• Хөтлөгч хүч

         1973 он. Анхдагчдын өлгий нутагт залуу хос анхны хүүгээ өлгийдөн авч, зургаан сар хүрэхтэй нь зэрэгцэн их нүүдлийн ажилд бэлтгэн, илгээлт өвөртөлсөөр Эрдэнэтийг зорин иржээ. Барилга байгууламж, шинэ хотыг бүтээн босгох ажил ид ундарч байлаа. Энэ бүхэн тээврийн жолооч Халтар гуайд тийм ч шинэ содон байсангүй. Учир нь тэр шинэ цагийн давалгаа болсон Багануур, Бор-Өндөр, Дархан, Хөвсгөл, Хөтөл гээд бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцож явсаар юм үзэж нүд тайлсан нэгэн байлаа. Энэ удаагийн илгээлтийн суурин нь Эрдэнэт байсан агаад ажил, амьдралынх нь дурсамж дурдатгалын алтан хуудас Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дунд өнгөрнө чинээ санаагүй биз. Халтар гуай хуучнаар АТКА буюу Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн байгууллагад жолоочоор ажиллаж, эхнэр Дуламжав нь энэ цехийн халуун ам бүлд багтан, мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөөр хоёул гавьяаны амралтандаа гарсан.     Уурхайчдын дунд хал үзэж, хат суусан аав нь ууган хүүгээ удам дамжсан уурхайчин болгохоор шийдвэрлэжээ. Багаасаа автомашин сонирхдог, техник сэтгэлгээтэй хүүгээ 10 дугаар анги төгссөн жил нь Автотээврийн цехийн хүний нөөцийн ажилтантай уулзуулснаар өнөө цагийн манлайлагч залуусын нэг Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаар холбогджээ. Энэ бол Халтарын Болдбаатар. Тэрээр хэн бүхэнтэй нийцтэй харьцаж, хамт олноо үлгэрлэн манлайлж, бүтээлч санал санаачилгаар үйлдвэр даяар аавынхаа нэрийг өндөрт өргөсөн. Хажуудаа байгаагаа хайрлан хамгаалж, харсан бүхнээсээ шинийг сэтгэж, үйлдвэрлэлд нэвтрүүлж болох бүхнийг эрэлхийлж явдаг сониуч зан түүнд багаас нь суусан дадал гэлтэй.         Ирж буцахын хорвоод учрахын ерөөл байдагт, уулзсан бүхэн энгийн нэг учрал биш, Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлд ажиллах болсон нь хувь тавилан гэдэгт тэрээр итгэдэг. Хүний сайныг ханилан байж мэднэ гэдэг дээ. Болдбаатарын найз нөхөд, хамт олон түүний хэн болохыг ил тодоор хэлээд л өгнө. Хүн бүрт өөрийн гэсэн баримталдаг үнэт зүйлс гэж байх. Болбаатар найз нөхөд олонтой. Гэвч тэр “Жаргаж явахдаа хүн тэнхээтэй явдаг, зовсон цагт нь нөхөртөө түшиг болж, туслахыг хичээдэг” гэх. Үнэндээ эр хүний ноён нуруу ийм л үед хань бараа, түшиг тулгуур болдогийг тэр өөрийн амьдралаар харуулж яваа.      Зургаахан сартай Эрдэнэт хотод хөл тавьсан бяцхан хүү амьдралынхаа гэрэл гэгээтэй он жилийг энэ л хотдоо үдэж, хүмүүн заяаныхаа жаргалыг эдэлж, амталж яваа нь энэ. Аавыгаа дагаж тээвэрт явсаар жолоочийн мэргэжилд “дурласан” тэрээр одоо ч эзэмшсэн мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандана. Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голох биш дээ гээд сурсан зүйлээ чадмаг хийчих ур ухаан, мэдлэг чадвар, авьяас, сэтгэл зүтгэл түүнд бий. Ийм л “алт шиг” үнэ цэнтэй ажиллагсад Эрдэнэт үйлдвэрийнхээ хэт ирээдүйд чадлынхаа хэрээр оролцож явааг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөнсөн. Басхүү, ийм залуус олон байгаасай, тэд илүү ихийг хийгээсэй, олон олон залуусыг өөрийн алхсан замаар зөв тийш чиглүүлээсэй гэж хүсмээр санагдана.     Болдбаатар амьдралд тохиох аз завшааныг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан гэдгээр тодорхойлдог. Дэлхийд данстай энэ том үйлдвэрийнг “ТОП 10” компанийн тэргүүнд байж яагаад болохгүй гэж, бид чадна гэж зоримог хэлнэ. Өдөр бүр шинэ санаагаа ургуулж, хамт олноо бод, сэтгэ, хий гэсээр угтах амжилтын өгсүүр өөд уриалан дуудна. Удирдан чиглүүлэх, урам өгөх арга ухааныг тэр Орос ах нар, ахмад үеийнхнээсээ өвлөжээ. Түүний тодорхойлсноор, үйлдвэр бол тасралтгүй хөгжиж, суралцах ажлын талбар. Тиймдээ ч Сайн саналын системийг сайшаан магтаж, 3 дахь жилдээ шилдэг 10-ийн эгнээнд жагсаж чадсан. 2018 онд түүний дэвшүүлсэн 38 саналаас 32 нь үйлдвэрлэлд нэвтэрч, өнөөдөр ч үр дүнтэй ашигласаар байна. Санал санаачилга гэдэг зүйл урт хугацааны туршид амжилттай ажиллаж, эдийн засагт үр өгөөжөө өгдөг. Түүний “Маш сайн” саналаар нэрлэгдсэн нэгэн төсөл импорт орлох бүтээгдэхүүн байсан бөгөөд өөрийн өртөг нь зардлынхаа 50 гаруй хувийг хэмнэжээ. Төсөл маань инновацийн бүтээлд мөнгөн дүнгээрээ хараахан хүрч чадаагүй гэж ярьсаар энэ жил өөр хэд хэдэн саналыг хэрэгжүүлж явна.     Сайн саналын систем буюу бүтээлч санаачилгыг дэмжих, урамшуулал олгох хэлбэрээр явагддаг энэ ажил үйлдвэрийн хэмжээнд нэвтрээд 5 дахь жилийнхээ нүүрийг үзжээ. Ажлын орчныг аюулгүй байлгах, тоног төхөөрөмжийн ажиллах хугацааг уртасгах, эдийн засгийн үр ашигтай байлгах нь Сайн саналын системийн үндсэн чиглэл. 10 жижиг саналыг хамт олноороо зөвшилцөн, нэг том санал гаргах боломжийг Сайн саналын систем олгодгоороо давуу талтай. Уурхайчин хүн ажилдаа инээж ирээд, орой гэр бүлдээ халуун дулаанаар инээгээд очих зүрх сэтгэлийн дархлааг Эрдэнэт үйлдвэр Сайн саналын системээр дамжуулан олгосоор байна.     Хүн суралцаж, тасралтгүй хөгждөг ч хөгжиж байгаагаа төдийлөн анзаардаггүй. Харин хөрөг нийтлэлийн баатар маань тоног төхөөрөмжийг задлаад угсрах нь хөгжиж байгаа нэг хэлбэр гэж үздэг. Өөрийгөө хөгжүүлж, хурцалж, залуу насаараа гоёж яваа энэ залуу МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль /2005/, АТБ-ын Хөдөлмөрийн аварга /2012/, Тэргүүний уурхайчин цол, тэмдэг /2017/, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар үнэлэгдсэн. Хөлсөө урсган байж хөдөлмөрлөсөн цаг хугацааг нь үнэлсэн эдгээр шагналаас Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-таа тэр хамгаас их хайртай. Учир нь омогшил, бахархал болсон энэ шагнал хүссэн хүн бүхэнд ирдэггүйг тэр сайн мэднэ. Тиймээс ч үйлдвэрийнхээ төлөө илүү ихийг хийж бүтээгээрэй гэсэн үүрэг даалгаврыг нэр төртэйгээр биелүүлж яваа.     Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган залуусын төлөөлөл болсон Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механикч Халтарын Болдбаатарыг бид онцоллоо. Хийж бүтээхийн төлөө анд нөхдөдөө үлгэрлэн, хөтлөгч хүч нь болсон түүний амжилт, алдрын зам дардан байг.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн аюултай хог хаягдал эх оронд хэрэгтэй бүтээгдэхүүн болон хувирна

       Аюултай хог хаягдал устгах нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй улсын хэмжээнд тулгамдсан асуудал юм. Хог хаягдлын тухай хуулийн дагуу үйлдвэрлэлд ашигласан химийн бодис, урвалжуудын сав, баглаа боодол, Авто тээврийн цехийн хаягдал дугуйнууд, шатах тослох материалуудыг эх үүсвэр дээр нь ихээхэн зай талбай эзлүүлэн хадгалж байсан нь саяхан. Харин хоёр жилийн өмнөөс БОАЖЯ-аас “Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг цөөн аж ахуйн нэгжид олгосноор 10 гаруй жилийн “толгойны өвчин” намдах болсон. Эрдэнэт үйлдвэр “Цэцүүх трейд”, “Монпити ойл” ХХК-тай хамтран ажилласнаар 10.25 тонн хуванцар сав, 200 литрийн сав 669 ширхэг, 50 кг-ийн шуудай 10.6 тонныг битүү 13 вагоноор хүргүүлсэн бол 160 тонн ажилласан масло, 722 хаягдал дугуйг битүү болон задгай машинд ачиж илгээсэн байна. “Цэцүүх трейд” ХХК нь ашигласан химийн бодисын полиэтилен торх, полипропилен шуудай, баглаа боодлыг дахин боловсруулж хуванцар эд үйлдвэрлэдэг. Харин “Монпити ойл” ХХК нь хаягдал тосыг дахин боловсруулж жилд 750-800 литр дизель түлш гаргадаг аж. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн аюултай хог хаягдал эх оронд хэрэгтэй бүтээгдэхүүн болон хувирч үр ашгаа өгч байна.     Дашрамд дуулгахад Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс Шинжлэх ухааны академиийн Химийн хүрээлэнтэй хамтран “Аюултай хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг Ерөнхий захиргааны I байранд өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад үйлдвэрийн бүтцийн нэгжийн хог баягдал болон химийн бодис хариуцагч нар хамрагдаж, аюултай хог хаягдлын хууль эрх зүйн орчин, эх үүсвэр дээр нь хадгалах арга технологи, шилжүүлэх, тээвэрлэх, цахим болон цахилгаан хог хаягдлыг дахин боловсруулах, булшлах, устгах, цогц менежментийн талаар номын “дуу” сонсов.    М.Одгэрэл                                 Дэлгэрэнгүй...
  • Г.Тулга: Орхон нийтийн тээврийн үйлчилгээ цахимжсан анхны аймаг болно

       “Систем инженерчлэл Монгол” компанийн гүйцэтгэх захирал “E-pass” буюу Эрдэнэт хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах төслийн удирдагч Г.Тулгатай ярилцлаа.    -Нийтийн тээврийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар өөрийн бодлоо манай уншигчидтай хуваалцана уу?    -Нийтийн тээврээр зорчигчдын хамгийн хүндрэлтэй асуудал нь төлбөр төлөлт, хяналтын систем.Зорчигчид ч технологид суурилсан хялбар, хурдан аргаар төлбөр төлөхийг хүсэх болсон. Тасалбар худалдан авах дараалал, цалинжуулсан тасалбар таслагч, бэлэн мөнгөөр тооцоо хийх зэрэг асуудлууд аль хэдийн ард хоцорч, зүгээр л карт эсвэл гар утсаа уншуулж байна. Энэ бэлэн бус мөнгөний систем буюу нийтийн тээвэрт цахим хэрэглээг бүрэн нэвтрүүлсэн дэлхийн 100 гаруй хот байна. Энэ шийдлүүд хотуудад дагалдах давуу талуудыг ч бий болгож байна. Жишээ нь өдөрт 8.5 сая хүн зорчдог Лондонд хэрэгжүүлэхэд картын технологи, төлөвлөлт, техникийн болон худалдаалах асуудлыг шийдвэрлэх төвөгтэй байдал үүссэн. Эдгээрийг мастер картаар шийдсэн нь сайн хэрэгжиж, олон хотууд загвар болгоод явж байна. Нью Йоркд уг системийг энэ онд бүрэн хэрэгжүүлэх бөгөөд дэлхийн том хотыг  өндөр түвшний системтэй болгоно гэж үздэг. Мексикт нийтийн тээвэрт төлбөрийг банкны картаар хийх болсноор эдийн засгийн эерэг нөлөөлөл авчирсан. Үүний жишгээр Монгол улс цахимжсан картыг Улаанбаатар хотод хэрэгжүүлээд явж байна. Хэрэгжилтийн эхний үед хуучин дүрмээ ашиглан тасалбар авахыг хүсдэг, карт худалдан авдаггүй, цэнэглэдэггүй, хөнгөлөлт-чөлөөлөлтийг шийдвэрлэх, санхүүжилтийг зохицуулах зэрэг олон бэрхшээл саад гарсан ч өнөөдөр үйл ажиллагаа тогтворжиж, тодорхой үр дүнд хүрч байна.    -Эрдэнэт хотод энэ төсөл хэрэгжих болсон шалтгаан, нөхцөл юу вэ?    -Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас 2016-2020 онд Эрдэнэт хотыг “Ухаалаг хот” болгон хөгжүүлэх ажил эхэлж, дижитал технологийг эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, оршин суугчдын үйлчилгээнд нэвтрүүлэх зорилт тавьсан. Мөн аймгийн нийтийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд хэмжих хэрэгсэл суурилуулан бүртгэл, хяналтын нэгдсэн системийг бүрдүүлэхээр шийдвэрлэсний дагуу манай компани 2018 онд тус аймагт үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад GPS систем нэвтрүүлсэн. Одоо системийн үйл ажиллагааг  бүрэн хариуцан ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-аас гарааны бизнес, инновацын байгууллагуудыг дэмжих бодлого барьж ажиллаж байгаа. Өмнө нь хамтран гүйцэтгэсэн ажил амжилттай хэрэгжсэн давуу тал бидэнд бий. Ингээд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Авто тээврийн төв, төсөлд хамрагдах гурван автобус компанитай 2019 оны зургадугаар сарын 27-нд гэрээ хийж уг төсөл хэрэгжүүлж байна. Төслийн нөхцөлийн хувьд бид орон нутгийн автобус компаниудын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр 100 хувь өөрсдөө шийдэх үүрэг хүлээсэн. Энэ төслийн эхний шатанд 600 орчим сая төгрөгийн санхүүжилт орно. Нэг онцлог нь монгол залуусын бүтээсэн программ хангамж, угсралт,суурилуулалт энэ онд багтаан хийгдэнэ.     -Төслийн давуу талыг гэрээлэгч талуудын хувьд яаж харж байна вэ?    -Шийдвэрлэх асуудлууд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болон аж ахуйн нэгжүүдэд ч байна. Аж ахуй нэгжүүдийн алдагдал, рейстэй холбоотой асуудал, төрөөс олгох санхүүжилт, төсвийн ачаалал гэх мэт асуудлыг хэрэгжүүлэх төслийнхөө хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Асуудлуудаа тодруулаад, шийдвэрлэх боломжуудыг судлаад, шийдлүүдийг оруулаад явж байна. Үүний зэрэгцээ технологийн шинэ чиг хандлагуудаа ч орхигдуулж болохгүй. Хамгийн ашигтай, хэрэглэгчдэд хялбар, зөв шийдлүүд байх ёстой. Ер нь гэрээлэгч талуудад аль алинд нь ашигтай байдлаар шийдэх, цаашдын хамтын ажиллагаанд нь тусламж дэмжлэг үзүүлнэ. Ямартаа ч төсөл хэрэгжээд бүгд үр ашиг хүртэж буйд сэтгэл ханамжтай байна.   -Төсөл хэрэгжүүлэх явцад “Start Up” компанийн хувьд бэрхшээл тулгарч байна уу?    -Залуу компанийн хувьд бэрхшээл олон байгаа. Бидний хувьд төрийн болон аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулан, санхүүжилтээ өөрсдөө босгон ажиллаж байгаа анхны төсөл. Гэрээлэгч талуудтайгаа гэрээгээ хүндэтгэн ажиллах, мэдээлэл солилцох, харилцаа хамтын ажиллагаа чухал. Ер нь төслийн менежменттэй холбоотой асуудлуудыг талууддаа ойлгуулах, мөн компанийнхаа залуусын ур чадвар, чадамжийг сайжруулах, нутагшуулах гээд нэлээд олон талт ажил өрнүүлж байна. Компанийн хувьд асуудлыг дэвшлүүд ирнэ гэж харж байгаа. Төсөл удирдсан  залуу хүний хувьд ч гэсэн давхар суралцаад явж байна.   -Төслийг орон нутаг болон автобус компаниудаас зардал гаргахгүй өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх нь эрсдэлтэй санагдах юм. Энэ талаар тодруулна уу?    -Бидний “Start Up” залуу компани. Том зорилготой бас эрсдэл үүрч байж амжилтад хүрнэ. Хувийн байгууллага санхүүжилтээ өөрсдөө гарган, олон нийт, улс орондоо хэрэгтэй төсөл хэрэгжүүлэх туршлага дэлхий дахинд  бий. Жишээ нь БНХАУ-д хувийн компаниуд зам барьж, хураамжийн орлогоороо зардлаа нөхдөг. Ингэж хувийн байгууллага өөрсдөө зардлаа гаргаж, нийгэмд тулгарсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх нь зөв гарц. Ялангуяа улсын төсөв хязгаарлалттай үед, боломжтой ажлуудыг хувийн компаниудад хариуцуулж хийлгэвэл хариуцлага, чанар дагалдана. Учир нь тухайн компани гаргасан зардлаа хөрөнгө оруулалт хийсэн зүйлийнхээ үйл ажиллагаанаас нөхдөг тул баталгаат хугацааны асуудлыг гүйцэтгэгч бүрэн хариуцдаг. Компани ч өсөж дэвжих, туршлагажих боломжтой.    -Цаашид хэрэгжүүлэхээр зорьсон ажлаасаа танилцуулна уу?   -Бидний хамгийн эхний зорилт энэ төслөө амжилттай хэрэгжүүлж нэвтрүүлэх явдал.  Хэрэгжүүлээд зогсохгүй дараагийн шатуудаа зураглан, төлөвлөөд явж байна. Цаашид үйлчилгээний стандарт тохирсон UBCAB онлайн такси үйлчилгээг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр болон такси үйлчилгээний стандартыг ахиулж, төлбөр тооцооны нэгдсэн систем оруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ажиллана даа. Ер нь Эрдэнэт хотыг шинжлэх ухаан, инновацын суурь жишиг хот болгох концепцийг улс даяар харуулах том зорилготой. Ингэснээр үндэсний  компаниуд, залуучууд нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.    -Танд ажлын өндөр амжилт хүсье.   - Баярлалаа. Зорчигчдод хандаж хэлэхэд та бүхэн манай хэрэгжүүлж байгаа төслийн Erdenet Epass пэйж хуудаст нэгдэж мэдээлэл авч, саналаа илгээж байгаарай. Таны санал бидэнд үнэ цэнтэй байх болно.                                                                                                                             Т.БАТЧУЛУУН   Дэлгэрэнгүй...
  • Нараар эрчим хүч үйлдвэрлэж байна

       Нартай үед нарнаас эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг , илүүдэл эрчим хүчийг сүлжээ рүү шилжүүлдэг, наргүй үед автоматаар сүлжээнээс эрчим хүчээ авдаг On-grid системийг нэвтрүүлснээр гурван сарын хугацаанд 300 гаруй мянган төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэжээ. Энэ төслийг Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Б.Хээрийнбаатар санаачилжээ. Тус төслийн хүрээнд хийгдсэн  Нарны судалгааны лабораторийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дээд боловсролыг дэмжих төрийн бодлого хэрэгжиж байгаа таатай нөхцөл бүрдсэн энэ үед Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Оюутны байрны цахилгаан хэрэглээний эх үүсвэрийг Сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр  бүхий эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлээд байгаа нь энэ юм.    Төслийн багийнхан өнгөрөгч 6-р сарын 28-нд 5 квт цагийн эрчим хүч үйлдвэрлэдэг нарныхаа станцын 50 хувийг залгасан байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэж сургуулийнхаа хэрэгцээнд нийлүүлжээ. Ухаалаг инвертерийн тусламжтайгаар гар утсандаа бүх мэдээллийг авч, оюутнууд судалгааны ажил хийхэд бүрэн боломжтой болжээ.    ШУТИС-ын хэмжээнд анх удаагаа Нарны судалгааны лабораторитой болсноор эрчим хүч хэмнэж, Технологийн сургуулийнхаа эрчим хүчний 30 гаруй хувийг нараар шийдэж байна.    “Цаашид Эрдэнэт үйлдвэрийн алслагдсан байршилтай газруудад гэрэлтүүлгийг энэ системээр хангахаар төлөвлөсөн ажлууд олон бий” гэж төслийг санаачлагч ярьж байна. Ингэснээр уламжлалт эрчим хүчнээс илүү Сэргээгдэх эрчим хүч рүү дэлхий нийтээр түрэн орж ирж байгаа энэ үед оновчтой, ухаалаг шийдэл бүхий энэхүү төсөл өргөжих боломжтой юм. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Цахилгааны цехийн ирээдүй гэрэлтэй байна

       Эрдэнэт үйлдвэр зэс, молибдены баяжмал үйлдвэрлэн гаргах үндсэн үйл ажиллагаатай. Үйлдвэрлэлийн процессыг тасралтгүй, найдвартай  явуулахад  хамгийн чухал хүчин зүйл нь эрчим хүч. Цахилгаан, дулаан, уур, усгүйгээр Эрдэнэт  үйлдвэрийг төсөөлөхөд бэрх. Иймээс бид үйлдвэрийн процесст амин чухал үүрэгтэй цех, хэсгүүдийн үйл ажиллагааг цувралаар сурвалжилж, тэдний гол хөдөлгөгч хүч болсон ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцах юм. Эхнийх нь “Хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр найдвартай соёлтой хангах” эрхэм зорилготой Цахилгаан цех. Үйлдвэрийн дүүрэгт орших эдний офисс багахан цэцэрлэгт хүрээлэнг санагдуулам. Харин хана, шалыг нэгэн хархүү гялалзтал угааж зогсох нь содон. Тэр багш мэргэжилтэй ч ижийгээ залгамжлан ажлын байрыг цэмцийлгэж  буй нь тэр.    Цахилгаан цех нь Шугам сүлжээ дэд станц, Реле хамгаалалт автоматик, Теле механик, Цахилгаан техникийн тусгай лаборатори, Шуурхай үйлчилгээ диспетчерийн, Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын, Захиргааны гэх долоон хэсэгтэй. Тэд Эрдэнэт үйлдвэрийн өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж, эрчим хүч түгээн дамжуулдаг.     Бид энэ эрхэм үйлсийн эзэд залуусын төлөөлөлтэй уулзаж дараах асуултад хариулт авсан  юм.    Цахилгаан техникийн тусгай лабораторийн хэмжилт тохируулга туршилтын инженер В.Анхбаяр: Онцгой боловсон хүчин байхыг эрмэлздэг        - Эрдэнэт үйлдвэртэй хэрхэн холбогдсон бэ?    - Би  Эрдэнэт үйлдвэрт 10 дахь жилдээ ажиллаж байна. Эхний хоёр жил цахилгаанчнаар, тэгээд л инженер болсон.    - Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?    - Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд цахилгаан тоног төхөөрөмжийн хэмжилт туршилт хийдэг. Манай лаборатори төвийн бүсийн бүх аймагт туршилт хийх эрхтэй. Өндөр хүчин чадалтай төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал Авсралийн Баур фирмийн явуулын лабораторийг өнгөрсөн жил авсан. Энэ нь Монголд ганцхан бөгөөд манайд ашиглагдаж байна. Цахилгаан гүйдэл таван мэдрэхүйгээр мэдэгдэхгүй. Иймээс тусгай зориулалтын дурангаар халалт дуранддаг. Нил ягаан туяаны үзлэгээр цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтэл илрүүлэх хамгийн сүүлийн үеийн ФлирТ1020 төхөөрөмж саяхан манайд ирсэн.    - Эрдэнэт үйлдвэрт залуус хөгжих боломж хэр байдаг вэ?    - Боломжтой. Залуусыг сургах хөгжүүлэх талаар үйлдвэр, цехийн удирдлагаас их анхаардаг. Тухайлбал, саяхан Эрчим зүйн хэлтэс манай цехтэй хамтран орчин үеийн Матлаб-ын сургалт явуулсан. Энэ чиглэлээр Монголдоо “толгой цохих” мэргэжилтэн, профессор Н.Ариунболор багшийг  урьж заалгасан. Энэ программ нь  маш том мэдээллийн сан дээр боловсруулалт хийснээр  хэрэгтэй зүйлээ авах, шинийг хийж  үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бас эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх ч  боломжтой.  Энэ программыг ашиглан ороомгийн групп  тодорхойлох механик ажиллагаатай багажийг автоматжуулан бүрэн автомат багаж зохион бүтээх санаа байна. Одоогоор  янз бүрийн  трансформатор дээр ашиглахад хэр байх, холболтын төрлийг өөрчлөн туршин судалж  байна.  Алсдаа судалгааны ажил хийх сонирхол байгаа.    - Таны цаашдын зорилго?    - Би  шинэ юм сурч, мэдэх эрмэлзэлтэй. Орос хэлийг бие даан сурсан. Англи хэлний мэдлэгээ улам ахиулахаар хичээж байгаа. Бидний үеийнхэн интернетээр олон зүйл сурах боломж байна. Цаашдаа мэргэжлээрээ  гадаадад магистрт сурах  хүсэл бий. Цахилгаан тоног төхөөрөмжийн тусгай лаборатори улсад ганц байх онцгой лаборатори. Үүнд  нийцсэн онцгой боловсон хүчин байхын төлөө мэрийдэг. Бүх талын  ялангуяа цахилгаан тоног төхөөрөмжийн өргөн мэдлэгтэй болохын төлөө чармайж явна.    Шугам сүлжээ, дэд станцын хэсгийн туршилт, хэмжилт хамгаалалтын инженер Г.Ган-Эрдэнэ: Залуу хүн чадахгүй гэж хэлэх эрхгүй         - Эрдэнэт үйлдвэртэй хэрхэн холбогдсон бэ?    - Би аавынхаа ажил мэргэжлийг өвлөн цахилгаанчин болсон. Аав  Ш.Гансуурь минь энэ цехэд олон жил ажилласан, ажилч хичээнгүй хүн байсан юм. Би аавынхаа  үйлсийг үргэлжлүүлж яваагаараа бахархаж, нэрийг нь өндөрт өргөж явахсан гэж хичээдэг. Би мэргэжилдээ их дуртай.    - Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?    - Эрдэнэт үйлдвэрийн өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, угсралтын үйл ажиллагааг хариуцдаг. Засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийснээр үндсэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, цаашлаад үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал  нөлөөтэй.  6кВ-ын кабель гэмтлээ гэхэд тухайн тэжээж буй тоног төхөөрөмж хүчдэлгүй болно. Бид аль болох шуурхай ажиллан холболт хийж, тоног төхөөрөмжийг хүчдэлтэй болгох жишээтэй.    - Эрдэнэт үйлдвэрт залуус хөгжих боломж хэр байдаг вэ?    - Боломжтой. Энэ жил манай цехийн ажилтнуудад явуулсан  Диг сайлант компанийн Повер Фактор программын сургалт их таалагдсан. Цахилгаан системийг бүхэлд нь программд оруулж бүх төрлийн тооцоо судалгаа хийх боломжтой юм билээ. Би үндсэн ажлынхаа зэрэгцээ, Технологийн сургуульд мэргэжлээрээ багшилдаг. Ер нь мэргэжлээ улам гүнзгийрүүлэн судалж, бас гадаад хэлийг шамдан суралцаж байна.  Мөн цехийнхээ Бүтээмж инновацийн чиглүүлэгчээр ажиллаад жил боллоо. Бүтээмж инновацийн сургалтад олонтаа хамрагдсан. Эндээс сурч мэдсэнээ хамт олондоо түгээж байгаа. Ажиллагчдынхаа хандлагыг өөрчилж, шинийг санаачлах идэвхийг нь өрнүүлэх чиглэлээр  ажиллах урамтай бас сонирхолтой байдаг. Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжихийг хүсдэг.    - Таны цаашдын зорилго?    - Мэргэжлийн ном болон уран зохиолын ном унших дуртай. Саяхан Цахилгаан цехийн шинэ ажилтнуудад зориулсан гарын авлага хэвлэн гаргасан. Цаашдаа мэргэжлийнхээ дагуу ном бичих төлөвлөгөө бий. Залуу насандаа хийж бүтээж, сурч боловсорч, өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд “Залуу хүн чадахгүй гэж хэлэх эрхгүй” гэж боддог.         Үйлдвэр техникийн албаны дарга техникийн шинэчлэл, төлөвлөгөө хэрхэн биелж буй талаар ийн ярилаа   Н.Чулуунбаатар: Техникийн шинэчлэл эрчимтэй өрнөж байна      - Техник шинэчлэлийн хүрээнд  хийж буй ажлаасаа ярина уу?    - Цахилгааны цехэд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимтэй өрнөж байна. Манай цехийн удирдлага, хамт олны санаачилга, үйлдвэрийн удирдлагын дэмжлэгээр энэ ажил тун урагштай яваа. Тухайлбал, Цахилгаан тоног төхөөрөмж засварын хэсэгт ороомог сугалах тусгай технологитой. Монгол улсад анхны төхөөрөмжийг бид хүлээн авлаа. Тус төхөөрөмж нь нэлээн нарийн технологитой учраас үйлдвэрлэгч  компаниас мэргэжилтэн ирж тохируулах юм. 35/110кВ-ын сэлгэн залгалтын аппаратур буюу элегазын таслуурын шинэчлэл мөн үргэлжилж байна. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд ихэнх дэд станцуудаа сольж дууслаа. Очистные-Б 35кВ-ын шугамын 2 дэд станц захиалсан, хугацаанаас хойшилж саяхан худалдан авалт хийгдлээ. Дулааны улиралд сольдог дүрмийн дагуу ирэх хавар суурилуулна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахилгаан хангамжийг хянаж удирддаг Телемеханикийн хэсгийн СКАДА системийн программ хангамж үндсэндээ бүрэн шинэчлэгдэж уг ажлыг Шнейдер Электрик Энлайт компани хийж дуусгалаа. Манай Цахилгаан техникийн тусгай лаборатори улсын хэмжээний тусгай зөвшөөрөлтэй лаборатори. Энд орчин үеийн өндөр түвшний нарийн хэмжүүрүүд нийлүүлэгдэж байгаа. Манай үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өргөтгөснөөр орчин үеийн өндөр чадал, өндөр хүчдэлтэй тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Энд хийх туршилт, хэмжилтийн зориулалтаар нилээд олон багаж төхөөрөмж авсан. Тухайлбал 110кВ-ын дэд станцын кабель, агаарын шугам, трансформаторт өндөр хүчдэлийн туршилт хийх зөөврийн төхөөрөмж оруулж ирсэн. Үүгээр ЦРП-10 дэд станцын шинэ трансформатор туршсан. Эхний туршилт амжилттай болсон. 35кВ-ын дэд станцын 10000кВА чадалтай трансформаторын шинэчлэл хийгдэж байна. Хоёр жилийн турш Худалдан авалт, хангамжийн хэлтэстэй хамтран ажиллаж трансформатор хүлээн авсан. Казахстанаас хоёр мэргэжилтэн ирж манай инженерүүдтэй хамтран угсарч, туршилт хийлээ.     - Ган бөөрөнцгийн цехийн шинэчлэлтэй холбоотойгоор цахилгаан хангамж шинэчлэгдэх үү?    - Тийм ээ. Ган бөөрөнцгийн цех  коксожсон нүүрс шатааж, ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг технологио өөрчлөн  индукцийн зуух тавьж буйтай холбогдуулан их чадлын тусгай цахилгаан хангамж хэрэгтэй болсон. Үүнтэй холбогдуулан тэжээлийн 6 кВ-ын агаарын шугам татах бэлтгэл ажил хийгдэж байна. 12-р сард Ган бөөрөнцгийн цехийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн ашиглалтад ороход цахилгаан хангамжийн асуудлыг бид бүрэн шийдэх ёстой. Одоогоор кабель суурилуулах болон агаарын шугамуудын тулгуурын  суурийг бэлтгэж байна.     - Мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах чиглэлээр сүүлийн үед ямар ажил хийж байна?    - Шинэ тоног төхөөрөмж суурилуулж буйтай холбогдуулан мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажил давхар явж байна. Реле хамгаалалт автоматикийн хэсгийн даргыг саяхан бид “Шанхайн экспо” үзэсгэлэнд оролцуулсан. ABB компанийн хөдөлгүүрийн туршилт засварын чиглэлээр Хөдөлгүүр засварын мастерыг мөн БНХАУ-ын Шанхай хотод сургалтад явуулах гэж байна. Хүний нөөцийн бодлогоор дөрвөн инженерийг ОХУ-ын Их сургуульд магистрын сургалтад явуулах гэж байна.    - Төлөвлөгөөт ажил хэр биелж байна?    - Манай цех тусгай тоног төхөөрөмж ашиглан Эрдэнэт үйлдвэрт жилд ойролцоогоор 906 сая.кВт/цаг цахилгаан эрчим хүч түгээж, дамжуулдаг. Энэ ажлаа тасралтгүй, найдвартай явуулахын тулд тоног төхөөрөмжүүдээ зогсолтгүй, баталгаатай ажиллуулах ёстой. Үүний тулд төлөвлөгөөний дагуу жилийн турш урсгал болон их засварын ажил хийдэг. Одоогоор доторх тоног төхөөрөмжийг засварлах ажил хийж байна. Өнөөдрийг хүртэл тайлант хугацаанд төлөвлөсөн ажлууд 100 хувийн биелэлттэй явна. Энэ оны 12 дугаар сарын 20 гэхэд жилийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх зорилготой ажиллаж байна.   Я.ЭНХТУЯА Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Туршилтаар шахмал түлш хийж эхэллээ

       Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай жишиг уурхайн хувьд олон нийтэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Энэ удаа  агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй, утаагүй, шахмал түлш хийх үйл ажиллагааг туршилтаар эхлүүллээ.    Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсэг дээр жижиг хэмжээний технологи суурилуулан ОХУ-ын PMI sysmems компанийн гурван инженерийг авч ирж туршилтаар шахмал түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.    Химийн барьцалдуулагч ямар нэгэн бодис ороогүй харин ч модны навч, үртэс, хамгийн хямд түүхий нүүрсийг баяжуулан  шахмал түлш хийн туршиж байна. Бүр төрлийн зууханд хэрэглэж болох тал дээр анхааран хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх тал дээр туршилт хийгдэж байна.     Туршилт эхлээд гурав хонож байна. 11-р сарын нэгэн гэхэд туршилтын хугацаа дуусаж лабораторын шинжилгээ хийлгэн хүлээн зөвшөөрөгдвөл аймгийн айл өрхүүдэд, төрөл бүрийн зуухтай айлуудад туршиж, нэвтрүүлэх юм.     Дашрамд дуулгахад энэ шахмал түлшийг Оросын холбооны улсын анчид, хүчний байгууллагынхан битүү газарт, майханд хэрэглэдэг юм байна. Орхон аймгийн хэмжээнд 13190 орчим айл гал түлдэг гэсэн судалгаа байна. Энэ туршилт амжилттай болсон тохиолдолд хямд үнээр, утаагүй, байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй  энэхүү шахмал түлшийг нэвтрүүлэн энэ технологийг нутагшуулахаар ажиллаж байна.                                                                                           А.Бямбамаа                   Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Хүний нөөцийн бодлогыг нотолгоонд суурилсан шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлэх нь чухал

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяртай ярилцлаа.   - “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгоод тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бүтэц, нэгжийн өөрчлөлт хийх зэрэг нэлээд ажил өрнөсөн байх.  Ямар өөрчлөлтүүд хийгдсэн бэ?    - Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03-р сарын 21-ны өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Үүнтэй холбоотой үйлдвэрт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүдийг шинэчлэх томоохон цар хүрээтэй ажлууд хийгдлээ. Бид үйлдвэрийн 6000 гаруй ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт шинэчлэх, мөн үйлдвэрийн газрын ажилтнуудын хүний нөөцийн мэдээллийн сангийн сайжруулалтын  ажлыг холбогдох хэлтсүүдтэй хамтарч богино хугацаанд хийж гүйцэтгэж байна.    - Бүтэц, орон тоо өөрчлөгдөхтэй зэрэгцэн албан тушаалын томилгоо хийгддэг. Хэр өөрчлөлт орсон бэ?    - Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  баталсан бүтцийн дагуу  Монгол Улсын Засгийн газрын баримталж буй удирдах ажилтныг шаталсан мерит зарчмаар дэвшүүлэн ажиллуулах чиглэлийг баримтлан  үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудыг Ерөнхий захирал томилсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт удирдах ажилтнуудын  90 хувь нь үйлдвэрт  тодорхой албан тушаалд ажиллаж байсан ажилтнууд бол,  41.8 хувь нь 45 хүртэл насны залуу ажилтнууд,  62.7% нь төрөлх үйлдвэртээ 11-ээс дээш жил ажилласан  бүх шатны удирдлагын  түвшинд тогтвортой ажиллаж,  хүний нөөцийн бодлогын хүрээнд олон жил бэлтгэгдсэн, уул уурхайн салбарын туршлагатай ажилтнууд ч ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээл дээрээс мэргэжлийн туршлагатай цөөн мэргэжилтнийг урьж ажиллуулсан.  Манай үйлдвэрт туршлагатай, дадлагатай, мэргэжилтэй удирдах ажилтны хангалттай нөөц бий. Ер нь хүний нөөцийн бодлого гэдэг зөвхөн томилгоо төдий  асуудал биш. Үйлдвэрийн урт хугацааны хөгжлийн  бодлогын нэг чухал хэсэг.    - Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн статус өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажиллагсадтай хийх гэрээг шинэчлэн байгуулсан гэсэн үг үү?      - Тийм. Үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой хөдөлмөрийн харилцааны бүхий л баримт бичиг шинэчлэх шаардлага гарсан. Түүнээс ямар нэгэн байдлаар ажилчдыг  хоморголон халсан, өөрчилсөн зүйл байхгүй. Хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан цөөн тооны хүн бий. Хүний нөөцийн бодлогын хүрээнд өндөр мэргэжилтэй инженер техникийн ажилтнуудыг зөв  байршуулан ажиллуулах асуудлыг үйлдвэрийн газрын Ерөнхий захирал, удирдах бүрэлдэхүүн онцгой анхаарч  ажиллаж байна. Энэ онд нийт бүтцийн нэгжийн 153 ажилтныг дэвшүүлэн ажиллуулсан бөгөөд эдгээр ажилтны 24%-ийг ажилчны орон тоон дээр ажиллаж буй дээд боловсролтой залуучууд эзэлж байгаа бол, 38.5% нь инженер техникийн ажилтнаас удирдах албан тушаал дэвшин ажилласан  байна. Мөн 66% нь залуу ажилтан байгаа нь үйлдвэрийн газрын  залуу чадварлаг  ажилтнуудыг дэмжих бодлогын хүрээнд тэдний ур чадварыг бодитой үнэлж байгаагийн тод жишээ гэж харж болно.    - Үйлдвэрийн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн талаар товч танилцуулна уу. Хүний нөөцийн бодлогыг бодит судалгаанд үндэслэх шаардлагатай гэж та бүхэн үзсэн үү?    - “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/656 тоот тушаалаар бид “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж байна. Энэ хүрээнд мянга гаруй ажилтныг хамарсан Сэтгэлзүйн болон социологийн судалгааны томоохон ажлыг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэйгээ хамтран  хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын үр дүнгээр хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөр боловсруулах дэд хэсгүүдийг байгууллаа. Шинэ ажилтны дасан зохицох, Залуу ажилтныг дэмжих, Манлайллын буюу түлхүүр ажилтны, Ахмад ажилтанд зориулсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх дэд ажлын хэсгүүдийг байгууллаа. Тухайлбал шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр гэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн 40 гаруй жилийн түүхэнд хүний нөөцийн нэг үе бүрэн солигдсонтой холбоотой уялдаж байгаа юм. Үйлдвэрийн нийт ажилтны нас насанд нь тохирсон  бодит судалгаа, нотолгоонд үндэслэсэн бодлого боловсруулан ажиллах нөхцөл шаардлага бидэнд зайлшгүй тулгарч байна. Залуу ажилтнуудыг дэмжих, хөгжих боломжоор хангах, түлхүүр ажилтны  манлайллыг урамшуулан  хөгжүүлэх нь  компанийн хүний нөөцийн бодлогыг тогтвортой авч явах, зөв хандлагатай чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх чухал  нөхцөлийг бүрдүүлнэ гэж бид харж байна.    - Судалгааны үр дүнгээс онцлох ямар асуудал байна вэ?    - Шинэ ажилчдын сэтгэлзүйн судалгаанаас харахад манай үйлдвэрт ажилд орсон залуу ажилчдын дундаж нас 31 байна. Тэд ажилдаа сэтгэл хангалуун байдал маш өндөр хувьтай байгаа нь судалгаагаас харагдсан. Ажил сайжруулах, шинийг санаачлах, сэтгэлгээ нь хайрцаглагдаагүй, уян хатан, ажлаа төгс хийх эрмэлзэлтэй, бусдын хяналтгүйгээр хариуцлагатай ажиллах хандлагатай байгааг эндээс харж болно. Мөн социологийн судалгаа хийгдсэн.  Шинээр ажилд орсон хүмүүст дасан зохицоход хэдий хугацаа орж байна, эерэг болон сөрөг хүчин зүйл юу байна гэх мэтчилэн маш нарийн судалсан. Ажилтны  тогтвортой ажиллах сэтгэлзүй өндөр байгаад шууд нөлөөлж буй хүчин зүйл нь бичил хамт олон юм гэдэг нь судалгаанаас харагдаж байна.  Шинэ залуу ажилчдыг тогтвортой ажиллуулж, тухайн ажлын байранд чадварлаг хүний нөөц болгон үлдээнэ гэдэг бол маш чухал асуудал. “Эрдэнэт”  үйлдвэр том хамт олон. Зөвхөн уул уурхай гэлтгүй эмнэлэг, нийгмийн харилцаа, аялал жуулчлал, спорт, урлаг зэрэг нийгмийн олон салбарын мэргэжлийн хүмүүс нэгдэж ажилладаг онцлогтой. Тиймээс шинэ хүмүүсийг үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгуулж, энэ том гэр бүлийн гишүүн болсныг нь танилцуулах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөж байна. Манай Технологийн сургуулийн удирдлага, мэргэжилтнүүд энэ хөтөлбөр дээр хамтран ажиллаж байна. Судалгаанаас харахад, шинээр ажилд орсон хүмүүст мэдээлэл дутмаг байдал зонхилж байгааг олж харсан. Бид үүн дээр анхаарч ажиллана.    - Үйлдвэрт тэтгэврийн насанд дөхсөн ахмад ажилтнууд цөөнгүй хувийг эзэлдэг. Тэдэнд чиглэсэн ямар бодлого байх  вэ?    - Манайд салбартаа дээгүүрт үнэлэгдэх арвин туршлагатай ахмад ажилтнууд олон бий. Ахмад ажилтны судалгаанд оролцогчдын 84.2  хувь тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн бэлтгэл маш чухал гэж үзсэн бөгөөд ахмад ажилтанд зориулсан бодлого хөтөлбөр чухал гэдэгтэй санал нэгдсэн байна. Судалгааны дүнгээс харахад зарим талаар шинийг санаачлах эрмэлзэл буурсан ч мэдсэн сурснаа бусдадаа зааж өгөх чин хүсэлтэй байдаг. Тэдний эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн халамж, үйлчилгээ болон  тэтгэврээс гадна нэмэлт орлоготой болох боломжийн талаар сургаж, бэлтгэх хэрэгцээтэй байна. Харин залуу ажилтнууд ахмадуудаасаа илүү үлгэр дуурайлал, зөв хандлагыг хүлээж байдаг нь судалгаанаас харагдсан.    - “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орох хүсэлтэй хүн олон байдаг. Сул ажлын орон тоо байхгүйн зовлон хэзээд л байдаг шүү дээ. Он гарсаар хэдэн ажлын байранд сонгон шалгаруулалт хийсэн бэ?    - “Эрдэнэт” үйлдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас батлагдсан хязгаар дотор хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ. Тогтвортой ажлын байр, тодорхой хэмжээний өндөр цалин хөлсийг дагаад хүний нөөцийн хөдөлгөөн маш бага байдаг. Тогтворжилтын коэффициент өндөр гэсэн үг. Яагаад гэвэл хүмүүс нэгэнт ажилд орсон бол ажлаас гарах сонирхол, магадлал маш бага. Манай ажлын байрны гол хөдөлгөөн  ажилтан хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд гардаг. Гэхдээ хамтын гэрээний 2.4 заалтаар “Эрдэнэт” үйлдвэрт 20-иос дээш жил ажилласан хүн тэтгэвэрт гарахдаа өөрийн мэргэжлээр суралцаж төгссөн нэг хүүхдийг үе уламжлан ажиллуулах эрхтэй байдаг. Сул ажлын байрыг нээлттэй зарлаж сонгон шалгаруулалтаар иргэдийг ажилд авах зарчим баримтлан ажиллаж байна. Хагас жилийн байдлаар 53 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох мэргэжлийн хэлтэс, бүтцийн нэгжүүд зохион байгуулсан.    - Хамтын  гэрээний дээрх заалтыг зарим хүн “Үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг алдагдуулж байна” гэж шүүмжилдэг. Эцэг эхийнхээ оронд ажилд орсон залуус ажлын шаардлага хангаж чаддаг уу?      - Хоёр талтай. Хамтын гэрээний энэ заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас буруу, эсвэл зөв гэх нь оновчгүй. Энэ заалт нь нэг талаас тухайн хүнийг тогтвортой сайн ажиллах хөшүүрэг болдог. Ажилтныхаа нийгмийн асуудлыг ч шийдвэрлэдэг сайн талтай. Нөгөө талаас тухайн ажлын байранд үнэхээр чадварлаг, авьяастай хүнийг шударгаар сонгон шалгаруулах зарчим алдагдаж байна уу гэвэл бас бодох л асуудал. Гэхдээ үе залгамжлан ажиллах гэж байгаа хүүхдүүдийг нь мэргэжлийн хувьд тэнцэж байна гээд ажилд шууд оруулчихдаггүй. Туршилтын хугацаанд тавигдсан шаардлага хангасан тохиолдолд үндсэн ажилтан болгодог.    - Манай үйлдвэр өөрийн гэсэн дотоод соёлтой, хариуцлагатай, улс нийгэмдээ ч өндөр ач тустай хамт олон. Гэвч цахим орчинд энэ хамт олны хийж бүтээснийг харлуулах оролдлого мэр сэр гардаг. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?    - “Эрдэнэт” үйлдвэр бол хөгжлийн, түүхийн, үнэт зүйлийн хувьд ч маш их үнэ цэнтэй том байгууллага. Тийм ч учраас манай ахмадууд энэ бор уулын буян хишгээр сайхан амьдарч байна гэж хэлдэг шүү дээ. Үйлдвэр ямар ч статустай байлаа гэсэн энэ уурхайчин хамт олны нуруун дээр, энэ хүмүүсийн зүрх сэтгэл дээр л үйлдвэр тогтож, энэ баялаг бүтээгддэг.  Гэтэл тэр үнэт зүйлсээ харлуулж байгаа нь идэж буй будаа руугаа нулимахтай адил гэж би үзэж байна. Ажилтан ч, удирдлага ч байгууллагынхаа дотоод дүрэм журмыг мөрдөж ажиллах нь зохистой юм.    - Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг та бүхэн хэрхэн угтаж байна вэ?    - Хүний нөөцийн ажилтны өдрийг угтаж үйлдвэрийн газрын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийг үнэлэх, тэдний ажил хөдөлмөрийг сурталчлах, мөн сургах хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлыг төлөвлөн хийж байна. Манай хамт олон Монголын Хүний Нөөцийн институттэй хамтарсан Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн эрхзүйн чиглэлийн сургалтыг амжилтай зохион явууллаа. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний “НR DAY-2019” чуулганд хамт олны төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байна. Ер нь манай “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд маш чадварлаг, ажлын ачаалал даах чадвартай, нэг санаа зорилготой сайхан хамт олон байдаг. Тэднийгээ мэргэжлийн хувьд хөгжүүлж бодлогын түвшинд ажиллах боломжийг нээж өгөх нь бидний гол зорилго юм.  Эцэст нь хэлэхэд “Posche”  компанийн Ерөнхий менежер Петер Шуц-ын хэлсэнчлэн “Хандлагыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүлэх” асуудал ямар ч компанийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвшилд чухал байдгийг онцольё доо.       - Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.   Б.УЧРАЛ Дэлгэрэнгүй...
  • “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээнд 20 баг өрсөлдөж байна

       Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчдад хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээн өчигдөр эхэлж нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэж, нийт багууддаа амжилт хүслээ.    Ус хангамжийн цех, Эрдэнэт сувиллын цогцолборын тоглолтоор тэмцээн эхэлж, багууд асуулт хариулт, аюул түүний үр дагаврыг тогтоох даалгавруудаас гадна "Аюулгүй ажиллах соёл" сэдвээр урлагийн үзүүлбэр үзүүллээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариултын тэмцээнээр үргэлжилж, хөгжөөн дэмжигчдийн оролцоо, ирц багийн оноонд нөлөөлөх тул танхим дүүрэн үзэгчидтэй байлаа.    Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг юм.    “SAFETY FIRST” тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, ажилчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжиж, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.    Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн газрын 20 цехийн баг оролцож байна. Эхний шатны тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилж шилдгүүд дараагийн шатанд оролцох юм. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Соёл урлагийн цогцолбор тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь Соёл урлагийн цогцолборын өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын эхлэл болж байгаагаар онцлог болж байна.                        А.Бямбамаа Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Хүний нөөцийнхөн өөрсдөө суралцлаа

       Монгол улсад  2016 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 15 ны өдрийг Хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар уг өдрийг бүтээлч, ажил хэрэгч байдлаар зохион байгуулж, хүний нөөцийн мэргэжилтнүүддээ номын дуу сонсгож, “тархи цэнэглэгч” өдөр болгов. Тэд “Монгол улс дахь хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, хөгжил” сэдвээр шинэ мэдээлэл авч, саналаа солилцсон юм. Сургалтыг Монголын Хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатар удирдан, хүний нөөцийн менежментийн сонирхолтой жишээ, судалгааны дүн бүхий хичээл заав. Энэ үеэр тус газрын удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, Хүний нөөцийн ажилтны мэргэжлийн өдрийн ач холбогдол болон өнөөгийн бодлого хөтөлбөр, сургалтын талаар ярилцлаа. Захиргаа, Хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд:    Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн чиглэлээр 58 ажилтан ажилладаг. Тус үйлдвэр өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн Төрийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж байна. Ингэснээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар шинээр байгуулагдсан. Тус газар дотроо Хүний нөөцийн алба, Албан хэрэг хөтлөлтийн алба, Төрөлжсөн архив гэсэн гурван албаар дамжуулан өөрчлөлт шинэчлэлт, хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг шинэчлэх ажлуудыг  шат дараатай хийж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан үйлдвэрийн нийт 6000 гаруй ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчилж дууслаа. Энэ ажил нэлээд цаг хугацаа шаардсан, нүсэр ажил байв. Мөн Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн чиглэлээр хөтлөгдөж байгаа баримт бичгийг хууль, журамд нийцүүлэн боловсруулах ажил хийгдэж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар ээлжийн амралтын хуудсыг, заавартай нь  хавсарган өөрчилж, ээлжийн амралт олгох мэдэгдэл болгон шинэчилсэн. Ингэснээр Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан заавар дүрэмтэй нийцүүлж боловсруулсан болно. Чөлөөний хуудас болон архивт хүний нөөцийн чиглэлээр хадгалагдаж буй бичиг баримт, зааварт тулгуурлан ажилтны анкетийг шинэчиллээ.  Ийм олон шинэлэг бөгөөд их ажлын ард гарсан амжилтаар манай газрын хамт олон Хүний нөөцийн ажилтны өдрийг угтаж байна. Бид энэ өдрийг баяр ойн хүрээнд бус өөрсдийнхөө мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарч, хүний нөөцийн иж бүрэн асуудлыг орчин үеийн чиг хандлага, үйл ажиллагаандаа хэрхэн уялдуулж, сайжруулах талаар суралцаж, мэдлэгийн өдөр болгон тэмдэглэлээ.   Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд:    Хүний нөөцийн алба үндсэн хоёр чиг үүрэгтэй. Эхний үүрэг нь хөдөлмөрийн холбоотой харилцааг шийдвэрлэх бол дараагийн чиг үүрэг нь  хувь хүний сургалт, хөгжлийн асуудлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, өдөр тутамд ажилтан, ажил олгогчдын хооронд үүсдэг бүхий л хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж, төлөвлөх, үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй хувь хүний хөгжил, сургалтын хөтөлбөр бодлоготой уялдуулан ажилтны сургалтын хэрэгцээг тодорхойлж, төлөвлөж зохион байгуулах нь манай албаны үндсэн ажил юм.  Чиг үүрэг ингэж тодорхой болсноор бидний хийх ажил ойлгомжтой, эмх цэгцтэй болсон гэж хэлж болно. Тодорхой ажлаас л үр дүн, өндөр бүтээмж гардаг.  Хүний нөөцийн ажилтны өдөр бол манай улсын хувьд харьцангуй шинэ тэмдэглэлт өдрүүдийн нэг. Энэ өдрөөрөө бид хүний нөөцийн ажилтнууддаа шинэ мэдээлэл өгөе, оюуны мэдлэгээ арвижуулая гэдэг үүднээс бүгдээрээ номын дуу сонсож байна. Орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэхийн тулд юунаас эхлэх, юунд тулгуурлан хөгжих вэ гээд олон чухал мэдээллээр “чихээ онгойлгож” байгаа нь бидэнд ач холбогдолтой боллоо. Цаашид ч бид хүний нөөцийн ажилтнуудаа чадавхижуулах чиглэлээр сургалтын цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Ган бөөрөнцөгийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Мягмар:    "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болсноор хүний нөөцийн бодлого, зорилтоо шинээр тодорхойлон ажиллаж байна. Манай үйлдвэрт хүний нөөцийн алба үүссэний 45 жилийн ой бас энэ өдрүүдэд тохиож байна. Энэ утгаараа бидний ажиллаж байгаа салбарын хувьд шинэ үе ирж байна гэж ойлгож байгаа. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрсдөө хөгжиж боловсрох шаардлагатай. Энэ үүднээсээ өнөөдрийн сургалтыг зохион байгуулж, чухал мэдлэгийг бидэнд өгч байгаад талархаж байна. Тухайлбал, хүний нөөцийн мэргэжилтэн маш сайн төлөвлөж ажиллах ёстойг сургалтаар заасан. Цагаа олсон, гоё мэдээлэл сонссондоо олзуурхаж байна. Миний хувьд  Эрдэнэт үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байна. Хүний нөөцийн мэргэжилтний хувьд ажилтнуудтайгаа яг байгаагаар нь харилцаж, боловсролын түвшингээр нь бус чаддаг зүйлээр нь илүү хөгжүүлж, урамшуулж ажиллах зарчим баримталдаг.   Чанар хяналтын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Бумгэрэл:     Манай үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн алба үүссэний ойн үеэр Монголын Хүний нөөцийн институтын мэргэжилтнийг урьж, өөрсдөдөө сургалт авч байгаа нь чухал ажил хэрэг гэж бодож байна. Манай үйлдвэр бүх талын үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллага. Гэхдээ бид үргэлж шинийг эрэлхийлж, тэр тусмаа хүний нөөцийн бодлогоо сайжруулж, шинэчилж ажиллах ёстой. Тиймээс өнөөдрийн сургалт үүнд том хувь нэмэр боллоо. Цаашид ч мэргэжлийн байгууллагатайгаа хамтран ажиллаж, тэдний шинэ туршлага, арга барилыг нэвтрүүлж ажиллах болно. Би үйлдвэртээ хүний нөөцийн чиглэлээр 18 дахь жилдээ ажиллаж байгаагийн хувьд манай салбарын хөгжил эрчимтэй урагшилж, улам боловсронгуй болж байгаа гэж хэлмээр байна. Үүнийгээ дагаад хүний нөөцийн мэргэжилтнүүд арга барилаа шинэчилж, өөрийгөө боловсруулж суралцаж байхын чухлыг энэ удаагийн сургалтаас илүү мэдэрлээ.               Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн алба үүсч хөгжсөний 45 жилийн ой энэ онд тохиож байна. Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглах, зэсийн үйлдвэр барьж байгуулах эхлэлтэй зэрэгцэн тэнд ажиллах боловсон хүчний асуудлыг давхар шийдсэн нь тухайн үеийн төр засгийн оновчтой бодлого болсныг тус үйлдвэрийн хүний нөөцийн салбарын өнөөг хүртэл тогтвортой төлөвшиж ирсэн түүхэн замнал харуулдаг. Тиймээс ч Монгол улс төдийгүй дэлхий нийтийн хүний нөөцийн менежментийн орчин үеийн түвшинд хүрэх бааз суурь, нөөц боломж Эрдэнэт үйлдвэрт хэдийнэ бүрдсэн гэдгийг судлаачид үнэлж байна.    Ийнхүү ажилтан хүнтэй хамгийн “ойр” байж, тэдний ажиллах урам зориг, эрч хүч, сурч хөгжих гээд бүх л хүсэл тэмүүллийн нэгэн жигүүр нь болж байдаг “Хүний нөөцийнхөн” өөрсдийн мэргэжлийн өдрийг мэдлэг, мэдээллээр дүүрэн тэмдэглэлээ. Шинэ цагийн хөгжил дэвшлийг ажилтан бүрийнхээ өөдлөн дэвжих их эрмэлзэлтэй ижилсүүлж, түүчээлэх тэдний ажил мэргэжил хариуцлагатай хийгээд нэр төртэй алба билээ. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна

       Хүний нөөцийн ажилтны өдөр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Монгол улсын Хүний нөөцийн менежментийн салбарын өнөөгийн чиг хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг удирдаж, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд шинэ мэдлэг мэдээллийг түгээж хуваалцсан  Монголын Хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатартай энэ үеэр уулзаж ярилцав. Тэрээр Монгол улс болон Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн хөгжлийн талаар ийн дүгнэж байна.    -Хүний нөөцийн менежментийн ажил мэргэжил бол орчин цагт техник технологийн дэвшлээс ч илүү чухалд тооцогдож буй. Учир юу гэвэл, бүх зүйл техникийн дэвшлээр тодорхойлогдох болсон хөгжлийн хурдацтай энэ үед хүмүүс хоорондын амьд харилцаа гэдэг зүйл илт үгүйлэгддэг. Тэгвэл үүнийг сэргээх, нөхөх мэргэжил бол хүний нөөцийн менежерүүдийн алба.  Монголд өнөөдрийн байдлаар энэ чухал салбарын хөгжил, чиг хандлага ямар түвшинд байна вэ?    -Хүний нөөцийн салбарын хөгжлийн өнөөгийн байдлыг тодотгож хэлэхэд манай улсад энэ чиглэлээр том дэвшил гарч байна. Өөрөөр хэлбэл, Хүний нөөцийн удирдлага, менежментийн салбар харьцангуй эрчимтэй хөгжиж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад хөгжлийн түвшин  доогуур байгаа ч  20-25 жилийн өмнө эхэлсэн гэхэд  манай орчин цагийн хүний нөөцийн тогтолцооны асуудал эрчимтэй, хурдтай  хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Мөн Монголын хүний нөөцийн чиглэлийн мэдлэг мэдээлэл, ур чадвар жил ирэх тусам ахиж, дэвшилтэнд хүрч байгаа нь харагдаж байгаа. Хүний нөөцийн менежмент бол практик салбар. Тийм учраас төдийлөн онолоор юмуу академик мэдлэг агуулга дээр суурилдаггүй. Мэдээж, шинжлэх ухаанч, шинэ шинэлэг мэдээлэл чухал боловч бодит байдал дээр хүмүүстэй амьд харилцаа үүсгэж байж, эсвэл хүний нөөцийн мэргэжилтэн өөрөө илүү туршлагажиж, мэргэшиж байж хөгждөг салбар гэж хэлж болно. Тиймээс хамт олон, баг бүрэлдэхүүнтэйгээ ойр байдаг алба, хэлтсүүд илүү хурдан хөгжих боломжтой. Тэр ч утгаараа, аливаа улс орны залуучууд боловсорч, урагшлахын хирээр хүний нөөцийн менежмент эрчимтэй хөгжих нөхцөл нь бүрддэг юм. Бусад улс орон хэдэн зуун жилийн өмнөөс хөгжсөн, манай улс саяхан ярьж эхэлсэн гэдэг нь чухал биш гол бүтээгдэхүүн болох хүнээ дагаад дэлхийн жишигт хүрэх боломжтой. Ингээд авч үзэхээр, манай улсын хүний нөөцийн менежментийн хөгжил дэлхийн түвшнээс хол хоцроогүй гэж ойлгож болно. Нийтээрээ өндөр түвшинд биш юмаа гэхэд Монголд бусдыгаа тэргүүлж, олон улсын түвшинд хүрсэн хүний нөөцийн менежментийн бодлоготой аж ахуйн нэгж, байгууллагууд хангалттай олон байна. Тэднээс бусад нь суралцаад, хөдөлмөрийн зах зээлийн хүний нөөцийн менежментийн бодлогыг боловсронгуй хөгжүүлээд явах үндэс бүрэлдсэн гэж болно.    -Салбар бүр өөрийн онцлогтой. Хүний нөөцийн менежментийн салбарын онцлог нь чухам юу вэ?   -Үнэхээр оновчтой асуулт байна. Энэ салбарын онцлог нь гэвэл хүнээ дагаж хөгждөгт оршино. Тухайн улс орон, бүс нутаг, бүр тодруулбал тухайн аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын сэтгэлгээний хөгжил, эсвэл шинэ үе түрж гарч ирэх бүрт шинээр бий болж байдаг. Энэ утгаараа ч мэдээлэл технологитой ойролцоо салбар. Өөрөөр хэлбэл, хөгжил нь түрүүлж явах учиртай. Одоо цагт хүн технологийг хөгжүүлэх биш технологи нь хүнээ дагуулах түвшинд ирж байна. Тэгэхээр хүний нөөцийн мэргэжилтэн хэмээх энэ ажил үүрэг өөрсдөө тухайн зах зээл, салбартаа манлайлагч, уриалагч байж, тухайн улс орон, байгууллагынхаа ажиллах хүчин, ажилтнуудыг чиглүүлж, хөгжүүлж байдаг. Тийм учраас өөрсдөө үргэлж суралцаж, хөгжиж байх ёстой. Манлайллын илүү өндөр ур чадвартай байх ёстой. Үүнийг ч шаарддаг. Тэгэхээр нэг талаасаа маш гайхалтай мэргэжил, нөгөө талаасаа хариуцлагатай ажил гэж тодорхойлдог.   -Манай улсад хүний нөөцийн мэргэжилтнийг бэлтгэх асуудал ямар хэмжээнд явж байна вэ? Хүний нөөцийн мэргэжлийн ажилтнууд хэр хүрэлцээтэй байдаг юм бол?    -Манай улс энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх  нөөц боломж харьцангуй сайн гэж хэлнэ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн жишээг авч үзэхэд, тус үйлдвэр хүний нөөцийн алба үүсч хөгжсөн 45 жилийн үүх түүхтэй. Эрдэнэт үйлдвэр өөрөө ашиглалтад ороод 41 дэх  жилтэйгээ золгож байхад хүний нөөцийн салбар нь 45 жил болсон байна гэдэг нь үйлдвэр ажиллаж эхлэхээс 4-5 жилийн өмнө энд боловсон хүчний асуудлыг тэр тусмаа ажиллагсдын мэдлэг мэдээллийг дээшлүүлж, чадавхижуулах, сургаж хөгжүүлэх бодлого түрүүлээд хэрэгжсэн гэсэн үг. Үйлдвэрээсээ ахмад хүний нөөцийн салбар энд байна. Эрдэнэт үйлдвэр бол уул уурхайн салбар. Уурхайн хүний нөөцийн бодлогын газар нь өөрөө оюуны уурхай болжээ гэж онцолмоор байна. Уурхайг бид эрдэнэс баялаг гэж харахаас гадна тэр уурхайг үр ашигтай ажиллуулахын тулд маш чадварлаг, ажилтнуудыг бий болгох ёстой. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 45 жилийн түүхэн хөгжил, туршлага, мэдлэг мэдээллэл нь  ахмад, дунд, өнөө үеийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээ чадавхижуулж ирсэн байна. Ийм чадварлаг нөөцийг бий болгоогүй бол Эрдэнэт үйлдвэр үр ашигтай, тасралтгүй ажиллагаатай байж,бүхэл бүтэн үйлдвэр дагасан хотыг авч яваа хүчирхэг байгууллага, хамт олон  болоход хүндрэлтэй байсан. Тэгэхээр энэ төсөл үр өгөөжтэй байгаагийн хамгийн гол үнэ цэнэ бол хүний нөөц юм. Тэднийг чадавхижуулж байгаа үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд маш чухал нөлөөтэй гэж онцлон тэмдэглэхийг хүсч байна.    -Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн суурь боломжийг та ярьлаа. Тэгвэл хөгжлийн түвшин нь хаана явж байна гэж та хэлэх вэ?    -Ер нь хүний нөөцийн бодлогоо ямар ч байгууллага төгс шийднэ гэж байдаггүй л дээ. Эрдэнэт үйлдвэр ч тасралтгүй суралцаж байна. Бусад орны болоод дотоодын байгууллагуудын шилдэг туршлага, арга барилаас суралцаж, хөгжиж байна гэж би хардаг. Эрдэнэт үйлдвэрийн нэг онцлог зүйл бол хүний нөөцийн эх булаг, үндсийг бий болгож чадсан уурхай. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн маш тогтвортой хэвшил соёл, төлөвшлүүд байна. Энэ бол хүний нөөцийн менежментийн бие даасан тогтолцоо гэсэн үг. Тухайлбал, боловсон хүчнээ авах, цалинжуулах, сургаж мэргэшүүлэх гээд бүгд тогтворжсон. Энэ бүгдийг цаасан дээр эрэмбэлж, төлөвлөөд, загварт оруулахаар тэр нь өөрөө стандарт болдог. Бид цаг үргэлж суралцаж, гадны өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагаас судалж, мэдээлэл солилцохдоо тэдний хүний нөөцийн менежментийг илүү сонирхож, гайхширдаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрт яг тэр тогтолцоо хэдийнэ төлөвшөөд, бодит байдал дээр  хэрэгжээд явж байна. Энд бодит практик, бодит үр дүн байна. Тийм учраас бид “айлаас эрэхээр, авдраа уудал” гэдэгчлэн  Эрдэнэт үйлдвэрийнхээ олон жилийн туршид бий болгож, тогтоосон хүний нөөцийн менежментийн төлөвшсөн тогтолцоог илүү сайжруулан жишиг болгоод авч явах боломжтой. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежмент тасралтгүй хөгжиж байгааг цохон тэмдэглэмээр байна. Тэр дундаа хөгжлийн өндөр түвшинд хүрэх суурь хангалттай, багахан хэмжээний мэдлэг мэдээллийн инноваци нэвтрүүлэхэд л дэлхийн тэргүүлэгч улс орнуудын жишигт ойртох эх сурвалж, бааз суурь сайтай хамт олон юм. Манай улсад төдийлэн энэ суурь нөөцөө төлөвшүүлж чадаагүй, харьцангуй залуухан  байгууллага хамт олон нэлээд бий. Ер нь хүний нөөцийн менежмент бол шинэ мэдлэг мэдээлэл гэхээсээ гадна тухайн байгууллагын хөгжлийн үе шатаас хамаардаг. Тодорхой цаг үеийг туулж байж төлөвшдөг  зүйл. Ном уншаад, эсвэл дүрэм боловсруулж хэрэгжүүлснээр хязгаарлагдахгүй.  Ийм учраас мэргэжлийн хүний нүдээр харахад, Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын суурь чадамж маш өндөр гэж үнэлдэг.   -Хүний нөөцийн ажил мэргэжлийн онцлогийг та ярианы эхэнд тодотгосон бол хүний нөөцийн хувь ажилтны өөртөө төлөвшүүлэх шинж чанарууд юу байдаг вэ?    -Хүний нөөцийн ажилтан бол хамгийн эхлээд манлайлагч байх ёстой. Бидний мэргэжлийн үг байдаг. Хэн нэгний сайхан инээмсэглэлийг харахыг хүсвэл өөрөө эхлээд сайхан инээмсэглэх ёстой гэж. Тухайн хүний нөөцийн менежер өөрийн байгууллагаа хоцролтгүй хамт олон болгоё гэвэл өөрөө эртэч байх. Шинийг санаачлагч хамт олонтой байя гэвэл өөрөө шинийг санаачилдаг, эрэлхийлэгч байх ёстой юм. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтний гол чанар нь ярьж буй зөв зан үйл, зөв тогтолцоогоо өөрөө үлгэрлэж үзүүлдэг байх. Баян болоогүй хүний баяжих тухай сургаалийг бүү сонс гэж үг бий. Түүн лугаа адил хүний нөөцийн мэргэжилтэн аливаа нэг хүний нөөцийн удирдлагатай холбоотой зарчмын санал тавихад ажилтнууд ийм байдлаар ханддаг. Өөрөө яагаад эртэч биш байна, манлайлагч биш байна гэх мэтчилэн. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг бол зэрэг дэвийн хувьд ажилтан, менежер байж болох ч удирдлага, захирлын түвшинд бэлтгэгдсэн өндөр ур чадвартай хүмүүс байх шаардлагатай. Онцлог ч гэж хэлж болох юм.    -Ажилтны хувийн мэдээлэл зөвхөн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд очдог. Ажилчин хүн өөрийн хувийн болоод ажил хөдөлмөр эрхлэх явцад гарч болох бэрхшээл, асуудлаар  хүний нөөцийн мэргэжилтэнд голдуу ханддаг. Энэ утгаараа, хүний нөөцийн мэргэжилтнүүд өндөр хариуцлага хүлээдэг гэж ойлгодог?    -Яг зөв. Энэ бол мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудал. Хүний нөөцийн ажлын байрны тодорхойлолтод байгууллагын нууц болон хувь хүний нууцыг чандлан хадгална гэж заасан байдаг. Ёс зүйн дүрмэндээ ч ийм. Олон улсын ёс зүйн дүрмэнд ч нууц хадгалах зарчмыг тод томруунаар тусгаж өгсөн байдаг. Хэрэв ямар нэг байдлаар ийм алдаа гаргавал хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллахад бэрхшээлтэй хүн байна гэж ойлгоно. Тиймээс ийм байдлыг мэргэжлийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг.    -Хүний нөөцийн ажилтны баярын өмнөхөн уулзаж байна. Тиймээс энэ өдрийн зорилго, ач холбогдлын талаар асуухгүй өнгөрч боломгүй?    -2016 оноос манай улсад Хүний нөөцийн ажилтны өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-нд тэмдэглэдэг болсон. Энэ хүрээнд салбарын үнэ цэнийг илэрхийлсэн өдөр болгон өнгөрүүлэх нь зүйтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл, баярын хурал, уриа лоозон байлгах биш өмнө миний хэлсэнчлэн үлгэрлэх, манлайлах, өөрсдөө суралцах зорилгоо эрхэмлэж, хийсэн бүтээснээрээ бахархдаг, үнэлж дүгнэх ёстой  өдөр гэж ойлгодог. Тиймээс бидний мэргэжлийг үнэлдэг, бахархдаг байгаасай, үнэ цэнийг нэмэгдүүлсэн өдөр байгаасай гэж бодож байна.    -Манай үйлдвэрийн Хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн мэргэжлийн өдрөөр таны сургалтанд сууж, мэдлэгээ ахиулж байна. Энэ удаагийн сургалтаар та ямар шинэ санаа тэдэнд өгөв?    -Өнөөдрийн сургалт маань нэлээн олон багц сэдвээр явагдлаа. Хүний нөөцийнхөн бол өвөрмөц хүмүүс. Яагаад ингэж хэлэв гэхээр, хүмүүсийг сургаад хөгжүүлээд байдаг, гэтэл өөрсдөө сургалт хөгжлийн арга хэмжээнд оролцох зав зай тааруу. Хүмүүсээ шагнаж урамшуулаад байдаг хирнээ өөрсдөө хамрагдах нь цөөн. Янз бүрийн баяр ёслолын үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг ч өөрсдөдөө зориулж, оролцох нь бага байдаг. Тэгэхээр энэ удаа мэргэжлийн өдрийн цаг хугацааг өөрсдөдөө зориулж, мэдлэг мэдээллээ шинэчилж, шинийг суралцая гэсэн зорилгоор сургалт хийж байна. Сургалтаараа Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажилтнууддаа Монголын Хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, стратегийн менежмент, хүний нөөцийн тренд,  Эрдэнэт үйлдвэр дэлхий нийтийн хүний нөөцийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд юуг анхаарах ёстой вэ зэрэг багц сэдвээр хичээл заалаа. Сүүлийн үеийн шинэ мэдээллээсээ хуваалцахыг зорилоо.    -Тэгвэл дэлхийн улс орнуудын хүний нөөцийн менежментийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд Эрдэнэт үйлдвэр юуг анхаарах ёстой юм бэ?    -Ер нь бол иж бүрэн асуудал л даа. Байгууллагын хэмжээнд гол анхаарах ёстой зүйл бол байгууллага дээр хүний нөөцийн менежментийг үр дүнтэй нэвтрүүлэхийн тулд ажилтнуудын зөв хандлагыг төлөвшүүлж, хөгжүүлэх. Энэ бол нэн түрүүний асуудал.  Дараагийнх нь хүний нөөцийн менежмент стратегийн түвшинд хэрэгжихийн тулд бүх шатны удирдлагууд хүний нөөцийн менежментийг ойлгодог, бодлого үйл ажиллагаа, сэтгэл зүйгээр дэмжих. Энэ хоёр зүйлгүйгээр дан ганц хүний нөөцийн менежерүүд ажиллах хэцүү. Учир нь, тухайн ажилтан хүн өөрөө идэвх зүтгэл гаргахыг хүсэхгүй байхад хүний нөөцийн мэргэжилтэн хичнээн хичээгээд үр дүнд хүрч чадахгүй. Бид хичнээн сайхан санаачилга, бодлого менежмент нэвтрүүлээд удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол хүний нөөцийн ажил үр өгөөжтэй муутай байдаг. Эдгээр хүчин зүйлүүд хүний нөөцийн менежментийн хөгжлийг урагшлуулахад хамгийн гол хүч болох юм.   -Саяхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлагууд тантай уулзаж, хүний нөөц, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого чиглэл, стратеги төлөвлөгөөний талаар танилцуулж, ярилцсан. Эрдэнэт үйлдвэр дэх одоогийн хүний нөөцийн баримталж буй бодлого, хийж байгаа ажлууд орчин үеийн хүний нөөцийн менежментийн чиг хандлага, стандартад нийцэж байна уу? Та үүнд ямар бодолтой байна вэ?    -Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийнхан манай төвд хүрэлцэн ирж, уулзалт хийсэн. Энэ уулзалтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын дараагийн шатанд хэрэгжүүлэх зорилт, хөтөлбөрийнхөө талаар бидэнд танилцуулж, санал бодлоо солилцсон. Мэргэжлийн байгууллагын хувьд манайд хандсанд бид баяртай байгаа. Эндээс хамгийн тааламжтай санагдсан зүйл нь  Эрдэнэт үйлдвэр хөгжлөөс хоцрохгүй байхын тулд  илүү дэвшилтэт, шинэлэг хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Үйлдвэрийнхээ хүний нөөцийн бодлогын бүх үе шатыг дөрвөн бүлэгт хувааж, шинэ үеэ хэрхэн чадавхижуулж, тогтвортой ажиллуулах, ажилтнуудынхаа сэтгэл санааг хэрхэн урам зоригтой байлгах, туршлагатай, нөөц мэдлэгийн уурхай болсон ахмад ажилтнуудаа яаж дэмжих, тэдний мэдлэгийг хэрхэн өвлөж үлдээх гээд дэлхийн түвшинд яригдаж буй хүний нөөцийн чухал асуудлуудыг байгууллагынхаа хэмжээнд бодлого, хөтөлбөр болгож хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна. Энэ нь хүний нөөцийн суурь өгөгдөл сайтай, менежменттэй үйлдвэрийг хөгжлийн дэвшилтэт шатанд гаргахад том түлхэц болохуйц өргөн хүрээтэй, алсын хараатай, маш зөв зорилт болжээ гэж мэргэжлийн судлаач хүний хувьд хэлье. Зорилт хөтөлбөрөө цаашид тасралтгүй хэрэгжүүлээд явахад Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн бодлого дэлхийн жишигтэй зуузай холбон хөгжинө гэдэгт итгэлтэй байна.        -Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Ярилцсан М.Балжинням Фото Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай

Соёлын ажилтныөдрийг тохиолдуулан зорин очсон удаах уран бүтээлч маань Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлч, бүжигчин П.Ундрах билээ. Уран гуалиг хөдөлгөөнөөр хүмүүний сэтгэлийг уясуулан, бүсгүй хүний торгомсог мэдрэмжээр тайзан дээр “дүүлэн нисэх” бүжигчний уран бүтээлийн замнал хийгээд уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа содон ертөнцийг зураглахыг хичээлээ.

-Хүн бүр мөрөөддөг ч зуун хүнээс ганц нь л мөрөөдлийнхөө мэргэжлийг эзэмшдэг гэх яриа бий. Бүжигчин болох нь таны хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг байв уу?

-Би Эрдэнэтийн унаган иргэн. Цэцэрлэгт байхдаа Тунгалаг багшийн удирдлага дор олон тэмцээнд оролцож, бүжгийн урлагтай багаасаа холбогдсон. 1997 оноос “Хаврын баяр” наадамд оролцож, арван жилийн сурагч болсоор соёлын ордноос салдаггүй хүүхэд байлаа. Улмаар 2002 онд сургуулиа төгсөөд соёлын ордны бүжигчнээр ажиллах болсон. Соёлын дээд сургуулийг бүжгийн багш, Бээжингийн Олон Улсын хэл соёлын их сургуулийн Хятад хэлний ахисан дунд шатны сургалт, Улс төрийн академийг Соёлын удирдлагаар тус тус төгссөн. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмүүлэн, хичээн зүтгэдэг байх. Хааяа шантрах үе гардаг ч дурлаж сонгосон мэргэжилдээ би хамгаас их хайртай. Энэ эрдмийн шимийг хүртээсэн Х.Эрдэнэбаяр, Д.Отгонбаатар, Д.Ганчулуун, Д.Одончимэг гээд олон сайхан багш бий.

-Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордны бүжигчин байна гэдэг юугаараа онцлог, давуу талтай вэ?

-“Эрдэнэт” дуу бүжгийн чуулга үйл ажиллагааныхаа хувьд Монголын бусад чуулгаас нэлээд онцлогтой. Бүх уран бүтээлчдээ дуулах, жүжиглэх, бүжиг дэглэх гээд хөрвөх чадвартай бэлтгэдэг нь хувь хүний хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болдог гэх үү дээ. Бид үйлдвэрийн уран сайханчидтай ажиллахын зэрэгцээ дугуйлан ажиллуулдаг. Олон шавьтай болсон. Миний хувьд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд сонгодог бүжгийн багшаар ажиллаж байсан. Манай чуулга “Сономбула”-аар “Гран При” хүртэж байсан. Ер нь аймгуудын бусад чуулгаас дээгүүрт үнэлэгддэг. 

-Таны бахархал юу вэ?

-Хөрсөн доорх баялгаараа хүн зоныг тэжээн тэтгэсэн Эрдэнэт үйлдвэрээрээ бахархаж явдаг даа. Мөн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хүндлэл бахархалын минь хойморт хүндтэй байр эзэлдэг.

-Бүжгийн урлагт өөрийгөө хөгжүүлэхээс гадна сурсанаа бусдад зааж сургах, шавь нараа бэлтгэх хариуцлагатай ажил байдаг шүү дээ. Одоогоор хичнээн шавь бэлтгэв?

-Үйлдвэрийн уран сайханчдаас олон шавь бий. Өмнө нь тоолж байсангүй. /инээв/ Нэг цехийн хамтлагт 20 гаруй шавь байдаг гэж бодвол чамгүй тоо гарах байх. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдүүдтэй их ажилласан. Үйлдвэрээс зохион байгуулж байгаа ажлуудад аль болох олон шавь нараа хамруулахыг хичээдэг.

-Сэтгэлд хоногшсон гэгээлэг дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад орсны дараахан БНХАУ руу фестивальд оролцохоор хамт олонтойгоо явсан. Миний хувьд анхны бөгөөд хамгийн том оролцоо энэ фестиваль байсан учраас сэтгэлд тодхон үлджээ. Ер нь Москва, Манжуур гээд гадаадын аялалууд сайхан дурсамж үлдээж, мартагддаггүй.

-Хувийн уран бүтээл хийж байгаа юу? Өөрийгөө хэрхэн дайчилж байна вэ?

-Ирэх оны 4, 5 дугаар сард бүжгийн төрлөөр хамтарсан тоглолт хийхээр ярилцаж байна. Найз Ц.Удвалтайгаа хамтран зохион байгуулна. Бид он гарсны дараа тоглолтынхоо ажилд яаравчлан орох тул одоогоор буриад концертондоо анхаарч, бэлтгэлээ хангаж байна. Мөн ойрын төлөвлөгөөнд маань шинэ жилийн бэлтгэл ажил ч багтсан. Бид 10 дугаар сарын сүүлчээр морин хуурын концертоо тоглоно. Сар сардаа ажлаа төлөвлөдөг учраас тухай бүрт нь бэлтгэл сайтай байх л хэрэг гарч байна. Ямартаа ч хувийн уран бүтээлээ цалгардуулахгүй.

-Бүжгийн ямар төрлийг сонгон хичээллэж байна вэ?

-Орчин үе талдаа сонгодог болон жазз урсгалыг сонирхож байна. Тэр чиглэлээр хувийн уран бүтээлээ ч түлхүү хийх бодолтой явна. Төлөвлөгөөт болон хувийн уран бүтээл дээрээ ажиллахад цаг зав багатай ч аль болох бүгдийг нь амжуулахыг хичээдэг.

-Амьдралдаа хамгийн үнэтэй зөвлөгөөг хэнээс авч байв?

-Д.Цэрэннадмид гавъяат маань “Бүжигчин хүн цагаа барь, формтой бай, байнгын бэлтгэлтэй бай” гэж хэлдэг байсан. Захиасыг нь өнөө хэр мартаагүй, амьдралдаа мөрдлөг болгосоор явна.

-Авьяасыг тань өнгөлөх шидтэй, амьдралын тань салшгүй хэсэг болсон хамт олондоо зориулж юу хэлэх вэ?

-Өгөөмөр баян сэтгэлтэй, өөдрөг гэгээн тэмүүлэлтэй урлагийн салбарын уран бүтээлч хамт олондоо халуун баяр хүргэе. Та нар минь энэ амьдралын гэрэл гэгээ, илч дулаан, урам зориг болдог шүү. Мөн энэ дашрамд миний болон хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Д.Одончимэг, МУГЖ Д.Цэрэннадмид, МУСТА Д.Отгонбаатар, МУСТА Х.Эрдэнэбаяр багш, найруулагч нартаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехийн нэг Баяжуулах үйлдвэр нь  жилд 31 сая 500 мянган тонн хүдрийг хүлээн авч боловсруулан 630 мян.тн зэсийн баяжмал, 5300 тн молибдены баяжмал гаргадаг. 

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хаягдал хадгалах сангийн урд хэсэгт нийт 15 далантай ба 2018 онд 15-р даланг байгуулж, далайн түвшнээс дээш 1305 м өндөр болсон юм.  Харин хойд хэсгийн далан  болох М4 даланг байгуулж 2019 оны 9-р сарын 5-нд  хүлээн аваад байна.  Хаягдлын сангийн нийт талбай 2067.6 га ба санд нийт 830 сая тн элс, 22.3 сая м3 ус агуулагдан Баяжуулах үйлдвэрийг цагт 8000 м3 эргэлтийн усаар хангадаг юм.

Хаягдал хураах хиймэл нуур ба далан нь улсын онцгой барилга байгууламж учраас түүнийг зөв зохистой аваар осолгүй ашиглаж, үйлдвэрлэл явуулахын тулд өдөр тутмын үзлэг хяналтад байлгадаг. Ийнхүү М4 даланг байгуулснаар  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай үйл ажиллагаа дөрвөөс таван жилээр сунгагдах юм.

Б.Бямбамаа

Болзошгүй аваар ослын үед аврах, эрэн хайх ажиллагааг гардан хэрэгжүүлэх бэлэн байдлыг шалгах уламжлалт “Алтан бамбай“ тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдагуг тэмцээнд өмнө нь катодын зэсийн үйлдвэр болох “Ачит Ихт”, “Эрдмин” компаниуд оролцдог байсан бол энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчид баг болон өрсөлдөх юм. Баг нь хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй ажилтнаас бүрдэх бөгөөд залуу ажилчдаа түлхүү хамруулахыг удирдамжид тусгажээ. Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээнээс уулын аврах ажиллагаа хасагдаж, ажилчид зам тээврийн осол, барилга байгууламж, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа төрлөөр мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор болсон байна. Тэмцээний төгсгөлд таван байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээхээс гадна шилдэг ахлагч, шилдэг аврагч  номинацийн эзэд тодорно.

М.ОДГЭРЭЛ

Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран, дүйцүүлэн хамгааллын менежментийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар Баян-Өндөр уулын Хүрэнбулаг амны 1.6 га талбайг эзэлсэн 120 гаруй өгөршсөн хожуулыг цэвэрлэх ажил зохион байгуулсан. Ойг цэвэрлэх ажлын үргэлжлэл энэ сарын 10-наас дахин эхэллээ. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх модны өмхөрсөн хожуулыг техникийн хүчээр сугалж, Баян-Өндөр уул орчмын талбайг цэвэрлэх ажил тав хоног үргэлжилнэ. Цэвэрлэсэн талбайд намрын мод тарилтыг зохион байгуулах юм. Модны хаягдал хожуулыг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд буулгаж, иргэдийн хэрэгцээнд ашиглахаар шийдвэрлэжээ.

М.ОДГЭРЭЛ

Сүүлийн сар бороо их орсноос Ус хангамжийн цехийн ус өргөх нэгдүгээр станцчиглэлийн технологийн зам эвдэрч, машин техник явахад халгаатай болжээ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсэгхэлэлцэж, уг замын ээлжит засварыг эхлүүлэхээр шийдвэрлэн Авто тээврийн цехэд үүрэг болгов. Ус өргөх нэгдүгээр станц хүртэлх 60 км замын засварын ажил өнгөрсөн Лхагва гарагаас эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт сайжруулсан замыг бүрэн ашиглах боломж бүрдэнэ.

М.ОДГЭРЭЛ

Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотынхоо нүүр царай, өнгө төрхийг илтгэсэн Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбороор зочиллоо. Авьяаслаг уран бүтээлчдийг “өлгийдөн” авч, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн энэ байгууллага үйл ажиллагааны хамрах хүрээгээр хүүхэд залуучууд, уурхайчдад чиглэсэн олон талт сургалтын хөтөлбөртэй. Энэ удаа уртын дууг этник хэлбэрээр дуулж, уран бүтээлийн анхны цомгоо “өлгийдөн” авахаар хүлээн суугаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Дашийн Дагиймаатай цөөн хором ярилцлаа. Уран бүтээлчийн дэврүүн хүсэл мөрөөдлийг хуваалцъя.

-Уртын дуучин болох нь таны мөрөөдлийн нэг хэсэг байв уу? Мэргэжил сонголтын сэдвээр ярилцлагаа эхлье?

-Би багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Намайг дөрвөн настайд эмээ маань өөрийн мэддэг ардын болон уртын дуугаа зааж өгсөн юмдаг. Эмээ Булган аймгийн Баян-Агт сумынх. Хөдөөгийн найр хуримд намайг дагуулж явна, би дуулахыг нь их ч сонсдог байлаа. Харин миний бага нас Булган аймгийн төвд өнгөрч, Орхон аймгийн 5 дугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. Харин 2003 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элссэнээр урлагийн хүн болох зам мөрөө тавьж билээ.

Мэргэжил сонголтын тал дээр урлагт “дурласан” зүрхээ дагасан хэрэг л дээ. Би сурагч байхын Яргуй наадам, төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцдог хүүхэд байлаа. 10 дугаар ангиа төгсөх жил бие даасан тайлан тоглолтоо хийх үеэр ах дүү нар маань ирж үзчихээд “Чи урлагийн хүн болно оо” гэж хэлж байсан нь надад их хүч өгсөн гэж боддог. Ингээд л урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдэн, Монгол Улсын Гавьяат багш  Ц.Дэлгэрийн удирдлаган дор мэргэжлийн дуулаач болсон. Уртын дуу дуулаач нар үндэсний өв соёлоо хадгалан, түүнийг түгээн дэлгэрүүлэх томоохон хариуцлага үүрдэг.

-Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагатай хэдий үеэс холбогдож, мэргэжлээрээ ажиллах болов?

-Ажлын гараагаа “Улаанбаатар” чуулгаас эхэлж, хоёр жил ажилласан. Улмаар гэр бүлийн хүнтэйгээ ярилцан, Эрдэнэт хотдоо ажиллаж амьдрах, уран бүтээлээ туурвих шийдвэр гаргаснаар 2011 онд “Уурхайчин” соёлын ордны ажилтан болсон. Миний хувьд уурхайчдын эгнээнд мөр зэрэгцэн ажиллаагүй ч нэг байгууллагад харьяалагдан, олон нийтэд соёлын боловсрол олгох ажилд гар бие оролцон, шавь нараа бэлтгэж байгаадаа баярладаг. Сүүлийн үед хувийн уран бүтээл дээрээ давхар ажиллаж байна.

-Уран бүтээл туурвих явцад хүндрэлтэй зүйл тулгардаг уу? Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээс бидэнтэй хуваалцахгүй юу?

-Шинэ санаа гаргаад хэрэгжүүлье гэхээр хамгийн түрүүнд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Мэдээж бэрхшээл олон. Гэхдээ тэр бүрийг тоочихоос илүүтэй залуу хүний зоримог зангаар аливаа бэрхшээлийг даван туулаад л явж байна. Ер нь өөрийн гэсэн уран бүтээлтэй болохыг илүүд үздэг. Ямартаа ч энэ ондоо багтаан, “Сонгодог шуранхай” тоглолтоороо Улаанбаатарын үзэгчдэд бэлэг барихаар бэлтгэж байна. Уран бүтээлчид зөвхөн хөдөөд бус хотод ч тоглолт хийж болдгийг, урлагийн хөгжил улс орны аль ч өнцөгт байдгийг энэ тоглолтоороо харуулах болно.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр төвлөрч байна вэ?

-“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дуучин, дуурийн дуулаач, МУСТА Н.Нямсүрэнтэйгээ хамтран “Сонгодог шуранхай” тоглолтоо хийснийг үзэгчид маань санаж байгаа байх. Ер нь уран бүтээл хийхэд санаа нийлнэ гэдэг маш чухал. Би Н.Нямсүрэнгээ алтан хамтрагч гэж хэлнэ. Бид энэ сардаа багтаан “Сонгодог шуранхай” нэртэй шинэхэн цомгоо хэвлүүлж, он гарахаас өмнө цомгийн баяраа хийхээр төлөвлөж байна. Цомогт маань этник хэлбэрээр дуулсан 5 уран бүтээл, уртын дуу мөн тооны багтсан. Опера, ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулан дуулснаараа энэ цомог маань өвөрмөц байх болов уу. Үндсэн ажлынхаа хажуугаар хоолой бичүүлж, аринжировк хийлгэх гээд Улаанбаатар хот руу явах ажил чамгүй байлаа. Урын сангийнхаа дууг ч нэлээд баяжууллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор бусад урлагийн байгууллагаас ямар ялгаатай вэ?

-Соёлын ордны уран бүтээлчид маань сонгодог тоглолт дээр түлхүү ажилладаг. Манайхан энэ сарыг буриад болон орос ардын дууны сар болгон зарлаж, дор бүртээ бэлтгэлээ хангаж байна. Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн байгууллагад бусдаас ялгаатай тал их бий. Манай “Эрдэнэт” чуулга гэхэд 5 дуучин, 10-аад бүжигчинтэй. Гэтэл томоохон тоглолтууд дээр дуулах, бүжиглэх, хөгжимдөх хангалттай нөөцтэй. Энэ нь мэдээж үйлдвэрийн ажилтан, ажиллагсад, уурхайчид байдаг. Мэргэжлийн түвшинд хүртэл өөрсдийгөө хөгжүүлж, дайчилж чадсан мундаг хүмүүс гэж би хувьдаа боддог. Миний хувьд сүүлийн хоёр жил уурхайчдынхаа хүсэлтээр уртын дууны багшаар ажиллаж, 10-аад шавьтай болсон. Анхан шатнаас нь эхлэн зааж байгаа. Сонирхсон хэн бүхэнд сургалт маань нээлттэйг энэ дашрамд хэлье.

-Зав чөлөөгүй ажилладаг уран бүтээлчдийн хувьд ар гэрийн асуудлаа орхигдуулах үе гардаг байх. Амьдралын түших багана болсон ханийнхаа талаар ярина уу?

-Би ханьтайгаа 10-н жилийн нэг ангид тохой мөрлөн суудаг байлаа. Миний хань сургуульдаа онц сурлагатан байсан болохоор урлаг уран сайхан гээд хичээлээс хоцорсон надад хичээлээ нөхөж ойлгоход их тусалдаг байсан. Оюутан болоод ч хамтдаа байсан. Урлагийн хүний ажил мэргэжлийг ойлгодог ханьтай байна гэдэг сайхан. Миний хань тийм л хүн. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн байгууллагад ажилладаг. Бид хайраасаа нахиалсан хоёр хөөрхөн хүүхэдтэй.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Монгол Улсад Соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос тэмдэглэж ирсэн байдаг. Манай хамт олон ч эдгээр өдрүүдэд баяраа тэмдэглэж, ололт амжилтаа нийтийн сонорт хүргэж байгаад таатай байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ Соёлын ордны үе үеийн удирдлага, ажилтан, ажиллагсад, уурхайчид, дугуйлангийн сурагчид болоод орон нутгийн мэргэжлийн байгууллагуудад ажиллаж байгаа уран бүтээлчиддээ өндөр амжилт хүсье. Урлаг биднийг нэгтгэдэг болохоор халуун дулаан сэтгэлийн үгээр та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо нь 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Залуучуудын холбооны 38 дахь нэгжээр бүртгэгдэж, 20 гаруй анхан шатны нэгж бүтэцтэйгээр байгуулагджээ. 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус холбоо 18-40 насны, 3262 ажилчин залуусыг эгнээндээ нэгтгэн, анхан шатны 30 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

20 жилийн ой нь тохиосон Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо нь залуу ажилчдыг хөгжүүлж, урлаг спорт, ажил мэргэжлийн онцлогт нийцсэн, нийгмийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн ажлын чадвар чадамж, бүтээлч хандлага, мэргэжил мэдлэгийг дээшлүүлж, эрх ашгийг хамгаалж ажилладаг юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий  захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн ирээдүй болсон залуучууддаа итгэл хүлээлгэж, амжилт хүсч буйгаа ойн баярын үеэр хэллээ. Мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан 15 залууг Монголын залуучуудын холбооны шагналаар, үе  үеийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан хүндэт гишүүдээ Залуучуудын холбооны 20 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

 “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр  Автотээврийн цехийн Засварын хэсгийн  мастер Т.Ганболд, Геологи хайгуулын ангийн өрмийн мастер Э.Эрдэнэбаяр, Аж ахуй үйлчилгээний цехийн цахилгаанчин Г.Бат-Амгалан  нарыг, Баян-Өндөр сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр  Дулааны цахилгаан станцын Турбин хими ус бэлтгэлийн хэсгийн дарга Ч.Баярмагнай нарыг шагнаж урамшууллаа.

Баярын хурлын үеэр Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн авто ачигчийн жолооч Н.Эрдэнэбаатарын ая, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн шүүлтүүрчин Т.Эрдэнэбатын үг “Эрдэнэтийн өглөө” дууг залуу уран бүтээлчид анх удаа тайзнаа “амилуулан”, холбооны гишүүддээ гэнэтийн бэлэг барьлаа. Мөн А.Амарын талбайд зохион байгуулсан үдшийн цэнгүүнд “Noname”, “Outlaw”,“Flash”хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.  

 

Э.Мөнх-Уянга

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнууд даваа гараг бүр хуралдаж, 7 хоног тутмын үйлдвэрлэлийн төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хийх ажлуудаа хэлэлцдэг. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр ХАБЭА-н зөрчил дутагдалгүй ажиллаж, хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байгаа тухай мэдээллээ. Ажилчдын санал хүсэлтийг хүлээн авч, аюулыг мэдээллэх 71300 дугаарын утсанд ажлын байр, нэг бүрийн хамгаалах хэрэгсэлтэй холбоотой 8 санал, хүсэлт иржээ.

Үйлдвэрийн ажилчдыг халуун хоолоор хангах асуудалд ХАБЭА болон Эрдэнэт сувиллын цогцолбороос байнгын хяналт тавьж, өдөр бүр хоолны дээжийг шинжлэн, хоолны амт чанарыг сайжруулахад анхааран ажиллаж байна. Үүний үр дүнд ажилчдаас ирэх халуун хоолны гомдол, санал эрс багасчээ.

Эрдэнэт сувиллын цогцолбороос 6500 гаруй ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулахаар төлөвлөснөөс 2300 орчим ажилтан буюу 36 хувь нь үзлэгт хамрагдсан байна.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж байгаа бөгөөд цех нэгжүүд намар, өвлийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Шуурхай зөвлөгөөний үеэр үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой технологийн материалын нөөц бүрдүүлэх үүргийг холбогдох цех хэлтсүүдэд үүрэг болголоо.

 

Э.Мөнх-Уянга

 

 

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спорт цогцолборт боллоо. Тус тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн бодлогын хэлтэс, Худалдаа хангамжийн хэлтэс, Экспорт борлуулалтын хэлтэс, Маркетингийн хэлтсийн таван багийн 40 гаруй тамирчид оролцсон юм. Тус тэмцээнийг Маркетингийн хэлтсийн хамт олон санаачлан зохион байгуулж, тэргүүн байр алтан медалийн эзэн боллоо. Удаах байрт Эдийн засгийн бодлогын хэлтсийн хамт олон шалгарч, мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байр, хүрэл медалийн эздээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хамт олон шалгарлаа.

Шилдэг зохион байгуулалттай багаар Экспорт борлуулалтын хэлтсийн хамт олон тодорч, тэгш тоглогчоор Худалдаа хангамжийн хэлтсийн тамирчин Ц.Эрдэнэбат, шилдэг эмэгтэй тамирчнаар Эдийн засгийн бодлогын хэлтсийн тамирчин Г.Энхмаа нар шалгарлаа. Энэхүү тэмцээн нь ажилтан бүрийг багаар ажиллах чадварт сургах, хэлтэс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамт олны халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, цаашлаад ажлын үр дүнд эерэгээр нөлөөлөх зэрэг олон талын ач холбогдол агуулснаараа онцлогтой болов.

 

Э.Мөнх-Уянга

Фото: Б.Баттөгс

Халхын голын байлдааны түүхэн ялалтын 80 жилийн ойн хүрээнд эх орны өнцөг булан бүрээс аялагчид зүүн хязгаар нутгийг зорьсон. Бид ч Эрдэнэтээс 33-уулаа их урсгалд нэгдэхээр эртлэн хөдөллөө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Чойжилсүрэн, Д.Жаргалсайхан, Т.Нямжав, Д.Бямбаа нараар чимэг хийсэн манай аялалын багт Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, орос мэргэжилтнүүд, шилдэг ажилчид, Орхон аймаг дахь Дорнод нутгийн зөвлөлийн залуус, Монгол, Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн гишүүд багтсан нь олзуурхууштай. Бид автобус хөлөглөн Булган аймгаар даялж явсаар Нийслэл хүрч, Соёлын төв өргөөнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт хөл гишгэх зайгүй үзлээ. Үүнд л амжих гэж бид Эрдэнэтээс үүрээр хөдөлсөн хэрэг. Урилга барьсан олон хүн орж багтахгүй гадаа хоцорсондоо бухимдан дэмий л хамгаалагч залууст үг хаяна. Харин манайхны цөөн хэд нь суудалд тухалж, ихэнх нь зогсоогоороо үзсэн ч сэтгэл тун хангалуун байв. 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Оросын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Монгол Улсын төрийн дууллаар эхэлсэн нь сонирхол татсан. Дуу, бүжиг бүр нь утга агуулга төгөлдөр хийгээд мэргэжлийн өндөр ур чадвар, тайзны соёл, хувцас загвар, зохион байгуулалт, найруулгын төгс нийлэмжийг “ах нар” үнэнхүү гайхуулав.

 

Сансрын хөлгийн бүхээгт...

Маргааш нь Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Одон орон судлалын төвдөө биднийг хүлээн авч, музейгээ үзүүллээ. Сансарт ниссэн хүн бүр өөрийн улсдаа Сансарын ордон барьж, үзсэн туулснаа, энэ чиглэлийн сонин содон мэдээллийг олон түмэнд хүргэх хүсэлд автдаг. Сансар, од, эрхэсийн ордон 2014 онд ашиглалтад орсон бөгөөд энд задгай сансрын дуран, нарны аймгаар аялсан аппарат, одон орон судлалын шинжлэх ухаан үндэслэгчдийн танилцуулга, хөрөг, Интеркосмос хөтөлбөрт оролцсон орнуудын бэлгэ тэмдэг, дурсгалын зүйлс, сансрын хоол хүнс, Ж.Гүррагчаа баатар оддын хотхонд бэлтгэл хийж байхдаа болон сансарт нисэхдээ өмссөн хувцас, монголд унасан сансрын хөлөг гэх мэт сонирхолтой олон үзмэр байна. Хамгийн чухал нь “Союз-39” хөлгийн буугч хэсэг. Бүтэн байх үеийн жин нь найман тонн гэнэ. Хүн багтсан гэхэд итгэмгүй давчуу зайд хоёр суудал байна. Мэдээж, нэг нь Ж.Гүррагчаагийнх, нөгөө нь В.А Жанибековынх. Эрүү, өвдөг их ойрхон нугаларч суун, зайгүй байрлах самбарууд дээр тэд ажиллаж явжээ. Одоогийн “Далай ээж” захын буйран дээр хуучин Тээврийн музей байхад сансрын хөлгийн буугч хэсэг тэнд залаастай байж. 10 гаруй жилийн өмнө музей зах болоход Ж.Гүррагчааг “Энийгээ авч, зай гаргаж өг” гэж тэвдүүлжээ. Баатар зуслангийн байрандаа олон жил хадгалсны эцэст Одон орны музей барихдаа ханаар нь оруулж, мөнхийн зогсоолд нь байрлуулсан. Тухайн үед Орос, Монгол улс жинхэнэ “ах, дүү”-гийн найрсаг харилцаатай байсан учир технологийн үсрэнгүй дэвшил, өндөр нууцлал бүхий сансрын хөлгийн нэгэн хэсгийг манайд бэлэглэсэн нь өнөөдөр нүд хужирлах гол үзмэр болжээ.

 

Хээр хоноглосон үдэш...

Дараа нь бид Оросын агаарын цэргийн байлдааны онгоцны уран нислэгийн үзүүлбэр үзэхээр Хүй долоон худгийг зорьсон боловч хотын түгжрэл хоцроож орхисон. Нийслэлийн төв хэсэгт, автобус дотроо бүтэн дөрвөн цаг амьдрахдаа улс орны хөгжлийн талаар ярих илүүц санагдсан. Түгжрэх зуур зарим нь унаанаасаа буун дэлгүүр хэсэж нарны шил, малгай худалдан авч аяллын бэлтгэлээ гүйцээж байхад нэг хэсэг нь эмийн сан хайж яваад зоог бариад ирэх жишээтэй. Үнэндээ саун, массажанд ороод ирсэн ч амжихаар гацав. Уг нь хоёр улсын Засгийн газар Халхголын түүхэн ялалтын 80 жилийн ойд өндөр ач холбогдол өгч, төрийн хэмжээнд олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан боловч зам харилцаа, зай талбайнаас шалтгаалаад нийтийн хүртээл болох нь учир дутагдалтай байгаа анзаарагдсан. Бид хүлгийн жолоогоо домогт Дорнодын зүг мушгилаа. Улаанбаатар-Налайхын шинэ зам тавьж буй учир Төв аймгийн нутгаар тойрч, 50 гаруй км илүү явах хэцүү санагдсангүй. Учир нь бид хаана ч хоноглоход бэлэн, майхан, тогоо шанага, хүнстэйгээ аялсан юм. Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуурын ойролцоох том хайрхны нөмөр бараадан буудаллаж, ил гал дээр хээрийн цай даргиулж, хорхогны чулуу атгангаа энэ тэрийг хөөрөлдөн хөгжиж, дуулан бүжиж хоноход сэтгэл ер бусын хөхиүн.  Оросуудын майхнаас баяан хөгжим эгшиглэж, Орос цэцэрлэгийн багш Алешкович.М.А-ийн хөгжилтэй чанга инээдтэй хоршино. Баатрууд, ахмадууд ширээ тойрон дүнхийж, Эрдэнэт үйлдвэрийн нэгэн үеийн түүхийг, цагийн аясаар нууцлалгүй болсон хөгжилтэй явдлаа ил цагаан ярьж инээлдэнэ. Геологи хайгуулын ангийн өрөмдөгч Энхбат аялалын багийн ахлах тогооч. “Хуруу нэмэрлэхээс илүү хошуу нэмж, амтлагаа хийгчид дэндүү олон байна, холдоцгоо...” гээд туслахуудаа хөөнө. Тэгснээ “Мод авчир, давс тааруул, тогоо угаа” гээд буцаагаад дуудах нь аяллын бас нэгэн тод өнгө. Хэрлэнгийн урсгал, шувуудын ганганаа, хажууханд адуу тургилах нь байгалийн симфони эгшиглэх мэт.

 

Баатар хот ЧОЙБАЛСАН

Маргааш нь бид үдшийн гялаан хүүшлэх цагаар баатар хот Чойбалсанд ирлээ. Дайны үед Японы Кавантуны арми энэ хотын дээгүүр тагнуулын нислэг хийхдээ 20 гаруй онгоцоор агаараас довтлон 120 гаруй бөмбөг хаяснаар олон хүний амь нас эрсдэж, байшин барилга сүйдсэн юм. Түүнээс хойш албан газар, айл өрхийн байшингуудыг хар бараанаар будаж өнгөлөн далдлалт хийснээр учрах хохирлыг хөнгөвчилсөн түүхтэй. Дайсны танк орж ирэхээс хамгаалан найман метр өргөн, дөрвөн метр гүн, 100 км урт шороон жалга бүхий саад төвөө тойруулан байгуулж байсан баатар хотын ард иргэд өнөөдөр өнгөтэй, жавхаатай, сэтгэл түвшин амьдарч байна. Хот нь холоос гэрэлтэй, дорно аястай. Баруунаас ирэхэд Халхын голын ялалтын “морьтой хөшөө” угтана. Энд мөнхийн гал саяхан болтол бадамлаж байсан. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “...Халхын голын баатруудын зоригт залуу нас, золбоо хийморийг ассан галын бадрах дөлөнд онголон оршооё” гэж хэлсэн нь одоо ч санаанд илхэн. Холгүйхэн Дорнод аймагт амьдардаг буриад, халх, үзэмчин, барга ястны үндэсний хувцастай өнөр бүл цайны дээжээ наран зүг өргөн буй цогцолбор хөшөө үзэгдэх нь дайны дараах энх жаргалан амьдралыг бэлгэднэ. Хотын хуучин төвд бөмбөг унаж буй дүрслэл бүхий хөшөө байрлах нь зүй ёсных. Цаашлаад билгүүн номч Цэндийн Дамдинсүрэн судраа бариад төв номын сангийнхаа өмнө, Бөртэ хатан цэцэрлэгт хүрээлэнгээ чимэн, дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн шүлгэн хөшөөний дэргэд залуус болзож харагдана. Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан Дорнодчууд Хэрлэн голын эрэг дээр “Найрамдал” парк байгуулсан нь хараа булаам. Гэрэлт гудамж, гүүр, явган хүний зам, урлагийн тайз, нутгийн нэр алдартай зураач, хуурч, яруу найрагчдын бүтээл, дүрслэл цогцоороо. Энэ парк БНХАУ-ын Хөлөнбуйр хотын хоёр сая юанийн хөрөнгө санхүүжилтээр босжээ. Ер нь Чойбалсан хот зүүн бүсийн тулгуур төв болохын учир ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хот, Хянган, Шилийн гол аймагтай нийгэм эдийн засаг, соёл, боловсрол гээд бүхий л салбарт сайн хөршийн харилцаатай явж ирсэн. Хөршүүд нь Читийн, Агын, Хянганы гэхчлэн өөрсдийн нэрийн гудамж, талбайг хөрөнгөөрөө барьж байгуулдаг нь хотын өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй, найрамдалт харилцааг бэхжүүлдэг.

 

Нүд алдам Мэнэнгийн тал

Бид маргааш нь түүхт Халхголын зүг эртлэн “мордлоо”. Дайны үед ЗХУ-ын тусламжаар тавигдсан төмөр зам тэртээд үзэгдэнэ. Соловьёвск Баянтүмэнгийн энэ төмөр замаар зэвсэг, техник, хүн хүч, хоол хүнс “хойноос” ирж, цэрэг дайны зориулалтаар ашиглагдаж байсан бол эдүгээ хотын хөгжил цэцэглэлт, хүн зоны амьдралд нэн хэрэгтэй тээврийн хэрэгсэл болжээ.

Нүд алдам, алдарт Мэнэнгийн талаар өдөржин, оройжин давхив. Өнөөх Д.Нямаа найрагчийн 

...Явж байгаад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Явж явж асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үдэш болоход асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үүр цайхад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Мэнэнгийн тал... Мэнэнгийн тал... Мэнэнгийн тал... гэх шүлгийн мөрт эрхгүй санаанд бууна. Дэлхийн хамгийн том хялганат тал хязгаар үгүй, өвсөн далай. Том улаан нар дэргэд жаргах нь нэн үзэсгэлэнтэй. Гэгээ тасрахад замын баримжаа зөвхөн шонгийн модны цуваа болно. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын цагаан дээлээ мялаадаг газрын тосны 21-р талбайгаар дайран өнгөрлөө. Тамсагбулаг газрын гүнээс тос татдаг “тогоруу”-гаар дүүрчээ. Хилийн хоёр боомтоор өдөр 6000 тонн газрын тос “урагш” гардаг талаар тээврийн тэрэгний жолооч ярьсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны “Бичигт”-ийн боомт руу сайжруулсан зам тавьсан ч эвдэрчээ. Одоо 19-р талбайгаас хил ортол хар зам тавьж байна. Халхгол бол газар тариалангийн нутаг. Монголын 10 тэрбумтаны найм нь энд газартай гэж нутгийн иргэн хуучлав. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 100 га-д тосны ургамал, Б.Нямтайшир гэхэд 200 га-д будаа тариалдаг гэнэ.

Төвөөс хамгийн алслагдмал Халхгол сумыг зорихдоо замын хүмүүс Буйр нуурт алжаалаа тайлж амардаг жишгийг бид ч дагалаа. Талын хөх сувд Буйр захгүй мэлтийн угтав. Их усан мандал Хятадын нутагтай нийлж алсарна. Энд бид нуурын зүүн, баруун эрэг сэлгэн нүүж хоёр хонолоо. Ус нь бүлээн, элс нь халуун, нар нь ойрхон, хүн зон нь найрсаг жаргалын орон. Загас барьж, сэлэх зуураа хясаа түүн, эрэг дээр нь шорлог хийж, биеэ наранд шарсан шигээ дуулж бүжин замын ядаргаагаа бүрэн тайлаад цааш хөдлөв.

Мартах учиргүй түүх хөвөрнө...

Дараагийн өртөө Их бурхант цогцолбор. Халхын Сэцэнхан аймгийн Элдэв вангийн хошуу ноён, олноо хэцүү То ван хэмээн алдаршсан Б.Тогтохтөр санаачлан 1859-1864 онд бүтээлгэсэн найман аюулаас аврагч, 81 тохой буюу 27 метр өндөр Жанрайсиг бурханд залбирахаар сүсэгтэн олон иржээ. Ердөө дэргэд нь байрлах “Их бурхант”-ын заставын дарга Д.Наранбаатар энэ хавийн хөшөө дурсгал хийгээд энэ цогцолборын түүхийг түгдрэлгүй нүдэнд харагдтал тайлбарлах нь бахадмаар. Түүнд соёлын өвийг хамгаалах, тайлбар хийх үүрэг байхгүй. Зөвхөн иргэний үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж буй монгол цэрэг. Эндээс холгүй Монгол Улсын баатар М.Экейгийн хөшөө байна. Манай аяллын багийн гишүүн, Орос цэцэрлэгийн манаач М.Майдар үндэснийхээ баатрын хөшөөнд гүн хүндэтгэлтэй мэхийн ёсолж, Баян-Өлгий аймгаасаа хэрэг болгон авчирсан чулуугаа өргөхөд сэтгэл огшсон. Тэртээ 80 жилийн өмнө Япончууд үүрээр хил нэвтэрснийг харуулд явсан манай дөрвөн цэрэг мэдээд, нэгнийгээ хэл хүргэхээр явуулан гурвуулаа тулалдаж амь насаа алдсан байдаг. Тэдний нэг нь М.Экей баатар бөгөөд гэдсээ зад буудуулан цувуулсан ч 20-иод метр давшиж эрэлхэгээр байлдан амь үрэгдсэн түүхтэй. Ингэж л ширхэг чулуу, сөөм газрын төлөө мянга мянган эрс халуун амиа өргөж байсныг салхи нь хүртэл шивнэх шиг. Монголын хамгийн олон хөшөө дурсгалтай газар Халхгол байх нь зүйн хэрэг. Сүүлд байгуулсан Дандарбаатарын хөшөөг оруулаад 41 хөшөө утаат тэнгэрийн дор цойлжээ. Цаг хүрэлцэхгүй учир заримыг нь алсаас хараад өнгөрөхөөс аргагүй. Орос нөхдийн маань заавал очих ёстой, ЗХУ-ын баатар М.П.Яковлевийн танкны хөшөө Баянцагааны нуруунд бий. Дайны тактикаар танк давшиж байхад ард нь явган цэргүүд гүйдэг. Гэтэл М.П.Яковлев Тамсагбулагаас явган цэргээ хүлээгээд ирэхгүй, Япончууд гүн нэвтэрчих гээд болохгүй үед явган цэрэггүйгээр дайралтад орж ялалт байгуулан дэлхийн дайны түүхийг өөрчилсөн. Тийм ч учраас тэдний бригадын 17 хүнд ЗХУ-ын баатар цол олгосон юм.

Харин М.П.Яковлев тулалдаан дууссаны дараа дайны талбараа цэвэрлэх явцдаа шархадсан японд буудуулж амь эрсэдсэн. Харийн хүн хэний төлөө, унаж явсан танктайгаа гэрэлт хөшөө болсныг бид мартах учиргүй. Халхын голд амиа өргөсөн Зөвлөлтийн 27 мянган цэрэг эрсийн нэгээхэн түүх энэ. Мөн бид нэр нь тодроогүй Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон Ерөн баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тэнд шилэн аяганд архи дүүргэн дээр нь талх тавьсан нь шинээрээ байна. Замд бидэнтэй зөрсөн орос цэргүүд өөрийнхөө ёсоор тийн “золгосон” болов уу. Манайхан дуу цөөнтэй, дор бүрнээ гүн бодолд автан цувцгаана. Орос бүсгүй маань нулимс дуслуулж харагдсан. Сэтгэл нэг л хөндүүр...

Биднийг Халхгол сумын зүг хөдлөхөд тэнгэр үүлгүй цэлмэг үзэгдэнэ. Дэлхийн түүхэнд хамгийн олон онгоц энэ тэнгэрийн дор тулалдсан тухай бодон явлаа. Нар халхалсан ширүүн дайнд Япончууд 660 онгоцоо, манайхан 425 онгоцоо алдсан. Эхний үед Япончууд агаарт үнэхээр оодорсон гэдэг. Тухайн үеийн ЗХУ-ын удирдагч И.В.Сталин 11 жил агаарт байлдсан шилдэг 28 нисгэгч дайчнаа өрөөндөө дуудахад шинелийнх нь хормой чичирч байсан тухай дурсамж номонд гардаг. Сталин махир трубкандээ тамхи нэрэн манхайн цайх үүрийг ширтэж зогсонгоо “Монголын тэнгэрт Японы самурайнууд ноёрхож байна. Зөвлөлтийн улаан армийн баатарлаг нисгэгчид ноёрхох учиртай. Манай онгоцны хуяг нимгэн, маневр, хурд муу байна. Шинэ загварын байлдааны онгоцоо аваад Халхголын тэнгэрт гавьяа байгуул” гээд явуулжээ. Цэргийн онгоцонд анх удаа пуужин суурилуулсан гэдэг. Тэд Халхын голд анх ирсэн дурсамжаа “Мадридаас Монголд...” номонд бичсэн нь бий. Тэгэхэд энэ тэнгэрт 15 баатар төрсөн юм.

Эмзэглэл-Омогшил-Ухаарал мэдрэгдэхэд бүхнийг хайрлана

Хамар даваан дээрх Ялалт хөшөө алсаас бараатай. Халхын голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд Эрдэнэтийн 150 тонн аранжин зэсээр босгосон гэдэг. Гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол, Зөвлөлт цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай эмэгтэйн дүрийг урлажээ. Хоёр далбаа бүхий ханан дээр морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчид, байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлж тухайн үеийн тулалдааны уур амьсгалыг илэрхийлсэн байна. 50 гаруй метр өндөр Ялалт хөшөө энэ жилээс шөнө гэрэлтдэг болж өнгө засжээ. Бид ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын инженер Л.Батгэрэлийн оюутан цагийн найз, Сүмбэрийн отрядын захирагчийн заллагаар тэнд хоноглов. 1934 оны намраас 1939 оны хавар хүртэл Монгол улсын зүүн хилийг 60 удаа өдөөн хатгаж, зэвсэгт мөргөлдөөн, тулгаралт болж өргөжсөөр дайн эхэлсэн. Энэ бүхэнд Сүмбэрийн отряд галын шугамд гол ачаа үүрсэн. Түүгээр ч зогсохгүй 1945 оны чөлөөлөх дайн, 1947, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцсон, эгнээнээсээ таван баатар төрүүлсэн домогт анги юм. Дорнодын Халхголоос Ховдын Байтаг Богд хүртэл 3000 км морин марш хийсэн түүхт ангийнхан ялалтын баяртаа бэлдээд гял цал. Цэргийн гавьяаны улаан тугийн одонт энэ анги Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын өдөр Сүхбаатарын одон хүртсэн.     

Маргааш нь бид зөвхөн Халхын голын дайны түүхээр дагнасан “Ялалт” музей үзлээ. Музейн захирал Л.Мягмарсүрэн гэж насаараа Халхын голын дайны судалгаа хийсэн энх цагийн энгүй зүтгэлтэн байна. Түүний ярих нь яг л кино шиг. Бөмбөрцгийн хуурай газрыг Итали, Герман, Япон гурав хувааж эзлэх гэж дэлхийн хоёрдугаар дайн өдөөсөн. Үүний оршил нь Халхын голын дайн байсан юм. Япончууд 1928 онд өнөөдрийн Өмнөд, хойд Солонгосыг байлдан эзлээд, түүндээ ханалгүй зүүн хойд Хятадыг өөрийн болгоод, 1938 онд өмнөд Хятадыг, дараа нь Монгол, Сибирийг тэр чигээр нь колончлох зорилготой байж. Халхын голын дайн Баянцагааны нуруунаас Эрс уул хүртэл 70 км-ийн өргөн фронтоор, өнөөдрийн Хятад-Монголын хилээс 22 км-ийн гүнд,  128 хоног үргэлжилсэн. Орос, монгол аавын хөвгүүд хувцсаа тайлалгүй, дутуу нойр, дундуур идэштэй дөрвөн сар байлдаж байж өнөөдрийн тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулсан. Тухайн үед Токиод Германы Элчин сайдын яаманд ажиллаж байсан тагнуулч Зоргейг Монголчууд үеийн үед дурсах учиртай. Итали, Герман, Япон гурав цэргийн эвсэл холбоотон учраас Японы цэргийн тактикийг Германчуудаас олж авах нь илүү хялбар байж. Олон сар мэдээ илгээгээгүй Зоргейг Немцыд урвасан гэсэн ойлголттой байтал 8-р сарын 10-нд “8, 24, их давшилт” гэсэн үг явуулжээ. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 24-нд Япончууд их давшилт хийнэ гэдэг маш чухал мэдээ дамжуулсан хүн. Ингээд Жуков, Чойбалсан хоёр “24”-нөөс өмнө “20”-нд сөрж довтлох тушаал өгсөн. Агаарт улаан пуужин хөөрөхтэй зэрэгцэн 150-иад дайрагч онгоц ниссэн. Түүний халхавчинд хүнд бөмбөгдөгч онгоцууд дайрч, 660 их буу зэрэг гал нээсэн гэдэг. Япончууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад фронтын баруун, зүүн жигүүрээр зургаа, наймдугаар морьт хороо давшилтад орж, тэдний дайрна гэж төлөвлөсөн 24-ний өдөр Монголын хил дотор бүслээд авч. Ингэж л Халхын голын дайн төгсгөл болсон түүхтэй. Цэргийн гавьяаны одонт ганц сум Халхгол байхаас аргагүй. Тэр нутагт байгаа бүхэн дайны эсрэг тэмцсэн. Өнөөдөр Халхголчууд шумууландаа хөшөө босгох тухай ярьцгааж байгаа нь инээдэм биш. Ялалт байгуулахад шумуул их үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Орой болоход Япончууд шумуул үргээхээр цагаан бээлийтэй гараа гозолзуулан байршлаа мэдэгддэг байж. Мөн Япон цэргүүд шумуултай байлдаад олигтой тулалдахгүй байхаар нь дарга нар нь тэдний гарыг их буутай нь хүлж орхидог байж. Шумууланд хазуулсан цэргүүд шархны халуунаар өвдөж тулалдах чадвараа алддаг байсан байна. Тэр намар Халхын гол эргээ хальтал үерлэсэн гэдэг. Хэдийгээр далайн цэргүүд боловч хүчтэй давшилтад түрэгдэн 12 мянган япон Халхын голд үйж үхсэн баримт бий. Тэр үед гол улаан өнгөөр урссан гэх. Бидний өнөөдрийн сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн 27000 цэрэг Халхын голын хөрсөнд шингэж, Монголын 990 амь тэнгэрт хальсан. Япончууд манай 10 мянган хүнд хулганы хар хижиг өвчний вирус тарьж бактериологийн туршилт хийсэн. Үүнийг яр шарханд баригдан шаналж буй эгэл монгол иргэдийн музейд өлгөөтэй гэрэл зураг гэрчилнэ. Музейн захирал тайлбарынхаа төгсгөлд амин чухал нэгэн хүсэлт бидэнд тавьсан юм. Ялалт музейг тайлбартайгаар заавал үзээрэй гэж хүн бүр 10 хүнд хэлж түгээж өгөөч гэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт Халхын голын дайны талаар нэг ч өгүүлбэр байхгүй өнөө цагийг шүүмжилсэн тэмцэл санагдсан.  

 

Шинэ сумын төв талбайг Г.К.Жуковын морьт хөшөө чимнэ

Халхын голын ялалтын 80 жилийн ой Монголчуудыг үнэхээр сэрээжээ. Ялалтын зүг чиглэх ардын зам балраагүйг харлаа. Энэ нутагт хүн, машин багширч, ялалтын дуутай өдрүүд үргэлжилсээр... Энэ олныг Халхголд далласан хүн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин.В.В гэхэд хилсдэхгүй. Түүнийг ирэх сургаар, гараа сунгасан “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтыг нүдээр үзэх гэж өнцөг булан бүрээс хүмүүс цуглажээ. Япончууд хүртэл өвөг дээдсийнхээ амирласан газар хүндэтгэл үзүүлэхээр ирсэн яваатай таарлаа. Оросууд найман сая еврогийн хөрөнгө оруулж, Халхголчуудад шинэ сум барьж бэлэглэсэн нь түүхэн  ялалтын тэгш ойн хамгийн том өгөөж юм. Хөрөнгө мөнгө нь зөв төвлөрөөд, техник, хүн хүч нь мэргэжлийн байхад богино хугацаанд юуг ч бүтээж болдгийн тод илэрхийлэл энд сүндэрлэнэ. Суманд хэтэрхий гоёдсон уу гэмээр чамин загвар хийцтэй 11 байгууламжид 560 хүүхдийн сургууль, дотуур байр, 250 хүүхдийн цэцэрлэг, 320 хүний суудалтай Соёлын төв, спорт заал, 15 ортой эмнэлэг, захиргааны байр зэрэг багтана. Мөн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуйн нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьжээ. Шинэ сумын төв талбайг маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөө чимнэ.  

Манай аяллын баг Халхголоос үд хэвийх үед хөдөллөө. Тэртээ 80 жилийн өмнө тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн газрын шарх одоо ч аниж эдгээгүй нэгийг сануулна. Монгол орны тусгаар тогтнол, ард түмний амар амгалан, аюулгүй амьдрал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ялалт байгуулсан Монгол, Оросын эрэлхэг дайчдын гавьяа зүтгэлийг бид хүндэтгэн дархалж, хойч үедээ бахархан мөнхжүүлэх учиртай. Энэ тухай л бид Эрдэнэтийн гэрэл харагдтал ярьсан даа. 

СЭТГҮҮЛЧ: М.ОДГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.БАТТӨГC

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог