг М.Пэлжээ сайд надад үүрэг болгосон.

-Тэгвэл та Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй эрт холбогдсон юм байна...?
-Би Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй 1972 оны тавдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн холбогдсон. Энэ өдөр намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилсон юм. М.Пэлжээ сайд намайг дуудаж уулзаад эхэлж хэрэгжүүлэх долоон төрлийн ажлын даалгавар өгсний нэг нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудал байсан. Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудал Монгол Зөвлөлтийн эдийн засгийн харилцаанд мөрдөж байсан журам дүрмийг зөрчсөн, дүрмийн гадуур урьд өмнө байгаагүй хурдтай тоглолт болсон юм. Ордын нөөц батлагдаагүй байхад ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлах, улмаар уулын баяжуулах үйлдвэрийн техникийн зураг төслийн даалгавар боловсруулах, уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот, төмөр зам, авто зам зэрэг барилга байгууламжийн талбайг сонгох комисс байгуулагдан ажиллах шийдвэрүүд ар араасаа ойрхон гарч хэрэгжүүлсэн.

Эрдэнэтийн Зөвлөлийн гурван дарга Костин Владимир Николаевич, Пунсалмаагийн Очирбат, Дугарын Рэнчинханд нар. 1974 он.

-Та түрүүн ордын нөөцийг баталсны дараа хийгдэх ажлууд түрүүлээд хийгдээд явсан юм ярилаа. Ордын нөөц чухам хэзээ батлагдсан юм бол?
-Эрдэнэтийн овооны Зэс-молибдений ордын нөөцийг Зөвлөлт, Монголын нөөцийн комиссуудын хамтарсан хурлаар 1972 оны 12-р сарын 18-ны өдөр баталсан шиг санагдаж байна. Чи түрүүн Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй та ямар холбоотой вэ? гэж асуусан. Товчхон хэлбэл 1972-1976 онд болсон Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл явдалд би холбоотой.

-Тэгвэл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан таны хувь нэмрийн тань талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцмаар байна л даа.
-Эрдэнэтийн бүтээн байгуулалтад нэг хүнд хамаатуулах юм тун бага. Энэ бол хамтын бүтээл. Тэр тусмаа Монгол, Зөвлөлтийн олон арван зураг төслийн байгууллага, олон мянган барилгачин, олон зуун инженерийн хамтын хөдөлмөрийн үр дүн. Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1973 оны 11-р сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Игнатий Новиков нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр байгуулагдахаас өмнө 1973 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэтийн овооны ордыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ, техникийн зураг төслийг Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газраар батлуулах болон засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах ажилд тус салбарыг хариуцсан орлогч сайдын хувьд байнга оролцож ажилладаг байлаа. Эрдэнэтийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бол цэвэр манай яамны, миний хариуцах ажил байсан. Би энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Хамтарсан үйлдвэрийн удирдах дээд байгууллага нь Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл байсан. Энэ Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга нь би байлаа. Зөвлөлтийн хэсгийн дарга нь эхлээд ЗХУ-ын өнгөт металлургийн яамны орлогч сайд Костин Владимир Николаевич, дараа нь Тюряков Александр Феодорович болсон. Хамтын үйлдвэрийн Зөвлөл анхныхаа хурлыг 1974 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийж хурлыг Монголын хэсгийн дарга би даргалж, хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлаар Зөвлөлтийн иргэн Шлыков В.А-ийг, нэгдүгээр орлогч захирлаар Монголын иргэн Д.Лхагвасүрэнг томилж байлаа. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамны орлогч сайд Э.Бямбажав, Материал техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга А.Юндэндорж, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны орлогч дарга Д.Жамбалдорж, Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны төлөвлөгөөний хэлтсийн дарга Г.Дорж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн нар байсан. Эд нар мартагдах учиргүй анхдагч хүмүүс юм шүү. Бид Эрдэнэтийн асуудлыг хамтарч шийддэг байсан. Би энэ ажлыг 1976 оны зургадугаар сар хүртэл хийгээд өөрийн хамтран зүтгэгч Дугарын Рэнчинхандад хүлээлгэн өгч байлаа.

-Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон түүхээсээ хуучлаач?
-Эрдэнэтийг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаас нь эхлээд шүүлт хийх, нэмэлт өөрчлөлт хийж холбогдох дээд байгууллагад оруулж, хамгаалж батлуулах, барилга байгууламжийг эхлүүлэх, анхны 4 сая тонн хүдэр олборлох, ил уурхайг ашиглалтад оруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг эхний жилд нь эзэмших техник-технологийн болон мэргэжилтэй ажилчдаар цаг хугацаанд бэлтгэх ажлыг бүрэн хангаж байлаа. Энэ нь үйлдвэрийн дараагийн ээлжүүдийг ашиглалтад хүлээж авах суурь болдог юм. Уулын инженерийн хувьд оруулсан хувь нэмэр гэвэл Эрдэнэтийн овооны ордын ашиглалтын систем, горимын тооцоог хийж зураг төсөлд нь өөрчлөлт оруулах санал тавьж, уулын үндсэн малталтын эхний үеийн хэмжээг 14 саяас 7 сая шоо метрээр багасгаж анхны хөрөнгө оруулалтыг 30 сая рублиэр багасгаж, тэр хөрөнгийг Засвар механикийн заводыг барихад шилжүүлэн хэрэглэх боломжийг бүрдүүлж байлаа. Энэ аргачлал дээрээ үндэслэн Техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дээр 1975 онд хамгаалсан юм. Ингэж Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.

-Ер нь та дэлхийд данстай энэ үйлдвэрийн Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд оруулсан өгөөжийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Асар их хувь нэмэр оруулсан. Бүтээгдэхүүний үнэ тогтоох, валют санхүүгийн тооцооны аргачлалын зөрүүгээс шалтгаалж 1981 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай, Монгол улсаас дотаци өгдөг байлаа. Энэ нь Зөвлөлтийн гадаад худалдааны доогуур, Монголын дотоодын бөөний үнийн дээгүүр байсны зөрүүгээс үүдсэн алдагдал байсан. Энэ гажуудлыг Монголын эдийн засагчид арилгах талаар шаргуу хөөцөлдсөний дүнд 1984 онд талууд харилцан зөвшөөрч хэвийн болгосон юм. Ер нь Эрдэнэтийн үр ашиг өгөөжийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө тэндхийн үе үеийн удирдлагууд байнга санаачилгатай ажиллаж, техник технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж, хүч чадлаа нэмэгдүүлсээр уурхай гүнзгийрэх тутам хүдрийн агуулга буурдаг байгалийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй хамгаалж, өндөр байлгаж чадсаар ирсэн гавьяатай улс.Зах зээлд шилжих хүнд үед монголын эдийн засгийг малчид, уурхайчид нуруундаа үүрч гарсны дотор Эрдэнэт үйлдвэр гадаад худалдааг бараг дангаараа авч гарсан шүү дээ. Эрдэнэтийн гүйцэтгэсээр байгаа нэг гавьяат үйлс бол уул уурхайн мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг “Их уурхай” болж чадсан явдал юм. Уурхайн “хүмүүн капитал” гээчийг жинхэнээр нь үйлдвэрлэдэг газар бол Эрдэнэт. Мөнгөн болоод хүмүүн капиталыг 40 жил үйлдвэрлэсэн Эрдэнэт үйлдвэр дахиад 40-өөс доошгүй жил тасралтгүй үйлдвэрлэх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ бол уурхайчин бидний итгэл юм шүү.

-Хэрэв та Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал бол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт шинэчлэлт хийх байсан бэ?
-Хэрэв би Эрдэнэтийн Ерөнхий захирал байсан бол Шагдарын Отгонбилэг болон түүний багийнхны хийснийг л хийх байсан. Эдүгээ цагийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, түүний багийнхны хийж байгааг л хийх байсан. Ш.Отгонбилэг бол социализмын хаалттай хязгаарлагдмал үед Монголын уул уурхайг дэлхийд нээж өгсөн хүн. Бадамсүрэн бол дэлхийн уул уурхайг монголд нээж байгаа хүн. Энэ онд Бадамсүрэн дэлхийн 15 орны уул уурхайн салбарынхныг Эрдэнэтэд цуглуулж тэднийг өөр хооронд нь өрсөлдүүлж чадаж байна билээ. Би очиж үзсэн. Бахархаж байсан. Залуу байсан бол хийх л ажил даа гэж бодож явсан.

-Монголын уул уурхайн салбар таны амьдралтай салшгүй холбоотойг гэрчлэх сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний эзэмшсэн мэргэжил гэж тухайн хүний амьдралтай салшгүй холбоотой байдаг эд юмаа. Би төрийн тэргүүн байж үзлээ. Хийх ажил их байсан. Тэдэн дотроос давын өмнө өнөө л уул уурхайгаа шүүрээд авсан байх юм. Улсын валютын сан хөмрөг дундраад ирэхийн цагт юун түрүүнд “Алт хөтөлбөр” толгойд ороод ирэх юм. Бензин шатахууны гачигдалд ороод ирэхээр “Нефть хөтөлбөр” өөрийн эрхгүй хөтлөөд явах юм. Их Британы дэлхийд алдартай Бритиш Петролиум компани дээр Лондонд очоод манай монголд нефть байна уу? гэж сураглаад, дагуулж ирж судлуулаад, Америкийн СОКО интернейшнлийн Эдуард Сторийг ятгаж байж өрөмдүүлээд баярлахдаа гоёлынхоо дээлийг нефтээр мялааж байлаа шүү дээ. Үүнээс сайхан дурсамж гэж юу байхав.

-Таны энэ цагийн бодол, мөрөөдөл...?
-Алт, Нефть, Оюу толгой, Таван толгойн баялаг ард түмний минь нурууг тэнийлгээд сэтгэлийг нь амраагаад өгөөсэй л гэж бодож мөрөөдөж сэтгэлээ чилээж сууна даа.

-Таны үр удмаас мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?
-Байлгүй яахав. Миний зээ хүү Аранжиндорж Санктпетрбургийн Уул уурхайн их сургуульд суралцаж төгссөн. Уулын инженер. Миний бага охин бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. Эрдэс баялгийн салбарын бизнест хүчин зүтгэж байна.За, үг олдож үхэр холдлоо. Ингэсхийгээд өндөрлөх үү дээ, хоёулаа.Эрдэнэтийн гэрэлт ирээдүйд итгэл төгс байна. Уурхайчдадаа 40 жилийн ойн баярын мэнд хүргэе!

-Цаг зав гаргасан танд баярлалаа.


Эрдэнэтийн Зөвлөлийн хоёр дахь дарга Тюряков Александр Феодорович, Пунсалмаагийн Очирбат нар. 1990 он.


М.ОДГЭРЭЛ

     Эрдэнэт үйлдвэр оны эхний есөн сард 712 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулсан нь төлөвлөгөөнөөс 14 сая кВт-аар илүү гарчээ. Тайлант хугацаанд хүдэр боловсруулах төлөвлөгөө  101,8 хувийн биелэлттэй байсан нь ийнхүү цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихсэхэд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр гурван тарифт тоолуур хэрэглэснээр үйлдвэрийн хэмжээнд 2,2 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэсэн байна. Мөн  269 мянган Гкал дулаан хэрэглэсэн нь төлөвлөгөөнөөс даруй 21 мянган Гкал-аар хэтэрчээ. Энэ хугацаанд цэвэр ус 18 сая м3, бохир ус 5,2 сая м3, эргэлтийн ус 59,3 сая м3-ийг хэрэглэжээ.

Я.ЭНХ

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Эрдэнэт үйлдвэр эхний 9 сард

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100-116 хувиар биелүүлэв. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад манай уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллалаа. Энэ хугацаанд  400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


Я.ЭНХ

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог