• Туршилтаар шахмал түлш хийж эхэллээ

       Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай жишиг уурхайн хувьд олон нийтэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Энэ удаа  агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй, утаагүй, шахмал түлш хийх үйл ажиллагааг туршилтаар эхлүүллээ.    Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсэг дээр жижиг хэмжээний технологи суурилуулан ОХУ-ын PMI sysmems компанийн гурван инженерийг авч ирж туршилтаар шахмал түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.    Химийн барьцалдуулагч ямар нэгэн бодис ороогүй харин ч модны навч, үртэс, хамгийн хямд түүхий нүүрсийг баяжуулан  шахмал түлш хийн туршиж байна. Бүр төрлийн зууханд хэрэглэж болох тал дээр анхааран хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх тал дээр туршилт хийгдэж байна.     Туршилт эхлээд гурав хонож байна. 11-р сарын нэгэн гэхэд туршилтын хугацаа дуусаж лабораторын шинжилгээ хийлгэн хүлээн зөвшөөрөгдвөл аймгийн айл өрхүүдэд, төрөл бүрийн зуухтай айлуудад туршиж, нэвтрүүлэх юм.     Дашрамд дуулгахад энэ шахмал түлшийг Оросын холбооны улсын анчид, хүчний байгууллагынхан битүү газарт, майханд хэрэглэдэг юм байна. Орхон аймгийн хэмжээнд 13190 орчим айл гал түлдэг гэсэн судалгаа байна. Энэ туршилт амжилттай болсон тохиолдолд хямд үнээр, утаагүй, байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй  энэхүү шахмал түлшийг нэвтрүүлэн энэ технологийг нутагшуулахаар ажиллаж байна.                                                                                           А.Бямбамаа                   Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Хүний нөөцийн бодлогыг нотолгоонд суурилсан шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлэх нь чухал

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяртай ярилцлаа.   - “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгоод тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бүтэц, нэгжийн өөрчлөлт хийх зэрэг нэлээд ажил өрнөсөн байх.  Ямар өөрчлөлтүүд хийгдсэн бэ?    - Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03-р сарын 21-ны өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Үүнтэй холбоотой үйлдвэрт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүдийг шинэчлэх томоохон цар хүрээтэй ажлууд хийгдлээ. Бид үйлдвэрийн 6000 гаруй ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт шинэчлэх, мөн үйлдвэрийн газрын ажилтнуудын хүний нөөцийн мэдээллийн сангийн сайжруулалтын  ажлыг холбогдох хэлтсүүдтэй хамтарч богино хугацаанд хийж гүйцэтгэж байна.    - Бүтэц, орон тоо өөрчлөгдөхтэй зэрэгцэн албан тушаалын томилгоо хийгддэг. Хэр өөрчлөлт орсон бэ?    - Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  баталсан бүтцийн дагуу  Монгол Улсын Засгийн газрын баримталж буй удирдах ажилтныг шаталсан мерит зарчмаар дэвшүүлэн ажиллуулах чиглэлийг баримтлан  үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудыг Ерөнхий захирал томилсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт удирдах ажилтнуудын  90 хувь нь үйлдвэрт  тодорхой албан тушаалд ажиллаж байсан ажилтнууд бол,  41.8 хувь нь 45 хүртэл насны залуу ажилтнууд,  62.7% нь төрөлх үйлдвэртээ 11-ээс дээш жил ажилласан  бүх шатны удирдлагын  түвшинд тогтвортой ажиллаж,  хүний нөөцийн бодлогын хүрээнд олон жил бэлтгэгдсэн, уул уурхайн салбарын туршлагатай ажилтнууд ч ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээл дээрээс мэргэжлийн туршлагатай цөөн мэргэжилтнийг урьж ажиллуулсан.  Манай үйлдвэрт туршлагатай, дадлагатай, мэргэжилтэй удирдах ажилтны хангалттай нөөц бий. Ер нь хүний нөөцийн бодлого гэдэг зөвхөн томилгоо төдий  асуудал биш. Үйлдвэрийн урт хугацааны хөгжлийн  бодлогын нэг чухал хэсэг.    - Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн статус өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажиллагсадтай хийх гэрээг шинэчлэн байгуулсан гэсэн үг үү?      - Тийм. Үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой хөдөлмөрийн харилцааны бүхий л баримт бичиг шинэчлэх шаардлага гарсан. Түүнээс ямар нэгэн байдлаар ажилчдыг  хоморголон халсан, өөрчилсөн зүйл байхгүй. Хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан цөөн тооны хүн бий. Хүний нөөцийн бодлогын хүрээнд өндөр мэргэжилтэй инженер техникийн ажилтнуудыг зөв  байршуулан ажиллуулах асуудлыг үйлдвэрийн газрын Ерөнхий захирал, удирдах бүрэлдэхүүн онцгой анхаарч  ажиллаж байна. Энэ онд нийт бүтцийн нэгжийн 153 ажилтныг дэвшүүлэн ажиллуулсан бөгөөд эдгээр ажилтны 24%-ийг ажилчны орон тоон дээр ажиллаж буй дээд боловсролтой залуучууд эзэлж байгаа бол, 38.5% нь инженер техникийн ажилтнаас удирдах албан тушаал дэвшин ажилласан  байна. Мөн 66% нь залуу ажилтан байгаа нь үйлдвэрийн газрын  залуу чадварлаг  ажилтнуудыг дэмжих бодлогын хүрээнд тэдний ур чадварыг бодитой үнэлж байгаагийн тод жишээ гэж харж болно.    - Үйлдвэрийн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн талаар товч танилцуулна уу. Хүний нөөцийн бодлогыг бодит судалгаанд үндэслэх шаардлагатай гэж та бүхэн үзсэн үү?    - “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/656 тоот тушаалаар бид “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж байна. Энэ хүрээнд мянга гаруй ажилтныг хамарсан Сэтгэлзүйн болон социологийн судалгааны томоохон ажлыг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэйгээ хамтран  хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын үр дүнгээр хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөр боловсруулах дэд хэсгүүдийг байгууллаа. Шинэ ажилтны дасан зохицох, Залуу ажилтныг дэмжих, Манлайллын буюу түлхүүр ажилтны, Ахмад ажилтанд зориулсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх дэд ажлын хэсгүүдийг байгууллаа. Тухайлбал шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр гэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн 40 гаруй жилийн түүхэнд хүний нөөцийн нэг үе бүрэн солигдсонтой холбоотой уялдаж байгаа юм. Үйлдвэрийн нийт ажилтны нас насанд нь тохирсон  бодит судалгаа, нотолгоонд үндэслэсэн бодлого боловсруулан ажиллах нөхцөл шаардлага бидэнд зайлшгүй тулгарч байна. Залуу ажилтнуудыг дэмжих, хөгжих боломжоор хангах, түлхүүр ажилтны  манлайллыг урамшуулан  хөгжүүлэх нь  компанийн хүний нөөцийн бодлогыг тогтвортой авч явах, зөв хандлагатай чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх чухал  нөхцөлийг бүрдүүлнэ гэж бид харж байна.    - Судалгааны үр дүнгээс онцлох ямар асуудал байна вэ?    - Шинэ ажилчдын сэтгэлзүйн судалгаанаас харахад манай үйлдвэрт ажилд орсон залуу ажилчдын дундаж нас 31 байна. Тэд ажилдаа сэтгэл хангалуун байдал маш өндөр хувьтай байгаа нь судалгаагаас харагдсан. Ажил сайжруулах, шинийг санаачлах, сэтгэлгээ нь хайрцаглагдаагүй, уян хатан, ажлаа төгс хийх эрмэлзэлтэй, бусдын хяналтгүйгээр хариуцлагатай ажиллах хандлагатай байгааг эндээс харж болно. Мөн социологийн судалгаа хийгдсэн.  Шинээр ажилд орсон хүмүүст дасан зохицоход хэдий хугацаа орж байна, эерэг болон сөрөг хүчин зүйл юу байна гэх мэтчилэн маш нарийн судалсан. Ажилтны  тогтвортой ажиллах сэтгэлзүй өндөр байгаад шууд нөлөөлж буй хүчин зүйл нь бичил хамт олон юм гэдэг нь судалгаанаас харагдаж байна.  Шинэ залуу ажилчдыг тогтвортой ажиллуулж, тухайн ажлын байранд чадварлаг хүний нөөц болгон үлдээнэ гэдэг бол маш чухал асуудал. “Эрдэнэт”  үйлдвэр том хамт олон. Зөвхөн уул уурхай гэлтгүй эмнэлэг, нийгмийн харилцаа, аялал жуулчлал, спорт, урлаг зэрэг нийгмийн олон салбарын мэргэжлийн хүмүүс нэгдэж ажилладаг онцлогтой. Тиймээс шинэ хүмүүсийг үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгуулж, энэ том гэр бүлийн гишүүн болсныг нь танилцуулах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөж байна. Манай Технологийн сургуулийн удирдлага, мэргэжилтнүүд энэ хөтөлбөр дээр хамтран ажиллаж байна. Судалгаанаас харахад, шинээр ажилд орсон хүмүүст мэдээлэл дутмаг байдал зонхилж байгааг олж харсан. Бид үүн дээр анхаарч ажиллана.    - Үйлдвэрт тэтгэврийн насанд дөхсөн ахмад ажилтнууд цөөнгүй хувийг эзэлдэг. Тэдэнд чиглэсэн ямар бодлого байх  вэ?    - Манайд салбартаа дээгүүрт үнэлэгдэх арвин туршлагатай ахмад ажилтнууд олон бий. Ахмад ажилтны судалгаанд оролцогчдын 84.2  хувь тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн бэлтгэл маш чухал гэж үзсэн бөгөөд ахмад ажилтанд зориулсан бодлого хөтөлбөр чухал гэдэгтэй санал нэгдсэн байна. Судалгааны дүнгээс харахад зарим талаар шинийг санаачлах эрмэлзэл буурсан ч мэдсэн сурснаа бусдадаа зааж өгөх чин хүсэлтэй байдаг. Тэдний эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн халамж, үйлчилгээ болон  тэтгэврээс гадна нэмэлт орлоготой болох боломжийн талаар сургаж, бэлтгэх хэрэгцээтэй байна. Харин залуу ажилтнууд ахмадуудаасаа илүү үлгэр дуурайлал, зөв хандлагыг хүлээж байдаг нь судалгаанаас харагдсан.    - “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орох хүсэлтэй хүн олон байдаг. Сул ажлын орон тоо байхгүйн зовлон хэзээд л байдаг шүү дээ. Он гарсаар хэдэн ажлын байранд сонгон шалгаруулалт хийсэн бэ?    - “Эрдэнэт” үйлдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас батлагдсан хязгаар дотор хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ. Тогтвортой ажлын байр, тодорхой хэмжээний өндөр цалин хөлсийг дагаад хүний нөөцийн хөдөлгөөн маш бага байдаг. Тогтворжилтын коэффициент өндөр гэсэн үг. Яагаад гэвэл хүмүүс нэгэнт ажилд орсон бол ажлаас гарах сонирхол, магадлал маш бага. Манай ажлын байрны гол хөдөлгөөн  ажилтан хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд гардаг. Гэхдээ хамтын гэрээний 2.4 заалтаар “Эрдэнэт” үйлдвэрт 20-иос дээш жил ажилласан хүн тэтгэвэрт гарахдаа өөрийн мэргэжлээр суралцаж төгссөн нэг хүүхдийг үе уламжлан ажиллуулах эрхтэй байдаг. Сул ажлын байрыг нээлттэй зарлаж сонгон шалгаруулалтаар иргэдийг ажилд авах зарчим баримтлан ажиллаж байна. Хагас жилийн байдлаар 53 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох мэргэжлийн хэлтэс, бүтцийн нэгжүүд зохион байгуулсан.    - Хамтын  гэрээний дээрх заалтыг зарим хүн “Үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг алдагдуулж байна” гэж шүүмжилдэг. Эцэг эхийнхээ оронд ажилд орсон залуус ажлын шаардлага хангаж чаддаг уу?      - Хоёр талтай. Хамтын гэрээний энэ заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас буруу, эсвэл зөв гэх нь оновчгүй. Энэ заалт нь нэг талаас тухайн хүнийг тогтвортой сайн ажиллах хөшүүрэг болдог. Ажилтныхаа нийгмийн асуудлыг ч шийдвэрлэдэг сайн талтай. Нөгөө талаас тухайн ажлын байранд үнэхээр чадварлаг, авьяастай хүнийг шударгаар сонгон шалгаруулах зарчим алдагдаж байна уу гэвэл бас бодох л асуудал. Гэхдээ үе залгамжлан ажиллах гэж байгаа хүүхдүүдийг нь мэргэжлийн хувьд тэнцэж байна гээд ажилд шууд оруулчихдаггүй. Туршилтын хугацаанд тавигдсан шаардлага хангасан тохиолдолд үндсэн ажилтан болгодог.    - Манай үйлдвэр өөрийн гэсэн дотоод соёлтой, хариуцлагатай, улс нийгэмдээ ч өндөр ач тустай хамт олон. Гэвч цахим орчинд энэ хамт олны хийж бүтээснийг харлуулах оролдлого мэр сэр гардаг. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?    - “Эрдэнэт” үйлдвэр бол хөгжлийн, түүхийн, үнэт зүйлийн хувьд ч маш их үнэ цэнтэй том байгууллага. Тийм ч учраас манай ахмадууд энэ бор уулын буян хишгээр сайхан амьдарч байна гэж хэлдэг шүү дээ. Үйлдвэр ямар ч статустай байлаа гэсэн энэ уурхайчин хамт олны нуруун дээр, энэ хүмүүсийн зүрх сэтгэл дээр л үйлдвэр тогтож, энэ баялаг бүтээгддэг.  Гэтэл тэр үнэт зүйлсээ харлуулж байгаа нь идэж буй будаа руугаа нулимахтай адил гэж би үзэж байна. Ажилтан ч, удирдлага ч байгууллагынхаа дотоод дүрэм журмыг мөрдөж ажиллах нь зохистой юм.    - Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг та бүхэн хэрхэн угтаж байна вэ?    - Хүний нөөцийн ажилтны өдрийг угтаж үйлдвэрийн газрын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийг үнэлэх, тэдний ажил хөдөлмөрийг сурталчлах, мөн сургах хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлыг төлөвлөн хийж байна. Манай хамт олон Монголын Хүний Нөөцийн институттэй хамтарсан Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн эрхзүйн чиглэлийн сургалтыг амжилтай зохион явууллаа. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний “НR DAY-2019” чуулганд хамт олны төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байна. Ер нь манай “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд маш чадварлаг, ажлын ачаалал даах чадвартай, нэг санаа зорилготой сайхан хамт олон байдаг. Тэднийгээ мэргэжлийн хувьд хөгжүүлж бодлогын түвшинд ажиллах боломжийг нээж өгөх нь бидний гол зорилго юм.  Эцэст нь хэлэхэд “Posche”  компанийн Ерөнхий менежер Петер Шуц-ын хэлсэнчлэн “Хандлагыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүлэх” асуудал ямар ч компанийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвшилд чухал байдгийг онцольё доо.       - Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.   Б.УЧРАЛ Дэлгэрэнгүй...
  • “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээнд 20 баг өрсөлдөж байна

       Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчдад хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээн өчигдөр эхэлж нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэж, нийт багууддаа амжилт хүслээ.    Ус хангамжийн цех, Эрдэнэт сувиллын цогцолборын тоглолтоор тэмцээн эхэлж, багууд асуулт хариулт, аюул түүний үр дагаврыг тогтоох даалгавруудаас гадна "Аюулгүй ажиллах соёл" сэдвээр урлагийн үзүүлбэр үзүүллээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариултын тэмцээнээр үргэлжилж, хөгжөөн дэмжигчдийн оролцоо, ирц багийн оноонд нөлөөлөх тул танхим дүүрэн үзэгчидтэй байлаа.    Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг юм.    “SAFETY FIRST” тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, ажилчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжиж, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.    Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн газрын 20 цехийн баг оролцож байна. Эхний шатны тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилж шилдгүүд дараагийн шатанд оролцох юм. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Соёл урлагийн цогцолбор тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь Соёл урлагийн цогцолборын өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын эхлэл болж байгаагаар онцлог болж байна.                        А.Бямбамаа Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Хүний нөөцийнхөн өөрсдөө суралцлаа

       Монгол улсад  2016 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 15 ны өдрийг Хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар уг өдрийг бүтээлч, ажил хэрэгч байдлаар зохион байгуулж, хүний нөөцийн мэргэжилтнүүддээ номын дуу сонсгож, “тархи цэнэглэгч” өдөр болгов. Тэд “Монгол улс дахь хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, хөгжил” сэдвээр шинэ мэдээлэл авч, саналаа солилцсон юм. Сургалтыг Монголын Хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатар удирдан, хүний нөөцийн менежментийн сонирхолтой жишээ, судалгааны дүн бүхий хичээл заав. Энэ үеэр тус газрын удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, Хүний нөөцийн ажилтны мэргэжлийн өдрийн ач холбогдол болон өнөөгийн бодлого хөтөлбөр, сургалтын талаар ярилцлаа. Захиргаа, Хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд:    Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн чиглэлээр 58 ажилтан ажилладаг. Тус үйлдвэр өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн Төрийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж байна. Ингэснээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар шинээр байгуулагдсан. Тус газар дотроо Хүний нөөцийн алба, Албан хэрэг хөтлөлтийн алба, Төрөлжсөн архив гэсэн гурван албаар дамжуулан өөрчлөлт шинэчлэлт, хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг шинэчлэх ажлуудыг  шат дараатай хийж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан үйлдвэрийн нийт 6000 гаруй ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчилж дууслаа. Энэ ажил нэлээд цаг хугацаа шаардсан, нүсэр ажил байв. Мөн Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн чиглэлээр хөтлөгдөж байгаа баримт бичгийг хууль, журамд нийцүүлэн боловсруулах ажил хийгдэж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар ээлжийн амралтын хуудсыг, заавартай нь  хавсарган өөрчилж, ээлжийн амралт олгох мэдэгдэл болгон шинэчилсэн. Ингэснээр Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан заавар дүрэмтэй нийцүүлж боловсруулсан болно. Чөлөөний хуудас болон архивт хүний нөөцийн чиглэлээр хадгалагдаж буй бичиг баримт, зааварт тулгуурлан ажилтны анкетийг шинэчиллээ.  Ийм олон шинэлэг бөгөөд их ажлын ард гарсан амжилтаар манай газрын хамт олон Хүний нөөцийн ажилтны өдрийг угтаж байна. Бид энэ өдрийг баяр ойн хүрээнд бус өөрсдийнхөө мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарч, хүний нөөцийн иж бүрэн асуудлыг орчин үеийн чиг хандлага, үйл ажиллагаандаа хэрхэн уялдуулж, сайжруулах талаар суралцаж, мэдлэгийн өдөр болгон тэмдэглэлээ.   Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд:    Хүний нөөцийн алба үндсэн хоёр чиг үүрэгтэй. Эхний үүрэг нь хөдөлмөрийн холбоотой харилцааг шийдвэрлэх бол дараагийн чиг үүрэг нь  хувь хүний сургалт, хөгжлийн асуудлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, өдөр тутамд ажилтан, ажил олгогчдын хооронд үүсдэг бүхий л хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж, төлөвлөх, үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй хувь хүний хөгжил, сургалтын хөтөлбөр бодлоготой уялдуулан ажилтны сургалтын хэрэгцээг тодорхойлж, төлөвлөж зохион байгуулах нь манай албаны үндсэн ажил юм.  Чиг үүрэг ингэж тодорхой болсноор бидний хийх ажил ойлгомжтой, эмх цэгцтэй болсон гэж хэлж болно. Тодорхой ажлаас л үр дүн, өндөр бүтээмж гардаг.  Хүний нөөцийн ажилтны өдөр бол манай улсын хувьд харьцангуй шинэ тэмдэглэлт өдрүүдийн нэг. Энэ өдрөөрөө бид хүний нөөцийн ажилтнууддаа шинэ мэдээлэл өгөе, оюуны мэдлэгээ арвижуулая гэдэг үүднээс бүгдээрээ номын дуу сонсож байна. Орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэхийн тулд юунаас эхлэх, юунд тулгуурлан хөгжих вэ гээд олон чухал мэдээллээр “чихээ онгойлгож” байгаа нь бидэнд ач холбогдолтой боллоо. Цаашид ч бид хүний нөөцийн ажилтнуудаа чадавхижуулах чиглэлээр сургалтын цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Ган бөөрөнцөгийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Мягмар:    "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болсноор хүний нөөцийн бодлого, зорилтоо шинээр тодорхойлон ажиллаж байна. Манай үйлдвэрт хүний нөөцийн алба үүссэний 45 жилийн ой бас энэ өдрүүдэд тохиож байна. Энэ утгаараа бидний ажиллаж байгаа салбарын хувьд шинэ үе ирж байна гэж ойлгож байгаа. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрсдөө хөгжиж боловсрох шаардлагатай. Энэ үүднээсээ өнөөдрийн сургалтыг зохион байгуулж, чухал мэдлэгийг бидэнд өгч байгаад талархаж байна. Тухайлбал, хүний нөөцийн мэргэжилтэн маш сайн төлөвлөж ажиллах ёстойг сургалтаар заасан. Цагаа олсон, гоё мэдээлэл сонссондоо олзуурхаж байна. Миний хувьд  Эрдэнэт үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байна. Хүний нөөцийн мэргэжилтний хувьд ажилтнуудтайгаа яг байгаагаар нь харилцаж, боловсролын түвшингээр нь бус чаддаг зүйлээр нь илүү хөгжүүлж, урамшуулж ажиллах зарчим баримталдаг.   Чанар хяналтын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Бумгэрэл:     Манай үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн алба үүссэний ойн үеэр Монголын Хүний нөөцийн институтын мэргэжилтнийг урьж, өөрсдөдөө сургалт авч байгаа нь чухал ажил хэрэг гэж бодож байна. Манай үйлдвэр бүх талын үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллага. Гэхдээ бид үргэлж шинийг эрэлхийлж, тэр тусмаа хүний нөөцийн бодлогоо сайжруулж, шинэчилж ажиллах ёстой. Тиймээс өнөөдрийн сургалт үүнд том хувь нэмэр боллоо. Цаашид ч мэргэжлийн байгууллагатайгаа хамтран ажиллаж, тэдний шинэ туршлага, арга барилыг нэвтрүүлж ажиллах болно. Би үйлдвэртээ хүний нөөцийн чиглэлээр 18 дахь жилдээ ажиллаж байгаагийн хувьд манай салбарын хөгжил эрчимтэй урагшилж, улам боловсронгуй болж байгаа гэж хэлмээр байна. Үүнийгээ дагаад хүний нөөцийн мэргэжилтнүүд арга барилаа шинэчилж, өөрийгөө боловсруулж суралцаж байхын чухлыг энэ удаагийн сургалтаас илүү мэдэрлээ.               Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн алба үүсч хөгжсөний 45 жилийн ой энэ онд тохиож байна. Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглах, зэсийн үйлдвэр барьж байгуулах эхлэлтэй зэрэгцэн тэнд ажиллах боловсон хүчний асуудлыг давхар шийдсэн нь тухайн үеийн төр засгийн оновчтой бодлого болсныг тус үйлдвэрийн хүний нөөцийн салбарын өнөөг хүртэл тогтвортой төлөвшиж ирсэн түүхэн замнал харуулдаг. Тиймээс ч Монгол улс төдийгүй дэлхий нийтийн хүний нөөцийн менежментийн орчин үеийн түвшинд хүрэх бааз суурь, нөөц боломж Эрдэнэт үйлдвэрт хэдийнэ бүрдсэн гэдгийг судлаачид үнэлж байна.    Ийнхүү ажилтан хүнтэй хамгийн “ойр” байж, тэдний ажиллах урам зориг, эрч хүч, сурч хөгжих гээд бүх л хүсэл тэмүүллийн нэгэн жигүүр нь болж байдаг “Хүний нөөцийнхөн” өөрсдийн мэргэжлийн өдрийг мэдлэг, мэдээллээр дүүрэн тэмдэглэлээ. Шинэ цагийн хөгжил дэвшлийг ажилтан бүрийнхээ өөдлөн дэвжих их эрмэлзэлтэй ижилсүүлж, түүчээлэх тэдний ажил мэргэжил хариуцлагатай хийгээд нэр төртэй алба билээ. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна

       Хүний нөөцийн ажилтны өдөр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Монгол улсын Хүний нөөцийн менежментийн салбарын өнөөгийн чиг хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг удирдаж, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд шинэ мэдлэг мэдээллийг түгээж хуваалцсан  Монголын Хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатартай энэ үеэр уулзаж ярилцав. Тэрээр Монгол улс болон Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн хөгжлийн талаар ийн дүгнэж байна.    -Хүний нөөцийн менежментийн ажил мэргэжил бол орчин цагт техник технологийн дэвшлээс ч илүү чухалд тооцогдож буй. Учир юу гэвэл, бүх зүйл техникийн дэвшлээр тодорхойлогдох болсон хөгжлийн хурдацтай энэ үед хүмүүс хоорондын амьд харилцаа гэдэг зүйл илт үгүйлэгддэг. Тэгвэл үүнийг сэргээх, нөхөх мэргэжил бол хүний нөөцийн менежерүүдийн алба.  Монголд өнөөдрийн байдлаар энэ чухал салбарын хөгжил, чиг хандлага ямар түвшинд байна вэ?    -Хүний нөөцийн салбарын хөгжлийн өнөөгийн байдлыг тодотгож хэлэхэд манай улсад энэ чиглэлээр том дэвшил гарч байна. Өөрөөр хэлбэл, Хүний нөөцийн удирдлага, менежментийн салбар харьцангуй эрчимтэй хөгжиж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад хөгжлийн түвшин  доогуур байгаа ч  20-25 жилийн өмнө эхэлсэн гэхэд  манай орчин цагийн хүний нөөцийн тогтолцооны асуудал эрчимтэй, хурдтай  хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Мөн Монголын хүний нөөцийн чиглэлийн мэдлэг мэдээлэл, ур чадвар жил ирэх тусам ахиж, дэвшилтэнд хүрч байгаа нь харагдаж байгаа. Хүний нөөцийн менежмент бол практик салбар. Тийм учраас төдийлөн онолоор юмуу академик мэдлэг агуулга дээр суурилдаггүй. Мэдээж, шинжлэх ухаанч, шинэ шинэлэг мэдээлэл чухал боловч бодит байдал дээр хүмүүстэй амьд харилцаа үүсгэж байж, эсвэл хүний нөөцийн мэргэжилтэн өөрөө илүү туршлагажиж, мэргэшиж байж хөгждөг салбар гэж хэлж болно. Тиймээс хамт олон, баг бүрэлдэхүүнтэйгээ ойр байдаг алба, хэлтсүүд илүү хурдан хөгжих боломжтой. Тэр ч утгаараа, аливаа улс орны залуучууд боловсорч, урагшлахын хирээр хүний нөөцийн менежмент эрчимтэй хөгжих нөхцөл нь бүрддэг юм. Бусад улс орон хэдэн зуун жилийн өмнөөс хөгжсөн, манай улс саяхан ярьж эхэлсэн гэдэг нь чухал биш гол бүтээгдэхүүн болох хүнээ дагаад дэлхийн жишигт хүрэх боломжтой. Ингээд авч үзэхээр, манай улсын хүний нөөцийн менежментийн хөгжил дэлхийн түвшнээс хол хоцроогүй гэж ойлгож болно. Нийтээрээ өндөр түвшинд биш юмаа гэхэд Монголд бусдыгаа тэргүүлж, олон улсын түвшинд хүрсэн хүний нөөцийн менежментийн бодлоготой аж ахуйн нэгж, байгууллагууд хангалттай олон байна. Тэднээс бусад нь суралцаад, хөдөлмөрийн зах зээлийн хүний нөөцийн менежментийн бодлогыг боловсронгуй хөгжүүлээд явах үндэс бүрэлдсэн гэж болно.    -Салбар бүр өөрийн онцлогтой. Хүний нөөцийн менежментийн салбарын онцлог нь чухам юу вэ?   -Үнэхээр оновчтой асуулт байна. Энэ салбарын онцлог нь гэвэл хүнээ дагаж хөгждөгт оршино. Тухайн улс орон, бүс нутаг, бүр тодруулбал тухайн аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын сэтгэлгээний хөгжил, эсвэл шинэ үе түрж гарч ирэх бүрт шинээр бий болж байдаг. Энэ утгаараа ч мэдээлэл технологитой ойролцоо салбар. Өөрөөр хэлбэл, хөгжил нь түрүүлж явах учиртай. Одоо цагт хүн технологийг хөгжүүлэх биш технологи нь хүнээ дагуулах түвшинд ирж байна. Тэгэхээр хүний нөөцийн мэргэжилтэн хэмээх энэ ажил үүрэг өөрсдөө тухайн зах зээл, салбартаа манлайлагч, уриалагч байж, тухайн улс орон, байгууллагынхаа ажиллах хүчин, ажилтнуудыг чиглүүлж, хөгжүүлж байдаг. Тийм учраас өөрсдөө үргэлж суралцаж, хөгжиж байх ёстой. Манлайллын илүү өндөр ур чадвартай байх ёстой. Үүнийг ч шаарддаг. Тэгэхээр нэг талаасаа маш гайхалтай мэргэжил, нөгөө талаасаа хариуцлагатай ажил гэж тодорхойлдог.   -Манай улсад хүний нөөцийн мэргэжилтнийг бэлтгэх асуудал ямар хэмжээнд явж байна вэ? Хүний нөөцийн мэргэжлийн ажилтнууд хэр хүрэлцээтэй байдаг юм бол?    -Манай улс энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх  нөөц боломж харьцангуй сайн гэж хэлнэ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн жишээг авч үзэхэд, тус үйлдвэр хүний нөөцийн алба үүсч хөгжсөн 45 жилийн үүх түүхтэй. Эрдэнэт үйлдвэр өөрөө ашиглалтад ороод 41 дэх  жилтэйгээ золгож байхад хүний нөөцийн салбар нь 45 жил болсон байна гэдэг нь үйлдвэр ажиллаж эхлэхээс 4-5 жилийн өмнө энд боловсон хүчний асуудлыг тэр тусмаа ажиллагсдын мэдлэг мэдээллийг дээшлүүлж, чадавхижуулах, сургаж хөгжүүлэх бодлого түрүүлээд хэрэгжсэн гэсэн үг. Үйлдвэрээсээ ахмад хүний нөөцийн салбар энд байна. Эрдэнэт үйлдвэр бол уул уурхайн салбар. Уурхайн хүний нөөцийн бодлогын газар нь өөрөө оюуны уурхай болжээ гэж онцолмоор байна. Уурхайг бид эрдэнэс баялаг гэж харахаас гадна тэр уурхайг үр ашигтай ажиллуулахын тулд маш чадварлаг, ажилтнуудыг бий болгох ёстой. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 45 жилийн түүхэн хөгжил, туршлага, мэдлэг мэдээллэл нь  ахмад, дунд, өнөө үеийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээ чадавхижуулж ирсэн байна. Ийм чадварлаг нөөцийг бий болгоогүй бол Эрдэнэт үйлдвэр үр ашигтай, тасралтгүй ажиллагаатай байж,бүхэл бүтэн үйлдвэр дагасан хотыг авч яваа хүчирхэг байгууллага, хамт олон  болоход хүндрэлтэй байсан. Тэгэхээр энэ төсөл үр өгөөжтэй байгаагийн хамгийн гол үнэ цэнэ бол хүний нөөц юм. Тэднийг чадавхижуулж байгаа үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд маш чухал нөлөөтэй гэж онцлон тэмдэглэхийг хүсч байна.    -Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн суурь боломжийг та ярьлаа. Тэгвэл хөгжлийн түвшин нь хаана явж байна гэж та хэлэх вэ?    -Ер нь хүний нөөцийн бодлогоо ямар ч байгууллага төгс шийднэ гэж байдаггүй л дээ. Эрдэнэт үйлдвэр ч тасралтгүй суралцаж байна. Бусад орны болоод дотоодын байгууллагуудын шилдэг туршлага, арга барилаас суралцаж, хөгжиж байна гэж би хардаг. Эрдэнэт үйлдвэрийн нэг онцлог зүйл бол хүний нөөцийн эх булаг, үндсийг бий болгож чадсан уурхай. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн маш тогтвортой хэвшил соёл, төлөвшлүүд байна. Энэ бол хүний нөөцийн менежментийн бие даасан тогтолцоо гэсэн үг. Тухайлбал, боловсон хүчнээ авах, цалинжуулах, сургаж мэргэшүүлэх гээд бүгд тогтворжсон. Энэ бүгдийг цаасан дээр эрэмбэлж, төлөвлөөд, загварт оруулахаар тэр нь өөрөө стандарт болдог. Бид цаг үргэлж суралцаж, гадны өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагаас судалж, мэдээлэл солилцохдоо тэдний хүний нөөцийн менежментийг илүү сонирхож, гайхширдаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрт яг тэр тогтолцоо хэдийнэ төлөвшөөд, бодит байдал дээр  хэрэгжээд явж байна. Энд бодит практик, бодит үр дүн байна. Тийм учраас бид “айлаас эрэхээр, авдраа уудал” гэдэгчлэн  Эрдэнэт үйлдвэрийнхээ олон жилийн туршид бий болгож, тогтоосон хүний нөөцийн менежментийн төлөвшсөн тогтолцоог илүү сайжруулан жишиг болгоод авч явах боломжтой. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежмент тасралтгүй хөгжиж байгааг цохон тэмдэглэмээр байна. Тэр дундаа хөгжлийн өндөр түвшинд хүрэх суурь хангалттай, багахан хэмжээний мэдлэг мэдээллийн инноваци нэвтрүүлэхэд л дэлхийн тэргүүлэгч улс орнуудын жишигт ойртох эх сурвалж, бааз суурь сайтай хамт олон юм. Манай улсад төдийлэн энэ суурь нөөцөө төлөвшүүлж чадаагүй, харьцангуй залуухан  байгууллага хамт олон нэлээд бий. Ер нь хүний нөөцийн менежмент бол шинэ мэдлэг мэдээлэл гэхээсээ гадна тухайн байгууллагын хөгжлийн үе шатаас хамаардаг. Тодорхой цаг үеийг туулж байж төлөвшдөг  зүйл. Ном уншаад, эсвэл дүрэм боловсруулж хэрэгжүүлснээр хязгаарлагдахгүй.  Ийм учраас мэргэжлийн хүний нүдээр харахад, Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын суурь чадамж маш өндөр гэж үнэлдэг.   -Хүний нөөцийн ажил мэргэжлийн онцлогийг та ярианы эхэнд тодотгосон бол хүний нөөцийн хувь ажилтны өөртөө төлөвшүүлэх шинж чанарууд юу байдаг вэ?    -Хүний нөөцийн ажилтан бол хамгийн эхлээд манлайлагч байх ёстой. Бидний мэргэжлийн үг байдаг. Хэн нэгний сайхан инээмсэглэлийг харахыг хүсвэл өөрөө эхлээд сайхан инээмсэглэх ёстой гэж. Тухайн хүний нөөцийн менежер өөрийн байгууллагаа хоцролтгүй хамт олон болгоё гэвэл өөрөө эртэч байх. Шинийг санаачлагч хамт олонтой байя гэвэл өөрөө шинийг санаачилдаг, эрэлхийлэгч байх ёстой юм. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтний гол чанар нь ярьж буй зөв зан үйл, зөв тогтолцоогоо өөрөө үлгэрлэж үзүүлдэг байх. Баян болоогүй хүний баяжих тухай сургаалийг бүү сонс гэж үг бий. Түүн лугаа адил хүний нөөцийн мэргэжилтэн аливаа нэг хүний нөөцийн удирдлагатай холбоотой зарчмын санал тавихад ажилтнууд ийм байдлаар ханддаг. Өөрөө яагаад эртэч биш байна, манлайлагч биш байна гэх мэтчилэн. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг бол зэрэг дэвийн хувьд ажилтан, менежер байж болох ч удирдлага, захирлын түвшинд бэлтгэгдсэн өндөр ур чадвартай хүмүүс байх шаардлагатай. Онцлог ч гэж хэлж болох юм.    -Ажилтны хувийн мэдээлэл зөвхөн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд очдог. Ажилчин хүн өөрийн хувийн болоод ажил хөдөлмөр эрхлэх явцад гарч болох бэрхшээл, асуудлаар  хүний нөөцийн мэргэжилтэнд голдуу ханддаг. Энэ утгаараа, хүний нөөцийн мэргэжилтнүүд өндөр хариуцлага хүлээдэг гэж ойлгодог?    -Яг зөв. Энэ бол мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудал. Хүний нөөцийн ажлын байрны тодорхойлолтод байгууллагын нууц болон хувь хүний нууцыг чандлан хадгална гэж заасан байдаг. Ёс зүйн дүрмэндээ ч ийм. Олон улсын ёс зүйн дүрмэнд ч нууц хадгалах зарчмыг тод томруунаар тусгаж өгсөн байдаг. Хэрэв ямар нэг байдлаар ийм алдаа гаргавал хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллахад бэрхшээлтэй хүн байна гэж ойлгоно. Тиймээс ийм байдлыг мэргэжлийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг.    -Хүний нөөцийн ажилтны баярын өмнөхөн уулзаж байна. Тиймээс энэ өдрийн зорилго, ач холбогдлын талаар асуухгүй өнгөрч боломгүй?    -2016 оноос манай улсад Хүний нөөцийн ажилтны өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-нд тэмдэглэдэг болсон. Энэ хүрээнд салбарын үнэ цэнийг илэрхийлсэн өдөр болгон өнгөрүүлэх нь зүйтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл, баярын хурал, уриа лоозон байлгах биш өмнө миний хэлсэнчлэн үлгэрлэх, манлайлах, өөрсдөө суралцах зорилгоо эрхэмлэж, хийсэн бүтээснээрээ бахархдаг, үнэлж дүгнэх ёстой  өдөр гэж ойлгодог. Тиймээс бидний мэргэжлийг үнэлдэг, бахархдаг байгаасай, үнэ цэнийг нэмэгдүүлсэн өдөр байгаасай гэж бодож байна.    -Манай үйлдвэрийн Хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн мэргэжлийн өдрөөр таны сургалтанд сууж, мэдлэгээ ахиулж байна. Энэ удаагийн сургалтаар та ямар шинэ санаа тэдэнд өгөв?    -Өнөөдрийн сургалт маань нэлээн олон багц сэдвээр явагдлаа. Хүний нөөцийнхөн бол өвөрмөц хүмүүс. Яагаад ингэж хэлэв гэхээр, хүмүүсийг сургаад хөгжүүлээд байдаг, гэтэл өөрсдөө сургалт хөгжлийн арга хэмжээнд оролцох зав зай тааруу. Хүмүүсээ шагнаж урамшуулаад байдаг хирнээ өөрсдөө хамрагдах нь цөөн. Янз бүрийн баяр ёслолын үйл ажиллагааг гардан зохион байгуулдаг ч өөрсдөдөө зориулж, оролцох нь бага байдаг. Тэгэхээр энэ удаа мэргэжлийн өдрийн цаг хугацааг өөрсдөдөө зориулж, мэдлэг мэдээллээ шинэчилж, шинийг суралцая гэсэн зорилгоор сургалт хийж байна. Сургалтаараа Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажилтнууддаа Монголын Хүний нөөцийн менежментийн өнөөгийн чиг хандлага, стратегийн менежмент, хүний нөөцийн тренд,  Эрдэнэт үйлдвэр дэлхий нийтийн хүний нөөцийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд юуг анхаарах ёстой вэ зэрэг багц сэдвээр хичээл заалаа. Сүүлийн үеийн шинэ мэдээллээсээ хуваалцахыг зорилоо.    -Тэгвэл дэлхийн улс орнуудын хүний нөөцийн менежментийн хөгжлөөс хоцрохгүй байхын тулд Эрдэнэт үйлдвэр юуг анхаарах ёстой юм бэ?    -Ер нь бол иж бүрэн асуудал л даа. Байгууллагын хэмжээнд гол анхаарах ёстой зүйл бол байгууллага дээр хүний нөөцийн менежментийг үр дүнтэй нэвтрүүлэхийн тулд ажилтнуудын зөв хандлагыг төлөвшүүлж, хөгжүүлэх. Энэ бол нэн түрүүний асуудал.  Дараагийнх нь хүний нөөцийн менежмент стратегийн түвшинд хэрэгжихийн тулд бүх шатны удирдлагууд хүний нөөцийн менежментийг ойлгодог, бодлого үйл ажиллагаа, сэтгэл зүйгээр дэмжих. Энэ хоёр зүйлгүйгээр дан ганц хүний нөөцийн менежерүүд ажиллах хэцүү. Учир нь, тухайн ажилтан хүн өөрөө идэвх зүтгэл гаргахыг хүсэхгүй байхад хүний нөөцийн мэргэжилтэн хичнээн хичээгээд үр дүнд хүрч чадахгүй. Бид хичнээн сайхан санаачилга, бодлого менежмент нэвтрүүлээд удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол хүний нөөцийн ажил үр өгөөжтэй муутай байдаг. Эдгээр хүчин зүйлүүд хүний нөөцийн менежментийн хөгжлийг урагшлуулахад хамгийн гол хүч болох юм.   -Саяхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын удирдлагууд тантай уулзаж, хүний нөөц, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого чиглэл, стратеги төлөвлөгөөний талаар танилцуулж, ярилцсан. Эрдэнэт үйлдвэр дэх одоогийн хүний нөөцийн баримталж буй бодлого, хийж байгаа ажлууд орчин үеийн хүний нөөцийн менежментийн чиг хандлага, стандартад нийцэж байна уу? Та үүнд ямар бодолтой байна вэ?    -Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийнхан манай төвд хүрэлцэн ирж, уулзалт хийсэн. Энэ уулзалтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын дараагийн шатанд хэрэгжүүлэх зорилт, хөтөлбөрийнхөө талаар бидэнд танилцуулж, санал бодлоо солилцсон. Мэргэжлийн байгууллагын хувьд манайд хандсанд бид баяртай байгаа. Эндээс хамгийн тааламжтай санагдсан зүйл нь  Эрдэнэт үйлдвэр хөгжлөөс хоцрохгүй байхын тулд  илүү дэвшилтэт, шинэлэг хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Үйлдвэрийнхээ хүний нөөцийн бодлогын бүх үе шатыг дөрвөн бүлэгт хувааж, шинэ үеэ хэрхэн чадавхижуулж, тогтвортой ажиллуулах, ажилтнуудынхаа сэтгэл санааг хэрхэн урам зоригтой байлгах, туршлагатай, нөөц мэдлэгийн уурхай болсон ахмад ажилтнуудаа яаж дэмжих, тэдний мэдлэгийг хэрхэн өвлөж үлдээх гээд дэлхийн түвшинд яригдаж буй хүний нөөцийн чухал асуудлуудыг байгууллагынхаа хэмжээнд бодлого, хөтөлбөр болгож хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна. Энэ нь хүний нөөцийн суурь өгөгдөл сайтай, менежменттэй үйлдвэрийг хөгжлийн дэвшилтэт шатанд гаргахад том түлхэц болохуйц өргөн хүрээтэй, алсын хараатай, маш зөв зорилт болжээ гэж мэргэжлийн судлаач хүний хувьд хэлье. Зорилт хөтөлбөрөө цаашид тасралтгүй хэрэгжүүлээд явахад Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн бодлого дэлхийн жишигтэй зуузай холбон хөгжинө гэдэгт итгэлтэй байна.        -Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Ярилцсан М.Балжинням Фото Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад стандартын мэдлэг олгох сургалт зохион байгуулна

         “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ITU) гишүүн байгууллагууд тэмдэглэдэг. Дэлхий дахины мянга мянган экспертүүд хамтран ажиллаж, техникийн хэлцлийн баримт бичгийг боловсруулж, сонгон хэрэглэх олон улсын стандартыг батлан гаргах ажилд оруулж буй хүчин чармайлтыг үнэлэн, тэдэнд хүндэтгэл үзүүлдэг өдөр юм. Эдийн засагт ялангуяа олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг роль үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдлыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвхжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан энэхүү “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй.    Монгол улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ. Монгол улсын хэмжээнд стандарт боловсруулах ажлыг Стандартчилал, Хэмжил Зүйн Газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс гүйцэтгэдэг. Энэ хэлтсийн 18 ажилтан  байгаль орчин, хэмжил зүй, хүнс, барилга, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, уул уурхай гэх мэт стандартчиллын 40 гаруй салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг стандартчилах үйл ажиллагааг зохицуулан, зохион байгуулж, мэдээлэл түгээж байна. Манай улсын хувьд үндэсний стандартын тэмдэглэгээг нь MNS гэх ба өнөөдөр манай улсад 6200 гаруй стандартыг мөрдөж байна.    Энэ жил “Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газартай хамтран Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад стандартын мэдлэг олгох зорилгоор “Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 /MNS ISO9001:2016 стандартын шаардлага”, “Стандартчиллын суурь асуудал, нэгдсэн менежментийн тогтолцоо” сэдэвт сургалтуудыг 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.   Чанарын мэргэжилтэн Д.Шинэбаатар     Дэлгэрэнгүй...
  • “Цагаан тоос” баяртай гэж хэлэх цаг айсуй

       Цагаан тоос... Энэ үг хавар намрын хавсарга салхи, хур чийг татруу жилийн хуурайшилт дагаж сонсогдох болсоор удаж буй. Тэр ч бүү хэл сонгууль, сонгуулийн дуулианаар улс төрчдийн “шоуны” бай, хөрсөн дээр буугаагүй хийрхлийн гол сэдэв ч байх болсон нь нууц биш. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологийн хаягдал булинга, элс болон хуримтлагдаж, үүнээс дэгддэг тэрхүү цагаан шороо ойр орчмынхоо  бүс нутагт суурьшсан иргэдийн ахуй байдалд их бага хэмжээгээр таагүй нөлөө үзүүлж байсныг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайн хувьд уг асуудалд онцгой анхаарал хандуулсаар , бас бодитой тэмцсээр байгааг ч хэлэх нь зүйтэй. Энэ удаагийн сурвалжлагын зорилго маань цагаан тоос дарах ажлын явц газар дээрээ ямар байгааг, ахиц дэвшил, хүндрэл бэрхшээлийн тухай  “халуун цэг”-ээс нь хүргэхэд чиглэсэн. Албан яриа хөөрөө гэхээс илүүтэйгээр цагаан тоостой хамгийн ойр “нөхөрлөсөн” ажлын багийнхныг зорьсон минь энэ. Хүйтний ам наашилж, салхины хурд нэмэгдсэн өдөр байсан ч  цайрч, бужигнан дэгддэг хуурай “цагаан тоос” энэ удаа чимээгүй, “аядуу” угтсан. Үүний учрыг шинээр туршиж буй технологийн эерэг нөлөөлөл, тууштай оновчтой бодлого, үйл ажиллагааны үр дүн гэж ажлын албаныхан хамгийн түрүүнд дуулгалаа. Тэд цаг агаарын тааламжтай, тааламжгүй аль ч үед гадаа ажиллаж байгаа хэдий ч өнөөдрийн гарч буй үр дүнд урмаар дүүрэн буйгаа ярьсан.   Цагаан тоосны 80 хувийг бүрэн дарсан      Цагаан тоос дарах ажлыг тогтвортой, тасралтгүй явуулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн шийдвэрээр Баяжуулах үйлдвэрийн дэргэд Цагаан тоос дарах ажлын алба энэ онд байгуулагдсан юм. Энэ алба цагаан тоос дарах ажлыг дагнан хариуцаж, гардан гүйцэтгэх үүрэгтэй. Харин бодлогын түвшинд асуудлыг шийдэж, холбогдох цех албадыг нэгтгэн ажиллах чиглэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн. Цагаан тоос дарах арга технологи, техник тоног төхөөрөмж, хүн хүч гээд үүнтэй хамаарах бүхий л асуудалд томоос том дэвшил гарч байгааг хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа онцлов.     Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн  нийт талбайн хэмжээ 2067 га газар. Үүнээс 1300 га нь хуурай талбай бөгөөд  897 га талбайг  цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс  гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар, дэгдэлтийн нийт талбайн 700 орчим га газарт тоос дарах ажил хийгджээ. Ингэхдээ технологийн хэд хэдэн аргуудыг хослуулан ашигласнаар ийм үр өгөөж гарч буйг  Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторингийн албаны дарга  Ж.Жавхланбат тодорхой тайлбарлав. Тэрээр “Зөвхөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болсон цагаан тоос дарах ажил 2007 оноос эрчимтэй хийгдэж,  ихээхэн хөрөнгө хүч зарцуулж ирсэн. Цагаан тоосны дэгдэлттэй талбайг усалж норгох, хөрсөөр хучих зэрэг олон аргыг энэ хугацаанд туршиж, ашиглаж байна. Эдгээрээс хөрсөөр дарах технологи үр дүнгээ илүү өгсөн.  Хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, зориулалтын техник ашиглан усаар норгож, шүрших, өвөл зуны хаялтын үеэр технологийн аргаар цагаан тоос дарах ажлыг зохион байгуулж байна. Дээрх технологийн аргуудыг үе шаттай тасралтгүй туршсанаар өнөөдрийн байдлаар, бид цагаан тоосны нийт талбайн 80 хувийг дарж чадлаа” гэсэн юм.          Өнгөрсөн хавар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн  тоос дарах зориулалттай шинэ техник тоног төхөөрөмж хүлээн авсан нь тэдэнд хамгийн чухал “зэвсэг” болжээ. Энэ нь 160 морины хүчин чадалтай трактор. Бас Hydro seeder маркийн 30  хүртэл хувь өтгөрүүлсэн шингэнийг 80-100 метрийн зайд цацах хүчин чадалтай шүршигч машиныг ашиглаж эхлээд байна. Тоос дэгдэлтийн талбайд хаягдал булингыг дарагч бодистой хольж цацах үеэр  зарим булан тохойн хэсэг газруудад хангалттай хүрч өгөхгүй байх тохиолдол бий.  Үүнд  зориулалтын бодис найруулах төхөөрөмжөө ашиглан шүршиж. Мөн зарим хэсгийн газрыг хөрсөөр хучжээ. Өвлийн улирал ойртож байгаа учраас  энэ аргаараа зарим талбайд хөрс хучилтаа үргэлжлүүлнэ. Дарагч бодисоор Хаягдлын аж ахуйн урд хэсэг буюу зуны хаялт өгдөг талбайг хучсан. Салхи ихтэй үед тоос босож, улмаар дарагч бодисоор хучсан талбай руу хуурай тоос дэгдэх эрсдэлтэй тул тэр хэсгүүдэд шүршигч техникүүдээ байрлуулан, технологийн аргуудаа хослуулж, хооронд нь уялдуулах гээд нарийн горим энд мөрддөг. Ингэж тасралтгүй, байнгын ажиллагааг хангаснаар 2020 оны хавар гэхэд цагаан тоосны дэгдэлт хэмээх хар бараан хаяг цаасан дээр үлдэх нь байна. Үүнийг мэргэжилтнүүд ч, ажлын албаныхан ч үндэслэл судалгаа, өнөөгийн хийж хэрэгжүүлсэн ажил, жишээ баримтаараа баталж байгаа юм.        Магнофлок 336 урвалж ашиглан булингын шинж чанарт нөлөөлөх технологийн туршилт үр дүнгээ өгч байна      Цагаан тоос дэгддэг талбайд тунаагч урвалж бодис ашиглан булингын шинж чанарт нөлөөлөн өтгөрүүлж, хучилт хийх арга үр дүнгээ өгч байгааг Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны инженер Л.Одонтунгалаг хэллээ. Тэд 10 дугаар сарын 9-ний шөнийн 02 цагаас эхлэн магнофлок 336 флокулянт урвалжаа булингатай хольж, үүнийг дамжуулах төмөр хоолойг угсраад ажилд оруулжээ. Дарагч бодисоо Герман улсын BASF фирмийн CPS-30 маркийн төхөөрөмжөөр найруулж байгаа аж. Одоогийн байдлаар, зуны хаялтын нийт 3 км талбайнхаа эхний хэсэгт хольсон бодисоо бүрэн өгчээ. Хоорондоо километрийн зайтай гурван хэсэг газар бий. Энд нийт 51 ширхэг булинга хуваарилах хоолой байдаг. Бүгдэд  нь зэрэг өгөх боломжгүй учраас тус бүрт нь 25 хоногоор 2-3 өдрийн зайтай тунаагч урвалжаа хольж өгч байна.  Энэ урвалжийг Оюутолгойн уурхайд  мөн өтгөрүүлэх зориулалтаар ашигладаг гэнэ.  Ийнхүү Цагаан тоос дарах ажлын албаныхан Судалгааны төвтэй хамтран ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байна.           “Бид 8 дугаар сарын сүүлээс эхлэн өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудаа  эхэлсэн. Энэ сарын 25 гэхэд зуны хаялтын бүх талбайн цагаан тоосыг дарж дуусгаад, өвлийн хаялтын талбай руугаа  орохоор төлөвлөж байгаа. Гэхдээ бид аль болохоор хугацаа хожиж, 25-ны өдрөөс наана зуны хаялтын талбайг норгож дуусгахаар шамдаж байна” гэж Л.Одонтунгалаг инженер ярив.          Магнофлок урвалж нь нарийн ширхэгтэй элсийг сайн өтгөрүүлж, шавар болгосноор хүчтэй салхинд ч бутарч дэгдэхгүй, нягтралтай чанараа хадгалж байна. Энгийнээр харахад ч элс шороо шиг бургихгүй, зуурсан цементийн өнгө хэлбэртэй байгаа. Олон жилийн судалгааны үр дүнд уг урвалж туршилтаар үйлдвэрлэлийн технологит сөрөг нөлөөгүй болох нь батлагдсан гэдгийг инженерүүд онцолж байв. Тэгвэл эдийн засгийн үр ашиг болоод цаг хэмнэлт, хөдөлмөр бүтээмжийн талаас нь Судалгааны төвийн инженер Б.Эрдэнэцогт “Шинэ урвалжийн давуу тал маш их байна. Хамгийн энгийнээр хэлэхэд, богино хугацаанд их талбайд хүртээмжтэй, дарж байна. Бас нэгж га талбайд зарцуулах зардал нь ч өмнө хэрэглэж байсан аргуудтай харьцуулахад хямд төсөр. Өдөрт 2.4 тонн флокулянт хэрэглэж байна. Үүнийг нийт хүдэр боловсруулалт болон хаягдал булингын хэмжээтэй харьцуулахад нэг тонн хаягдал булингад 25-30 грамм урвалж зарцуулж байна гэсэн үг.  Өмнө нь  бид  усалж норгох аргыг олон удаа туршиж, ашигласаар ирсэн. Тэр үед нэг белаз машин 24 цагийн туршид дөнгөж 1-2 га талбайг л норгодог байлаа. Харин энэ магнофлок урвалжтай хольж барьцуулдах арга маань 3-5 хоногийн хугацаанд 560 га хүртэл газрыг хамрах боломжтой. Үүнд булингын шинж чанар, урсацын байдал нөлөөлөх ч маш их цаг хэмнэж, өндөр бүтээмж үзүүлэх сайн талтай нь туршилтаас харагдаж байна” гэсэн юм.         Удирдлагын багийн зөв чиглэл, мэргэжилтнүүдийн судалгаа, ажлын албаныхны өдөр тутмын уйгагүй туршилт, газар дээрх үр дүнгээс харахад Эрдэнэт үйлдвэрт хаягладаг цагаан тоос тойрсон асуудал эмх цэгцэндээ орж, он удаан жил хүндрэл бэрхшээл, хэл ам дагуулж ирсэн эл асуудалд цэг тавих цаг ойртсоор байна.     М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сар Баяжуулах үйлдвэрээс эхэллээ

       Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сар өнөөдөр буюу 10 дугаар сарын 11-нд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс эхэллээ. Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 98 жил, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд тэмдэглэн өнгөрүүлсэний 59 жилийн ой энэ онд тохиож байна. Үйлдвэрийн үндсэн цехүүд дундаас хамгийн олон орос ажилтантай Баяжуулах үйлдвэрийн 50-иад орос мэргэжилтэн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ өдөр залуу уран бүтээлчид “Эрдэнэтийн уянга”, “Подмосковные вечера” дуугаар ая дууны мэнд дэвшүүлэн, орос ажилтнуудын дунд “Монгол орныг хэн сайн мэдэх вэ” уралдаант цэнгээнт  нэвтрүүлэг зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулсан юм. Түүнчлэн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Хүний нөөцийн тэргүүлэх менежер Т.Тунгалагтамир, Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа, Оросын мэргэжилтэн Галькин С.М, Козорез А.В, Вермишян С.Б нарт Монгол-Оросын найрамдлын дурсгалын тэмдэг гардууллаа. Энэ үеэр, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нийт уурхайчдыг хамтын ажиллагааны өдрүүдэд идэвхтэй оролцохыг уриалан, эвийн билэгдлээр бүтээн байгуулсан Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа нийт Орос мэргэжилтнүүддээ баярын мэнд дэвшүүлсэн.                Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.МАЖИНБУУ: ХАЛХ ГОЛЫН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ОНЦОЛНО        - Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?    - Жил бүрийн ажил өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ жил Халх голын түүхт 80 жилийн ойн арга хэмжээ, түүний эргэн торйонд өрнөсөн үйл явдлын мэдээллийг түлхүү өгөхөөр зорьж байна. Соёл, спорт, урлагийн тоглолтууд, монгол, орос дуу, шүлгийн уралдаан тэмцээн зохион байгуулна. ОХУ-ын Соёлын яамтай хамтран кино жүжигчдийг урьсан. Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн тухай гэрэл зургийн болон Халх голын дайны талаарх номын үзэсгэлэнг тус тус зохионо. Мөн сарын аяны хүрээнд Халх голын музейн эрхлэгч, СГЗ Мягмарсүрэн Эрдэнэт хотод ирэх болсныг энэ дашрамд дуулгая.      - Найрамдал, хамтын ажиллагааны сар хэдий үеэс эхэлсэн бэ?    - Хамтын ажиллагааны сарыг 1990 он хүртэл Монгол-Зөвлөлтийн, 1990 оноос хойш Монгол-Оросын найрамдлын сарын ажил, сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сар хэмээн нэрийдэж, орон даяар олон ажил зохион байгуулж байна. Эрдэнэт хотыг Булган аймгийн Эрдэнэт хороо байх үеэс сарын ажлыг тэмдэглэн, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд түлхэц болж байлаа. Энэ жил Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр 100 гаруй ажилтнаа төлөөлөл болгон Халхын голын баярт оролцууллаа. Үүнийг хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны нэг томоохон илрэл гэж хэлж болох юм. Сарын аян маань ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.      Хүний нөөцийн тэргүүлэх менежер Т.ТУНГАЛАГТАМИР: УЛАМЖЛАЛАА ЗАЛУУЧУУДДАА ӨВЛҮҮЛНЭ      - Баяжуулах үйлдвэрт өнөөдрийн байдлаар хичнээн орос мэргэжилтэн ажиллаж байна вэ?    - Манай цех 50 орчим орос ажилтантай. Баяжуулах үйлдвэр маань Монгол-Оросын найрамдлын, ахан дүүсийн билэгдэл болсон хамт олон. Тиймээс ч баярын өдрүүдийг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөөдөр оросын мэргэжилтнүүддээ зориулсан үйл ажиллагааг зохион байгууллаа. Харин монгол ажилчдынхаа дунд “Орос орныг хэн сайн мэдэх вэ”, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэйгээ хамтран “Таны гал тогоо” уралдааныг зохион явуулна. Энэхүү олон жилийн уламжлалаа залуучууддаа өвлүүлэх, хэний хүч хөдөлмөрөөр Эрдэнэт үйлдвэр өдий зэрэгт хүрснийг хойч үеийнхэндээ ойлгуулъя гэдэг үүднээс төлөвлөгөөт ажлуудаа зохион байгуулах болно. Манай цехийн хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд нийт ажилчдын 40 гаруй хувь нь залуу боловсон хүчнээр шинэчлэгдэж, 0-5 хүртэл жил ажиллаж байгаа 380 ажилтантай болсон.      - Орос мэргэжилтнүүд маань дурсгалын тэмдэг аваад их баярлаж байна. Хамт олонтойгоо баяраа хуваалцах сайхан байгаа байх?    - Орос мэргэжилтнүүд маань авьяас, ур чадвар, мэдлэгээ монгол залууст өвлүүлж, олон жил Баяжуулах үйлдвэртээ ажиллаж байна. Мэргэжилтэн Галькин гармон хөгжмөөр маш сайхан тоглодог. Тэр чадвараараа зөвхөн Баяжуулах үйлдвэр төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн нэрийн өмнөөс урлагийн тайзнаа олонтаа гарч, шавь нараа сургаж бэлтгэсэн. Козорез, Вермишян нар маань хоккейн спортоор хичээллэж, бас л олон шавьтай болсон. Ажил мэргэжилдээ өндөр ур чадвартай эдгээр мэргэжилтнүүдээ дурсгалын тэмдэг авсанд баяртай байна.      Оросын мэргэжилтэн Галькин С.М: БИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 2 ДАХЬ УДААГАА ТОМИЛОЛТООР ИРСЭН        - Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцана уу? Монгол хэлээр ярьж сурахад хэцүү байв уу?    - Миний бие 1990 оноос хойш 26 дахь жилдээ, Эрдэнэт үйлдвэрт 2 дахь удаагаа томилолтоор ирж ажиллаж байна. Бригадынхан дундаа монгол хэлээр ярилцаж, ойлголцож байгаа. Олон жил энэ үйлдвэртээ ажилласан болохоор сэтгэгдэл их өндөр явдаг.    И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн     Дэлгэрэнгүй...
  • Краб-М төхөөрөмж суурилуулна

       Цахилгааны цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт саяхан Краб-М шинэ төхөөрөмж хүлээн авлаа. Удахгүй энэ төхөөрөмийг суурилуулах аж. Краб-М нь  цахилгаан хөдөлгүүрийн ороомгийн утсыг дотроос нь халааж сугалж авах зориулалттай ОХУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн төхөөрөмж юм. Өмнө нь хөдөлгүүрийг засварлахад их биеийнх нь хамтаар 250-300 хэмийн халуун зууханд 4-6 цаг халааж, гараар сугалж авдаг байж. Крабыг ашигласнаар  статорын зүрхэвчийг дотор талаас нь гурван минутад 180 хэм хүртэл халааж, ороомгийн утсыг автоматаар сугалж авдаг. Энэ нь 30 кВт хүртэлх чадалтай хөдөлгүүрийн ороомгийн утсыг авах зориулалттай.  Уг  төхөөрөмжийг суурилуулснаар хөдөлгүүрийн насжилт уртсах, ажлын цагийн зарцуулалт  багасах, ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөдөлмөр хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой юм. Тус хэсэгт жилд 11-30 кВт-ын  165 орчим хөдөлгүүр засуулдаг. “Краб”-ыг ашигласнаар жилд 271,26 кВт эрчим хүч, 29,8 сая төгрөг хэмнэх тооцоо гарчээ.    Я.Энхтуяа   Дэлгэрэнгүй...
  • Цэвэрлэх байгууламжийн лагийг шимт хөрс болгох судалгаа, туршилт хийж байна

       Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтран Ус хангамжийн цехийнхээ Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, улмаар шимт хөрс болгох үе шаттай судалгаа, туршилт хийж байна. Энэ хүрээнд лагийн талбайг усгүйжүүлж үнэр дарах бэлдмэл цацах ажил өнгөрсөн долоо хоногт амжилттай хийгдлээ. Судалгаа, туршилтын ажлын үр дүнг ирэх хавар тооцох юм.     Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламж хоногт 24 мянган м3 бохир ус хүлээн авч механик, биологийн, гүний цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт гэсэн шат дамжлагаар цэвэрлэж байгаль орчинд нийлүүлдэг. Лаг нь нэгдүгээр тунгаагуур буюу механик цэвэрлэгээнээс үүсдэг түүхий тунадас юм. Цэвэрлэх байгууламж хоногт 300-350 м3 түүхий тунадас шахдаг гэхээр Эрдэнэт үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан 40 жилийн хугацаанд хэр хэмжээний лаг хуримтлагдсан нь тодорхой. Цэвэрлэх байгууламжийн лаг нь Хог хаягдлын тухай хуулиар аюултай хог хаягдлын жагсаалтад багтдаг. Иймээс Эрдэнэт үйлдвэр аюултай хог хаягдлаа байгальд ээлтэй шимт хөрс болгон ашиглах эцсийн зорилготой ажиллаж байна гэж Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн технологич Д.Золбооцэцэг ярилаа.     М.ОДГЭРЭЛ       Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай
   Эрдэнэт үйлдвэрийн өдөр тутмын найдвартай ажиллагааг хангахад цех, нэгж бүр өөрийн оролцоотой. Энэ удаад цахилгаан эрчим хүчний аюулгүй ажиллагааг ханган, байнгын бэлэн байдалд хариуцлагатай алба хашдаг хамт олны үйл ажиллагааг хүргэхээр бэлтгэлээ. Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийн дарга Г.Ганбаяртай ярилцлаа.
 

  - Телемеханикийн хэсгийн үйл ажиллагааны онцлогоос танилцуулна уу?
  - Цахилгаан цехийн Телемеханикийн хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний объектуудын автоматжуулалт, системийн программ хангамж, цахилгаан, дулаан, уур, усны хэмжих хэрэгслүүдийн суурилуулалт, ашиглалт, техникийн үйлчилгээ, засвар, тэдгээртэй холбогдох мэдээллийг ээлжийн жижүүрт гаргах өгөх, хянах, удирдах ажлыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл бидний ажил Эрдэнэт үйлдвэрийн “нүд, чих” болдог гэж хэлж болно. Цахилгааны асуудал нь хүний амь настай шууд хамааралтай учраас бидэнд алдах эрх байхгүй. Манай хэсэг 11 ажилтантай.

  - Үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн ямар ажлуудыг энэ он хийж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр 1992 оноос ОХУ-ын Гранит мэдээллийн системийг нэвтрүүлэн ашигласан. 2008 оноос АНУ-ын Ge Fanuc фирмийн PLC 90-30 контроллёрын баазад суурилсан SKADA системийг ашиглаж, уг системээр 23 хяналтын цэгээс 982 алсын объектын дохиолол, 266 алсын хэмжилт, 39 алсын удирдлагын мэдээллийг шилэн кабелийн тусламжтайгаар дамжуулан хянаж байсан. Сүүлийн 10-аад жил цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн шинэчлэл манайд хийгдээгүй. Харин энэ оны хөрөнгө оруулалтаар Schneider Electric фирмийн Citect SKADA 2018 системийг суурилуулах ажлыг дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ сарын 30-наас Histero программ хангамжийн тохируулга, угсралтын ажил хийснээр хоёр үе шаттай ажил маань үндсэндээ дуусна. Энэ ажил хийгдсэнээр 26 хяналтын цэгээс 1480 алсын объектын дохиолол, 800 алсын хэмжилт, 150 алсын удирдлагын мэдээллийг хүлээн авах боломж бүрдэж байгаа юм. Цахилгаан эрчим хүчний тоолууруудаас мэдээлэл цуглуулдаг Альфа центр программ хангамжийг 20 тоолуурын хамт суурилуулах ажил ид хийгдэж байна. Эдгээр нь Олон Улсын стандартад нийцсэн программууд байгаа. Үндсэндээ 10-аад жилийн насжилттай 3 программ хангамжаа шинэчилж байна.

   - Эдгээр программыг сайжруулснаар гарах дэвшилтэт зүйл нь юу вэ?
  - Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Цахилгаан цехийн хэмжээнд сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүд шинээр нэвтэрч байна. Тэдгээрээс мэдээлэл авахад хуучин программ хангамжууд маань хоцрогдож, солих шаардлагатай болсныг бид мэдсэн. Шинээр суурилуулж байгаа программ хангамжууд нь мэдээлэл дамжуулах, хүлээн авахад илүү боломжийг олгож байгаа юм. Асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн шинэчлэлийг дагаад бид ч цаг үетэйгээ хөл нийлж хөгжих шаардлага тулгарч байна.
 

    - 2020 оны төлөвлөгөөнд санал оруулсан томоохон ажлаасаа тодруулна уу?
    - 1997 оноос суурилуулж эхэлсэн цахилгаан эрчим хүчний 250 орчим тоолуур байдаг бөгөөд бүх тоолуурт парк шинэчлэл хийх шаардлагатай болсон. Альфа центр программ хангамжийг даган 20 ширхэг тоолуур ирж байгаа. Үлдсэнийг шат дараатай сайжруулан солино. Мөн ээлжийн жижүүрийн төвд байдаг хяналтын дэлгэцүүд 10 гаруй жилийн насжилттай болсон. Үүнийг шинэчлэхээр ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд тусгалаа. Мэдээллээ шилэн кабелиар манай серверт дамжуулдаг элементийн баазаа шат дараатай сольж, шинэчилэх ажлыг хийнэ. 2020 оны захиалгад эхний ээлжийн контроллёруудаа оруулж өгсөн. Эдгээр нь энгийн хүмүүст ойлгомжгүй мэт боловч мэргэжлийн бидэнд томоохон ажлууд болох юм.

    - “Эрдэнэт үйлдвэрийн нүд, чих болсон хэсэг” гэж та ярианы эхэнд онцолсон. Танай хэсэгт ажиллахад хувь хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?
   - Цахилгаан эрчим хүчний бүхий л үйл ажиллагааг манай хэсэг дээрээс харж болно. Автоматжуулалт, програмчлал, цахилгаан, дулаан, уур, усны эрчим хүчний холбогдолтой бүх хэмжих хэрэгслийг манайх хариуцдаг. Стандартчилал хэмжилзүйн газрын тусгай зөвшөөрлийн хүрээнд суурилуулдаг гэсэн үг. Тиймээс ч мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүс нэг хэсэг дээр төвлөрсөн болохоор хөрвөх чадвар сайтай. Манай хэсэгт Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан 8 хүн бий.

   - Цахилгаанчид технологийн хөгжилтэй уралдан сурч, боловсрох хэрэгтэй гэж бодож байна. Мэргэжлийн ур чадвараа ахиулах, суралцах тал дээр үйлдвэрийн газраас хэрхэн анхаардаг вэ?
   - Манай хэсгийнхэн шинэ программ суурилуулалтын ажилтай холбогдуулан гадаад, дотоодын сургалтанд хамрагдаж байна. 3 ажилтан Малайзын нийслэлд сургалтанд суугаад ирсэн. 10 дугаар сард сүүлийн программ хангамжтай холбоотойгоор бас нэг ажилтан Малайзад суралцана. Бид дотооддоо ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль болон Мэргэшсэн инженерийн,  Стандартчилал хэмжилзүйн газрын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад жил бүр хамрагдаж байна. Усны тоолуур солих ажлын хүрээнд Шанхай, Арабын Нэгдсэн Эмират улсад сургалтанд хамрагдахаар төлөвлөсөн. Боловсон хүчнээ чадавхижуулах тал дээр үйлдвэр, цехийн удирдлагууд биднийг сайн дэмждэг.

    - Сүүлийн асуултыг танд үлдээе?
  - Цахилгаан цех, Телемеханикийн хамт олондоо цахилгаан тоног төхөөрөмжийн шинэчлэлээ сайн хийж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн, ажилдаа амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе. Та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн судсыг атгаж байгаа хариуцлагатай албаны харуулууд шүү.
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Өнөөдөр Монгол Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас “Шилдэг шимтгэл төлөгч-ажил олгогч” байгууллагууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Арав дахь удаагийн энэхүү уламжлалт шалгаруулалтаар 2018 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу  хүлээсэн  үүргээ нэр төртэй биелүүлэн, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн  тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, ажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж, төлсөн шимтгэлийн хэмжээгээрээ бусдыг тэргүүлэн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 15 шилдэг ажил олгогчийг тодруулан, өргөмжлөв.
   Өнгөрсөн оны ажлаараа манлайлж, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж ажилласан  “Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч” байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оюу толгой  ХХК, Рэдпаф Монгол ХХК, Хаан банк, ТЭСО групп, Болд төмөр ерөө гол ХХК, Саппорт сервис Монголиа ХХК, Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги, Цайрт минерал ХХК, Санхүү эдийн засгийн  их сургууль, Эрдэм Транс ХХК, Эпирок Монголиа ХХК, Алтай трест ХХК, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, Хужирт рашаан сувилал  зэрэг аж ахуй нэгжүүд шалгарлаа.   
   Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар жилд 1.1 их наяд төгрөгийг төвлөрүүлдэг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчийг тэргүүлсэн  эдгээр 15 шилдэг  аж ахуй  нэгж нь 143.5 тэрбум төгрөг буюу нийт орлогын 10%-ийг бүрдүүлжээ.
   Шилдэг шимтгэл төлөгч дээрх 15 байгууллагын 19.5 мянган даатгуулагчийн  6583 иргэн,  2300 гаруй ахмад настнууд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяат ажилтан, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд юм.

                            Э.Мөнх-Уянга


 
 
 
 
 
 
 
Э.Мөнх-Уянга
Б.Ялалт
   Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны баярын 88 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран үйлчилгээний ажилтны ур чадварын уралдаан зохион байгуулж байна. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч оролцож байгаагаараа онцлог юм. Шүүгчид онолын шалгалт, стандарт ажил, хувийг бэлтгэл, соёл гэсэн үзүүлэлтээр уралдааныг дүгнэх юм. 2017 онд зохион байгуулсан тус уралдаанд 10-аад үйлчлэгч оролцож, 3-4 үйлчлэгч зэргийн болзол хангажээ.
 
 
 
 
 
 
   Засгийн газрын ордны дэргэдэх Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын сургагч багш, шүүгч Б.Соёлмаа уралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа “Манай байгууллага 21 аймаг, Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний байгууллагуудад сургалт явуулж байна. Төрийн байгууллагууд эхний 2 жилдээ сургалт авч, 3 дахь жилээс ажилтнаа зэрэгтэй болгох тал дээр илүүтэй анхаардаг болсон. Эрдэнэт үйлдвэртэй хамтран 2 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа зохион байгууллаа. Тухайн үйлчлэгч ажил мэргэжлийн зэрэгтэй болсноор цалингаа нэмүүлэх, ажлын ур чадвараа дээшлүүлэх, үнэлгээгээ ахиулах давуу талтай” гэв. 
 
 
   2018 оны 11 дүгээр сард батлагдсан Засгийн газрын тогтоолд 1-3 дугаар зэрэгтэй үйлчилгээний ажилчдад цалингийн 10-20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгох тухай заажээ. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан үйлчилгээний ажилчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх боломжтой болж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа “Уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг үйлчлэгч нар оролцож байгаа гэж ойлгож болно. Бид уралдааныг шударга болгох үүднээс гадны шүүгчдээр дүгнүүлж байна. Мэргэжлийн зэрэг нь үйлчилгээний ажилтны өндөр ур чадвартайг илтгэхээс гадна ажиллах урам зоригийг нь сэргээж өгдөг ач холбогдолтой” хэмээн ярьлаа.
 
 
   Уралдааны шүүгчээр Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Энхтөр, сургагч багш Г.Одгэрэл, Б.Соёлмаа нар ажиллаж байна. 
 

 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Энэ  сарын эхний 20 хоногт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ дунджаар 5749 ам доллартай тэнцэж байв. Үүнийг өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 41 ам доллараар өссөн үзүүлэлт гарсан байна. Зэсийн үнэ сарын дунд үед харьцангуй тогтворжих хандлагатай байсан ч  АНУ-ын Холбооны Нөөцийн Сан өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулсан нь зэсийн үнийн ханшид нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ  буурсан дүнтэй байгаа юм.  
   Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын төлөөлөгч нар АНУ-д айлчлал хийх үеэрээ хөтөлбөртөө өөрчлөлт оруулснаар  зах зээлд сөрөг дохио өгч, 9-р сарын 23-ны өдрөөс хойш түүхий эдийн ханш буурч эхэлсэн байна. Тэд уулзалтын дараах  АНУ-ын газар тариалангийн гол хоёр мужид хийх айлчлалаа цуцалсан нь ийм нөлөө үзүүлжээ. Ингэж урьдчилан төлөвлөсөн уулзалт, арга хэмжээг  цуцлах болсон шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг буруутгасан мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
   Ирэх сард зэсийн үнэ ханшийн хэтийн төлөвт  тухайн сард товлогдсон АНУ болон Хятадын худалдааны дайны асуудлаарх уулзалтын үр дүн гол нөлөө үзүүлж болзошгүй байгааг судалгааны дүн харуулж байгаа юм. Түүнчлэн АНУ, Европ болон Хятадын засгийн газраас мөнгөний бодлогын асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ ч зэсийн ханшид нөлөөлөх хүчин зүйлс болох талтай гэж Эрдэнэт үйлдвэрийн Экспорт борлуулалтын хэлтсийн мэдээлэлд дурьджээ. Олон улсын судалгааны байгууллагуудын  таамаглаж буйгаар энэ оны 3-р улиралд зэсийн үнэ дунджаар 5800 ам доллар тонн байх төлөвтэй байгаа аж. Харин 4-р улирлын зэсийн ханшийн төлөв 5500-6100 ам доллар тонны хооронд хэлбэлзэж, дунджаар нэг тонн зэс 5884 ам долларт хүрэх хандлагатай байна. 
 
М.Балжинням
 
   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод бүтээмж чанарын дугуйлангууд дундаа “Бид манлайлагч 2019” уралдаан зарлалаа. Сайн саналын системд оролцох ажилтны тоог нэмэгдүүлэх, бүтээмж чанарын зарим дугуйлангийнхаа үйл ажиллагааг идэвхижүүлэх, 5С ажлын байрны сайжруулалт хийх, заводын дэргэдэх инженерийн бус зөвлөлийг бүтээмжийн үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой энэхүү уралдаан өнөөдрөөс эхлэн хоёр сарын турш үргэлжилнэ. Он гарсаар тус завод Сайн саналын системд 410 санал бүртгүүлснээс 50 хувийг нь хэрэгжүүлжээ. Бүтээмж чанарын дугуйлангийн 38 төслөөс 15-ыг нь бүтээлч төслөөр бүртгүүлж, 13 төсөлд жижиг сайжруулалтын ажлууд хийж байгаа талаар Бүтээмжийн мэргэжилтэн Г.Навчаа мэдээллээ. Тэрээр, Сайжруулалтын санал гарснаар тухайн ажилтны ажлын байрны нөхцөл сайжрах, бүтээмж дээшлэх, ажилдаа ирэх хандлага өөрчлөгдөх хэд хэдэн давуу талтай болохыг тайлбарласан.
 
 
   Одоогоор Засвар механикийн заводын 46 дугуйлангийн 70-аад хувь нь идэвхитэй ажиллаж, үйлдвэрийн хэмжээнд шинэлэг санаа, чанарын үзүүлэлтээрээ өрсөлдөж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгж бүрт бүтээмжийн мэргэжилтэн ажилладаг. Тэд дугуйлангийн ажилтан бүрээс ирсэн саналыг программд бүртгэн, саналыг шүүх, хянах, зөвшөөрөл олгох, хэсгийн даргад мэдэгдэх, үнэлүүлэх, сарын эцэст тайлан гаргах, урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Санал санаачилгыг “Маш сайн”, “Сайн”, “Энгийн” гэж ангилах бөгөөд тооноос илүүтэй чанарын үзүүлэлт нь чухал байр эзэлдэг тухай санууллаа. Тус заводын Загварын хэсгийн ажилтан Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн онд “Сайн саналын систем”-ийн 58 дугаарт жагсаж, шилдэг 100 манлайлагчийн нэгээр тодорч байсан бол энэ жил “Сайн саналын систем”-ийг манлайлж байна. 
 
 
 И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог