• “Артек” зуслан Олон улсын туршлагаа хуваалцана

       Олон улсын хүүхдийн төв “Артек” зуслангийн төлөөллүүд Орхон аймагт айлчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо. “Найрамдлын Эрдэнэс” зусланг үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 40 жилийн тэртээ барьж байгуулсан бол өдгөө хүчин чадлаараа Монгол улсын хэмжээнд хоёрт эрэмбэлэгдэх томоохон цогцолбор болоод байгаа юм.    “Артек” зуслангийн Тэргүүн дэд захирал Виктория Витальевна Королёва, ерөнхий эмч Олег Георгиевич Паррёнов нарыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр хүлээн авч уулзан, санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.         “Монголын багачууд” Төрийн бус байгууллага хоёр жилийн өмнөөс олон улсын туршлагаас хуваалцаж, хүүхдийн зусланг хөгжүүлэхэд сургалт, арга зүйн зөвлөгөө авах зорилгоор “Артек” зуслантай хамтран ажиллаж эхэлжээ. Уулзалтын үеэр “Бид Артек явна” уралдаанд шалгарсан Орхон аймгийн Орос 19 дүгээр сургуулийн авьяаслаг таван сурагчийн хэлний мэдлэг өндөр түвшинд байсныг зочид онцлоод, Монголын хүүхэд багачуудыг хүлээн авахдаа хэзээд таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Өнгөрсөн онд Монголоос 64 хүүхэд “Артек” зуслангийн хөтөлбөрт хамрагдаж, 21 хоног амарчээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Булган аймгийн удирдлагууд 2019 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

       Шинийн 15-ны бэлгэт сайн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нар 2019 онд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Анхдагчдын өлгий Булган нутгийн нэгээхэн хэсэг болох “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газрын үүцийг задалж, газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан 40 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн.    2018 онд Булган аймгийн 80 жил, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиосонтой холбогдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэндээ анх удаа нэг тэрбум төгрөгөөр Булганчуудын хөгжил дэвшил, хэтийн сайн сайханд хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ онд хамтын ажиллагааны хүрээнд тусгагдсан 500 сая төгрөгийг Булган аймгийн удирдлагууд боловсролын салбарт болон “Аваргуудын цогцолбор”-ын бүтээн байгуулалт, сумдын нийгмийн хариуцлагын хүрээний тодорхой зорилтуудыг шийдвэрлэх, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулахаар төлөвлөж байгаагаа уламжиллаа.     Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Би анхдагчдын өлгий нутаг Булганчуудаар бахархаж явдаг. Сайхан ард түмэн, азтай хийморьтой хүмүүс. Төрийн их баяр наадмын түрүүлсэн бөх, морьдын буян хишиг, сурчдын уухай шингэсэн эдгээр сайхан өдрүүдэд Булган аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Бэлгэшээж байна. Эрдэнэт үйлдвэр, Булган аймгийн олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжих болтугай. Бидний хийж буй гэрээ, санамж бичиг Булганчуудын сайн сайхны төлөө зориулагдах ёстой. Энэ чиглэлээр хийх ажлаа төлөвлөж, хэрэгжүүлээд явж байна. Булганчууддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээсэн.    Мөн Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн онд Булган аймагт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр бид аймгийнхаа 80 жилийн ойг зорин ирсэн 80 мянган хүний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь аймгийн төв төдийгүй Эрдэнэт хотыг тойрсон Булган аймгийн сумдын ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр болох болно. Өнгөрсөн жилийн хэмжээнээсээ ахисан татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсье” гэв. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • “Сайн” мэдээ

       Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны долоодугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ. Тайлант хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 108.3 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 109.9 хувиар тус тус биелүүлжээ. Хүдэр олборлолтыг 107.1 хувь, хүдэр боловсруулалт 96.6 хувь, хүдэр дэх металлын агуулга зэсээр 104.9 хувь, молибден 84.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.1 хувь, ачигдсан молибдений баяжмалын чанар 103.1 хувьтай байна. Баялгийг бүтээгч уурхайчид баяжуулагчдадаа ажлын өндөр амжилт хүсье. А.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

       Эрдэнэсийн их уурхай Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг улсын баяр наадмын босгон дээр өндөрт өргөсөн хоёр гавьяатдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртсэн хүндтэй эрхэм бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Я.Пүрвээ юм. Ажил, амьдралынхаа 20 жилийг Эрдэнэт үйлдвэртэй холбосон тэрээр 35 жилийн хөдөлмөрөө уул уурхайн салбарт зориулж, эдүгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.    Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхийн 36 жилийг хамтдаа бүтээлцэж, уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат уурхайчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр Инженерийн зураг төслийн төвийн хэлтсийн орлогч дарга, даргын ажил эрхэлсэн. Ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдэд шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, өөрчлөлт шинэчлэлтийн болон шинээр баригдах, өргөтгөх, үйлдвэрлэл, нийгэм соёлын олон талт чухал барилга байгууламжийн иж бүрэн төслүүдийг чанартай хийж гүйцэтгэсэн юм.    “Эрдэнэт үйлдвэрийн түүхийг бүтээлцэж, уул уурхайн салбарын инженерүүдийн нэр төрийг өндөрт өргөж яваа хоёр гавъяатаараа уурхайчин хамт олон нь бахархаж байна. Булган сүүлтэй байх болтугай” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр хэллээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
Бидний тухай

   Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордны дугуйлангийн сурагчид өнгөрч буй хичээлийн жилд юу сурч мэдсэнээ аав ээж, багш нартаа толилуулж, “Энэрэл” төвийн үе тэнгийн найз нартаа Хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
   “Сурснаа толилуулъя” тоглолтод тус ордны дугуйланд хичээллэдэг 130 гаруй хүүхэд оролцож, бүтэн жилийн хугацаанд сурсан мэдлэг чадвараа тайлагнав. Энэ үеэр сургалт хүмүүжлийн ажилдаа амжилт гаргасан багш нар, сурагчдыг шилдгээр өргөмжилж, дурсгалын цом гардуулсан. Мөн хичээлийн жилийн турш дугуйлангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, амжилттай суралцсан “Энэрэл” төвийн авьяаслаг хүүхдүүдийг бэлэг дурсгалын зүйлээр шагнав.
   Уурхайчин соёлын ордноос хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх зорилгоор төгөлдөр хуур, бүжиг, морин хуур зэрэг 9 төрлийн дугуйлан хичээллүүлдэг. 2018-2019 оны  хичээлийн жилд тус дугуйланд 300 орчим хүүхэд суралцаж, өөрсдийн сонирхдог чиглэлээр авьяас чадвараа хөгжүүлжээ. Дугуйлангийн хүүхдүүдийн нэгдсэн тоглолтыг тэдний багш нар, аав ээж, гэр бүлийнхэн үзэж сонирхсон бөгөөд хүүхдүүдийнхээ сурсан мэдсэнд сэтгэл хангалуун буйгаа энэ үеэр илэрхийллээ.

М.Балжинням
Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна. Соёл, урлагийн цогцолбор уурхайчдын гэр бүлд зориулан илтгэгч Г.Мөнгөний “Гэр бүлийн үнэ цэнэ” лекцийг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулав. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн залуу гэр бүлүүд уригдаж, аз жаргалтай, сэтгэл тайван гэр бүл байхын үндэс, эхнэр нөхрийн харилцааны мөн чанар зэрэг олон сэдвээр лекц сонслоо.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан Монгол улсын Төрийн соёрхолт, шилдэг инженер Н.Нацагнямын мэргэжил сонголтын тухай уулзалтыг энэ сарын 26-нд мөн зохион байгуулсан. Энэ жилийн, Эрдэнэтийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан үйл ажиллагаанууд гэр бүл, боловсролд чиглэж байгаагаараа онцлог болж байна.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Энэрэл” төвийг дэргэдээ харьяалан ажиллуулдаг. Уурхайчид жил бүр хүүхдийн баярын өдрийг тэмдэглэлэг уламжлалтай. Энэхүү баярын ажиллагаа энэ сарын 30-ны өдөр Соёл, урлагийн цогцолборт болж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хүүхдүүдэд бэлэг гардууллаа. Энэ үеэр Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, энэ жилдээ багтаан уурхайчин ах, эгч нар нь “Энэрэл” төвд Спорт зал барьж өгөх тухай дуулгасан нь хамгийн том бэлэг болов. Мөн тус төвийн хүүхдүүд энэ сарын 23-26-ны өдөр Улан-Үдэ хот руу “Мөрөөдлийн аялал” хийгээд ирсэн юм.
   “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төв нь 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2-18 насны 53 хүүхэд өсч, хүмүүжиж байна.  

У.Цэрэнбат
Б.Баттөгс

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын Их танхим ээжүүддээ баяр хүргэх бяцхан үрс, халамжит хань, ачлалт аав ээжүүдийн хөлд дарагдав.
   Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Орхон аймгийн 251 ээж Алдарт эхийн I, II одон гардан авлаа. Тэдний 15 нь I одонгоор энгэрээ мялааж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зарим цех, хэлтэс ч алдарт ээжүүддээ баяр хүргэлээ. Эрчүүдтэй мөр зэрэгцэн улс, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, уурхайчдын амаргүй хөдөлмөр эрхэлдэг “Алдарт эхийн одон”-той эхчүүдийн тоо нэмэгдэж 70 орчим болж байна.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

  

  

  

  

  

    - Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн элсний хуримтлалаас босдог цагаан тоос хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?  Эрүүл мэндийн үзлэгийг ямар давтамжтай зохион байгуулж байна вэ?
    - “Цагаан тос” дэд хөтөлбөр Орхон аймагт 2006 оноос хойш хэрэгжиж, энэ хугацаанд 12 удаагийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж ирлээ. Энэ нь 2006-2015 онд хэрэгжүүлэх Байгаль орчны сайдын тушаал, Орхон аймгийн Засаг даргын захирамж шийдвэрийн дагуу тухайн тоосжилтын болон нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн  хяналт буюу урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах хүрээнд хийгдсэн ажил. Уг ажилд Эрдэнэт үйлдвэр үзлэг шинжилгээнд зарцуулагдах төсөв хөрөнгө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр  хангаж, аймаг орон нутгийн зүгээс мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлэн хамтран ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, цагаан тоос нь  хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой уг үзлэгийн ажилд Орхон аймаг болон Баян-Өндөр сумын ЗДТГ, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Эмнэлэг сувиллын цогцолбор, Эрдэнэт үйлдвэр зэрэг бүхий л холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцдог гэсэн үг юм. 2006 оноос хойш энэ үзлэгт  288 иргэн хамрагдсан нь нийт хамрагдах ёстой хүний 78.9 хувь нь болж байгаа. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн энэ бүсэд амьдарсан жилийг дунджаар авч үзвэл 28.6 жил оршин суусан иргэд. Тиймээс цагаан тоосноос үзүүлж буй өөрчлөлт, өвчлөлийн шинж тэмдэг бүрэн илрэх боломжтой бүлэг гэж үздэг. Мөн үүнтэй дүйцүүлээд бид хяналтын буюу өртөлтийн бүлэг, тоосжилтын бус бүсээс иргэдийн төлөөллийг хамруулж үзлэгт оруулж байна. Нийт 196 хүнийг ийм бүлгээс оруулахаар төлөвлөж, 149 буюу 69 хувийг нь хамруулсан. Бидний хийж буй үзлэг бол тухайн иргэдийн эрүүл мэндийн байдалд нь хийдэг нарийвчилсан шинжилгээ юм. Тухайлбал, ерөнхий шинжилгээг 18, шээсний шинжилгээг 11, биохимийн шинжилгээг 9 гэх зэргээр нийт 40 гаруй үзүүлэлтээр эрүүл мэндийн үзлэгийг явуулдаг юм. Өнөөдрийг хүртэл бидний хийж ирсэн эрүүл мэндийн үзлэгийн явцад цагаан тоосны сөрөг нөлөөллөөр өвчилсөн хүн гараагүй. Өөрөөр хэлбэл, цагаан тоосноос  шалтгаалсан өвчлөл илрээгүй гэж хэлж болно.

   - Цагаан тоосны нөлөөлөл тогтоох үзлэгийг Эрдэнэт үйлдвэр хийж байгаа нь хариуг өөрийн талд гаргах магадлалтай гэх хардлага, сэрдлэг байдаг?
    - Ярианы эхэнд би хэлсэн. Цагаан тоосны хор уршигаар хүний эрүүл мэндэд үзүүлж буй муу нөлөөг тогтоох үзлэгийг Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулдаг. Цагаан тоосны сөрөг нөлөөллийг эмнэлгийн тусгай үнэлгээний аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нарийн мэргэжлийн баг тодорхойлно. Мөн дүрс оношилгоо, зүрхний бичлэг зэрэг нарийн үзлэгүүдийг БОЭТ болон Медипас эмнэлгийн мэргэжлийн эмч нар, хувийн хэвшлийн эмнэлэг, Эрдэнэт сувилал цогцолборын нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн хамтран хийж байна. Тэгэхээр цагаан тоосны сөрөг нөлөөг шинжлэх эрүүл мэндийн үзлэгийг Эрдэнэт үйлдвэрийн сувилалын эмч нар дангаараа бус мэргэжлийн олон төлөөллөөс бүрдсэн баг хийдэг гэдгийг дахин онцолж хэлье.

    - Үзлэгт хамрагдаж буй иргэдээс ямар өвчний шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг вэ?
    - Үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, ихэнх хувь нь архаг хууч өвчтэй, уушигны бронхиттэй гэсэн онош гарсан. Харин өнөөдрийн  яриад байгаа цагаан тоосны урхагаар уушиг тоосжих өвчин илрээгүй. Ер нь энэ хугацаанд үзлэгт хамрагдсан иргэдийн 69.7 хувь нь уушигны үйл ажиллагаа алдаагүй, хэвийн үзүүлэлттэй байдаг. Тоос тоосонцор, тэр тусмаа нарийн ширхэгтэй тоосны сөрөг нөлөө голдуу уушиг тоосжих өвчинд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, тоос нь хүний ам хамраар дамжиж уушигны цулцанд очиж наалдсанаас үүсдэг өвчин. Тэгэхээр ийм өвчний шинж тэмдэг аль ч үзлэгийн үр дүнгээр илрээгүй. Харин гуурсан болон залгиур хоолойн үрэвсэлт өвчнүүд, ахуйн хүрээний тоос, тамхидалт зэрэг зуршлаас үүддэг бронхит, астам өвчнүүд үзлэг шинжилгээгээр гардаг. Онцолж хэлбэл, тамхи татсанаас шалтгаалан уушигны бронхит болон бусад үрэвслээр өвчилсөн тохиолдол нэлээд байдаг. Бид эдгээр иргэдийг зөвхөн үзлэгт хамруулаад орхидоггүй, нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзүүлэлт бүрт нь зөвлөгөө өгч, эмчилгээ заадаг.

   - Цагаан тоос урагт нөлөөлөх хэмжээний хор хөнөөлтэй гэсэн цуу яриа ч бий?
   - Цагаан тоос нярай, урагт нөлөөлдөг эсэх нь энэ эрүүл мэндийн үзлэгт ороогүй. Энэ бол өөр асуудал. Эрдэнэтийн 40 жилийн хугацаанд ийм зүйл огт сонсогдоогүй, гарч байгаагүй. Эрүүл мэндийн үзлэгт Эрдэнэтэд хамгийн багадаа 15 жил амьдарсан хүмүүс хамрагддаг. Энд хамрагдах хүмүүсийн сонголтыг Эрдэнэт үйлдвэр хийдэггүй, тухайн баг нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгж нь хийдэг. Харин сүүлийн жилүүдийн судалгааг санамсаргүй түүврийн аргаар сонгож байна. Одоогийн байдлаар, хүний эрүүл мэндэд цагаан тоос ийм сөрөг нөлөө үзүүлсэн байна гэсэн нотолгоо байхгүй тул илүү нарийн шинжилгээг хийх үүднээс бид шинжлэх ухааны академид хандан хамтарч ажиллах санал тавьсан. Тодруулбал, Шинжлэх ухааны академи, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ чиглэлийн нөлөөллийн үнэлгээг хийж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. Энэ нь хөндлөнгийн хяналттай төдийгүй өөрийн нарийвчилсан аргачлалаар хийгддэг онцлогтой. Тиймээс эдгээр байгууллагууд нөлөөллийн үнэлгээ хийснээр бидний олон удаагийн эрүүл мэндийн үзлэгийн дүн баталгаажина гэж харж байна.
 
   - Хүний биед сөргөөр нөлөөлдөг тоосны өөр эх үүсвэр байдаг уу?
   - Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Байгаль орчны яамны шалгалт ирж, эрүүл мэндийн үзлэгийг хамтран хийсэн. Энэ шалгалтын үеэр яамнаас өгсөн чиглэл нь ер нь хотжилт дагасан тоос тоосонцорын асуудал байнга яригддаг. Тухайлбал, асфалт буюу хар зам, гэр хорооллын утаа, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөллийг тогтоох шаардлагатай гэдгийг онцолсон. Эдгээрийн нөлөөллийг тогтооход зориулалтын аппаратаар тодорхой хугацаа зарцуулж хийх шаардлагатай юм. Тиймээс өнөөдөр манай иргэдийн яриад байгаа асуудал бол мэргэжлийн түвшний үзлэг шинжилгээгээр батлагдаагүй. Ямар нэг нотолсон зүйл байхгүй. Тэгэхээр цагаан тоос босдог болон нөлөөллийн бүсэд амьдарч байгаа гурван багийн 10 мянга гаруй хүн, тэдгээрээс илүү өртөлтийн бүсэд буй 3000 хүнд цагаан тоосноос шалтгаалсан өвчлөл илрээгүй гэсэн үг. Мэргэжлийн байгууллагуудаас бидэнд зөвлөмж ирүүлсэн. Зөвлөмжид орон нутгийн төр захиргааны байгууллага, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хийх ажил үүрэг, нөгөө талаас цагаан тоос боссон үед иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Үүний хэрэгжилтэд Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрууд хяналт тавьж ажиллаж байна.

М.Балжинням

   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Авлигатай тэмцэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран энэ сарын 30, 31-ний өдөр “Авлигагүй нийгмийн төлөө” сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагуудын сургалт эхэллээ. Уг сургалт нь Орхон аймаг дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын албан хаагчдад зориулагдсан юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Авлигатай тэмцэх газар хамтран баталсан Авлигын эсрэг сургалт, соён гэгээрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар энэхүү сургалт зохион байгуулагдаж байна. Мөн эдгээр өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын авлигын эсрэг үйл ажиллагаа, мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажилтай танилцаж, зөвлөмж өгнө.
   Орхон аймагт ажиллах багийн бүрэлдэхүүнд ТӨБЗГ-ын Мэдээлэл, технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуу, Захиргаа, хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг, Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ө.Одбаатар, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Тэрбиш, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нар багтаж байгаа юм.

У.Цэрэнбат
Б.Баттөгс



 

Пүрэв, 30 5-р сар 2019 00:00

Цагаан тоосны цаадах учир

   Орхончуудын нийгмийн амьдралд тулгамдсан асуудлуудын тоонд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал буюу  элсний хуримтлалаас үүссэн цагаан тоосны асуудал багтдаг болсоор багагүй хугацааг үдэж буй. Тус үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн үүсмэл ордод бий болсон цагаан тоос гэнэт л нэг өдөр харагдаж, утаа манан мэт татчихаагүй. Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглаж эхэлсэн цагаас зэс молибенийг ялган авч, бусад эрдэс агуулсан хаягдал зузаарсаар эдүгээ цагаан тоосны дэгдэлт үүсгэх элсний хуримтлал бий болсон хэрэг. Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан  салхи шуурганы хурдаар дэгдэлт нь “ширүүсдэг” цагаан тоос үнэхээр тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр цаг үргэлжид цагаан тоос гэгч “гайхал”-ын  эсрэг тэмцэж, нэг хором ч зүгээр суулгүй тоос дарах ажлыг олон удаагийн туршилтаар хийж ирсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй “толгойны өвчин” болсоор буй нь бас үнэн. Гэвч үүний цаана учир холбогдол, хүндрэл бэрхшээл нэлээд бий гэдгийг шалтаг тоочихгүйгээр мэргэжлийн хүмүүсийн судалгаа шинжилгээн дээр түшиглэн гаргасан баримт мэдээллээр тайлбарлахыг зорив. Цагаан тоосны цаана олон хүчин зүйл бий.     


Цагаан тоос бүрэн дарагдах уу?
   Цагаан тоос бүрэн дарагдах уу? Дарагдана. Энэ үгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх  бидэнд итгэлтэй хэлсэн. Тэрээр 41 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрийнхээ 30 жилд нь жирийн уурхайчнаас захирал хүртэл албанд дэвшин ажиллахдаа  20 жилийн хугацаанд нь цагаан тоосны чиглэлээрх бүхий л ажилд гар бие оролцож яваа нэгэн. Тиймээс ч түүний толгойд цагаан тоостой холбоотой ажлын бүхий л тайлан, цаашдаа хийх арга зам бүгд бий гэхэд хилсдэхгүй. Т.Батмөнх захирал цагаан тоосыг бүрэн гүйцэд дарж чадна гэж хэлэхдээ хэд хэдэн үндэслэлийг нотоллоо. Хамгийн түрүүний үндэслэл нь өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс цагаан тоос бууруулах чиглэлээр хийж ирсэн ажлын туршлага, олон удаагийн оролдлого гэдгийг онцлов. Үүн дээр тулгуурлаад, аргачлалаа сайжруулах замаар өнөөдрийн ажлаа үргэлжлүүлж буйг бас нэмж хэлсэн. Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн мэргэжлийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулан, цагаан тоосыг  дарах, дэгдэлтийг бууруулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Төлөвлөгөө нь аймгийн ИТХ-аар батлагдан, хэрэгжилтэд нь иргэд болон иргэдийн хурлын төлөөлөгчид хяналт тавих нөхцөл бүрджээ. Цагаан тоос дарах ажлаа илүү хүчтэй, урагштай явуулахын тулд Эрдэнэт үйлдвэр Цагаан тоос дарах ажил хариуцсан алба бий болголоо. Энэ алба цагаан тоостой тэмцэх ажлыг дагнан хийнэ. Мөн техник технологийн шинэчлэл, шаардлагатай бодис урвалж авахад 1 тэрбум 300 сая төгрөгийг зардалд нь зориулжээ.
   Өнөөдрийн байдлаар,  Эрдэнэт үйлдвэр цагаан тоосыг гурван аргаар дарж байна. Нэгдүгээрт, хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгож байна. Өөрөөр хэлбэл дарагч бодис нь нарийн ширхэгтэй элсийг барьцалдуулж өгдөг, физик шинж чанартай. Энэ аргаар  560 га газрын тоосыг дарлаа. Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах арга хэрэглэж байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглана. Нуурын шаварт суучхааргүй зориулалтын техник захиалсан. Удахгүй ирнэ. Дараагийнх нь үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгож байна. Ингэснээр тоос дэгдэлт үүсгэдэг 800 га талбайн 560 га буюу 60 гаруй хувийг нь  дарж чаджээ. Одоогийн энэхүү үр дүнгээс харахад ирэх жилийн хавар гэхэд  цагаан тоосны дэгдэлтийг 100 хувь дарах боломжтой гэж мэргэжлийн багийнхан тайлбарлалаа. Тэгэхээр цагаан тоос бүрэн дарагдаж, түүнд “ баяртай” гэж хэлэх нөхцөл хэдийнэ бүрдсэнийг олон арван уурхайчдын урт хугацааны уйгагүй зүтгэл, оролдлого туршилтын үр дүн батална.

  


Цагаан тоос хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна уу?
   Ер нь цагаан тоос гэж юу вэ? Үүнийг маш нарийн ширхэгтэй кварцийн элс гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Тэгэхээр нэг төрлийн элс юм. Элсний ач холбогдлыг Монголчууд сайн мэднэ. Хамгийн энгийн жишээ гэвэл бага насны хүүхдүүдээ элсэн дээр тоглуулж, байгалиас авах нэмэлт тэжээлийг нөхөх эмчилгээ гэж үздэг. Ингээд бодохоор  элсний хуримтлалаас үүсдэг тоосны дэгдэлт аюулын хэмжээнд очих үндэслэл бий юу. Мэдээж, тоос шороон дунд амьдарна гэдэг таатай хэрэг биш гэдэг нь ойлгомжтой. Тиймээс цагаан тоосыг дарах нь нэн түрүүний ажил болох ёстой. Үр дүнд хурдан хүрч, эцсийн цэгийг ч даруй хатгах учиртай.
   Орхон аймагт хүний эрүүл мэндэд цагаан тоос хэрхэн сөргөөр нөлөөлж буйг  тогтоох цогц үзлэгийг 2006 оноос хойш 12 удаа зохион байгуулсан байна. Үзлэгт тоосжилтын болон нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн төлөөллийг хамруулж, Орхон аймаг болон Баян-Өндөр сумын ЗДТГ, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Эмнэлэг сувиллын цогцолбор, Эрдэнэт үйлдвэр зэрэг 9 байгууллага хамтран ажиллажээ. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэр зөвхөн үзлэг  шинжилгээнд зарцуулагдах төсөв хөрөнгө, шаардлагатай тоног төхөөрөмжийг хангаж байсан бол нарийн мэргэжлийн эмч нарын багийг аймаг орон нутгийн холбогдох байгууллагуудаас бүрдүүлж байв. Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 396 хүн хамрагдахаас 288 буюу 78,9 хувь нь эрүүл мэндийн үзлэгт тасралтгүй хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн тухайн бүсэд амьдарсан жилийг дунджаар нь авч үзвэл 28,6 жил оршин суусан иргэд. Тэр байтугай нэг хүнд үзүүлэх нөлөөллийг тогтоохын тулд 5 настай хүүхдийг 18 хүртэл нь жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиглалт хийсэн байдаг. Энэхүү удаа дараагийн үзлэг, судалгааны дүнгээр цагаан тоос хүний эрүүл мэндэд  хор хөнөөл учруулж буй нь батлагдаагүй байна.
   Үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, ихэнх хувь нь архаг хууч өвчтэй, уушигны бронхиттэй гэсэн онош гарчээ. Харин цагаан тоосны урхагаар уушиг тоосжих өвчин илрээгүй. Дээрх хугацаанд үзлэгт хамрагдсан иргэдийн 69,7 хувь нь уушигны үйл ажиллагаа алдаагүй, хэвийн үзүүлэлттэй байдаг. Тоос тоосонцор, тэр тусмаа нарийн ширхэгтэй тоосны сөрөг нөлөө бол  уушиг тоосжих өвчинд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, тоос нь хүний ам хамраар дамжиж уушигны цулцанд очиж наалдсанаас үүсдэг өвчин. Тэгэхээр ийм өвчний шинж тэмдэг аль ч үзлэгийн үр дүнгээр илрээгүй гэдгийг Эрдэнэт сувилалын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярьсан.
   Эрүүл мэндийн үзлэгийн үр дүн, дүгнэлттэй холбоотой хардлага, сэрдлэг  чамгүй гардаг учраас Эрдэнэт үйлдвэр бусад  эрүүл мэндийн байгууллагуудад санал тавьж, хөрөнгө зардлыг хариуцсаар ирсэн. Энэ жилийн хувьд ч мөн л гадны эрүүл мэндийн байгууллагад хандаж, нөлөөллийн үзлэг шинжилгээг хийлгэнэ. Бас үзлэгт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлж, цагаан тоосны өртөлт болон нөлөөллийн бүсийн гурван багийн 400 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.  Мөн Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Ингэснээр өмнө нь хийж байсан ажлыг гадны мэргэжлийн хүмүүс үргэлжлүүлж, баталгаажуулах, нөгөө талаас үзлэг судалгааны дүнг шинжлэх ухааны илүү нарийн үндэслэлтэй тогтоох давуу талтай юм. Дараагийн нэг шинжилгээ нь ургамлын бүтцэд цагаан тоос нөлөөлж буй эсэхийг судалж байна. Уг судалгаагаар байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл ямар түвшинд буйг тодорхойлж, зөвхөн ургамал бус мал амьтан, ойр орчмын гол мөрний усны бохирдлыг шинжлэх юм. Хэдийгээр энэ судалгааны ажлыг олон  жил дараалан хийсээр ирсэн ч  эцсийн тодорхой хариуг олж, дам сургаар газар авч тархдаг цуу ярианд цэг тавих зорилготой байгаагаа мэргэжлийн албаныхан дахин хэллээ. Цагаан тоосны сөрөг нөлөө хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн эсэх асуулт ч эндээс бодит хариултаа хайж байна.

  


Цагаан тоос дарах ажил нарийн технологитой хийгдэх ажил
   Олон удаагийн туршилтаар цагаан тоосыг бүрэн гүйцэд дарж чадаагүй шалтгаан нь үйлдвэрлэлийн үйл явцтай холбоотой байсаар ирсэн. Жил тутам Хаягдлын аж ахуйн тоосыг дарах ажилд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан ч дараагийн жил нь дахиад л тоос босно. Учир нь Баяжуулах үйлдвэр тасралтгүй ажиллаж байгаа тул хаягдал элс байнга гарч байна гэсэн үг. Цагаан тоос элсний хуурай, хатсан хэсгээс босдог. Баяжуулах үйлдвэрийн технологиор бол цагаан тоосны хэмжээ нь 0,074 мм-ийн ширхэгтэй. Энэ хэмжээ нь 0,08 микрон буюу өөрөөр хэлбэл гурилнаас нарийн ширхэгтэй элс. Ийм нарийн ширхэгтэй байж зэс, молибденийг хоосон чулууллагаас нь суллаж авдаг. Нунтаглалт ийм нарийн хийгддэг учраас хаягдал элс ч ийм ширхэгтэй байдаг аж. Хаягдлын аж ахуйн одоогийн далангийн сан нь 1300 метрийн өндөртэй. Элсний хуримтлалыг 1320 метр хүртэл санг ашиглах төлөвлөгөөтэй.  Далангийн өндөр  20 метрт хүрнэ гэсэн үг. Хаягдлын сан 15-17 жилийн дараа дүүрнэ гэсэн тооцоолол бий. Тиймээс Эрдэнэт үйлдвэр дараагийн технологийн ажил буюу шинэ хаягдлын аж ахуйг байгуулах төлөвлөгөөг одооноос боловсруулж,  цагаан тоос үүсэх нөхцөлийг дахин үүсгэхгүйн  тулд шинэ технологиудыг судалж эхэлжээ. Үүнд  өтгөрүүлсэн хаягдал хаях, секционний хаягдлын аж ахуйг бий болгох зэрэг хувилбарууд багтаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, шинэ Хаягдлын аж ахуйг тоос босдоггүй, өнөөгийн ийм хүндрэл үүсгэхгүй байхаар дэлхийн жишгийг судалж, олон улсын хэмжээний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

  


Цагаан тоосны асуудлыг дэвэргэх нь хэнд ашигтай вэ?
   Хэт буруу ойлголт нь болсон муу үйл явдлаас ч илүү сүйрэл дагуулдаг гэсэн үг бий. Бодит байдлыг зөрүүлэн мушгиж, асуудлыг хөөргөдөж, ард олныг турхирах нь хэнд ашигтай вэ? Хэнд ч ашиггүй. Тэр тусмаа Эрдэнэтийн овооны ээл буянд багтаж, үр өгөөжид нь түшиглэж амьдардаг Орхончуудад, цагаан тоосны дэгдэлтэнд өртдөг бүс нутгийн иргэдэд өчүүхэн ч ашиггүй. Тиймээс цагаан тоосыг дарахын тулд Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй уурхайчид хэрхэн тэмцэж, шинэ гарц, шийдэл хайж буйг нүдээр харж, гараар мэдрээрэй. Нүд үнэнч чих худалчийн үнэнийг бас батлаарай гэж хэлье. Цагаан тоосыг дахин босгохгүйн төлөө бүх дэвшилтэд арга технологийг нэвтрүүлж буй Хаягдлын аж ахуйд “танилцах аялал” хийгээрэй гэж бас сануулья. Үүний дараа аюулын хэмжээнд хүрсэн гэх цагаан тоосны бодит байдал хэн бүхэнд нэгийг бодуулах бизээ. Үйлдвэрлэлийн технологийн үйл явцад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр цагаан тоос дарахын тулд асар  их цаг хугацаа, хөрөнгө зардал, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар гээд олон зүйлийн цогц нэгдэл энд шингэснийг бас харах буйзаа.
   Эрдэнэт бол хариуцлагатай уул уурхайг сонгодог утгаар нь Монголд хөгжүүлж буй  туршлагатай үйлдвэр. Байгаль орчинд учруулах сөрөг нөлөө, ойр орчмын гол ус мөрнийг бохирдуулах эрсдэл гээд олон асуудлыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон оновчтой бодлогоор шийдэж, хариуцлага гэдэг олон салаа мөчиртэй том сагсгар модыг тарьж, тордсоор иржээ. Нийгмийн хариуцлага, улс болон орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, ард иргэдийн халамж тэтгэмж, хөгжил дэвшилд оруулж буй хөрөнгө оруулалт гээд Эрдэнэтгүйгээр төсөөлөхийн аргагүй олон хүчин зүйлс тэрхүү том модыг чимж, бас улс орондоо өнгө нэмж буй.
   Бүх зүйл өөрийн гэсэн мөн чанар, сайн муу талыг агуулан оршдог. Тиймээс учрыг нь олж, хужрыг нь сайтар тунгааж хийсэн ажил, шийдсэн асуудал үргэлж зөв болдог. Цагаан тоосны асуудалд ч ийм л байр суурь, харах өнцөг хэрэгтэй байгаа болохоос аймшигт аюул мэтээр хөөргөдөн туйлшрах сэдэв яагаад ч биш.

  

   М.Балжинням
Фото: Б.Баттөгс

     Орхон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг төлөөлж Эдийн засгийн бодлогын хэлтэс, Нийгмийн харилцааны хэлтсийн удирдлагууд өнөөдөр Орхон аймгийн ерөнхий боловсролын дөрвөн сургуульд сургалтын хэрэглэл гардуулан өглөө. Энэхүү “LEGO” тоглоомыг ашиглан хүүхдүүд робот зохион бүтээж, программ бичиж сурах юм. Сурагчдын инженер ухааныг хөгжүүлэх энэхүү тоглоом тус бүр нь 3 сая төгрөгийн өртөгтэй. Орхон аймгийн 16 сургуульд хүлээлгэн өгнө.
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд энэ жил 500 гаруй сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, номоор аймгийн бүх сургууль, цэцэрлэгийг хангаж, томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Ийнхүү Эрдэнэтийн уурхайчдын хөдөлмөрийн үр шимийг Орхон аймгийн 20 гаруй мянган хүүхэд бүр хүртэж байна.  

У.Цэрэнбат
Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн засал чимэглэлч, гурван хүүхдийн ээж Д.Хундалай шинэхэн байшингийн түлхүүрээ өнөөдөр гардан авлаа. Нийгэмд сайн мэдээ түгээсэн энэ ажлыг тус цехийн Залуучуудын холбоо санаачилан хэрэгжүүлсэн юм. Барилга засварын цехээс өдөрт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, төмөр хайс хашаа бүхий 48 м.кв талбайтай байшинг долоо хоногийн дотор барьж дуусгажээ. Цехийн ажилчид энэхүү сайн үйлсийн аянд нэг өдрийн цалингаа хандивлан, найман сая төгрөг цуглуулж, хамтран ажилладаг байгууллагуудаа татан оролцуулснаар нэг өрөө байрны өртөг бүхий шинэхэн байшинг босгосон нь энэ юм. Удам дамжсан барилгачин бүсгүй Д.Хундалай 14 дэх жилдээ Барилга засварын цехэд ажиллаж байгаа бөгөөд аав, ээж нь тус цехийн ахмад ажилчид байжээ.
   Тус цехийн Залуучуудын холбоо нийгэмд эерэг хандлага түгээж, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн аянг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Аяны хүрээнд “Данадо” ХХК, “Анхлах аз” ХХК, “Ойгон Арвижих” ХХК, “Тэ-Ён” ХХК, “Ногоон Очир” ХХК, иргэн Н.Ганбат, Соёл урлагийн цогцолбор хамтран ажилласан байна.  

И.Чинтогтох

Даваа, 27 5-р сар 2019 00:00

Удмын уурхайчин

   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Ил уурхайн экскаваторын машинч Эрдэнэбаатарын Ган-Эрдэнэтэй уулзахаар утас руу нь залгалаа. Тэр дороо утсаа авсан ч “Одоо ажилдаа гарах гэж байна, амжихгүй ээ” гэх товч, тодорхой ганц өгүүлбэр хариулт хэлээд харилцуураа таслах нь нэн түрүүнд ажил шүү дээ гэх утгыг давхар агуулна. Хэдэнтээ учирлан байж уулзлаа. Үг дуу цөөнтэй, шавилхан биетэй шар залуу болзсон цагтаа ирэв. Энгийн үед саравчтай малгай, тамирын хувцсаар гоёсон түүнийг ямар ажил хийдгийг мэдэхгүй хүн бол чөлөөт бөхийн хөнгөн жингийн тамирчин л гэж харахаар. Уулыг нурааж буй аварга техникийн залуурчийг сахалтай, том биетэй нөхөр байхаар төсөөлсөн минь эндүүрэл байв.

   Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдахад түүний аав Ховд аймгаас, ээж нь Хөвсгөлөөс илгээлт өвөрлөн ирж, уурхайчдын хотхонд учран ханилж Э.Ган-Эрдэнийг 1983 онд төрүүлжээ. Түүний аав Ил уурхайд экскаваторын туслах машинч, Материал техникийн хангамжийн баазад цахилгаанчин байв. Харин ээж нь Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын конвейрын машинч Ц.Нямдалай гэхэд үеийнхэн нь андахгүй. Аав, ээжийнх нь ажилч хичээнгүй, зарчимч, аливааг цаг хугацаанд нь цэгцтэй, чанартай хийдэг зан чанар түүнд нэвт шингэсэн. Хүүхэд байхаасаа л үйлдвэрийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаа, цаг нартай уралдсан ундарсан их ажлын талаар ойлгож мэдэрсэн төрмөл гэмээр хариуцлага нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байж ч болох. Удам дагасан уурхайчин гэх брэнд үгний гол утга учир, амин сүнс нь угтаа энэ. Уурхайчны амьдралын жаргал хийгээд “зовлон”-г дэргэдээс нь харж, биеэр мэдэрч өсөхдөө бүхий л сэтгэлээ зориулахаар бахархал, омогшил хамт төлөвшдөг гэлтэй.
    Хичээл тарсны дараа ангийн хөвгүүдтэйгээ чихээ хөлдтөл хөл бөмбөг тоглочхоод маргааш нь пэмбийж хавдсан чихнээс ус дуслахыг харан бие биеэ шоолон инээж байсан багачууд өнөөдөр эрийн цээнд хүрчээ. Тэр үед нэгнээ дэлхийд данстай уул уурхайн үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болохын чинээ санаагүй биз. Э.Ган-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийнхээ дэргэдэх Технологийн сургуульд экскаваторын оператор мэргэжлээр сурч төгсөн 2002 онд эрдэнэс ил олборлох уурхайд ажилд оржээ. Уулын инженер Н.Лхагважамцын удирдаж байсан ээлжинд Черинов гэх орос машинчийн дохио зангаан дор есөн сар ажилласан байна. Улмаар Тэргүүний уурхайчин М.Болдбаатар машинчийн гарын шавь болон дөрвөн жил гаруй хугацаанд ажиллахдаа цаашдын дүн нуруу цэх байх чанарыг олж авсан гэдэг. Өнөөдөр боломжгүй зүйл маргааш боломжтой болдог гэж хэлэх дуртай Э.Ган-Эрдэнэ аварга одоо шөнийн ээлжинд ажиллаж байна. Илүү анхаарал болгоомжтой, илүү ур чадвартай ажиллах шаардлагатайг тэр сайн мэднэ. Шөнийн нам гүмийг эвдэн хүчит техникүүд гэрлээ гялбуулан сүлжилдэж, уурхайн гүнд их ажил буцалж байгааг экскаваторынхаа бүхээгээс тэр харахдаа Зууны манлай үйлдвэрээрээ үргэлж бахархана. 
   Би Э.Ган-Эрдэнээс “Таны Эрдэнэт үйлдвэрт оруулсан хувь нэмэр юу вэ?” гэж асуухад тэрээр “Хариуцсан техникээ ариг гамтай ашиглах, засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийлгэх, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх, уурхайн дүрэм журмыг чандлан сахиж үр бүтээлтэй, аюулгүй хөдөлмөрлөх, ажлын цагийг ягштал баримталж сэтгэл зүтгэлээ ажилдаа бүрэн зориулах нь миний үйлдвэртээ оруулж буй хувь нэмэр юм даа” хэмээн даруухан агаад үнэн хариулсан юм. Их ажлын ард эгэл боргил оршдог мянга мянган уурхайчдын ажлын чиг шугам, зарчим энэ. Гэхдээ үүнийг ажил, амьдралынхаа мөрдлөг, хэмнэл болгож чадна гэдэг аваргын чансаа.

   Э.Ган-Эрдэнэ Ил уурхайд 16 жилийн хөдөлмөрөө зориулахдаа ЭКГ-10 ¹14, ЭКГ-10 ¹21 экскаваторын машинчаар амжилт бүтээл дүүрэн ажиллаж, уулын цул ачилтын сар, жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа чанарын өндөр түвшинд тогтмол давуулан биелүүлж ирсэн туршлагатай уурхайчин. Өнгөрсөн онд түүний бригадын хамт олон 2459 мянган м3 уулын цул ачиж, төлөвлөгөөт даалгавраа 104 хувь биелүүлсэн юм. Мөн цаг ашиглалтын коэффициентыг 0,79 хувь, цагийн хөдөлмөрийн бүтээмжийг 355м3, техникийн бэлэн байдлын коэффициентыг 0,91 хувьд хүргэсэн нь үнэмлэхүй амжилт байлаа. Тэр дундаа хамгийн их уулын цул гаргасан, зогсолт багатай, сэлбэг материалын хэмнэлттэй ажилласан Э.Ган-Эрдэнэ юм. Тэрээр бригад хамт олноо үргэлж манлайлан ажиллаж, өнгөрсөн онд гэхэд экскаваторын шанаганы 10 шүд, 778,5 кг ган татлага хэмнэж, үйлдвэрт 50 орчим сая төгрөгийн хэмнэлт  гаргажээ. Э.Ган-Эрдэнэ нь ЭКГ-10 маркийн экскаватораар сүүлийн таван жилд дунджаар 2182 мянган м3 уулын цул ачиж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг 102,5 хувь биелүүлсэн байна. Түүний бригадын хамт олон энэ хугацаанд нийт 319 сая төгрөгийн өртөг бүхий уулын цул илүү ачсан юм. Үүнд түүний хувь илүү жин дарах нь тодорхой. Шинэхэн хөдөлмөрийн аварга маань өөрийн ажлын арга барил, мэргэжлийн ур чадвараа залуу ажилчдад зааж сурган дадлагажуулж байна. Түүний шавь Ж.Ган-Эрдэнэ, Л.Алтан-Эрдэнэ нар экскаваторын туслах машинчаар үр бүтээлтэй ажиллаж байгааг журмын нөхөд нь хараад багшийн өв зүтгэл хэмээн бахархдаг.
   Эрдэнэсийн хот гүн нойронд умбана. Харин Эрдэнэт үйлдвэрийн шөнийн ээлжийнхэн баялаг ундраан амсхийх чөлөөгүй ажиллана. Тэр дунд, эхлэл цэгт экскаваторын машинчийн сэтгэл зүрх хамт цохилж байдгийг санаарай.

М.ОДГЭРЭЛ

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог