• Эрдэнэт үйлдвэр 41 жилийн төрсөн өдрөөрөө ажилчиддаа "сюрприз" барив

            Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж, анхны баяжмалаа хүлээн авсан 12 дугаар сарын 14-ний түүхэн өдөрт зориулсан баярын хурал, урлагийн тоглолт Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборт боллоо. Баярын хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд, бүтцийн нэгжийн удирдлагууд, цех бүрийн төлөөлөл болсон ажилтан ажиллагсад, шилдэг тэргүүний залуучууд оролцсон юм. Баярын хурлыг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баялаг бүтээгч мянга мянган уурхайчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. 2019 оныг Эрдэнэт үйлдвэр “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан ажлын үр дүнгээ тайлагнаж, хөдөлмөрч бүтээлч хамт олныхоо хийсэн бүтээснийг олны сонорт хүргэлээ.     Баярын энэ өдөр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Б.Наранбаатар, С.Ганбаатар, Б.Баярсайхан, Ч.Отгон, “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Д.Баатар, П.Нямсүрэн, Л.Энхбаяр, Б.Чулуунбаатар, Д.Давааням, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр Б.Батбилэг, Л.Болдоо, Б.Дэрэм, Х.Батмөнх, Б.Баттөгс, Д.Мөнхтөр, Г.Эрдэнэсүрэн, Ч.Мөнхбаатар нарыг шагнаж урамшууллаа. Мөн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээн авахад хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан Л.Батбаяр, Мартынов В.В, Э.Хашбат, Э.Доржболд, З.Энхбаатар, Козорез А.В, Б.Анхбат, А.Кудербай, Белянкин В.П, Б.Бат-Эрдэнэ, Н.Мөнхчулуун, Х.Батзориг, Г.Мягмарцэрэн, Г.Ганчулуун, С.Ууганбаяр, Сапрыкин В.А, Д.Ёлкасүрэн, Д.Дандар нарыг мөнгөн шагналаар шагнав.           Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн 41 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн төлөө хийж бүтээсэн бүхэнд нь талархал илэрхийлж, хамт олноо манлайлсан Б.Тэгштуяа, Д.Цогтсайхан, Т.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Н.Баяржаргал, Г.Болдхуяг, Э.Лхагважав, Б.Данаажав нарт амины орон сууцны түлхүүр гардуулсан юм. Баяр дээр баяр нэмсэн энэхүү түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Хамт олондоо үлгэр жишээ ажиллаж, хийж бүтээх хүсэл тэмүүллээр “жигүүрлэсэн” эдгээр найман залууд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Эко хороолол дахь хаус, таунхаусыг бэлэг болгон өгсөн. Орчин үеийн хэв загвартай амины орон сууц нь 64м.кв талбай бүхий 3 өрөө, дулаан гаражаас бүрдсэн бол хоёр давхар бүхий таунхаус барилга нь нийт 116м.кв талбайтай, хоёр ариун цэврийн болон унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөөнөөс бүрдсэн тохилог сууц юм. Залуу ажилчид, тэдгээрийн гэр бүлийг дэмжсэн энэхүү гэнэтийн бэлэг Эрдэнэт үйлдвэр 41 жилийн төрсөн өдрөөрөө ажилчиддаа барьсан сюрприз байв.          Энэ үеэр шагнал гардсан уурхайчдын сэтгэгдлээс хүргэхээр бэлтгэлээ. Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн Тоног төхөөрөмжийн засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ     Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна. Өнөөг хүртэлх хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, итгэл хүлээлгэсэн үйлдвэрийнхээ удирдлагуудад талархал илэрхийлье. Миний бие 2010 онд Баяжуулах үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”, 2013 онд цехийн “Шилдэг засварчин”, 2014 онд Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”, 2016 онд Баяжуулах үйлдвэрийн “Шилдэг бригадын дарга”-аар шалгарч байсан. Цаашид хийхээр бодож санасан зүйл их бий. Урмаар тэтгэсэн итгэлийг тань алдахгүйн төлөө хичээх болно. Эрдэнэт үйлдвэртээ маш их баярлалаа. Үйлчилгээ аж ахуйн цехийн ажилтан Б.ТЭГШТУЯА     Үйлдвэрийнхээ удирдлагуудаас байрны түлхүүр гардаж авна гэдэг хүний амьдралд ховорхон тохиох аз завшааны нэг гэж бодож байна. Сэтгэл хөдөлж, баярын нулимс бөмбөрлөө. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Хамт олондоо, Үйлчилгээ аж ахуйн цехийн дарга Б.Туяа болон Эрдэнэт үйлдвэрийн нийт удирдлагууддаа талархал илэрхийлье. Та нартаа маш их баярлалаа. Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн тээрмийн машинч Б.ЧУЛУУНБААТАР     Өнөөдөр “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнагдлаа. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 13 жил тээрмийн машинчаар ажиллаж байна. Салбарынхаа хамгийн том шагналыг хүртлээ. Сэтгэл их догдолж байна. Би уурхайчин мэргэжилдээ хайртай. Баялаг бүтээгч нийт хамт олондоо баярлалаа. Та бүхэндээ ойн баярын мэнд дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ш.Отгонбилэг агсанд зориулсан үзгэн хөшөөний нээлт боллоо

                Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулсан үзгэн хөшөөний нээлт боллоо. Хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Монгол-21” сангийн тэргүүн Д.Туяа, “Сэцэн” ХХК-ийн захирал Б.Цэдэндорж болон үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцов. Энэхүү хөшөөг цагаан гантиг суурин дээр Ш.Отгонбилэг агсны барьж байсан үзэгний дүрсийг, олон түмэнд Шо захирал хэмээн хүндлэгдэж явсныг нь бэлгэдэн куб буюу бүх тал нь тэгш шоо дүрсийн хамт урлан бүтээжээ. Уг хөшөөг түүний нэрэмжит гудамжных нь эхэнд байрлуулсан нь Эрдэнэт хотод өнгө үзэмж нэмсэн үйл явдал болов. Хөшөөний гүйцэтгэгчээр Б.Цэдэндорж захиралтай “Сэцэн” ХХК ажиллаж, үйлдвэрийн Инженерийн зураг төслийн төвийн тэргүүлэх зохион бүтээгч инженер А.Соджаргал хөшөөний дизайныг гаргажээ.                                                                                                                       Т.Батчулуун Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Бүтээн байгуулалтын нүргээнтэй Эрдэнэтийн уурхайчдын онцгой өдөр

        Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийнхэн 41 насны төрсөн өдөртөө  “тэвэр дүүрэн” бүтээн байгуулалт, ололт дэвшлээр бэлэг барьлаа. Тэртээ 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байв. Тэгвэл 41 дэх жилийнхээ босгон дээр  манлай үйлдвэрийн уурхайчид их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүлж, техник технологийн өөрчлөлт шинэчлэлийн олон ажлыг амжилттай амжуулжээ. Өөрөөр хэлбэл, тус хамт олон үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцөлийг сайжрулахад “эргэлт” хийсэн  нэгэн оныг хамтдаа бүтээлээ. Үр дүнтэй, оновчтой хөрөнгө оруулалтын хүрээнд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех зэрэг үндсэн болон бусад үйлдвэрлэлийн цех нэгжид техник технологийн шинэчлэл хийж, ашиглалтад хүлээн авав. Уулын тээврийн шинэ техникүүдийг  хүлээн авах үйл ажиллагаа Ил уурхайн 1280 дугаар түвшинд болсон бол технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг Баяжуулах үйлдвэрийн төв корпуст өлгийдлөө.       Өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг уурхайчид өөрсдийн өндөр мэдлэг чадвар, арвин арга туршлага, нарийн зохион байгуулалтын давуу хүчээр бүтээж чадсаныг эл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэмдэглэсэн. Тэрээр “Улиран одох гэж буй 2019 он уурхайчид та бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил боллоо. Энэ онд бид техник технологио боловсронгуй болгох замаар уурхайчид, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг төлөвлөж, гүйцэтгэлээ. Өнөөдөр бид энэ ажлаа дүгнэж, албан ёсоор хүлээн авч байна. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийлээ. Үүний 20 сая орчим долларыг геологийн хайгуулын бүхий л цогц ажилд зориуллаа. Үр дүнд нь Эрдэнэтийн овоо, ойр орчим дох нөөцийг цаашид 60 жил ажиллах боломжтой гэдгийг тогтоосон. Мөн хоёр хоногийн өмнө манай  Геологи хайгуулын ангийг Геологи хайгуулын экспедиц болгон цар хүрээ, статусыг өргөжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь бидний энэ ажлын үр дүн гэдгийг нийт уурхайчдадаа баяртайгаар дуулгая. Бид техникийн болоод технологийн бодлоготой ажиллаж байгаа. Эдгээр шинэчлэл, бүтээн байгуулалтаа энэхүү бодлогын хүрээнд хийж буйг онцлоё. Ингээд бүтээн байгуулалтын ажилд баг болон гар сэтгэл нийлж, ур дүй,  ухаан чадал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан уурхайчид, инженер техникийн ажилтнууд, энд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн үргэлжлүүлэн хэллээ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилд Эрдэнэт үйлдвэрийнхэн алсын хараатай,  ажлын байрны орчин нөхцөлийг илүү боловсронгуй түвшинд хүргэсэн шинэчлэл хийж чадсаныг мэргэжилтнүүд энэ үеэр үнэлэв.    Эрдэнэтийн үйлдвэрийн баяжуулагчид Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаарбутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилуулжээ. Ингэснээр баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг 1 хувиар өсгөн жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна. Ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжрах, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон давуу тал молибдены нөөц шугамд шингэжээ.     Харин МР-800 бутлуур нь Финляндулсын  METSO фирмийн нэрийн бүтээгдэхүүн.  Нэг цагт 650 тоннхүдэр бутлах хүчин чадалтай,  хасах 10мм-ийн ангийн агуулгыг 60 хувьд хүртэл бутлах техникийн өндөр үзүүлэлттэй.Эл бутлуурыг ашиглалтад хүлээн авснаар нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрджээ. Баяжуулах үйлдвэрт хийгдсэн дараагийн ажил нь хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрэм шинэчлэл. Украйн улсын НКМЗ үйлдвэрийн  МШЦ 5.5*6.5 маркийн шинэ тээрэм нь 140 метр.кубын багтаамжтай, цагт 280 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай. Жилд 1.2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашгийг үйлдвэрлэлд авчрах юм байна.    Уулынхан харин 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийж, уулын хэсэгтээ ОХУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёрширхэг, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватораар хүч сэлбээд байна. Ил уурхайнхны ур ухаан, хөдөлмөр зүтгэлээр уурхайн мөргөцөгт дүнхийх 12.5 метр кубын багтаамжтай шанага бүхийЭКГ-12 экскаватор нь цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэх аж.      Хөрөнгө оруулалтын жилийн бүтээн байгуулалт Засвар механикийн заводад Усаар зүсэгч машин хүлээн авснаар үргэлжилжээ. Польш улсын КИМЛА фирмийн тоон удирдлагатай Waterjet-2161 маркийн суурь машиныг Монголд анх удаа ашиглаж буй бөгөөд нь  резин, мод, шил, чулуу, хуванцар, хар болон өнгөт металл зэрэг бүхий л төрлийн хуудсан материалыг ус болон абразив ширхэгтхолимгийн тусламжтайгаар  зүсэх зориулалттай  орчин үеийн ухаалаг суурь машин юм. Энэхүүсуурь машиныг ашигласнаар  гадаргуугийн боловсруулалтын цэвэршилт сайжирч, зарим технологийн ажилбар дамжихгүй,  хэрэглэгчдэд шууд хүрэх боломжтой. Цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлттэй,  утаа униаргүй,  дуу чимээ багатай зэрэг үзүүлэлт нь  ажилчдын эрүүл мэнд, үйлдвэрлэлийн бүтээмжид эерэгээр нөлөөлнө.     Энэ жилд Эрдэнэт үйлдвэрийнхэн Хаягдлын аж ахуйн хаягдлын санд 4М далан, холбох суваг шинээр барьсан ньЭрдэнэт үйлдвэрийнтүүхэнд анхны том хэмжээний холбох суваг  болсон гэж мэргэжилтнүүд онцоллоо.Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хаягдлын санд өвлийн хаялтын 4М далан, холбох сувгийн хамт  барьж байгуулах ажлыг  Баяжуулах үйлдвэр,Үйлдвэрлэлийн хэлтэс, Техникийн хэлтэс, Авто тээврийн цех, Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс, Инженерийн зураг төслийн төв, Геологи хайгуулын анги, Барилга, байгууламж хяналт, төлөвлөлтийн хэлтэс зэрэг цех,нэгжээс  бүрдсэн ажлын хэсэг 140 хоногт гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.  Төслийн хүрээнд Хаягдлын сангийн өвлийн хаялтын хэсэгт 1 648 метр урт, 6 метр өндөр 4М даланг 129 500 метр.куб уулын цул, 107 500 метр.куб элсээр барьж байгуулсан бол холбох сувгийг барихад нийт 240 564 метр.куб уулын цул тээвэрлэх ажил гүйцэтгэсэн байна. Эргэлтийн усны холбох суваг нь 604 метрийн урт, 24 метрийн өндөртэй.4М далан, холбох сувгийн цогц бүтээн байгуулалт нь Хаягдлын сангийн насжилтыг 4-6 жилээр уртасган, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болжээ.      Түүнчлэн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт Telsmidthфирмийн SBSмаркийн цагт 130 тонн хүдэр бутлах хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулж,  Хам баяжуулалтын 1-р ээлжийн 205 дугаар хөвүүлэн баяжуулах машины эд ангийг шинэчилжээ. Шүүн хатаах хэсэгт молибдены даралтат шүүлтүүр  угсарч суурилуулсан нь  ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай  ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Авто тээврийн цехэд дизель түлш хадгалах, түгээх 50 метр кубын багтаамжтай, ухаалаг карт уншигч бүхий Шатахуун түгээх станц суурилуулж, хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын 130 тоннын даацтай 2 авто машин шинээр хүлээн авлаа. Засвар механикийн заводын Механик цехэд металл боловсруулах СNС тоон удирдлагатай фрезерийн суурь машиныг ашиглалтад оруулав. Мөн Ган бөөрөнцөгийн цехэд индукцийн зуух бүхий хос цувих шугамын технологи нэвтрүүлж байна.  Энэхүү технологи нэвтэрснээр ган бөөрөнцөгийн чанар сайжирч, хувийн зарцуулалт багасахын зэрэгцээ ажлын байрны нөхцөл эрс дээшилж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах олон эерэг үзүүлэлтийг өгнө. Дулааны Цахилгаан Станцын 3 дугаар зуухны их засвар хийгдэж, 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий  ихзасварын ажлыг Улаанбаатар хотын “Мон Илч” компани 160 хоногт багтаан гүйцэтгэлээ.3 дугаар зууханд их засвар хийснээр үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, өвөл зуны горимд ДЦС тогтвортой, найдвартай ажиллах боломжийг нэмэгдүүлжээ.     Үйлдвэрлэлд хийгдсэн эдгээр бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх тодорхойлохдоо  “ Энэ бүх шинэчлэлийн ажлын үр дүнд үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөнө. Хүдэр дэх металлын агуулга буурч буй энэ үед эцсийн бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалж, борлуулалтын орлогоо бууруулахгүй барихын тулд боловсруулалтаа нэмэх нэг арга байгаа. Тэгэхээр шинэчлэлийн үр дүнд  боловсруулалт нэмэгдүүлэх  хүчин чадалтай болж байна гэсэн үг. Нөгөө талаар, техникийн болон технологийн үзүүлэлтүүд сайжирна. Хамгийн гол өгөөж гэвэл, тоног төхөөрөмжийн хувийн зардал багасч, нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртөг буурна. Ингэснээр үйлдвэрлэлийн үр ашиг дээшилж,тэр хэрээр  ажиллагсдын бодит орлого нэмэгдэнэ. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд дээрх үр өгөөжөө тун удахгүй өгч эхэлнэ. Нэг тодорхой жишээ хэлэхэд, 4 дүгээр сард манай уурхайчид өөрсдийн хүчээр угсарч ашиглалтад оруулсан ЭКГ-12К экскаватор өнөөг хүртэл 7 сарын хугацаанд ажиллахдаа 755 сая төгрөгийн цахилгааны зарцуулалтын хэмнэлт өгсөн. Мөн бүтээмж 20 гаруй хувиар өссөн. Зөвхөн нэг техникийн үзүүлж буй үр ашгийг харахад ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр бидний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн шинэчлэл, техник тоног төхөөрөмж бүхэн үр ашгаа өгнө гэдгийг баттай хэлье” гэж онцолсон.     Бүтээн байгуулалт нүргэлж, хөдөлмөр оргилсон энэ өдрийг уурхайчидтай хамт Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын орлогч дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү, хамтран ажиллагч “Flsmidth” ХХК-ийн Ази номхон далайн бүсийг хариуцсан Ерөнхийлөгч Денис Фринч, “ИЗ-Картекс”компанийн төлөөлөгч Г.М.Елякин нарын хүндэт зочид, үйлдвэрийн удирдлагын баг, албаны хүмүүс хамт угтлаа.     Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  “Хөрөнгө оруулалт-2019” жилийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалт, техник технологийн ажлаа албан ёсоор ашиглалтад хүлээн авч, үйлдвэрийн хөгжлийн нэгэн шинэ хуудсаа эргүүлэв.                М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академитай 2019 оны хамтын ажиллагаагаа дүгнэлээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн 41 жилийн ой, “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” жилийн хүрээнд үйлдвэрийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи хоорондын энэ оны хамтын ажиллагааг дүгнэх тайлангийн хурал амжилттай зохиогдлоо. Тайлангийн хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хөгжлийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Шинжлэх ухааны академийн судлаач, эрдэмтэн, инженерүүд оролцсон юм. 2019 онд хоёр байгууллага 8 чиглэлд хамтран ажиллахдаа бодит үр дүнд хүрснийг онцлон, хурлын үеэр судлаачдын хийсэн судалгааны ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэг, Шинжлэх ухааны академийн хамтран хэрэгжүүлсэн цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, инновацийн түвшний томоохон ажлын туршилт судалгааны үр дүн ирэх хавар харагдах юм. Мөн Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах, цагаан тоосны дэгдэлтийг багасгах зэрэг байгаль орчны чиглэлээр хийгдэж байгаа туршилт судалгааны ажлуудыг онцоллоо.        Шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд үйлдвэрийн газрын цех, нэгжүүдийн бүтээмжийн менежер, инженер техникийн ажилтнуудад “Оюуны өмчийн менежмент”, “Химийн хорт болон аюултай бодисын менежментийг сайжруулах”, “Хаягдлын далангийн сейсмик мониторинг хийх” сэдвээр сургалт явуулсан нь ажилтнуудыг чадавхижуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль дүрмийг биелүүлэхэд үр дүнгээ өгч байна. Уул уурхайн үйлдвэрлэл нь ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, үйлдвэрлэл, эрчим хүчний хангамж, дэд бүтэц, ложистик, эдийн засаг, менежмент, байгаль орчин, аюулгүй ажиллагаа гэсэн олон салбарыг хамарсан нарийн төлөвлөлт бүхий үйл ажиллагаатай. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн турш шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үндсэн дээр үйл ажиллагаагаа удирдан чиглүүлсээр ирсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт хоёр тал итгэл төгс байгаагаа илэрхийллээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс  Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #6

      Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын дарга Д.ЭРДЭНЭБАТ Уулын үйлдвэртэй хувь заяагаа холбоод 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд олон зүйл сурч, ажилдаа туршлага хуримтлуулсан. Хамт олонтойгоо үйлдвэрийнхээ ам бүлд ажиллах сайхан байна. Үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, баялаг бүтээгч уурхайчид, Эрдэнэт хотынхоо ард иргэд та бүхэнд баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.   Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны нэвтрүүлэгч П.ЭНХТУЯА Миний бие хэвлэл мэдээллийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Он цагийн хуудсыг нэхэн харахад энэ их айлын өндөр босгоор алхаж, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн амьдрал замнал, ололт амжилттай холбогдсоор 27 жилийг үджээ. Дурсамж дүүрэн, бүтээн байгуулалтын он жилүүдэд уурхайчин хамт олныхоо дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, тэднийхээ ажил үйлсийг баяр бахдалтайгаар олон нийтэд хүргэсээр өнөөдөртэй золгож байна. Телевизийн урлагаар дамжуулан Эрдэнэтийн уурхайчдын хөдөлмөр бүтээлийг орон даяар хүргэхээр хичээн ажилласныг минь үнэлсэн хамт олондоо, баялаг бүтээгчиддээ баярлалаа. Эрдэнэт үйлдвэр миний амьдрал, миний бахархал.   Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн ээлжийн мастер Д.ЭНХБОЛД 1981 оны 4 дүгээр сарын 13-нд энэ их айлын босгоор алхаж, Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. Тээрмийн машинист, плотатор, тээрмийн бригадын даргаар ажиллаж байгаад 1989 онд Өөрөө нунтаглах хэсэг рүү тээрмийн машинистаар шилжин ажилласнаас хойш ээлжийн мастер, ахлах мастер, хэсгийн даргын ажил үүрэг гүйцэтгэсэн. Энэ хэсэгтээ 30 дахь жилдээ ажиллаж байна. 6000 гаруй ажилтныхаа ар амьдралыг “нуруундаа үүрч”, уул уурхайн компаниудыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа минь зол завшаан юм. Ажил мэргэжлээрээ бахархсан Баяжуулах үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олондоо эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.   Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Тэсрэх материал зөөх уулын ажилтан Б.ЭРДЭНЭ-ОЧИР Би удам дамжсан уурхайчин залуусын нэг. Ургах нартай уралдан босож, улс эх орныхоо төлөө үр бүтээлтэй ажиллаж байгаадаа баяртай байна. Эрдэнэт үйлдвэр миний амьдрал, миний гэр бүл, миний хойч ирээдүйд маш том бүтээн байгуулалтыг бий болгосон. Үе үеийн уурхайчиддаа эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 41 жилийн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа. И.Чинтогтох   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #5

      Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Зөвлөх Н.БЯМБАДОРЖ Би 1980 оны 7 дугаар сарын 16-нд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болсон. Яруу найрагч Ш.Гүрбазар Монголоороо гоёдог шиг, би Эрдэнэтээрээ гоёж яваа эгэл уурхайчин. Хаа ч явсан “Би Эрдэнэтийнх” гэж хэлэх дуртай. Үйлдвэрийнхээ лого бүхий бөгж, энгэрийн тэмдгийг байнга зүүдэг. Эрдэнэт бол миний гоёл, миний нэрийн хуудас. Үйлдвэртээ баяр талархалын үгсээ илэрхийлж байгаа эдгээр өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны түүхэн 41 жилийн ой тохиож байна. Уурхайчиддаа, хамтран ажилладаг бүхий л байгууллага, хамт олонд үйлдвэрийнхээ төрсөн өдөр, шинэ оны баярын мэндийг хамтатган хүргэе. Та бүхэндээ баярлаж явдаг шүү.   Судалгааны төвийн Тээрмийн машинч Ж.ТҮМЭНЦОГТ Үйлдвэрийнхээ 3 жилийн ойгоор ажилд орсон. Тэр цагаас өнөөг хүртэлх 34 жилийн хугацаанд миний бие бульдозерчин, бутлуурчин, тээрмийн машинч, жолоочоор ажиллалаа. Гавьяаны амралтандаа гарах тушаалаа гар дээрээ хүлээн аваад удаагүй байгаа ч үйл хэргийг минь үргэлжлүүлэх хүүгээ удам дамжсан уурхайчин болж байгаад сэтгэл тэнэгэр байна. Үйлдвэрийн газраас хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ” бодитой хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь энэ гэж боддог. Хөдөөгийн малчны хотноос илгээлт өвөртлөн ирсэн залуус Эрдэнэтийг цогцлоон бүтээж, өнөөдөрт хүргэсэн. Би л гэхэд Завхан аймгийн Их-Уул сумаас 10 дугаар анги төгссөн хүүхэд ирж байлаа. Хийсэн бүхнээ эргэн харж, дэлхийн 10 том үйлдвэрийн нэгд ажилласан өөрөөрөө бахархаж байна. Хамт олондоо халуун баярын мэнд хүргэе.   Инженерийн Зураг Төслийн Төвийн инженер зохион бүтээгч Ж.БАТЦЭЦЭГ Оюутан байхдаа л залуусын хот Эрдэнэтэд очиж дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажиллахыг хүсдэг байлаа. Хүсэл маань биелж их сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Нунтаглан Баяжуулах Хэсэгт цахилгаанчинаар ажиллан ажил, амьдралын гараагаа эхэлж билээ. Харин одоо Эрдэнэт үйлдвэрийнхээ  Инженерийн Зураг Төслийн Төвд 25 дахь жилдээ ажиллаж байна. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээр овоглож, нэгэн эд эс нь болж байгаадаа үргэлж бахархаж явдаг.Үйлдвэрийнхээ хөгжил дэвшил, техник технологийн шинэчлэл, бүтээн байгуулалтын зураг төсөл зохион бүтээх ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нь миний болон хамт олны маань  гол зорилго гэж боддог. Эрдэнэт үйлдвэрийхээ үе үеийн уурхайчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та нартаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.   Баяжуулах үйлдвэрийн Хөвүүлэн баяжуулагч Р.БАЯР Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 41 жил болж байна. Энэ их айл, том үйлдвэрт амьдралынхаа тал хувийг буюу хоногийн 12 цагийг өнгөрүүлсэн болохоор сэтгэлд хамгийн дотно гэр минь болжээ. Би 1983 онд Баяжуулах үйлдвэрт насосны машинчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Хамт олонтойгоо өнгөрүүлсэн олон сайхан дурсамж бий. 2017 онд үйлдвэрийнхээ өргөтгөлийн үйл ажиллагааг амжилттай хийсний учир Баяжуулах үйлдвэрийн дарга асан Г.Дэлгэрийн хамтаар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртэж байлаа. Миний амьдралд тохиосон баярт үйл явдлын нэг байсныг хэлэхэд таатай байна. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад 41 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #4

      Засвар механикийн заводын Хэвний хэсгийн будагчинЭ.НАНДИНЦЭЦЭГ Эрдэнэт үйлдвэр намайг ажил хөдөлмөрт сургасан. Би 2002 онд хольц бэлтгэгчээр ажлын гараагаа эхэлж, 2014 оноос Засвар механикийн заводын Загварын хэсгийн будагчнаар ажиллах болсон. Манай хэсэг үндсэн хийцийн загварыг модоор бүтээдгээрээ онцлогтой. Хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал гэж боддог. Тухайлбал, миний ажлын байранд будгаа хэрхэн гоё өнгөтэй гаргах, замаскаа яаж тавьж зүлгэх вэ зэрэг ур чадвар шаардсан олон ажил гарч ирдэг. Тэр бүрийг чанартай, гологдолгүй хийхийн тулд өнөөг хүртэл хичээсээр явна. Энэ дашрамд Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчид, хэсгийн хамт олондоо ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.   Соёл урлагийн цогцолборын бүжигчин Б.НЯМЛХАГВА Соёл, урлагийн цогцолборын дэргэдэх “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын бүжигчнээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие ШУТИС-ийнУул уурхайн машин, тоног төхөөрөмжийн механикийн ангийг төгсөж, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. Ажилд ороод 9 сар болж байтал “Уурхайчин” соёлын ордонд бүжигчин авах сонгон шалгаруулалт зарлаж, сонирхлынхоо дагуу шалгаруулалтад оролцож, 14 хүн өрсөлдсөнөөс “А” үнэлгээтэйгээр тэнцэж байлаа. Энэ алхам миний амьдралыг өөрчилсөн. Сайхан хамт олон дундааих зүйл сурч, өнөөдрийг хүртэл өөрийгөө хөгжүүлж явна. Саяхан манай чуулгын уран бүтээлчид “Хан хуур I” төслийнхөө хаалтын тоглолтыг хийж, сурсан мэдсэнээ тайлагналаа. Энэ төсөлд хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн мэргэжлийн уран бүтээлчид хамрагдсанаараа ихээхэн онцлогтой болсон. Тайзан дээр бахархалтай,сэтгэл дүүрэн тоглолт хийсэн хамт олондоо, Улаанбаатар болон орон нутгаас хүрэлцэн ирж үзсэн үзэгчид, уурхайчиддаа, хуур төслийг өдий хүртэл дэмжсэн бүх удирдлагууддаа баярлаж талархснаа илэрхийлье. Уран бүтээлчдээ хөхиүлэн дэмжиж, хөгжих боломжоор хангаж ирсэн Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.   Автотээврийн цехийн краны машинист С.УРАНЧИМЭГ Би Автотээврийн цехэд краны машинистаар 40 дэх жилдээ ажиллаж байна. 1980 онд Технологийн сургуулийн краны курст суралцаж төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болж байлаа. Өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж, цехийнхээ төдийгүй үйлдвэрийнхээ олон шагналыг хүртэж, төр засгаас Алтангадас одонгоор шагнагдсан. Мөн ажил мэргэжлийн тэмцээнд удаа дараа оролцон, олон шавьтай  боллоо. Туулсан цаг хугацаагаа эргэн хараад хүн ажилдаа “дурлаж”, мэргэжилдээ хайртай байх нь хамгийн чухал зүйл гэдгийг ойлгож, залуучууддаа захиж сурган, ажил мэргэжлээрээ бахархаж байна. Уурхайчдын мэргэжлийг удам дагах ёстой гэж үзсэн учраас охиноо краны машинистаар сургасан. Ё.Пүрэвдорж ахлагчтай, Р.Баярбат механикчтай Автотээврийн цехийн Механикийн албаны хамт олондоо маш их баярлаж явдгаа илэрхийлж, уурхайчин хамт олондоо баярын мэнд дэвшүүлье.   Ил уурхайн Өрмийн машинч А.ДАМДИНДОРЖ Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлд 18 насандаа ажилд орж байлаа. Монгол улсын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан үйлдэртээ хөдөлмөр зүтгэлээ зориулж яваадаа баярладаг. Үйлдвэрийнхээ 41 жилийн ойг тохиолдуулан нийт ажилтан ажиллагсад, Ил уурхайн хамт олондоо баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай гэсэн ерөөл өргөе. Уурхайчдын алдар мандугай. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Номын баярын нээлтэд профессор, академич П.Очирбатын хэлсэн үг...

        Эрхэм нөхөд өө, Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит Үйлдвэрийн Ерөнхий захирал, Шинжлэх ухааны доктор ШУТИС-ийн хүндэт профессор Х.Бадамсүрэн болон Эрдэнэт Үйлдвэрийн эрхэм хүндэт дарга нараа, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат эрдэмтэн багш нараа. Та бүхний амрыг эрж мэндчилье. Өнөөдөр ШУТИС-ийн түүхэнд тэмдэглэгдэх онцгой дурсгалтай үйл явдал болж байна. Тус сургуулийн 8-р байрны Эрдмийн их танхимыг Эрдэнэт Үйлдвэрийн хөрөнгөөр тохижуулж өнөөдөр нээлтийг нь хийж байна. Бид их баяртай байна. Эрдэнэтийхэнтэй гүнээ талархаж байна. Энэ баярт мөчийг тохиолдуулан баяр дээр баяр болгож нэгэн ёслол үйлдэхийг зөвшөөрнө үү. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн багш нар, профессоруудын хамтын цуврал бүтээл “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” нэртэй 7 боть номыг ивээн тэтгэж санхүүжүүлсэн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын хамт олонд чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлж  байна. Одоо би “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” нэртэй 7 боть номынхоо талаар товч танилцуулж байна. Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, судалгаанд тулгуурлан үйлдвэрлэл, үйл ажиллагааны болон эрдэм мэдлэгийн олон салбарын хүрээг хамарсан цуврал ном бүтээх эрдэмтдийн санаачилгыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулиас дэмжин 2005 оноос эхлэн цуврал бүтээл болгон хэвлэж нийтийн хүртээл болгоод байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл - шинжлэх ухаан - мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм.     Энэхүү цуврал бүтээлийг туурвихад Ерөнхий эрхлэгчээр академич П.Очирбат, Ерөнхий редактороор доктор (Ph.D), профессор Л.Пүрэв нар ажиллаж, боть бүрийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн хариуцан эрхэлж, эрдэмтдийн баг хамтран бүтээсэн болно. Тухайлбал: “Ил уурхайн технологи” I ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, доктор (Ph.D), дэд профессор Б.Батболд хариуцан редакторлож, 24 зохиогч хамтран бичсэн. Энэхүү ботид Ашигт малтмалын ордод ил аргаар ашиглалт явуулах арга, технологийн үндсэн ойлголт, нэр томъёо, тодорхойлолт, чулуулгийн шинж чанар, ил уурхайн хэмжээсүүд, нээлт, ашиглалтын систем, үйлдвэрлэлийн үндсэн процессууд болох: Өрөмдлөг, тэсэлгээ экскавацлалт, тээвэр, овоолго болон ашиглалтын технологийн схемүүд, ус таталт, цахилгаан хангамж, хэрэглээний экологи байгаль хамгаалал, маркшейдерийн ажил, тасралтгүй ажиллагаатай иж бүрдэл, тоног төхөөрөмжийн талаар тусгасан. “Далд уурхайн технологи” II ботийг доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан эрхэлж, Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Лайхансүрэн хариуцан редакторлож, 22 зохиогчхамтран бичсэн. IIботид далд уурхайн ашиглалтын технологийн үндсэн ойлголтууд, нэр томъёо, аргазүй, эрдэс баялгийн цогцолбор, чулуулгийн үүсэн бүрэлдэх нөхцөл, чулуулгийн физик механикийн шинж, уурхайн талбайн нөөц, үйлдвэрлэлийн үндсэн процесс, далд ашиглалтын систем, техник технологи, тээвэр, тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, агааржуулалт, хосолмол геотехнологи, маркшейдерийн ажил зэргийг тусгасан. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”III ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, ШУТИС-ийн Хүндэт профессор П.Оюунсүрэн хариуцан редакторлож, 13 зохиогчийн хамтын бүтээл юм. Ашигт малтмалын баяжуулалтын технологийн түлхүүр ойлголт, лавлагаа, тайлбар, томъёолол, аргачлал түүнчлэн эрдэс, хүдэр, химийн зарим элементийн шинж чанар, хэрэглээ, техник технологийн боломж, баяжуулалтын өгөөж, материал техникийн хэрэгцээ, бүтээгдэхүүн, хаядас, экологи, байгаль орчинд тусах үр дагавар, үйлдвэрлэлийн практик, судалгаа туршилтын талаар тусгасан. “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” IV ботийг шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан редакторлож, 27 зохиогчтой хамтын бүтээл болсон. Тус ботид Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги, Төрийн бодлогын үндэс, уул уурхайн шинжлэх ухаан, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүний нөөц, санхүү, уул уурхайн үйлдвэрийн өртөг, зардал, үр ашиг, татвар, төлбөр, уул уурхайн төлөвлөлт, бүтээгдэхүүний чанарын удирдлага, өрсөлдөх чадвар, логистик, маркетинг, ашигт малтмалын нөөц, чанар, кондиц, ордын санхүү-эдийн засгийн үнэлгээний зарчим, орлого, зарлагын үнэлгээ, мөнгөний урсгал ба уул уурхайн төслийн үнэлгээ, уул уурхайн менежментийн ерөнхий зүй тогтол, зарчим, технологийн менежмент, экологийн менежмент, уул уурхайн салбар даxь эрх зүйн зохицуулалтын талаар тусгасан. “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” V ботийг доктор (Ph.D), дэд профессор Б.Эрдэнэцэцэг хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Ж.Цэвэгмид хариуцан редакторлож, 16 зохиогч хамтран бичсэн. Энэхүү ботид ил, далд уурхайн цахилгаан хангамжийн систем, тоног төхөөрөмж, аппарат, цахилгаан машин, хөтлүүр, дизель станцын цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан техникийн материал, тоног төхөөрөмжийн оношлогоо, технологийн процессын автоматжуулалтын талаарх үндсэн ойлголт, нэр томъёо, схем, экскаватор, өрмийн машин болон технологийн комплексийн иж бүрдлийн техникийн үзүүлэлт, цахилгааны аюулгүй ажиллагаа хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар тусгасан. “Геодези, зураг зүй” VI ботийг доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунцэцэг хариуцан эрхэлж, магистр Э.Ганзориг хариуцан редакторлож, 19 зохиогч хамтран бичсэн. Энэхүү ботид геодези, зураг зүйн үндсэн ойлголтууд, нэр томъёо, геодезийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа солбицлын тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргууд, хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжүүд, геодезийн хэмжилтийг боловсруулах, үнэлэх, газрын зураг, атласыг зохиох үйл ажиллагааны талаар тусгасан. “Геологи, ашигт малтмалын эрэл хайгуул” VIIботийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор О.Гэрэл хариуцан эрхэлж, доктор (Ph.D) Б.Алтанзул хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн. Энэхүү ботид Геологийн шинжлэх ухааны ерөнхий ойлголтуудаас эхлээд эрдсийн геохими, чулуулгийн гарал үүсэл, тэдгээрийн ангилал болон ашигт малтмал гэж юу вэ? түүнийг хэрхэн ангилах талаар дэлгэрэнгүй бичсэн. Геологийн зураглалын үед ашиглагдах структурын хэмжилт, үг хэллэгээс гадна палеонтологи, түүхэн геологийн чухал асуудлуудыг ч тусгасан. Мөн металлогени, ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын үед ашиглах арга аргачлал болох агаар сансрын зургийн тайлал, эрлийн ажлын үед хийгдэх геологийн зураглал, геохими, геофизикийн аргачлалууд, хайгуулын цогц ажлыг хэрхэн явуулах нөөцийн тооцоог хэрхэн хийх талаар бичсэн.     Эдгээр цуврал бүтээлийн агуулга, бүтцээс үзвэл орчин үеийн уул уурхайн салбарын технологи, эдийн засаг, экологийн хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд онол практикийн чухал ач холбогдолтой болохын хувьд инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж байна. Дээрх цуврал бүтээлүүд хэвлэгдэж эхэлснээс хойш “Ил уурхайн технологи” боть 5 удаа, “Далд уурхайн технологи” боть 2 удаа, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” боть 3 удаа, бусад нь тус бүр 1 удаа хэвлэгдээд байна.     Энэхүү бүтээл нь цаащдаа уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.     Цуврал ботийг хамтран бүтээж олонд хүргэхэд хүч хөдөлмөрөө зориулсан зохиогчид, хариуцсан эрхлэгч, редактор нар болон хэвлэлийн зардлыг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн болон нийт хамт олонд талархал илэрхийлье. Цуврал бүтээлийн дээжийг Х.Бадамсүрэн захиралдаа өргөн барья. ШУТИС-ийн захирал Б.Очирбат захиралдаа өргөн барья. Ерөнхий эрхлэгч: Доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат Дэлгэрэнгүй...
  • “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть ном хэвлэгдлээ

         ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлэн өнөөдөр нээлтээ хийж байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл - шинжлэх ухаан - мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм. Энэхүү цуврал бүтээлийг туурвихад Ерөнхий эрхлэгчээр академич П.Очирбат, Ерөнхий редактороор доктор (Ph.D), профессор Л.Пүрэв нар ажиллаж, боть бүрийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн хариуцан эрхэлж, эрдэмтдийн баг хамтран бүтээсэн болно. Тухайлбал: I. “Ил уурхайн технологи” I ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, доктор (Ph.D), дэд профессор Б.Батболд хариуцан редакторлож, 24 зохиогч хамтран бичсэн.  II. “Далд уурхайн технологи” II ботийг доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан эрхэлж, Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Лайхансүрэн хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн.  III. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” III ботийг доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж хариуцан эрхэлж, ШУТИС-ийн Хүндэт профессор П.Оюунсүрэн хариуцан редакторлож, 13 зохиогчийн хамтын бүтээл юм.  IV. “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” IV ботийг шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв хариуцан редакторлож, 27 зохиогчтой хамтын бүтээл болсон.  V. “Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” V ботийг доктор (Ph.D), дэд профессор Б.Эрдэнэцэцэг хариуцан эрхэлж, доктор (Ph.D), профессор Ж.Цэвэгмид хариуцан редакторлож, 16 зохиогч хамтран бичсэн.  VI. “Геодези, зураг зүй” VI ботийг доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунцэцэг хариуцан эрхэлж, магистр Э.Ганзориг хариуцан редакторлож, 19 зохиогч хамтран бичсэн.  VII. “Геологи, ашигт малтмалын эрэл хайгуул” VII ботийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор О.Гэрэл хариуцан эрхэлж, доктор (Ph.D) Б.Алтанзул хариуцан редакторлож, 22 зохиогч хамтран бичсэн.      Эдгээр цуврал бүтээлийн агуулга, бүтцээс үзвэл орчин үеийн уул уурхайн салбарын технологи, эдийн засаг, экологийн хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд онол практикийн чухал ач холбогдолтой болохын хувьд инженер техникийн ажилтан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж байна.     Энэхүү бүтээл нь цаащдаа уул уурхайн олборлох-боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.    Цуврал ботийг хамтран бүтээж олонд хүргэхэд хүч хөдөлмөрөө зориулсан зохиогчид, хариуцсан эрхлэгч, редактор нар болон хэвлэлийн зардлыг санхүүжүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэн болон нийт хамт олонд Доктор (Sc.D), профессор, академич П.Очирбат  талархал илэрхийллээ.  Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан хоёр иргэнд орон сууц олголоо

        Эрдэнэт хот болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийн баярын хурал “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Баярын хуралд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар болон Эрдэнэт хот, Орхон аймгийн үе үеийн удирдлагууд, Эрдэнэт хотын хүндэт иргэд, Хөдөлмөрийн баатар, гавъяатууд оролцлоо. Баярын хурлыг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар үг хэлж, Засгийн газрын болон, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар зарим иргэдийг шагнаж урамшуулав. Мөн гадаад, дотоодын жуулчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах, Шинэ бүтээл оновчтой санал боловсруулсан, шинэлэг технологи хөгжүүлж, орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ажлын байр шинээр бий болгосон ААН, бизнес эрхлэгчдийг шагнаж урамшуулав. Түүнчлэн 1977 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийн нэг Ч.Чүлтэмсүрэн, Монголын Ардчилсан холбооны анхдагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Батлүндэн  нарт орон сууц олгохоор шийдвэрлэж “Батламж”-ийг гардуулав. Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай

     Уул уурхайн салбарт хүч түрэн орж ирсэн залуучуудыг нэгтгэх, тэднийг төлөвшүүлэх, шинэ үеийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхахад мэдлэг чадвар олгох, хувь хүний хөгжилд нь ахиц дэвшил гаргахад тулж ажилладаг гол цөм нь Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо юм. Нийт ажилчдын 57 хувь буюу 3000 гаруй залуусын эрх ашгийн төлөө үйлчилдэг тус холбоо 20 жилийн тэртээ шангаа татжээ. Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зурагтөслийн төвийн зохион бүтээгч инженер, Залуучуудын холбооны тэргүүн Т.Мөнхбатыг зочноор урьж, ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо бүтэц бүрэлдэхүүний хувьд ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ? Залуучуудын оролцооны талаар яриагаа эхэлье?

     -1999 онд Монголын Залуучуудын холбооны салбар зөвлөл нэрийн дор Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоог байгуулсан түүхтэй. Залуучуудын харилцаа, хандлага, сэтгэлгээ цаг үеэ даган ихэд өөрчлөгдсөн ч залуучуудын байгууллага үндсэн бодлогоо гээлгүй өнөөдрийг хүрсэн нь бидний хувьд том амжилт юм. Уурхайчин залуусын эрх ашгийн төлөө нэгдэн, сэтгэл зүтгэлтэй ажилладаг залуусын нэгдэл гэж хэлж болно. Бид ажлын талбар дээр үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг хүлээдэг бол холбооны хэмжээнд өөрийгөө болон бусдыг хөгжүүлэхэд анхаарч байна. Залуучуудын холбоо маань Удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгчид, нарийн бичгээс бүрдсэн 60-аад хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Цалин хөлс авдаггүй бидний ажил улс төрийн нам эвсэл, хэн нэг удирдлагаас хараат бус үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.

-Таны бодлоор залуучуудын байгууллагад ажиллах нь хувь хүний хөгжилд ямар нөлөө үзүүлдэг гэж харж байна вэ? 

     -Юуны өмнө цех, хэсгийнхээ залуучуудын өмнөөс хурал цуглаанд оролцож, тэдний санаа бодлыг илэрхийлж байгаа нь сайшаалтай. Нэг үйл ажиллагаанаас хоцорчихвол тухайн цех нэг мэдээллээс ор тас хаягддаг тал бий. Тиймээс тэргүүлэгчид маань их хариуцлагатай болдог. Нөгөө талаас үеийнхэн дундаа нийгэмшиж, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцаж байна. Бид тасралтгүй хөгжиж, боловсрох ёстой. Хөгжлийг нийгэм талаасаа ярихаас гадна ажил мэргэжил талаасаа ч ярих нь зөв байх. Өнөө үед инженерийн сэтгэлгээ асар өндөрт тавигддаг болсон шүү дээ. Дэлхий нийтийн техникийн хөгжилтэй зэрэгцэж явахын тулд хүн бүр ажил мэргэжилдээ чадавхжих, хөрвөх чадвартай болох, өөртөө зорилго тодорхойлж, түүндээ тэмүүлэх зүй ёсны шаардлага бий болж байна.

     Сонгуульт ажил авсныхаа дараа миний баримталсан нэг зүйл бол Эрдэнэт үйлдвэр залуучуудын бодлоготой байх ёстой гэж үзсэн. Бодлогын хүрээнд Залуучуудын байгууллага нь ажлаа уялдуулах ёстой. Ингэснээр залуучуудын холбооны цаашдын тогтвортой хөгжлийн чиг гарч ирэх юм. Өмнөх 20 жилд түүчээлж явсан залуус маань үйлдвэрийнхээ хэлтэс, цехийн удирдлагаар ажиллах хэмжээнд боловсорчээ. Ингээд бодохоор залуучуудын байгууллагын үүрэг оролцоо ямар дүн авах нь тодорхой байх.

-Залуучуудын холбооны тогтвортой хөгжлийг хангахад ямар ажлууд хийж байгаа талаараа мэдээлэл өгөхгүй юу?

     -Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдын 57 хувийг 18-40 насны залуучууд эзэлж байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд 1000 гаруй шинэ залуу ажилтантай боллоо. Иймээс залуучууд руу хандсан бодлого түлхүү явуулах зайлшгүй шаардлага бий болсон нь харагдаж байгаа юм. Бид 2018-2023 онд баримтлах “Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, удирдлагууд дэмжсэнд залуучуудынхаа өмнөөс талархалтай хандаж байгаа. Орон сууцны хөнгөлөлтийн асуудал, чадвартай залуусаа гадаадын их, дээд сургуульд суралцах, чадвараа хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх, залуу гэр бүлийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг нь хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан.

     Шинэ залуу ажилчдад зориулсан төлөвлөгөөт ажлуудаа цех, хэсэг, нэгж гэхээс илүүтэй нэг үйлдвэрийн залуучууд гэдэг талаас нь хоорондоо нэгдэн нягтруулах бодлогыг барьж байна. Залуучуудын хандлагыг өөрчилье гэж ярихаар л хэрэгжчихдэг зүйл биш. Тулгамдаж буй асуудал нь гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг юм шиг. Бид юун түрүүнд гэр бүлийн хүчирхийлэл, цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсрол, өдөр өнжүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд аймгийн удирдлагууд болон Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж, далайцтай ажлууд хийхээр төлөвлөсөн.  

-Ойн хугацаанд ямар ажлууд амжуулав?

      -Залуучуудын холбооны 20 жилийн ойн хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцэж, бүтээлч 20 ажил хийхээр төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. Онцлог ажлаас дурдвал, Залуучуудыг цаашид өсөн дэвших гарц боломжийг нээх зорилгоор УБТЗ, Дулааны цахилгаан станц, ИНЕГ-тай хамтран “Өөрийгөө шинэчлэх хүч” сэдэвт JCI-ын лектор багшаар удирдуулсан лекц сургалт зохион байгууллаа. Сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэхэд хамтран ажиллах зорилгоор АНУ-ын Жоржиео мужийн Мерсон хотын “Мерсер” их сургуулийн судлаач эрдэмтдийн баг, Toastmasters club-тай хамтарсан уулзалт хийсэн.

     Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. Удахгүй салбарын 100 гаруй мэргэжилтнийг хамруулсан “Уул уурхайн хэлэлцүүлэг форум”-аа зохион байгуулна. Анх удаа хийж байгаа энэ форумаас их зүйл хүлээж байгаа. Ирэх сарын 6-нд 20 жилийн ойн шагнал гардуулах ёслол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Үйлдвэрийн залуучуудын сүлд дууг бүтээхээр ажилдаа ороод байгаа.

-Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

     -Холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарсан. Гадаад харилцаа, хэлний мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр АНУ, БНСУ-тай хамтран ажиллана. Үе шаттай хэрэгжих эдгээр ажлынхаа эхлэлийг тавьсанд олзуурхаж байна. Залуучуудад тэлье, хөгжье, мэргэжил чиглэлээ өөрчилье гэсэн бодол их бий. Түүнчлэн хувь хүний карьерын бодлогыг түлхүү хэрэгжүүлэх бодолтой байна. Тухайлбал, би хэдэн жилийн дараа мастер болох вэ, мэргэжилдээ ахихад надад ямар чадамж хэрэгтэй вэ зэргээр өөрийн зорилгыг оновчтой тодорхойлоход системтэй арга зааж өгөх юм.

      Дотоодын хамтын ажиллагаа, туршлага солилцох чиглэлээр УБТЗ-ын залуучуудын байгууллага, “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбоо, ИНЕГ-ын Залуучуудын холбоотой хамтран ажиллаж байна. Залуучууд танилцах, туршлага солилцох уулзалтад оролцохдоо ихэвчлэн эрэл хайгуул хийж, ололттой саналуудыг ажил мэргэжлийн онцлогтоо уялдуулан ажиллаж байна.

 -Үндсэн ажлынхаа хажуугаар энэ бүх ажлыг яаж амжуулаад байна вэ?

      -Би Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2005 онд төгсөж, уул уурхайн салбарт 15 дахь жилдээ инженерээр ажиллаж байна. Ажлын талбарт  энэ мэргэжлийн үр өгөөж илүүтэй гардгийг биеэрээ мэдэрч байна. Ангийнхан маань бүгд л үйлдвэртээ ажиллаж, зарим нь удирдах алба хашиж байгааг хараад тэднээрээ бахархдаг. Компьютер графикийн аргаар зураг төслийн ажил гүйцэтгэх нь миний ажил. Тодруулбал, Засвар механикийн заводод хийгдэж байгаа импортын бараа бүтээгдэхүүн орлох тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэл, эвдрэл гэмтлийг сайжруулах, металл эд анги болон тоног төхөөрөмж байршуулах ажлын зураг төслийг хариуцан хийдэг гэсэн үг. Ямартаа ч хувь хүнээс эрэл хайгуулч, шинийг санаачлах чадвар илүүтэй шаарддаг юм. Тиймээс ч цаг үеэ даган хөгжихийг, ингэхдээ залуучуудтайгаа мөр зэрэгцэн урагшлахыг зорьж байна.

     Олон нийтийн ажилд оролцох нь хувь хүнээс багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг гэж хэлж болно. Манай цехийн дарга удирдлагууд ойлгоно, заримдаа дэмжихгүй байх тохиолдол ч гарна. Гэхдээ үйлдвэрийнхээ залуучуудын төлөө явж байгаа болохоор үндсэн болон олон нийтийн ажлаа хослуулаад, зохицуулаад л явж байна даа. Залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч, гишүүд маань саад бэрхшээлийг даван гарч, залуусын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгааг хараад тэднээрээ бахархдаг шүү.

Ярилцсан И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгээс “Яараад яахав дээ” төслийн хүрээнд үйлдвэрийн бүс рүү орох уулзвар  болон аймгийн улсын чанартай авто замд үзлэг шалгалт зохион байгуулав. Шалгалтаар 1000 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, таван төрлийн 700 гаруй урьдчилан сэргийлэх сурталчилгааны мэдээлэл, гарын авлага жолооч нарт тараасан байна. Энэ удаагийн шалгалтын явцад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гурван зөрчлийг илрүүлж, холбогдох хариуцлага тооцохоор шалгалт хийж байгааг Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга,  Цагдаагийн хошууч З.Батхүрэл мэдээлэв.

“Яараад яахав дээ” аяны хүрээнд Замын цагдаагийн хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүдэд урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж байна. Мөн ирэх сараас цех нэгжүүд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлыг дүгнэх мэдээллийн дэвтэр аялуулахаар төлөвлөж байгаа аж. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Тээврийн цагдаагийн газрын алба хамтран “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 15 –аас аравдугаар сарын 1 хүртэл хугацаанд улс даяар өрнүүлж байгаа юм. Үүний  хүрээнд “Яараад яахав дээ” аяныг  зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах, хүний амь нас  эрсдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

М.Балжинням


 

Амьд хөгжмийн гайхамшиг, аялгуулаг эх оронч дуугаар Монгол түмний хайр, хүндлэлийг хүлээсэн “Хурд”-ынхан энэ сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Эрдэнэт хотноо зочлох юм. Хамтлагийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжиж буй “Хайртай” төслийн хүрээнд хэд хэдэн уулзалт зохион байгуулж, нэвтрүүлгийн зураг авалт хийхийн зэрэгцээ үдшийн цэнгүүнд уран бүтээлийн дээжсээ толилуулан, оюунлаг хотынхонд бэлэг барихаар зэхжээ.

Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх, урлагаар дамжуулан хүмүүжил, төлөвшил олгоход чиглэсэн энэхүү төсөлд “Урмаар тэтгэе”, “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Миний сайхан эх орон”, “Өв тээгч” нэвтрүүлэг, “Та Монгол ээж”, “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалт, “Эр хүний ноён нуруу”, “Хөвгүүдийн уулзалт” олон нийтийн уулзалт, ярилцлага, “Эх орны хийморь” цэнгүүн зохион байгуулагдана. Төслийн багийнхан энэ үеэр Эрдэнэт үйлдвэртэй танилцаж, уурхайчидтай уулзалт хийхээр товлоод байна.

И.Чинтогтох

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны долоодугаар сарын 19-ний өдрийн А/666 тоот тушаалын дагуу үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд намар, өвлийн улиралд бэлтгэх ажлууд хийгдэж  байна. Тушаалын дагуу бүтцийн нэгжүүдэд хийгдэх ажлын төлөвлөгөө гарч нийт 320 ажил гүйцэтгэхээр  батлагджээ.

          2019-2020 оны намар, өвлийн бэлтгэл ажлыг үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл ажил, эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийг бэлтгэх,  аж ахуй, барилга байгууламж, түүхий эд, хангамж гэсэн  үндсэн дөрвөн чиглэлээр хийж гүйцэтгэж байна. 

Наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт төлөвлөсөн ажлын 229 ажил нь хийгдэж дуусах шатандаа ороод байна. Намар, өвлийн бэлтгэл ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөвлөсөн ажлууд үргэлжлэх юм.

А.Бямбамаа

ХАБЭА-н хэлтсээс ойрын өдрүүдэд төлөвлөгөөт болон ээлжит бус шалгалтаа  үйлдвэрийн цех нэгжүүдэд үргэлжлүүлж байна. Тухайлбал, төлөвлөгөөт шалгалтын хүрээнд Ил уурхайд ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэг хийжээ. Үзлэгийн дүнгээр хэд хэдэн зөрчил дутагдал илэрснийг арилгах хугацаат үүрэг өгсний дагуу тус цехийнхэн 14 хоногийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Ил уурхайн ХАБЭА-н ажилтнууд багтаж, ажиллаж байгаа юм.

Ээлжит бус шалгалтад Геологи хайгуулын анги, Авто тээврийн цех, Ус хангамжийн цех, Ган бөөрөнцгийн цех болон “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор хамрагджээ. Шалгалтын явцад Ил уурхай болон “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил илэрсэн байна. ХАБЭА-н хэлтсээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгах 14 хоногийн хугацаат үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буйг Албаны дарга Х.Эрдэнэбат мэдээлэв. Үүрэг даалгаврын хүрээнд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хоёр хэсэгт 14 хоногийн онцгой горим тогтоон, дээрх хугацаанд ажил сайжруулах чиглэлээр зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллаж байгаа аж.

М.Балжинням

Ил уурхайнхан энэ жилийн намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 13 ажил хийхээр төлөвлөснөөс найм нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдэж буй төлөвлөгөөт ажлын ихэнх нь барилга байгууламжид хийгдэх урсгал засвар аж. Эдгээр ажлыг гүйцэтгэж байгаа Барилга засварын цехийн статус өөрчлөгдөн, үйлдвэрийн бүтцийн нэгж болсонтой холбоотойгоор бага зэрэг удааширсан ч ирэх 9 дүгээр сард бүрэн бэлтгэж, дуусах боломжтойг албаны эх сурвалж онцоллоо.   

Ил уурхайн намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгагддаг гол ажлын нэг нь уулын хэсгийн хөлдүүс их үүсдэг газарт хийх тэсэлгээ байдаг. Уурхай тэлж буйтай холбоотойгоор уулын хэсэгт өрөмдөх, тэслэх, полк зүсэх зэрэг ажлууд ч төлөвлөгөөний дагуу өрнөж байна.  Мөн ус шуудуу цэвэрлэх, уурхайн гүний усыг цуглуулж соруулах, суваг татах, техник тоног төхөөрөмжийн урсгал засвар, үйлчилгээ зэрэг ажлууд намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд багтжээ. Өнөөдрийн байдлаар, Тэсрэх бодисын агуулахын дээвэр, дулааны шугам солих, гараашны хаалга засварлах зэрэг ажлыг тус цехийнхэн өөрсдийн хүчээр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Энэ жил Ил уурхайн 8, 12 дугаар овоолгын дор байрлах  бассейнд хуримтлагдсан шүүрлийн ус буюу “ногоон ус”-ыг  Эрдмин компанитай хамтран ажилчдынхаа хүчээр соруулсан байна. Ингэснээр ирэх өвөл ногоон уснаас үүдэлтэй болзошгүй осол аваар үүсэх нөхцөлийг арилган, үйлдвэрлэлд ямар нэг хүндрэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

М.Балжинням

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд  Ил уурхайн хэмжээнд шинээр болон шинэчилж солих техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн хэлтсээс гаргасан хөдөлмөр, зохион байгуулалтыг үнэлэх аргачлалаар тус цех үйлдвэрлэлийн үйл явц дахь гүйцэтгэлээр 92 хувьтай, ажлын гүйцэтгэлээр 53 хувьтай гэж үнэлэгджээ. Энэ нь  бусад цехүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

 Өнгөрсөн хавар Ил уурхайн хамт олон ЭКГ-12 маркийн шинэ экскаватор өөрсдийн хүчээр богино хугацаанд  угсран ашиглалтад оруулсан нь үр өгөөжөө өгч байна. Тэгвэл дараагийн ээлжийн  шинэ экскаваторыг энэ намар хүлээн авна. Одоогийн байдлаар эхний хэсгийн эд ангиуд ирсэн бөгөөд угсралтын ажлыг ирэх 9 дүгээр сарын дунд үеэс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн ажээ.  “Бусад захиалгат  тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна.  Үүнээс харахад, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ онд 90-ээс дээш хувиар биелэх нөхцөл бүрдсэн.  Уулын ажлын хувьд тодруулбал, уурхайн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Баяжуулах үйлдвэрт чанар, стандартын шаардлагад нийцсэн хүдрээр хангах гол зорилтоо амжилттай хэрэгжүүлж буйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн энэ оны төлөвлөгөөт үзүүлэлтээ хангалттай сайн биелүүлэх боломж бий болсон” гэж Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандах ярилаа.

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон 2019 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Мөн 7, 8 сарын төлөвлөгөөний гүйцэтгэл сайн дүнтэй байгаа нь оны эхний гурван улирлын төлөвлөгөөг давуулан  биелүүлэх боломжтой болжээ.

М.Балжинням

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад олгодог нийгмийн 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламжийн нэг нь орон сууц худалдан авсан ажилтанд олгодог мөнгөн дэмжлэг байдаг. Энэ тухай мэдээлэл хүргэхээр Нийгмийн харилцааны хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэлээс тодрууллаа.

-Орон сууцны үнийн хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Эрдэнэт үйлдвэр ажилтан ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2011 оноос хойш орон сууц худалдан авсан ажилчдадаа тодорхой үнийн дүн бүхий санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ хөрөнгө оруулалт 2011 онд 8 сая төгрөг байсан бол 2019 оноос 12 сая төгрөг болж, буцалтгүй тусламж хэлбэрээр хөнгөлөлт олгож байна. Эрдэнэт хотод шинэ орон сууц баригдахгүй, байгаа нь үнийн хувьд хэт хөөрөгдөлтэй. Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа байрны урьдчилгаанд дэмжлэг үзүүлэх үүднээс дээрх хөнгөлөлтийг анх олгож эхэлсэн.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд орон сууцны хөнгөлөлт журмаар 2500 гаруй ажилтанд 20 гаруй тэрбум төгрөг олгосон. 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс нэг хүнд олгох 8 сая төгрөгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ нь нэг талаар зах зээл дээр худалдаалагдаж байгаа байрны үнэ ханшаас хамааралтай юм. Үйлдвэрийн газраас жилийн туршид олгох 3.6 тэрбум төгрөгөөр төсөвлөдөг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 250 гаруй ажилтанд 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Тэгэхээр үлдсэн хагаст үлдэгдэл мөнгийг хуваарилах ажил явагдана.

-Энэ хөнгөлөлтийг ажилчид ямар журмаар авдаг вэ?

-Журамд тусгасны дагуу тухайн ажилтан хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой. Үүнд Эрдэнэт үйлдвэрт 3 жил ажилласан байх, зээлийн гэрээ, байрны гэрчилгээ нь тухайн ажилтны нэр дээр гарсан байх шаардлагатай. Энэ болзлыг хангасан ажилчдыг ажилласан жил, орон сууц авсан байдал, ажлын үр дүнгээс харгалзан тухайн цехийн нийгмийн асуудлын комисс дүгнэж, дугаар тогтоох ёстой. Уг санал Нийгмийн харилцааны хэлтэст ирэхэд бид нягталж шалгана, улмаар нягтланд хянуулж, Санхүүгийн хэлтэс рүү явуулах, санхүүчид тухайн ажилтныг банктай холбож өгөх журмаар явж байна. Энэ хэлбэрээр явж ирсэн, одоо ч хэвээр. Зарим цех 20 хүний квоттой, зарим нь огт квотгүй байх тохиолдол бий. Ийм үед тухай бүрт нь санал авч, ярилцдаг. Цехүүдийн саналыг хүний нөөцийн мэргэжилтнүүдээр дамжуулан авах ажлыг ойрын үед хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

-Шинэ хорооллын барилгын явцад хяналт тавьж байгаа юу? Ямар хүлээлттэй байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” хорооллыг барихаар төлөвлөн ажиллаж байна. Эхний барилга болох “Уурхайчин 1” төслийн дагуу 600 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар энэ оны тавдугаар сарын нэгнээс барилгын ажил эхэлсэн. Бүх цех, хэсгээс шаардлага хэрэгцээ юу байгаа талаар санал авахад 1600 гаруй айлд шинэ орон сууцны хэрэгцээ байгаа нь харагдсан. Энэхүү судалгаанд түшиглэн орон сууцжуулах төслийг эхлүүлсэн гэж хэлж болно. “Хемон констракшн” дэд бүтцийг нь хийх ёстой. “Неман констракшн”-ы хувьд гэрээний асуудлаас болж барилгын явц удааширсан. Гэхдээ Их барилгын хэлтэст хийгдсэн гэрээнд зааснаар бол “Неман констракшн” 2, “Хемон констракшн” 4 блок барихаар тусгагдсан. Бидний хувьд ажилчдаа тухайн баригдсан орон сууцанд хамруулах үүрэг хүлээж байна.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Хамаг ардын халуун нулимсан дундуур туучин, халуун амиараа эх орноо хамгаалсан Халхын голын байлдааны яруу алдарт ялалтын 80 жилийн ой эдгээр өдрүүдэд улс даяар тохиож байна. Эр зориг, баатарлаг үйлсийн илэрхийлэл болсон энэ дайнд хамтран оролцсон Монгол, Оросын тал ихээхэн хохирол амссан ч аминаас үнэтэй газар шороогоо харийн түрэмгийллээс өмгөөлөн хамгаалж, хойч үедээ үлдээсэн түүхэн гавьяаг нь дурсан санаж, энэхүү ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ. 

Түүхт ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд ОХУ-аас Дархан хотод суугаа дэд консул Кузнецов Дмитрий Николаевич, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва,  Засаг даргын орлогч C.Батжаргал, А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу тэргүүтэй төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн энэ өдрийн үйл ажиллагааны үеэр Ялалтын хөшөө, Орос, Монгол дөрвөн жанжны болон Маршал Ю.Цэдэнбалын хөшөө, Найрамдлын өндөрлөг дээр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ирэх 10, 11 дүгээр сард тохиох Монгол, Оросын найрамдлын өдрүүдээр орон нутгийн иргэдэд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээ дахин дэлгэхээ зохион байгуулагчид хэлж байна. Ёслолын ажиллагаанд уригдан ирсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад дайчин Гончигсүрэнгийн Дугаржав гуай “Би 92 настай. Халхын голын дайнд оролцож явлаа. Дайнаас хойш улс нийгмийнхээ ажилд зүтгэж, өдий төдий жил болжээ. Сайхан нас насалж, үр ач олонтой боллоо. Өнөөдөр жаргалын өдөр болж байна. Бидний ингээд алхаж яваа маань жаргал юм шүү, хүүхдүүд ээ. Сэтгэлийн жаргалыг бүгдээрээ эдэлж явцгаая. Үр хүүхдүүд нь мянга түмээрээ өсөж, эх нутагтаа энх саруул байхыг хүсье. Баяр хүргэе, баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан Хөдөлмөрийн баатрууд, тэргүүний ажилтан, ажиллагсдын төлөөлөл Халхын голын ялалтын баярт оролцохоор маргааш замд гарахаар товложээ. Мөн ойн арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ихээхэн ач холбогдол өгч, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй ахмадын Халх голын аяллыг ивээн тэтгээд байгаа юм.

Халхын голын дайн нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ны хооронд буюу дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн байдаг. Дайны үеэр байлдааны бүх төрлийг хамарсан 101 томоохон тулаан болж, БНМАУ, ЗХУ-ын 57 мянга, Япон улсын 75 мянган цэрэг оролцжээ. Мөн Халхын голын дайнд манай талаас 515, Японы талаас 700 нисэх онгоц оролцсоныг дэлхийн түүхэнд хамгийн том агаарын тулаан гэж тэмдэглэжээ. Эл дайнд Дорнод аймгийн Халх гол сум хамгийн  хүнд ачааг үүрсэн тул Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхтэй.    


          

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд молибден баяжуулалтын шинэ шугам барих ажил өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, одоо шинэ шугамын металл, барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм.  Уг угсралтын ажлыг ирэх сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр флот машины угсралт, тохируулгын ажил эхлэх боломжтой болох аж. Молибден баяжуулалтын шинэ шугам барих ажлыг “Эрдэнэт лайт” ХХК гүйцэтгэж байна.

Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр молибдены металл авалтын хэмжээ нэмэгдэж, ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжирч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон талын ач холбогдол, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй юм.

 “Зэс-молибдены баяжмалыг салгах молибдены дамжлагын шинэчлэл” төсөл буюу молибден баяжуулалтын шинэ шугам барих ажлын явцад АНУ-аас оруулж  ирсэн “Мill Maх” насос,  “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Шинэ шугам барих ажлыг энэ оны 11 дүгээр сарын 5-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж, дуусна гэж  Нунтаглан баяжуулах хэсгийн Ахлах технологич Ч.Энхбаатар онцоллоо.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог