• Монгол Улс эдийн засгийн хувьд 5 их наяд төгрөгтэй тэнцэх шийдвэр гаргаснаа ард иргэддээ танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан, улсаас авч буй арга хэмжээгээ олон нийтэд танилцууллаа. Үүнд,   1.Иргэд, аж ахуй нэгжийн НДШ-ийг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаатай бүрэн чөлөөлж тэглэлээ. 2.Иргэдийн цалин хөлсний 10 хувийн татварыг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаатай тэглэлээ. 3. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаанд орлогын албан татвараас бүрэн чөлөөллөө. 4. Шинэ коронавирусын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрд сар бүр 200,000 төгрөгийг 3 сарын хугацаанд олгоно. 5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3 хувийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгоно. 6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10 мянган төгрөгийг 3 сарын хугацаанд боловсролын салбарын хэмнэгдсэн зардлаас олгоно. 7. Нефтийн ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан бензиний үнийг хямгадахдаа 04-р сарын 15-наас 300 төгрөгөөр бууруулна хэмээн мэдэгдлээ. Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #14: Доржсүрэнгийн АМАРЖАРГАЛ

    Төгссөн сургууль: Монгол Улсын Их сургууль, Удирдлагын хөгжлийн институт Мэргэжил: Математикч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч Ажилласан туршлага: Ардын банкны /хуучнаар/ 524-р салбарт нябо, эдийн засагч, Улсын Төв номын санд програмист, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Гоо марал” сэтгүүлийн газар сэтгүүлч, Орхон аймгийн Холбооны газар гэрээний мэргэжилтэн инженер, 2015 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн үйлчилгээний II хэсгийн мастераар ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: МУИС-ийн ОАСС-ийн англи хэлний сургалт, нябо бүртгэлийн мэргэшүүлэх сургалт, аймаг нийслэлийн нийтлэг үйлчилгээний ажилтнуудын сургалтыг дүүргэсэн. Чин хүсэл: Төгс зүйл гэж байдаггүй ч ажлын байрны орчныг төгс байлгахад гойд анхаарч, Монгол Улсын хэмжээнд анх удаа, зөвхөн Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэх “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний ерөнхий стандарт шаардлага”-ыг тэрээр боловсруулсан. Ажлын өрөөг аль хэсгээс нь эхэлж цэвэрлэх, юуг ямар алчуураар арчих, яавал эмх цэгцтэй бөгөөд түргэн шуурхай ажил хөнгөвчлөх вэ, гэсэн нарийн дэг жаягтай энэхүү стандартыг хэрэгжүүлэгч нь Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон юм. Аливаад өөрөөрөө үлгэрлэхийг хичээж ирсэн түүний уйгагүй зан, шинэлэг сэтгэлгээ энэ том үйлдвэрийн цэвэр тохилог орчныг бүрдүүлэхэд үнэтэй хөрөнгө оруулалт байсаар байх болно. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? -Өглөө сэрээд эрүүл мэндээ анхаарах үүднээс хамгийн түрүүнд нэг аяга хужиртай ус уудаг. Гэгээн сайхан өглөө болгоныг өөдрөг бодлоор эхэлж, өөртөө болон эргэн тойрны хүмүүстээ аз жаргал бэлэглэх сэн гэж хүсдэг.Би саяхан “Өглөө ажилдаа ирэхэд өрөөг маань гоё цэвэрхэн байлгадаг захиргааны эгчдээ баярлалаа. Гарын бэлгээ өгнө өө. Их ч бай, бага ч бай хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй” гэсэн маш гоё пост уншиж, бичсэн хүнийг нь ямар ухаантай, мундаг залуу вэ гэж бахархаж байлаа. Хүн болгон энэ залуу шиг ухаалаг, гэгээлэг байж, бидний хоёр дахь гэр болсон ажлын байрыг тав тухтай, цэвэр тохилог байлгаж, сайхан орчин бүрдүүлэх гэж хичээдэг хамт олны маань хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийнхөө ээж шиг, эгч шиг хайрлаж хүндэлж харьцаасай гэж хүсэж байна. -Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Сайхан гэр бүл, сайн найз нөхөд, эрч хүчтэй, ажилсаг хамт олонтойгоо бужигнах л аз жаргал  шүү дээ. Төрсөн нутагтаа, байгалийн сайханд аялах дуртай. Мөн түүхэн болон алдартнуудын амжилтад хүрсэн тухай ном уншиж, түүнээсээ маш их кайф авдаг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Бага, залуудаа багш нараасаа болон ном, сониноос “Мэргэжил бүхэн сайхан” гэж маш их сонсдог байсан ч тухайлан гүнзгий боддоггүй байж. Өнөөдөр хамт олноо хараад, ямар ч ажилд ур чадвар, арга зүй, мэдлэг мэргэшил, хариуцлага, хамгийн чухал нь ажилд хандах хандлага, сэтгэл ямар чухал байдгийг ойлгосон. Бидний ажил бол ерөнхий Захиргааны байрны албан хаагч нарын албан ажлаа явуулах цэвэр тохилог орчныг бүрдүүлэх, үйлдвэрийн нүүр царай болсон төв байрны өнгө үзэмж, гадна, дотор тохижилт, засварыг санаачилж хийх, сантехник, цахилгааны хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, жижүүр, угтах үйлчилгээг өндөр түвшинд ажиллуулахын тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг. Хошигнож хэлбэл, энэ том байрны эзэгтэйн үүргийг гүйцэтгэдэг гэж болно шүү. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Аливаа ажлыг хийх арга барил, дарааллыг тогтоож өгсөн стандарт заавал байх ёстой учраас 2017 оноос эхлэн “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, ерөнхий шаардлага”-ыг боловсруулсан. Цехийн удирдлагууд болон Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын сургалтын төвтэй хамтран 2018 онд өөрийн цехэд, 2019 онд нийгмийн цехүүдэд стандартаа амжилттай туршин, хэрэгжүүлж байна. Цаашид үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй цэвэрлэгээ үйлчилгээний 300 гаруй ажилтныг сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх олгох, цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, ажлын чанар, үр бүтээмжийг дээшлүүлэхээр хамт олноороо зорилт тавин ажиллаж байна. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -Завгүй ажилладаг ч илүү их уншиж, цаг үеийн мэдээллээс хоцрохгүйг хичээдэг. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? Таны хобби, сонирхол юу вэ? -Сүүлийн 2 жил иогоор хичээллэж, эрүүл мэнд, дархлаагаа дэмжиж байна. Оюутан байхаасаа урт удаан нас, амар амгалан амьдралыг бэлгэдсэн заан цуглуулж эхэлсэн. Мөн хүүхэд байхаас өөрт суусан, ном унших хоббигоо гээлгүй өнөөг хүрчээ. Телевиз үзэх, сошиал мэдээнээс илүүтэй, зав л олдвол ном уншдаг. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Ээжийнхээ “Хүн ЗӨВ л байх ёстой. Зөв амьдарч, хүнд чадлаараа тусалж, зөв явсан хүнийг бурхан дандаа шагнадаг” гэж хэлсэн үгийг одоо ч амьдралдаа байнга санаж, зөв явах сан гэж хичээдэг дээ. -Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ? -Хамтын гэрээгээр ч бай, сонгон шалгаруулалтаар ч бай Эрдэнэт үйлдвэр гэдэг том айлын хаалгаар ороод ирсэн л бол ажлаа чин сэтгэлээсээ хийх, хандлагаа өөрчлөх, байнга алсыг харж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд уйгагүй, хичээнгүй байгаарай гэж хэлмээр байна. Дэлгэрэнгүй...
  • Баяжуулах үйлдвэрт шинэ тээрмийн туршилтын залгалт хийлээ

    Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 2020 онд хийх техникийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5х6.5 маркийн дөрөвдүгээр тээрэм шинэчлэгдлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн тээрэм шинэчлэлийн ажил дуусаж, өнөөдөр туршилтын залгалт хийгдэв. Ашиглаж эхэлснээс хойш 32 дахь жилдээ ажиллаж байгаа уг тээрмийг үйлдвэрлэлийн найдвартай, жигд ажиллагааг хангах үүднээс сольж, шинэчлэх шаардлагатай болсон байна. Украйн улсад үйлдвэрлэсэн МШЦ тээрмийг сольж, угсрах ажлыг тус цехийн засварын хэсгийн хамт олон гүйцэтгэж, 72 цагийн туршилтын залгалт хийхэд бэлэн болгожээ.Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5х6.5 маркийн дөрөвдүгээр тээрэм нь нэг цагт 289 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Шинэ тээрмийг нийт 1056 цагийн хугацаанд сольж, угсрахаар төлөвлөж байсан ч засварын хэсгийнхэн 700 орчим цагт багтаан дуусгажээ. Ингэснээр, үлдэж байгаа 300 гаруй цагт нь 100 мянган тонн хүдэр боловсруулах боломж бүрдсэнийг засварын хэсгийн дарга Д.Наранбаатар онцоллоо. Өөрөөр хэлбэл, хуваарийн дагуу 43 хоногт гүйцэтгэх ажлыг шуурхай зохион байгуулалттай ажилласнаар 29 хоногт багтаан гүйцэтгэсэн байна. Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 онд 32 сая 300 мянган тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дөрөвдүгээр тээрмийг шинэчлэн, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулснаар зөвхөн энэ тээрмээр 100 мянган тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Тодруулбал, цаг хэмнэснээр үйлдвэрлэлийн өндөр бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт хийж байна

    Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архив удирдлагын баримт бичгийн сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлтийн хуваарийн дагуу нийт 36 цех, нэгжээс баримт материал хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллажээ. Одоогоор 26 цех, нэгж баримт материалаа 100 хувь бүрдүүлж өгсөн байна.Энэ ажил 81,5 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд цаасан суурьтай 156, цахимаар 57 хадгаламжийн нэгж, баримт хүлээн авч эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийжээ. Тус архивд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд  байнга хадгалах үндсэн үйл ажиллагааны тушаал, 70 жил хадгалах боловсон хүчний хөдөлгөөний тушаал, халагдсан ажилтнуудын хувийн карт, хөлсөөр ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлын тэмдэглэлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Эдгээр баримт бичгийг үндсэн цехүүд  бүрэн хүлээлгэн өгсөн бол Экспорт, борлуулалтын хэлтэс, Хөгжлийн хэлтэс,Эдийн засгийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Геологи маркшейдрийн хэлтэс архив зүйн заавар зөвлөгөө авч баримт бичгүүдээ цэгцэлж байгаа аж.                                                                                                                         Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Шинэ насос суурилуулах ажил үе шаттай хийгдэнэ

    Эрдэнэт үйлдвэрийн  техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехэд шинэ насоснууд суурилуулах ажил явагдаж байна. Энэ нь 1978 оноос ашиглаж буй Эргэлтийн ус хангамжийн хэсгийн ЦН3000-197 насосыг Япон улсын EBARA фирмийн  600*400CJNM маркийн насосоор үе шаттайгаар солих ажил юм.  Эхний  насос суурилуулах ажил  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу явж байна. Уг ажлын зураг төсвийг Зураг төслийн  хүрээлэн гаргасан бол БЗЦ-ийн Б. Бямбадорж мастертай бригад эхний насосны суурийн ажлыг гүйцэтгэв. Эргэлтийн ус хангамжийн хэсгийн засварын бригад Цахилгаан удирдлагын болон шугам хоолойн угсралтын ажлыг хийх бөгөөд 4-р сарын 20-нд ашиглалтад оруулна. Одоогоор цахилгааны удирдлагын шкаф хүчний болон хяналтын  кабелийн угсралт холболт, шугам хоолойн  ажлыг тус цехийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж байна. Уг насосыг сольсноор эргэлтийн ус хангамжийн найдвартай жигд ажиллагаа сайжирч, цахилгаан эрчим хүч болон засвар үйлчилгээний зардлыг хэмнэх юм.                                                                                                           Т.Батчулуун Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрчний эвлэл “Эрдэнэт” сувиллын цогцолборт амны хаалт хандивлав

    Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчид дэлхий нийтийг хамарсан цар тахал Covid-19 вирусын халдварын үед хүнд нөхцөлд ард иргэдийн эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж буй “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг хэрэглээний 1000 ширхэг амны хаалт хандивлахаар шийдвэрлэснээ өнөөдөр гардуулав. Тус холбооны гишүүд вирусын халдвараас ажилчдаа сэргийлэх үүднээс дархлаажуулалтын болон витаминжуулалтын аяныг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Дулааны цахилгаан станц, Засвар угсралтын цех, Зураг төслийн хүрээлэн, Захиргаа, аж ахуйн цехэд өрнүүлсэн бол энэ удаа “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн хүсэлтээр амны хаалт хандивлалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хандив тусламж, сайн үйлсийн аян үргэлжилнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр ярьсан юм. Одоогийн байдлаар “Эрдэнэт” сувиллын цогцолборт 75 хүн тусгаарлагдаад байна. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирэн тусгаарлагдсан Монгол иргэдийн олонх нь оюутнууд байна. Тэдний дөрөв нь өрхийн эмнэлгийн хяналтад өчигдөр гарсан бол маргааш ОХУ-ын нэг иргэн тусгаарлалтаас гэрийн хяналтад шилжинэ. Халуун цэг дээр хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгч хамт тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэж байна.    М.Одгэрэл Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Төмөр бетон дэрийг зориулалтын техникээр суурилуулна

    Өнгөрсөн оны сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төв төмөр замын засвар үйлчилгээний зориулалттай ПРМ-5У маркийн машинтай болжээ. ОХУ-д үйлдвэрлэсэн уг техник нь бетон дэр солих, хотойсон зам тэгшлэх зэрэг олон үйлдэл гүйцэтгэх бөгөөд цагт 35 бетон дэр солих хүчин чадалтай. Өмнө тус төвийн Зам засварын хэсгийнхэн 280 кг жинтэй төмөр бетон дэр солих зэрэг засварын үйлчилгээний ажлыг гараар хийдэг байжээ. Жил бүрийн өдийд Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн Замзасварын хэсгийнхэн төмөр замын дэр модыг төмөр бетоноор солих ажилд гардаг. Энэ жилийн хувьд 1500 төмөр бетон дэр захиалсан ч одоогоор нийлүүлэгдээгүй ажил сунжрах төлөвтэй байна. Тус хэсгийн хамт олон “Эрдэнэт” өртөөнөөс Тээвэр ложистикийн төв хүртэлх 3,5, тэндээс төв корпус хүртэл нэг, Өөрөө нунтаглах хэсэг хүрэх 0,9 км гээд нийт 36 салбар, дэлгэмэл уртаараа 25 км төмөр замын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг. Төмөр замын дэр модыг төмөр бетоноор солих ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд одоогоор 6000 гаруйг шинэчлээд байна. Төмөр бетон дэр нь 30 жилийн баталгаатай, ашиглалтын зардал хямд гэдгээрээ давуу талтай юм. Ирэх сараас бетон дэр нийлүүлэгдэх үед тусгай зориулалтын техник ажилд гарснаар хөдөлмөр  хөнгөвчлөгдөж, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Судалгааны байгууллагууд 2020 оны зэсийн үнийн таамаглалаа өөрчиллөө

    Энэ сарын эхний 20 хоногт зэсийн үнэ 4685-5695 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 5377 ам.доллар тонн байгаа нь 2016 оны 10 дугаар сараас хойш гараагүй үнийн бууралт болж байна. “COVID-19” халдварт өвчний тархалттай холбоотойгоор дэлхийн улс орнууд онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон нь дэлхийн санхүү, эдийн засаг хямарч, бараа таваарын үнэ эрс буурахад нөлөөлжээ. 2020 оны 3 дугаар сарын эхний 20 хоногт зарим судалгааны байгууллага зэсийн үнийн таамаглалаа өөрчлөн гаргалаа. Ингэхдээ 15 судалгааны байгууллагаас 13 нь 2020 оны зэсийн үнийн төсөөллөө 53-663 ам.доллараар бууруулж, хоёр байгууллага нь 15-25 ам.доллараар өсгөөд байна. Үнийн төсөөллөө өсгөн өөрчилсөн судалгааны байгууллагууд “COVID-19” халдварт өвчин дэлхийн санхүү, эдийн засгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж, таваарын эрэлт сулрах тул зэс болон бусад металлын үнийг урьдчилан тооцоолсноос буурна гэсэн байр суурьтай байгаа юм. Харин үнийн төсөөллөө бага зэрэг өсгөн өөрчилсөн Australia Dept of Industry болон Macquarie банкны судлаачид Засгийн газруудын эдийн засгийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд цаашид металлын эрэлт болон үнийн түвшинд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Зэсийн үнийн таамаглалаа өөрчлөн гаргасан судалгааны байгууллагуудын энэ оны зэсийн үнийн төсөөлөл 5323-5952 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 5772 ам.доллар тонн байгаа нь тухайн байгууллагуудын өнгөрсөн 2 дугаар сард гаргасан үнийн төсөөллөөс дунджаар 308 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Зарим томоохон судалгааны байгууллагууд энэ сарын сүүлчээр үнийн төсөөллөө өөрчлөн гаргахаар төлөвлөжээ Бэлтгэсэн: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхцэцэг   Дэлгэрэнгүй...
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян зарлалаа

    Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын А/103 тоот тушаал гарч, Засвар механикийн заводод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,таслан зогсоох ажлыг хэрэгжүүлэх нэг сарын аян зарлалаа. Аяны хүрээнд ЗМЗ-ынхон үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэстэй хамтран гурван чиглэлээр 30 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд үзэгдэх орчин хязгаарлагдмал газруудыг камержуулах, өмч хөрөнгө хариуцдаг ажлын байрны тодорхойлолтуудыг хянах, сахилга хариуцлагыг сайжруулах, агуулах болон хулгайд өртөж болзошгүй цэгүүдийг дахин тогтоох, үзлэг шалгалт явуулах, ажиллагсдын дунд хууль эрх зүйн сэдвээр мэдээлэл хийх аж. Мөн тус цехэд гарч буй хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эргүүл хийх, гаднын иргэдийг тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна. Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #13: Эрдэнэбаатарын ГАНЗОРИГ

    Төгссөн сургууль: Цагдаагийн академи, Удирдлагын академи, “Их засаг” Олон Улсын их сургууль Мэргэжил: Эрх зүйч-Дотоодын цэргийн ажилтан Ажилласан туршлага: 2008-2013 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид харуулын дарга, эргүүлийн офицер, харуул хамгаалалт хариуцсан офицер, 2013-2014 онд Орхон аймгийн Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын Харуул хамгаалалт, албаны бэлэн байдал эрхэлсэн орлогч, 2014 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн ахлах байцаагч, 2014-2018 онд Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн аж ахуйн офицер, Захиргааны удирдлагын тасгийн Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, 2018 оноос одоог хүртэл Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын Харуул хамгаалалт, албаны бэлэн байдал эрхэлсэн орлогчоор томилогдон цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: “Их засаг” Олон Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистраар суралцаж төгссөн. Чин хүсэл: Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, сурсан мэдсэнээ Эрдэнэт үйлдвэрийн төлөө зориулж яваа, хал үзэж, хат суусан эрэлхэг залуус олон бий. Э.Ганзориг хүчний байгууллагын алба хаагчидтай мөр зэрэгцэн алхаж, Улсын Онцгой объектыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсээр явна. Хугарч, нугаршгүй хатан зоригт Монгол эрчүүдийн төлөөлөл тэрээр эрхэлсэн ажилдаа эзэн байхыг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг нэгэн. Сүр жавхаат Монгол Улсынхаа тугийн дор тангараг өргөсөн түүнд Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу? -Өглөө сэрээд хамгийн түрүүнд гар утсаа шалгадаг. Өнгөрсөн шөнө тайван байсан эсэхийг мэдэхээр хоногийн жижүүрийн бүрэлдэхүүнээс нөхцөл байдлын мэдээгээ авдаг. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Миний амьдралын сэргээш бол гэр бүл, үр хүүхдүүдийн минь инээд хөөр. Ханийнхаа хэлсэн урмын үгсээс өдөр бүрийг өөдрөг өнгөрүүлэх эрч хүчийг авдаг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд улсын онц чухал объектуудыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг мэргэжлийн цэргийн байгууллага юм. Дотоодын цэрэг нь тайван цагт бие даасан үүрэг гүйцэтгэж, дайны үед зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэдгээрээ бусад хууль, хүчний байгууллагаас онцлогтой. Би ийм л онцгой ажилд хариуцлага, сахилга баттай ажиллаж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж яваа. -Эрдэнэт үйлдвэр бол  Улсын онцгой объект. Энэ утгаараа үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад танай хамт олон ойрын үед ямар ажил дээр төвлөрч байна вэ? -Дэлхийн улс орнуудад тархаад байгаа шинэ төрлийн “COVID-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02-р сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол гаргасантай холбогдуулан манай хамт олон Улсын онц чухал объект болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харуул хамгаалалт, салбарын алба ажиллагааг Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар хүч нэмэгдүүлсэн байдлаар зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн Орхон аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар болон хамгаалуулагч байгууллагын удирдлагатай харилцан ажиллагааг зохион байгуулж, уялдаа холбоог дээшлүүлэхийн зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “COVID-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. -Ажлыг илүү сайн хийхийн тулд өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач? -Ажлыг сайн хийх нь цаг ашиглалттай салшгүй холбоотой гэж боддог. Тиймээс ч цагийн менежментдээ анхаарч ажлаа хийх ёстой цагт нь хийж, улс орон, нийгэм эдийн засгийн холбогдолтой мэдээ мэдээлэл тогтмол авахыг хичээдэг. -Таны амьдралдаа сонссон хамгийн сайн зөвлөгөө? -Амьдрах хугацаандаа бие биеэ хайрлаж, аливааг сайнаар бодож хийсэн ажил хамгийн сайн, хамгийн зөв. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эзэмшсэн мэргэжлээрээ өөрийн сурсан мэдсэнээ бататгаж, цаашид хөгжүүлэн 40 гаруй жилийн түүхтэй энэ сайхан үйлдвэрийнхээ хэвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн явж байгаадаа сэтгэл өндөр байна. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрийг улс орон, ард иргэдэд үр шимээ хангалттай өгсөн байгууллага гэж боддог. -Мөрдөс нэгт алба хаагчдадаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү? -Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, цагдаагийн байгууллагын хамт олон, Монгол Улсынхаа төлөө хүчин зүтгэхээр тангараг өргөсөн нийт алба хаагчдад, Монгол Улсад Зэвсэгт хүчний байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе. Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай
   Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Ахмадын зөвлөл, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдийг өнөөдөр “Зэс” танхимд хүлээн авч, уулзлаа. Ололт амжилтаа ярилцаж, хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан энэхүү уулзалтанд Ерөнхий захирлын Санхүү, Эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцсон юм. Эрдэнэт үйлдвэрийн 65 хувийг 40-өөс доош насныхан эзэлж, нийт ажиллагсдын 33 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг нь холбоодын үйл ажиллагааны хамрах цар хүрээг бүрэн илэрхийлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд салбар уулзалтаар үйлдвэрийн үйл ажиллагааны үзүүлэлт хийгээд хэрэгжүүлж эхэлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг хэрхэн тооцоолж байгаагаа танилцууллаа. 
   Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 онд 68.6 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 99.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Удирдлагуудын зүгээс арилжааны 10 банктай уулзаж, тодорхой хэлцэл хийснээр нийт ажиллагсдынхаа зээлийн хүүгийн түвшинг байж болох хамгийн бага хэмжээнд бууруулсан нь уурхайчдын хувьд томоохон дэмжлэг болсныг хэлэх нь зүйтэй. Ажиллагсдаа дэмжсэн орон сууцны хороолол шинээр барьж, хөнгөлөлт хэлбэрээр 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа тухай, “Эрдэнэт” соёл спортын цогцолборын ажлын явц, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууь болгох, Оюутны хотхон барьж байгуулах бааз суурийг бэлтгэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор залуу ажилчдаа гадаадын их, дээд сургуульд явуулах гээд тал бүрийн мэдээлэл хүргэсэн нь уулзалтанд ирсэн хүн бүрийн сонирхлыг татлаа. 
   2020 оны төлөвлөгөө хэлэлцэхээр санал авч буй эдгээр өдрүүдэд хийхээр төлөвлөсөн ажлуудаа тодорхой тусгаж өгөхийг Ерөнхий захирал уулзалтын үеэр холбоодын тэргүүлэгчдэд сануулсан юм. Нэг бус нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн олон нийтийн байгууллагуудын үүрэг оролцоо, хариуцлага нэн их билээ.   
   Уулзалтын төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе. 
 
Х.БАДАМСҮРЭН: Олон нийтийн байгууллагуудтай уулзаж байгаа нь эхний үр дүн
 
   2019 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд ихээхэн онцлогтой жил болж байна. Миний хувьд хамтран ажиллаад гурван жил боллоо. Гэвч эрхзүйн орчин тодорхойгүй, амаргүй цаг хугацааг үдлээ. Энэ оны гуравдугаар сард Эрдэнэт үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноор эрхзүйн орчин тодорхой болж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Сүүлийн 26 жил төр засгаас Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзэж, шийдвэр гаргасан зүйл байсангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзэж, тогтоол гаргасан нь Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг тодорхой болголоо. Энэ үндсэн дээр манай инженер, техникийн ажилтнууд, үйлдвэрийн удирдлагуудын санаачлан боловсруулсан Эрдэнэт үйлдвэрийг ирэх 15 жилд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталж өгсөн. Хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Үүнд, үйл ажиллагааг өргөтгөх чиглэлийн ажлууд тусгагдсан. Эрдэнэт үйлдвэрийг уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх жишиг загвар болгон хөгжүүлье гэсэн зарчмаар явж байна. Бид чадна. Сэтгэл, зүтгэл байвал бүх зүйл бүтнэ. Олон нийтийн байгууллагуудтай уулзаж байгаа нь эхний үр дүн. Энд ажиллаж байгаа хүн бүр ёс зүйтэй байх ёстой. Залуучууд, бүсгүйчүүд нь манлайлагч байх хэрэгтэй. Айлын үр хүүхэд сахилга журамтай, аав ээж нь манлайлагч байвал айл гэр гялалзаад байдгийн нэгэн адил юм. Цаг заваа гарган уулзсан, сэтгэлээсээ илэн далангүй ярилцсан ахмадын болон эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлд баярлалаа. Та нартаа ажлын өндөр амжилт, ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
 
 
 
 
 
 


 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэлсэнчилэн сэтгэл санаа өөдрөг байвал ажил хөдөлмөр амжилттай байх нь гарцаагүй. Угтаа энэ сарын 17-ны өдөр Ерөнхий захирлын Нийгмийн цехүүдийн ажилчидтай хийсэн уулзалтын утга агуулга, үндсэн санаа энэ үгээр бүрэн илэрхийлэгдлээ. Ажил хийж, амьдралын төлөө хичээн зүтгэж яваа хэн бүхэнд асуудал мундахгүй. Тэр бүрийд тайлагнаад байдаггүй хувь, хувьсгалын зовлон жаргалаа анх удаа нээлттэй ярилцаж, асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлснээрээ энэхүү уулзалт өндөр ач холбогдолтой байсныг хэлэх нь зүй. 
   Уулзалтанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр болон бусад цех, нэгжийн удирдлагууд оролцож, санал бодлоо хуваалцлаа. Соёлын ордны зааланд хуран цугласан энэхүү уулзалт Ерөнхий захирлын төлөвлөгөөт уулзалтуудын “салхийг хагалснаараа” онцлог байсан юм. Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, өнөөгийн нөхцөл байдал хийгээд өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, мэдээлэл хүргэсэн. Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, алс хэтийн 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлгөгч хүч болсон нийгмийн цехийнхэн мэдээллийг анхааралтай сонсож, өөрт хэрэгцээтэйг сэтгэл оюундаа тунгаан суулаа. 
   Үйлдвэрлэлийн гэхээс илүүтэй урлаг, спорт, эмнэлэг сувилал, сургууль, цэцэрлэг, хоол үйлдвэрлэл зэрэг Эрдэнэт үйлдвэрийн арын албыг хариуцлагатайгаар хашиж ирсэн нийгмийн 10 цех 870 гаруй ажилтан ажиллагсадтай. Тэдгээрийн төлөөлөл болох 13 хүн хамт олон, цех нэгжийнхээ болоод хувийн асуудлаар удирдлагуудад хандаж, газар дээр нь хариугаа авсан юм. Тулгарсан бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх арга зам ямагт байдаг хойно асуулт бүрт тохирсон хариултыг оноон, ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон нь хэн бүхэнд баярлаж, талархах сэтгэл төрүүллээ. Танхим дүүрэн нижигнэсэн алга ташилтаар өндөрлөсөн энэ удаагийн уулзалт “Уурхайчин би” дуугаар хаалтаа хийж, цугласан олонд Эрдэнэт үйлдвэрийн гэрэлт ирээдүй рүү хамтдаа тэмүүлэх урам зоригийг өгч чадлаа. 
 






 
   Уулзалтын төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе. 
 
Х.БАДАМСҮРЭН: 10 дугаар сарын 1-нээс ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой гэж үзсэн


 
   Хамт олныхоо санаа бодлыг сонсож, ирэх онд хийх зүйлээ нарийвчлан төлөвлөж, хамгийн гол нь хамт олныхоо санаа бодолд тулгуурласан төлөвлөгөө байгаасай, ийм ажлыг хийх юмсан гэж бид зорьж байна. Нийгмийн цехүүдийнхээ ажилтан ажилчдын ярьж байгаа асуудлын заримыг газар дээр нь шийдлээ. Заримыг нь ирэх 7 хоногийн эхний өдрүүдэд шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтэсүүдэд өгсөн. Ажлын хэсэг байгуулаад ажиллах асуудал ч байх шиг байна, зарим цехийн ажлын байранд хамт олонтой нь уулзах, мэдээлэл өгөх, шийдэх асуудал ч байх шиг байна. Өнөөдрийн ярьсан асуудлаараа хөрөнгө оруулалтын асуудал 2019 онд яаж шийдэж байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгнө. Ажлаа эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлээ базаах, ирэх 2020 оны ажлыг чамбай төлөвлөх чиглэлээр албан даалгавар гаргана. Хугацаатай, тодорхой эзэнтэй ажлууд төлөвлөн хэрэгжүүлнэ. Өнөөдрийн уулзалтын үр дүн ч тэнд гарах байх. Нүүр нүүрээ харж уулзсан анхны, ач холбогдолтой, үр дүнтэй ажил боллоо. Ярьсан хөөрсөн зүйлээ ажил болговол бүр ч сэтгэл хангалуун ажил болно гэдэгт эргэлзэхгүй байна.
   Зэсийн ханш өндөр бус, төлөвлөсөн хэмжээнээс доогуур буюу 400 орчим ам.доллараар бага байна. Гэвч бид өртөг зардлаа бүх түвшинд хямгадаж, үр дүнд нь урьдчилсан байдлаар оны эхний 9 сарын дүнгээ тооцож үзсэн. Энэ утгаараа 10 дугаар сарын нэгнээс ажилчдынхаа цалинг нэмэх боломж бололцоо харагдаж байна. Цалин нэмэх тухайгаа нийгмийн цехийнхэнд хэллээ. Үндэслэл тооцоогоо үргэжлүүлээд явна. Ер нь ажил хөдөлмөр хийгээд, үр дүнтэй байвал эргээд амьдрал ахуйд сайнаар тусдаг. Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаа ажилтнууддаа юуны өмнө анхаарал тавья гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан хоёр тушаал гаргалаа. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн анхан шатны удирдлага болох ихээхэн үүрэг хариуцлагатай мастеруудынхаа дунд “Мастерын манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд 40 “Манлайлагч мастер”-ыг шалгаруулсан. Эдгээр хүмүүстээ оны эхний нэгдүгээр сараас тооцон, сар бүр 600 000-1 000 000 төгрөгийн урамшуулал олгохоор тогтсон. Удахгүй энэ мөнгө эзэддээ очих болно. Цаг наргүй ажилладаг нэг мастерын гар дээр эхний хагас жилийн байдлаар зургаан сая төгрөг очиход гэр бүлд нь нэмэр хандив болно гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн нарийн чимхлүүр, хариуцлагатай ажлыг хийдэг ажилчдаасаа зургаадугаар зэрэг авсан, цалин хөлс нь тогтмолжсон 30 гаруй хүнийг “Тэргүүлэх” зэргийн мэргэжилтэн болгож, сар бүр 300 000 төгрөгөөр урамшуулахаар болсон. Энэ урамшууллыг долдугаар сарын нэгнээс тооцож олгоно. Сар бүр авдаг цалин дээрээ урамшуулал нэмж авснаар амьдрал ахуйгаа дээшлүүлэн, тодорхой алхам хийхэд нэмэртэй болов уу гэж үйлдвэрийн удирдлагуудын зүгээс үзлээ. 

   
 
   
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог