• Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажил хийж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58 дугаар ангийн алба хаагчид Орхон аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөлтэй хамтран үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Улсын онцгой комисс болон Шадар сайдын удирдамж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаал, аймгийн Онцгой комисс болон үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын шийдэрийн дагуу дээрх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна.     Аймгийн Онцгой байдлын газрын тусгай зориулалтын автомашинаар хийж байгаа халдваргүйтгэлийн ажлыг Захиргааны I байр болон хоол үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрийн цех нэгжид зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт эрүүл ахуйч эмч, онцгой байдлын ажилтны бүрэлдэхүүнтэй 24 цагийн шуурхай штаб ажиллаж, бүтцийн нэгжүүдийн холбогдох мэдээллийг богино хугацаанд шуурхай дамжуулан ажиллаж байна. Аврах, гал унтраах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өглөөний ээлжийн ажилчдыг зөөвөрлөсөн 32 автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.     Аврах, гал унтраах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажиллагсдыг хөдөө гадаа явахгүй, шинийн нэгний өглөө овоо тахилга дээр гарахгүй байхыг анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

           Covid-19коронавирус, бусад аюулт томуугийн вирусийн халдвар тархаж болзошгүй байдлыг харгалзан үзэж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/78 дугаар тушаал үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн. Тушаалд “Нэг удаагийн амны хаалтыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан, зохих халдвар хамгааллын шаардлагыг ханган үйлдвэрлэж, үйлдвэрийн газрын ажилтнуудыг нэгдсэн журмаар тогтмол ханган ажиллах” тухай тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ. Үйлдвэрлэлийн явцын талаарх мэдээллийг Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.     -Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэхээр болсон тухай таатай мэдээ сонслоо. Энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?     -Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс баялаг бүтээгч уурхайчдынхаа аюулгүй байдлыг харгалзан үзэж, Оёдлын цехийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр 30 мянган амны хаалт үйлдвэрлэх чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар амны хаалтны эсгүүрээ гаргаж, оёх бэлтгэлээ хангаад байна.     -30 мянган амны хаалтыг хэдэн өдөрт үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?     -Манай эсгүүрчид 10 мянган амны хаалтны эсгүүрийг хоёр хоногт гаргасан. Бид сар шинийн баяраас өмнө тодорхой хувийг бэлтгэх, үлдсэнийг баярын дараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 30 мянган амны хаалт гэдэг бага тоо биш. Тиймээс ажлын хувцас, баяжмалын уут оёхын хажуугаар амны хаалтаа үйлдвэрлэж дуусгана гэсэн зорилт тавьсан. Эсгэх цехийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна зөөлөн оёдлын 40 гаруй ажилтан энэ ажилд оролцоно.       -Стандартад нийцсэн амны хаалт гэж ойлгож болох уу?     -Амны хаалтыг цэвэр даавуун материалаар үйлдвэрлэхийн зэрэгцээ 2-3 давхар байхаар тооцоолсон. Бидний зүгээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газарт даавуун материалаа шинжлүүлж, зохих зөвшөөрөл авсны дагуу үйлдвэрлэлээ эхлүүлсэн.       -Нэг ажилтанд хэдэн ширхэг амны хаалт олгох вэ?     -Ажилтан бүрт 5 ширхэг амны хаалт олгохоор тооцоолсон. Ирэх 7 хоногт эхний ээлжийн амны хаалтыг ажилчдын хувцасны агуулахаар дамжуулан олгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн А/78 дугаар тушаалаар үйлдвэрийн газрыг энэ сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Энэхүү тушаал нь 14 заалттай бөгөөд үйлдвэрийн бүсэд энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тушаалтай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолбор, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын сувилах, амраах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нийгмийн цехүүдийн захиргааны болон харуул хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудаас бусад хүнд цалинтай чөлөө олгох, нөхөн амраах, бусад цех, нэгжид түр шилжүүлэн ажиллуулах, шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг нь олгох зэргээр зохицуулалт хийж, нийт ажиллагсдын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, сахилга, хариуцлагыг чангатгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох удирдлагуудад даалгаад байна. Мөн энэ сарын 18-наас эхлэн Захиргааны I,IIбайранд гадны байгууллагуудын төлөөлөл, иргэдийг хувийн асуудлаар нэвтрүүлэхгүй байх, онцгой тохиолдолд гаргасан хүсэлтийг бичгээр хүлээн авч, холбогдох нэгж, ажилтанд хүргэн ажиллахаар боллоо. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 03 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гарлаа

         Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдрийг хүртэл сунгах Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон цэцэрлэг, сургуулиудад тогтоосон хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ. Өнгөрсөн Лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог дахин сунгана гэдгийг мэдэгдэж байсан. Улсын онцгой байдлын комиссын 1 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг өмчийн байдал үл харгалзан 3 дугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм. Харин 2 дугаар сарын 14-нөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. Э.Мөнх-Уянга Дэлгэрэнгүй...
  • “Нэг ажилтан-нэг шагай” аянд найман цех нэгджээ

         Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүдэд шагай бэлэглэх уриалга гаргасан “Нэг ажилтан-нэг шагай” аян амжилттай үргэлжилж байна. Нийгмийн харилцааны хэлтсээс санаачлан зохион байгуулсан тус аянд өнөөдрийн байдлаар Дотоод хяналтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, Спорт цогцолбор, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар механикийн завод, Барилга засварын цех, Техникийн хэлтэс, Ус хангамжийн цехийн хамт олон нэгдэж, 1126 шагай бэлэглэжээ.     “Энэрэл” төв хүүхэд багачуудыг бие хүн болон төлөвшихөд чиглэсэн олон төрлийн сургалт явуулсаар ирсэн. Эдгээр хувилбарт үйлчилгээний нэг хэсэгт монгол уламжлалын булан багтсан бөгөөд шагайн наадгайг хүүхдүүдэд зааж сургах үүднээс аяныг эхлүүлсэн байна. Шагайн наадгай нь бага насны хүүхдийн хуруу, тархи, харааны хөгжлийг дэмжихээс гадна оюун ухааныг тэлж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг уламжлалт тоглоом юм. Аяны хүрээнд маргааш буюу энэ сарын 20-ны өдрийг дуустал Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд шагай бэлэглэх боломжтой бөгөөд нийт цугласан шагайг ариутгалд оруулан, сар шинийн баярын өдрүүдэд тоглуулахаар болсноо “Энэрэл” төвийн аргазүйч Х.Баярмаа мэдээллээ.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Д.ЗОРИГТХҮҮ: Үйлдвэрлэл, сургалт, судалгааны амьд холбоог хөгжүүлж чадварлаг инженер бэлтгэнэ

        Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүүтэй ярилцлаа.      -Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тоймлон ярина уу?       -Манай сургуулийг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс гурав дахь удаагаа магадлан итгэмжилсэн. Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын дагуу нэвтрүүлсэн байгууллагын гэрчилгээгээ магадлах аудитад орж дахин баталгаажуулсан. Гурван удаа бие дааж магадлан итгэмжлэгдсэн, чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн их, дээд сургууль хуруу дарам цөөхөн. Ер нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй цорын ганц байгууллага бол манай сургууль. 2019 онд судалгаа, шинжилгээний төслүүдээс олох орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын төлөвлөгөөнд орсон гурван ажил хийлээ. Хоёр ажил дуусах шатандаа явж байна. Оюу толгой ХХК-иас хоёр төсөл авч хэрэгжүүллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй гурван төсөл авч гүйцэтгэлээ. Мөн гадаадын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт хамрагдахаар болсон байгаа. Үүнд, ХБНГУ-ын Засгийн газрын гурван жилийн хугацаатай 1,8 сая еврогийн төсөвтэй, хаягдлыг агаараас тандан судлах төсөл эхлээд явж байна. БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сан хамтран 1.5 сая юанийн санхүүжилттэй, гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжихээр болсон. Төслөөр баяжуулах процессын хаягдлаар галд тэсвэртэй, керамик барилгын материал үйлдвэрлэх боломжийг судлах юм. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ болон Шахтбау ногдхаусэн ХХК-ийн хамтарсан тусламжаар гагнуурын сургалтын төвийн тоног төхөөрөмж, сургалтын хөтөлбөр, сургагч багш нараа олон улсын жишигт нийцүүлнэ. Уг төслөөр 120 мян.еврогийн тоног төхөөрөмжийг Шахтбау ногдхаусэн ХХК нийлүүлж, 120 мян.еврогийн тусламжаар сургагч багш нарыг Монгол болон Герман улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна. Цаашид гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана.       -Та чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн сургууль гэдгээ тодотголоо. Бүр орон нутагт байгаа цорын ганц сургууль гэсэн. Энэ бүхэн танай сургуулийн хувьд яагаад чухал вэ?      -Монгол улс хүн ам цөөтэй учраас тоогоор юм уу, үнээр хэзээ ч дэлхийд өрсөлдөж чадахгүй. Бид зөвхөн чанараар өрсөлдөж тэргүүлж чадна. Чанарыг бий болгохын тул тогтолцоо маш чухал юм. Түүнийгээ хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх нь бас чухал. Хүн төрөлхтөн хөгжихөд тогтолцоо хамгийн чухал болохыг хоёр удаагийн туршилтаар баталчихсан байдаг. Эхнийх нь 1945 онд Германыг уртрагаар нь зүүн, баруун болгож хуваагаад хоёр өөр тогтолцоогоор хөгжүүлсэн. Хүн амын үүсэл гарал, хэл, соёл, хоол унд, амьдарч байгаа цаг уур гээд бүх юм адилхан байхад хөгжлийн асар зөрүү гарсан. Дараа нь 1953 онд Солонгосыг 38-р өргөргөөр өмнөд, хойд гэж хуваагаад хоёр өөр тогтолцоогоор хөгжүүлсэн. Одоо хөгжлийн түвшин нь тэнгэр газар шиг ялгаатай байгааг бид мэднэ. Энд өмнөд Солонгосчууд нь илүү хүчтэй, ухаантай, хөдөлмөрч биш шүү дээ. Зөвхөн тогтолцооны ялгаанаас хөгжлийн асар зөрүү гарсан. Тиймээс би манай сургууль чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001 стандартын дагуу нэвтрүүлсэн байгууллага гэдгийг тодотгож хэлээд байгаа юм. Манай сургуулийг сонгоорой гэж уриалж байгаа юм.       -Танай лицей сургуулийн ангид Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжих болсон. Энэ талаар...?        -Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас хичээл заах багш нараа сургалтад хамруулж эхэлсэн. Тус хөтөлбөрийг урьд нь хоёр сургуульд хэрэгжүүлсэн туршлагатай зөвлөх авсан. Францад докторын зэрэг хамгаалсан багш Gregory Boils англи хэл дээр математикийн хичээлийг манай сургуулийн багштай хамтран орж эхэлсэн. Кэмбрижийн хөтөлбөр 9-12-р ангид хэрэгжинэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр манай ахлах сургуулийг төгссөн хүүхдийн диплом дэлхийн 130 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөнө. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд олон улсын аль ч их, дээд сургуульд элсэж, тэтгэлэг авах боломж нээгдэнэ. Монголын ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийг давхар судлах тул дотоодын их, дээд сургуулиудад элсэн ороход хүндрэл үүсэхгүй. Ангиасаа хамааран 4-6 хичээлийг англи хэл дээр нэмэлтээр үзэх тул англи хэлний мэдлэг маш сайн болж төгсөнө. Кэмбрижийн хөтөлбөртэй ахлах сургуульд жил бүр наймдугаар анги төгссөн 20 сурагч элсүүлэхдээ англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт авна.     -Технологийн сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгох БСШУС-ын сайдын тушаал гарсан. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болсны давуу тал юу вэ? -Засгийн газрын 2019 оны 6-р сарын 5-ны 224-р тогтоолоор Технологийн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөж “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгох шийдвэр гарсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 1-р сард БСШУС-ын сайдын тушаал гарсан байгаа. Цогцолбор болсноор ерөнхий боловсролын ахлах сургууль, мэргэжлийн, техникийн, дээд боловсрол гээд бүх шатны боловсролыг цогцоор нь олгодог болно. Энэ жилээс үйл ажиллагаа маань олон улсын Кэмбрижийн хөтөлбөртэй ахлах сургууль, техникийн боловсрол олгох Политехник коллежоор өргөжих юм. Цаашдаа бие дааж магисрийн зэрэг олгодог болж хөгжих учиртай. Ингэснээр боловсролын салбарт цогц сургалт явуулдаг байгууллага болон хөгжих боломж бүрдэнэ.       -Цаашдын зорилт юу вэ?      -“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль судалгаанд суурилсан сургууль болж хөгжих ёстой. Манай сургууль тоогоор бус чанараар өрсөлдөх шаардлагатай. Энэ нь судалгааны ажилд суурилж, өөрийн хөрсөнд таарах инновацийн шийдлүүдийг гарган үйлдвэрлэлд хэрэгжүүлдэг болохын төлөө ажиллана гэсэн үг. Ерөнхий захирал 2020 онд “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн тавьсанд маш их баярлаж байгаа. Энэ зорилтын хүрээнд бид үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны уялдаа холбоог сайжруулахад өндөр ач холбогдол өгч үйлдвэрлэлийн цехүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 2020 оны 10-р сарын 1-нд манай сургуулийн 45 жилийн ой тохиож байгаа тул үйлдвэрлэл-эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагааны амьд холбоог улам бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ амьд холбооны нэг жишээ нь Б.Хээрийнбаатар багшийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл юм. Уг төслөөр оюутны дотуур байрыг нарны сэргээгдэх цахилгаан эрчим хүчээр хангасан. Тэнд цахилгааны ангийн оюутнуудад бодитоор дадлага хийлгэх нарны 14 фото үүсгүүр байрлуулж сургалт явж байна. Мөн Орхон аймгийн нарны эрчим хүчний бодит боломжийн талаар судалгаа хийгдэж байна. Давхар жилд 1.6 сая төгрөгийн эрчим хүчний үйлдвэрлэл явж байна. Энэ бол шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг тод харуулсан бодит жишээ юм. Цаашид Үйлдвэрлэл-Сургалт-Судалгааны амьд холбоог улам сайн хөгжүүлж өндөр чадвартай инженер бэлтгэх таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Байгалийн нөөц бол хэзээ нэгэн цагт шавхагдана. Харин оюуны бүтээл, инженерийн шийдэл гаргах бол шавхагдашгүй нөөц юм. Иймээс байгалийн нөөц буй цагт боловсон хүчнийхээ чадвар чадамжийг сайжруулж, шавхагдашгүй нөөцийг бий болгох хэмжээнд хөгжүүлж бойжуулах ёстой.      -Цаг гарган ярилцсанд баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хүн цөөтэй ч, хүртээмж ихтэй хамт олны үйлс

         Өнгөрсөн онд “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдаанд тэргүүлсэн Баяжуулах үйлдвэрийн Механик боловсруулалт ба Бигнүүрийн хэсгийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Бид эхлээд Механик боловсруулалтын бригадын ажлын байранд ирсэн юм. Суурь машинууд тасралтгүй тачигнах ч цэвэр цэмцгэр цэлгэр саруулхан заал угтана. Токарьчид ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн зорж, засварчин токариар боловсрогдох эд ангийн бэлдэц төмөр хөрөөдөж сууна.   Токарьчны толгойд тоо эргэлддэг     Хэсгийн дарга Л.Ууганбаяр тэдний хажуухантай багавтар өрөөнд суух. Бид түүнтэй ярилцлаа. Машин үйлдвэрлэлийн технологич инженер мэргэжилтэй энэ залуу ажлын гараагаа 2007 онд  эндээс  засварчнаар эхэлж, Ерөнхий механикийн хэлтэст оношилгооны инженерээр дэвшиж,  өдгөө тав дахь жилдээ хэсгийн даргаар ажиллаж буй. Эднийхэн “Баяжуулах”-д ашиглагддаг бүхий л туузан дамжуулгын найдвартай ажиллагааг хангаж, засвар үйлчилгээ, холболт хийх, тээрмийн болон туузан дамжуулгын барбаныг резинээр хуяглах, хэсгүүдийн захиалгаар стандарт бус эд ангиуд үйлдвэрлэдэг. Мөн хамгаалах бүс, зөөврийн шат, хийн зүсэгч хэрэгслийг баталгаажуулах, засварчдын гар багажийг бэлтгэн нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэйг хэсгийн дарга ярилаа.        Тэрбээр цааш нь: “Бид болзолт уралдааны хүрээнд төлөвлөгөө гарган олон ажил хэрэгжүүлсэн.  Манайх 1600 мм өргөнтэй, туузан дамжуулгын холболтыг халуун бигнүүрийн аргаар хийх тоног төхөөрөмж худалдан авч, найдвартай ажиллагааг хангасан.  Нийт 1686 м туузан дамжуулгын тууз сольж, давхардсан тоогоор 250 гаруй конвейрын засвар үйлчилгээ хийсэн. Мөн 42 тонн төмрөөр 52900 орчим деталл эд анги үйлдвэрлэж нийлүүлсэн. Хий зүсэгч нийт 600 тоног төхөөрөмж, төдий тооны хамгаалалтын бүс, 100 гаруй зөөврийн шат, 22 гар лебот баталгаажууллаа.     ХАБ-ын үзүүлэлтээр Баяжуулах үйлдвэрийн жижиг, туслах хэсгүүдээс 1, 6, 10, 11-р сард тэргүүн байр эзэлсэн. Цехээс зохион байгуулсан уралдаан, тэмцээн, олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол амжилттай  оролцсон.  12 ажилчин мэргэжил дээшлүүлэх, зэрэг ахиулах сургалтад хамрагдсан. Бүтээмжийн чиглэлээр хагас жил тутамд төсөлт ажлууд хэрэгжүүлсэн. Нийт санал гаргалт 70-аас дээш хувьтай байлаа. Ажлын байранд урсгал засвар хийж, ажилчдад таатай орчин нөхцөл бүрдүүлсэн. Бид Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Я.Жаргалсайхан, Н.Энхдүүрэн нарын үйлдвэртээ 30 гаруй жилийн хөдөлмөрөө шингээсэн шилдэг ажилчдаараа бахархдаг” гэсэн юм. Түүний ярианаас энэ хэсгийн ховор мэргэжлийн чадварлаг ажилчид Эрдэнэт үйлдвэрийнхээ үндсэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд хамгийн чухал оролцоотой төдийгүй, санаачилгатай бүтээлч хүмүүс болох нь ойлгогдлоо.      Механикч, зохион бүтээгч инженерүүдийн гаргасан зургийн дагуу стандарт бус металл хийц үйлдвэрлэдэг, нарийн мэдрэмж, уйгагүй ажиллагаа шаардсан мэргэжил бол токарьчных.  Тэдний нэг А.Отгонбаатартай уулзахад:      “Би Баяжуулах үйлдвэрт токарьчноор 23 жил ажиллаж байна. Бид тоног төхөөрөмжийн урсгал засварт шаардагдах эд ангиудыг өгөгдсөн зургийн дагуу зорж бэлэн болгодог. Одоо Төв корпусын тээрмийн машинд зориулсан шпилк зорж бэлдэж байна. Төмөр бэлдцээр нарийн эд анги, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бидний ажил сайхан. Хэмнэлтийн бодлогын хүрээнд манайхан сүүлийн үед олон металл хийц, эд анги үйлдвэрлэж байгаа.  Гадаадаас захиалгаар өндөр үнээр авдаг эрэг, боолт, гайкаа өөрсдөө хийж, үйлдвэрийнхээ эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаагаараа би бахархдаг” гэв.      Токарийн машин дээрх гурвалжин шугам ямар учиртайг асуухад “Токарьчны толгойд тоо эргэлддэг, токариар хийж буй зүйлийн нарийвчлал микрометрээр хэмжигддэг” гэж хэсгийн дарга хэлсэн юм.   Бигнүүрчин-Ховор нандин мэргэжил     Бид дараа нь Бигнүүрийн бригадын ажлын байранд очлоо. Өндөр таазтай, гүүрэн кран бүхий энэ байранд тууз ороох төхөөрөмж жигдхэн хүнгэнэнэ. Төхөөрөмжийн тавцан дээрх туузыг холбоход бэлтгэж хуулах, цавуудах ажлыг зургаан ажилчин хийж зогсоно. Хэсгийн мастер Ж.Жамбалдоржтой уулзаж, бигнүүрийн бригадынхны ажил үйлсээс сонирхоход: “Бигнүүрийн бригад Баяжуулах үйлдвэрийн туузан дамжуулгуудын лентийг бэлдэж, засвар үйлчилгээг хариуцдаг. Өнөөдөр 2020 оны их зогсолтод бэлтгэж, 1А туузан дамжуулгын тууз холболтын томоохон ажил хийж байна. Туузыг халуун, хүйтэн бигнүүрийн аргаар бэлтгэдэг юм. Халуун бигнүүрийн аргыг резин даавуу туузан дээр хоёр жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн.  Түүхий резинийг халуун прессээр чанаж, резинийг резинээр холбоод нэг биет болтол нь нийлүүлэн наадаг энэ арга нь засварын чанарт маш сайнаар нөлөөлж байна.  9, 17, 3, 2А туузан дамжуулгыг халуун бигнүүрийн аргаар бэлтгэсэн нь засвар хийгдэхгүйгээр сайн ажиллаж байгаа. Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд есөн бигнүүрчин бий. Эд бүгд ХБНГУ-ын Тип топ компанийн сургалтын төвд мэргэжил дээшлүүлсэн, туршлагатай, мэргэшсэн хүмүүс. Үйлдвэрт ажилладаг бүх конвейрын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.   Тэднийг өөр ямар ч ажил мэргэжлийн хүмүүс орлон ажиллах боломжгүй” гэв.     Бигнүүрчид хэсгүүдийн ажлын байранд бас тууз засварладаг аж.  Энэ үеэр 10-р конвейр дээр гурван бигнүүрчин ажиллаж байв. Туузан дамжуулгын туузны томоохон холболтыг их зогсолт зэрэг урт хугацааны засварын үед хийдэг. Харин тусгай зориулалттай цавуугаар нааж засварладаг хүйтэн бигнүүрийг богино хугацааны засварт хийдэг гэнэ.   Бигнүүрчин, бригадын дарга Б.Буяннэмэхтэй уулзахад:      “Баяжуулах үйлдвэрт 15 жил ажиллаж байна. Германы Тип топын резин холбох үндсэн технологийг манайхан үйлдвэртээ нутагшуулсан юм. Туузан дамжуулгын резин засварлах энэ ховор нандин мэргэжилдээ би их дуртай. Бид шинээр ажилд орсон залуусаа шавь сургалтаараа өөрсдийгөө дагуулан сургадаг.  Багаар ажилладаг энэ ажлыг манайхан бүгдээрээ чадварлаг хийдэг. Бид засвараа төгс болгохын төлөө хичээж, зүтгэж явна. Манайхны ажил их хариуцлагатай, туузан дамжуулгын тууз гэмтэхэд л үйлдвэр зогсох аюултай. Иймээс бид засвараа жаахан дутуудчихав уу гэх сэтгэлд сэв, “хоч”-гүйгээр хийхийг мэрийдэг. Бид халуун бигнүүрийн аргаар туузыг залгаас нь мэдэгдэхгүй болтол нь холбож байна. Энэ нь процессын хувьд цаг хугацаа их шаарддаг. Сайтар төлөвлөж хийх хэрэгтэй. Засах, чанах гээд л бүх зүйл цаг хугацаатай.  Цагтаа амжих гэж бид шаргуу ажилладаг” гээд ажилдаа яарсаар явж одлоо.      Белазаас буух хүдрийг бутлах, нунтаглах процесст, шүүж хатаагаад вагонд ачихад ч туузан дамжуулгаар аваачдаг. Энэ бүх туузны бүрэн бүтэн, найдвартай ажиллагааг ханган ажилладаг хариуцлагатай үүргийг тэд гүйцэтгэдэг. Мөн Баяжуулах үйлдвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжид шаардлагатай стандарт бус эд анги үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрийнхээ гадагшлах мөнгөний урсгалыг сааруулж буй тэднээр бахархмаар. Эднийхэн инженер техникийн хоёр ажилтан, 24 ажилчинтай цомхон бүтэцтэй, хийх ажлын цар хүрээ хүртээмж ихтэй “том” хамт олон юм. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Эрүүл мэнд шалгах эмнэлгийн суурин аппараттай боллоо

        Хүмүүс амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажлын байрандаа өнгөрүүлдэг. Энэ явцад биеийнхээ эрүүл мэндийн өөрчлөлтүүдийг эмчид үзүүлж, хянах боломж нөхцөл, эмнэлгийн тоног төхөөрөмж хомс байдаг. Иймээс Авто тээврийн цехийн Технологи тээврийн авто засварын хэсгийн “Сүлд” дугуйлангийн ахлагч Т.Цэрэнбат мастертай хамт олон санаачлан өөрсдийн биеийн эрүүл мэндийг шалгах эмнэлгийн суурин аппаратууд худалдан авчээ. Корона вирус болон томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн булан нээж “Сүлд” дугуйлангийнхан ажлын байрандаа уг аппаратуудыг ашиглаж байна. Энд ажиллагчдын даралт шалгах аппарат, биеийн халуун үзэх буу, зүрхний цохилт буюу хүчил төрөгчийн хангамж тодорхойлох багаж, чихэвч, амны хаалт зэргийг нэг дор байршуулжээ. Эдгээр багаж тоног төхөөрөмжийг “Сүлд” дугуйлангийнхан нэг сая төгрөгөөр худалдан авсан байна. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн Овоо ордын үнэ цэнэ нэмэгдсэн нь эхний амжилт...

        Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн үр дүн, ач холбогдлын талаар Геологи маркшейдерийн хэлтсийн дарга, Ерөнхий геологич А.Ундрахтамиртай ярилцлаа.     -Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл ямар үндэслэлээр хэрэгжиж эхэлсэн бэ?      -Эрдэнэт үйлдвэр эрдсийн нөөц баялаг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хүдрийн нөөц баялгийн хэмжээ маш чухал. Хүдрийн нөөцийг зөв тодорхойлох, цаашид бүрэн дүүрэн олборлох ажиллагаа явуулахын тулд маш олон шатны хайгуул, судалгааны ажил амжилттай явагдаж байна. Эрдэнэт үйлдвэрт олон улсын байгууллагууд том төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахын тулд зайлшгүй хүдрийн нөөцийг үндэслэл болгож олон улсын санхүүгийн харилцаа үүсдэг. Өөрөөр хэлбэл томоохон төслүүд амжилттай хэрэгжих үндэс нь хүдрийн нөөц баялаг юм. Тэгэхээр Геологи, маркшейдерийн хэлтэс, Геологи хайгуулын анги сүүлийн гурван жил энэ чиглэлд тасралтгүй ажиллаж байна.     -Төсөл ямар шатанд яваа вэ?     -Уурхайн нөөц баялгийг тодор-хойлох, олон улсын стандартад шилжүүлэх ажил төгсгөл шатандаа явна. Ирэх дөрөвдүгээр сард Олон улсын Жорк стандарт руу хөрвүүлсэн “нөөц”-ийг хийж дуусгана. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн уурхайн нөөц олон улсын ямар ч байгууллагаас хөрөнгө оруулалт татахад бэлэн баталгаа болох юм. Геологи хайгуулын ажлын хувьд уурхайн эргэн тойрны 60 орчим км-ын радиуст ойролцоогоор 300-аад мянган га талбайд геологи хайгуулын бүх шатны судалгаа хийж байна. Энэ ажил 80 хувьтай явж байгаа. 2021 он гэхэд эхний шатны цооногуудаа өрөмдөж, хүдрийн нөөцийг дахин тодотгох, Эрдэнэтийн орчимд гүний болон бусад дагалдах элемент, эрдэс баялгийн нөөцийг тогтоож, цаашид Эрдэнэт үйлдвэрийнхээ ашиглалтын хугацааг уртасгах боломжуудыг бүрдүүлэх үндсэн чиглэлтэй ажиллаж байна.      -Эрдэнэтийн эргэн тойронд 1960-1980 онд геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийсэн байдаг. Орчин үед давтан судлах болсон шалтгаан вэ?    -1970-80-аад оны техник технологи, арга аргачлал тухайн үеийн санхүүжилт, хөрөнгийн байдал өөр байсан. Технологийн хувьд одоогийнхтой харьцуулахад 10 дахин бага байх жишээтэй. Одоо бол өндөр технологи, арга аргачлал ашиглан, Эрдэнэт үйлдвэр өөрийн үйл ажиллагаанаасаа олсон орлогоороо ирээдүйд ашиглах нөөц баялгаа нэмэгдүүлэх ажлыг санхүүжүүлж байгаагаараа онцлогтой. Хүдрийн нөөц баялгийг шинээр илрүүлж болно. Мөн байгаа хүдрийн нөөц баялгаа дахин тодотгож, гүний түвшинд, илүү шинэ технологийн түвшинд өөрчлөлт ахиц гаргаж болно. 1970, ...80 оны үед хамгийн гүндээ 500-600 метр өрөмддөг байж. Одоо даруй 1500-2000 метр өрөмдөх боломжтой болсон.     -Эрдэнэтийн Овоо ордыг тойроод хичнээн илрэл байна?      -Ойролцоогоор тав, зургаан эрдсэн цэг илрэл байгаа. Мөн тодорхой шалгуур давсан Шандын орд бий. Бид энэ ордыг ч гэсэн гүйцээн судална. Мөн эрдэсжсэн цэгүүдийг орд болгох, хүдрийн биетийн гүнд нуугдсан далд хэсгүүдийг илрүүлэх зэрэг геологи хайгуулын ажлыг шат дараатай хийж явах нь Эрдэнэт үйлдвэрийн нөөц баялгийг нэмэгдүүлэхэд дөхөм болох юм. Одоогийн байдлаар ерөнхийд нь тооцоод үзэхэд 2016 оноос хойш Эрдэнэтийн Овоо ордын үнэ цэнэ даруй 10 дахин нэмэгдсэн эхний амжилтууд гарч байна. Манай геологичид хайгуул, судалгааны ажил ихээхэн өгөөж өгнө гэдэгт итгэл дүүрэн байгаа.       -Манайх геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт нийцсэн аргачлалаар хийж чадаж байгаа юу?     -Тэгэлгүй яахав. Олон улсад хэрэглэдэг, хамгийн сайн туршигдсан, шинэлэг арга аргачлалууд хэрэглэж байгаа. Сансрын тандан судалгаанаас эхлээд агаарын геофизик хайгуул. Мөн газар болон талбайн хайгуул. Талбайн хайгуул дотор маш олон судлагдахуун бий. Ашигт малтмалын орд илэрлийг олоход дунджаар 20 гаруй төрлийн геологи хайгуулын судалгаа хийсний эцэст тухайн ордыг оновчилж дүгнэлт гаргана. Эрдэс баялгийн нөөц өсгөх төслийн хүрээнд ойролцоогоор 500-аад мэргэжилтэн, 20 гаруй аж ахуй нэгж, Монголын туршлагатай, топ мэргэжилтнүүд зөвлөж бас гар бие оролцон хамтарч ажилласан. Мөн гадаадын зургаан орны шинжээчид бидний ажилд олон улсын түвшинд гүйцэтгэхэд хяналт тавих, зөвлөгөө өгөх зэргээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.      -Геологи хайгуулын анги маань экспедици болсон. Ингэснээр үйл ажиллагааны  цар хүрээ хэрхэн өргөжих вэ?     -Геологи хайгуулын анги үйлдвэрийн нэгэнт тогтоогдсон нөөц баялагт зонхилж үйл ажиллагаа явуулж байсан. Одоо Геологи хайгуулын экспедици болсноор олон чиглэлд ажиллана. Одоогоор Эрдэнэт үйлдвэр зэс молибдены чиглэлээр ажиллаж байгаа. Цаашид металл бус ашигт малтмалын нөөц нүүрс, төмөр, алт, мөнгө гэх мэт ямар ашигт малтмалыг стратегитаа уяж авч үзэх вэ гэдэг дээр бодлогоо тодорхойлно. Мөн зөвхөн Эрдэнэтийн Овоо орд, Эрдэнэт орчимдоо ажиллах уу, өөр бусад орд илэрлүүдийг хамарч үйл ажиллагаагаа тэлж корпорацийн түвшинд ажиллах уу гэх ерөнхий чиг хандлагыг Геологи хайгуулын экспедици гаргах ёстой. Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжил, зорилго чиглэлд Геологи хайгуулын экспедици чухал үүрэг гүйцэтгэнэ.       -Эрдэс баялгийн нөөц нэмэгдүүлэх ажлыг монгол мэргэжилтнүүд гардан гүйцэтгэж байгаа нь бас нэгэн онцлог. Төслийн эцсийн үр дүн хэзээ гарах вэ?      -Геологи хайгуулын чиглэлээр ийм өргөн цар хүрээтэй том хэмжээний ажил Эрдэнэт үйлдвэрт өмнө нь явагдаж байгаагүй. Энэ их хүн хүч, техник технологи ашиглан Монгол мэргэжилтнүүд геологи хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэж байгаа нь үнэхээр онцлог. Өмнө нь орос мэргэжилтнүүдийг дагах, тэдний шийдвэрийг харах байдлаар ажиллаж ирсэн. Ирэх жилээс үр дүнгүүд гарна. Эхний үр дүн нь ирэх дөрөвдүгээр сард Жорк стандарт руу шилжинэ. Олон улсад Эрдэнэт үйлдвэр баталгаатай болж байна гэсэн үг. Өмнө нь Шандын ордын хайгуулыг маш дутуу хийсэн. Бид гүйцээж байна. Тухайн үед техник эдийн засгийн алдаатай үндэслэл гаргасан байдаг. 40 км-ээс наашаа хүдрээ тээвэрлэж энд боловсруулах нь эдийн засгийн хувьд ашиггүй гарсан. Бид газар дээр нь цомхон зохион байгуулалттай, эдийн засгийн үр ашигтай үйлдвэр барих үндэслэл гаргаж байна. Зэсийн зах зээлийн үнэ, үйлдвэрийн өөрийн өртөг, хүчин чадал гурвын харьцааг зөв хадгалснаар Эрдэнэт үйлдвэр олон жил ашигтай ажиллах боломжтой. Үүнийг зохистой харьцаагаар цааш авч явахын тулд бүх талын судалгаа мөн хариуцлага хэрэгтэй.      -Баярлалаа.  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ил уурхайд өрмийн шинэ машин ажилд гарлаа

        Энэ сарын 14-нд Ил уурхайн техникийн шинэчлэлийн хүрээнд Өрөмдлөг, тэсэл-гээний хэсэгт СБШ-250 МНА-32 маркийн шинэ өрмийн машин угсарч ажилд гаргалаа. ОХУ-д үйлдвэрлэсэн уг машин нь 32 метр хүртэл өрөмдөх хүчин чадалтай, хийц сайтай, цахилгаан хангамж илүү найдвартай, жолоочийн бүхээг тав тухтай, удирдлага хяналтын самбарын систем боловсронгуй, өөрөөсөө тосолгооны системтэй зэрэг давуу үзүүлэлттэй аж. Шинэ “өрөм” ашиглалтад орсноор Ил уурхайн техникийн найдвартай ажиллагаа сайжирч, үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд ахиц гарна.     Энэ үеэр Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн орлогч Б.Барсбаатартай уулзахад: “Ил уурхайн парк шинэчлэлийн хүрээнд энэ оны хөрөнгө оруулалтын анхны шинэ техникийг бид угсарч ажилд гаргахад бэлэн болоод байна. Энэ нь Ил уурхайд ашиглаж буй зургаан өрмийн машинтай ижил загварынх юм. Удирдлагын хувьд бүрэн автоматчилагдсанаараа давуу талтай. СБШ-250 өрмийг гурван долоо хоногийн хугацаанд угсрах төлөвлөгөөтэй ажилласан. Бид хугацаанаас нь гурав хоногийн өмнө ашиглалтад хүлээлгэн өглөө. Угсралтын ажлыг өрмийн машинч, тэдний туслах, механикч, эрчим зүйч, тохируулгын инженер, слесарь, гагнуурчин, цахилгаанчин гэх мэт 14 ажилчин гүйцэтгэлээ. Сүүлийн 14 хоногт ОХУ-ын хоёр мэргэжилтэн тохируулгын ажлын зөвлөхөөр ажиллалаа. Гуравдугаар сард дахин нэг өрмийн машин угсарна. Ингэснээр ашиглалтын хугацаа дууссан хоёр өрмөө бүрэн шинэчилэх юм. Бид энэ зургаан өрмөөр 473100 уртааш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай

     Гаалийн ерөнхий газрын Орхон аймаг дахь  Гаалийн газраас Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрхзүйн газартай хамтран  Материал техникийн хангамжийн хэлтэс, Чанар хяналтын хэлтэс, Тээвэр ложистикийн албаны ажилтан албан хаагчдад өнгөрсөн пүрэв гарагт сургалт явууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны Оюу танхимд болсон уг сургалтаар   гаалийн байгууллагын үйл ажиллагаа, шинэ хөтөлбөр, гаалийн хууль тогтоомжийг сурталчлан таниулсан. Гаалийн байгууллага нь гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж, шалгуур хангасан аж ахуйн нэгжид итгэл хүлээлгэж, гаалийн хяналт бүрдүүлэлтэд нь  зарим хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих,  хууль ёсны худалдааг хөнгөвчлөх үүднээс Гаалийн ерөнхий газраас  Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор улсын хэмжээнд хоёр байгууллага нэгдсэн аж. “Манай улсын шилдэг аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэр бүхий л шаардлагыг хангаж байгаа тул  хөтөлбөрт  нэгдэн орох бүрэн боломжтой” хэмээгээд энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр үйлдвэрийн эдийн засагт хэмнэлттэй болохыг гаалийнхан тодотгов. Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан таниулснаар  гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахих түвшин дээшилж, гаалийн үйлчилгээ илүү хөнгөн шуурхай болох юм гэж Гаалийн газрын дарга Б.Майдармаа хэлсэн үгэндээ онцолсон юм.


Я.ТУЯА


 

    Б.Баасансүрэн даргын  унаган мэргэжил нь үнэндээ  уул уурхайгаас  хол, өөр мэргэжил. Тэр мэргэжлээ их л санаандгүй бөгөөд бяцхан адал явдалтайгаар сонгож байснаа дурдатгалдаа өгүүлсэн. 1982 онд түүнийг 10 дугаар анги төгсөхөд сурагчдыг  сурлагаар нь жагсаан, улаан шугам татдаг байж. Гэхдээ түүнд  улаан шугамны хаана жагсаж  байгаа нь тийм ч сонин байсангүй. Харин жолооч болох хүслээр “ өвчилсөн” хүүхэд байв. Сургуулиа төгсөөд,  цэргийн албанд мордож, тэнд жолооч болно гээд  шийдчихсэн явж байтал нэг өдөр  ангийн багш нь дууджээ. Яваад очтол, чи юун цэргийн алба хаах вэ, элсэлтийн шалгалтад ор гэж зэмлэж. Ингээд багшийнхаа хэлснээр шалгалт  өгч, уул уурхайн чиглэлээр гадаадад сурах эрхтэй болов.  Гэтэл  нөгөө бүлгийн  нэг хүүхэд  орос хэлний ярилцлагадаа унаснаас болоод  түүний сонгосон  машин үйлдвэрлэлийн анги сул үлдсэн байжээ.  Тэр үед ах нь ч түүнд “миний дүү, заавал гадаад хуваарь гэж байхаар сонирхлоо дагаад, машин техникийн чиглэлийн ангид эндээ сурвал яасан юм бэ”  гэж зөвлөх нь тэр. Ингэж  Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид элссэн түүхтэй. Хожим   нөгөө шалгалтандаа унасан хүүхэд таараад, би хуваариа буцааж авна гэсэн ч, “одоо тийм юм байхгүй, би хэдийнэ сонгосон” гээд өгөөгүй гэдэг. Тэр жил  Монгол Улсын  Их сургуулийн бүтцээс Политехникийн дээд сургууль бие даан тусгаарлаж, Машин үйлдвэрлэлийн технологи, металл боловсруулах суурь машин, багажны инженерийн ангид анхны  25 хүүхэд элсүүлсний нэг нь тэр байв. Харин өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа гурав, дөрөвхөн төгсөгчийн нэг нь Б.Баасансүрэн дарга юм.  Хөгжилтэй бас санаандгүй сонгосон энэ л мэргэжил нь түүний  амьдралын замыг зааж явна.
     Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уул ус тэгш хангай нутагт тэр  малчин айлын хүү болон мэндэлжээ. Сурагчийн амралтаараа нэгдлийн малтай  аав ээждээ тусалж, бусад үед сумын төвийн дотуур байранд эрдэм номын дуу сонсон хүүхэд насаа үдсэн. А үсэг таниулсан анхны багш,   амьдралын замд хөтөлсөн аравдугаар ангийн  багш нараа үргэлж санан дурсаж, тэр л сайхан хүмүүсийн гар дээр сурч хүмүүжсэнээ их хувь тохиол гэж тэр өгүүлнэ. Хүүхэд байхын их хөдөлгөөнтэй, авхаалжтай байсан нь одоо ч хэвээрээ гэж түүний ойр дотныхон ярьдаг. Тиймдээ ч наймдугаар анги төгсөтлөө хурдан морь унаж, бүсээ намируулан хүлгийн зоон дээр дарцаглаж өсчээ. Арван нэгэн хүүхэдтэй айлын дунд хүү,  ах дүү нар дотроо хамгийн адтай сэргэлэн  байсан тэрээр ажил амьдралын замд ч хамгийн эрэмгий, дайчин нэг нь. Үргэлж урагшаа харж, өөдөө тэмүүлж явдаг цог жавхаанд нь  багадаа давхиж хурдалсан  морьдынх нь  хийморь, сэрүүхэн өндөрлөг хэдий ч сэтгэл татам унаган нутгийнх нь нөмөр нөөлөг нөлөөлснийх буй заа.   

     Аав ээжээс илүү ачлалт бурхан гэж үгүй. Арван нэгэн хүүхдийг төрүүлж өсгөн, хүний зэрэгт хүргэсэн аав ээж хоёрыгоо тэр хүний дээд гэж хайрлан шүтнэ. “Миний аав насаараа мал дагасан, нутаг усандаа алдартай сайн уяач хүн байв. Манай адуу “Өвгөний зээрдүүд” гэж зүсээрээ танигдсан нэршилтэй. Аавын минь нэг дүр төрх ер санаанаас гардаггүй  юм. Зун морио хөлслөх гээд уул, нугаар явна. Тэгээд надаас их асууна, миний хүү аль морио унах вэ, алийг нь хөлслөх вэ гээд л. Миний унах морь, бас хөлслөх морь тусдаа байсных л даа. Аав минь тэгж хайр, хал хоёрыг зэрэг амсуулж өсгөсөн. Харин ээж минь хатуу талдаа хүн. Сахилгагүйтвэл сүү самарч байгаа шанагаараа цохиод авна. Тэгж л тэр олон хүүхдийг дэгтэй хүмүүжүүлсэн байх. Их ажилсаг,  дээл сайхан оёдог уран хүн байсан” гэж ижий аав хоёроо дурссан.  Хүн болох төлөвшлийн  эхний суурийг түүнд сумын сургуулийн тэр л бүлээн дулаахан орчин өгсөн гэдэг. Сургуулийнхаа дотуур байранд 8 дугаар ангиа дүүргэж, чухам тэрхүү цаг хугацааны орчил дунд хүний арга эвийг олох, бие даан амьдрах гээд олон чадваруудыг олж авсан хэмээн Б.Баасансүрэн дарга хуучилна.  Үндэс сайтай мод түмэн зүгтээ сүрлэг сайхан нахиалж ургадгийн адил хүүхэд ауйдаа ухаант аав ээж, ачит багш нараасаа өвлөсөн хүмүүжил нь түүнийг оюутны цэнхэр өдрүүд,  ажил хөдөлмөрийн гараанд ч хэлбэрэлтгүй хөтөлсөн юм.  
     Энх цагийн их хөгжлийн нэрийн хуудас Эрдэнэттэй тэр хувь заяагаар холбогдсон. Оюутны дипломын ажлаа  “Мушгиа өрөм үйлдвэрлэх оновчтой технологи” сэдвээр хамгаалж, үйлдвэрлэлийн дадлагаа өнөөгийн нэг гэр нь болсон Засвар механикийн заводдаа хийж байжээ. “Үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа л эзэмшиж буй мэргэжилдээ улам их “дурлаж” билээ. Үнэхээр сонирхолтой, машин хийх юм байна, машин үйлдвэрлэл гэж юу болох гэдгийг тэр үеэс л илүү сайн мэдэж авсан. Төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажиллах хүсэл ч  төрсөн дөө” гэж тэр Эрдэнэтийн хүн болох үеийн дурсамжаа хуваалцсан. Түүнийг сургуулиа төгсөхөд нь тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яамнаас Завхан аймагт хуваарилсан боловч Эрдэнэтэд  ирэх хүсэлтээ олон дахин хэлж байж, шинэ цагийн шилдэг бүтээн байгуулалтын өлгий хотыг зорин иржээ. Түүний анхны ажлын гараа  Эрдэнэт хотын Мод боловсруулах комбинатаас эхлэв. Механик инженер, цехийн даргын албыг нэр төртэй хашиж, тэр ч бүү хэл тухайн үеийн олон нийтийн хамгийн том байгууллага болох МХЗЭ-ийн Эрдэнэт хотын хороонд хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж, оюуны цараатай, чадварлаг удирдагч болохоо харуулж чаджээ. Хотын ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар даргын сонгуульт ажил аанай л түүний холыг харж, том сэтгэж чаддаг чадварыг нь дагаж ирсэн гэж хэлж болно.  

     1989 онд хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны бүгд хурал болов. Тус  хурал дээр Модны үйлдвэрийнхээ  ХЗЭ-ийн Хорооны даргын даалгавраар үг хэлэх болж,  ажилчин залуусын нийгмийн асуудлыг хөндсөн санал хэлсэн гэдэг. Залуучуудыг орон сууцжуулах  хөтөлбөрийг хэрэгжүүлье. Ингэхдээ залуучуудынхаа  хүчийг нэгтгээд, газрыг нь шийдэж өгөөд, өөрсдөөр нь орон сууц бариулая гэсэн нь хурлын төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татаж, удирдлагууд нь ч зөв зүйтэй асуудал дэвшүүллээ гэж үнэлжээ.  Ингээд тун удалгүй хотын ХЗЭ-ийн Хорооны сонгуульд  өрсөлд гэсэн санал ирж,  дэд даргаар сонгогдсон байна. Энэ бүхэн түүнд хамт олныг зөв удирдан чиглүүлэх, ямар ч ажилд манлайлан оролцох өндөр чадвартайгаа нээх боломж, бас арвин туршлага хуримтлуулах үүд хаалга нь болж өгчээ. Эрдэнэт хотын ХЗЭ-ийн Хорооны дэд даргаар ажиллаж байхдаа түүнд өөрийн мэргэжлээрээ Засвар механикийн заводад ажиллах бодол хэдэнтээ төрж,  тэр саналаа ч Эвлэлийн хорооны даргадаа хэлэв. Ингээд ЗМЗ-ын ерөнхий инженер Ц.Цогтсайхан, Орлогч дарга Х.Даваасүрэн,  Механик цехийн дарга Д.Цогтхангай нартай уулзахад нь уриалгахнаар хүлээн авч, “Баскагаа аль ажил дээр томилох вэ” гэж ярилцан, дотно хандаж байсан нь одоо ч мартагддаггүй аж. Харин тэр заводдаа л  ажиллаж байвал юу ч хийхэд  бэлэн гэсэн тэмүүлэл дүүрэн Цутгуурын цехэд мастераар ирж байв. Дараа нь Механик цехдээ  багажны хэсгийн мастераар ажиллаж байхад нь  Хөтөлийн Гангийн үйлдвэрээс ажлын санал хүлээн авчээ. Тэнд жил орчим ажиллаад, үйлдвэртээ эргэж ирсэн гэдэг. Ингээд төрөлх үйлдвэртээ технологи инженер, Засвар монтажийн цехийн орлогч дарга, Ган бөмбөлгийн цехийн дарга, Засвар механикийн заводын дарга гээд  үүрэг хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн газар бүхэнд очиж, хичээл зүтгэл, мэдлэг чадвараа зориулж явна.  
     Түүний түүхийг сонсоход тэр үнэхээр л Эрдэнэтэд амьдрах л ерөөлтэй хүн ажээ. Өөр газар орон, хамт олонтой ажиллах олон боломжууд гарсан ч тэр эргээд л Эрдэнэтийн овоондоо буцаад ирдэг гэнэм. “Эрдэнэт надад олон зүйлийг өгсөн. Оюутан ахуй цагтаа учирсан амьдралын ханьтайгаа гурван сайхан охины аав ээж бололцож, эдүгээ зээ нараа тойруулсан өнөр өтгөн айл болжээ. Хэн бүхний адил энэ  үйлдвэрт ажиллах болсноороо хязгааргүй их бахархаж,  Орос ах нарын үлдээсэн өндөр соёл, ажлын зөв арга барилыг эрхэмлэж явдаг. Оюутан ахуй цагаасаа л энд би өсөж, төлөвшиж, ажил хөдөлмөрийн эрдэмд суралцаж яваа гэж санана. Мастераас эхлээд ахлах мастер, хэсгийн дарга, хэлтсийн инженер, цехийн дарга хүртэл ахиж дэвшсэн энэ замд  Эрдэнэт үйлдвэр гэдэг өнөр бүл  намайг хөтөлж, хүн болгосон гэж ам бардам өгүүлнэ. Тиймээс юу чаддаг, юу мэддэгээ бас юу бодож яваагаа хэрэгжүүлэх боломж гэж би өнөөдрийн ажил албаа хардаг” хэмээн тэр сэтгэлээ  уудалсан.

     Б.Баасансүрэн даргын удирддаг Засвар механикийн заводын ирээдүй гэрэлтэнэ.  Тэр гэрэл гэгээг илүү тод болгохын төлөө түүний хамт олон  шинэ, өндөр түвшинд ажиллахыг зорьдог. Тиймээс ч Засвар механикийн заводыг 2018-2032 онд хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгаврын төслийг хамт олонтойгоо гүйцэтгэж, цаашид явах зам, зүг чигээ тодорхойлох нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар, мөн өөрсдийн инженер техникийн ажилтнуудын хүчээр бүтээгдэхүүний өртгийн шинэчилсэн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа төдийгүй Олон улсын ISO9001 стандартыг Заводынхаа үйлдвэрлэл, аж ахуйн бүхий л үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ  онд тус заводынхан Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих технологийг үйлдвэрлэд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд компанийн удирдлага гарын үсэг зурсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил нь эхэлж, 2020 оны эхээр технологио бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ бол ирээдүйн их хөгжлийн гараа, дэвжин дээшлэхийн эхлэл юм. Заводынхаа хувь заяаг атгаж байгаагийн хувьд Б.Баасансүрэн даргад үргэлж бодож явдаг нэг зүйл бий гэсэн. Энэ нь тус заводын техник технологийн шинэчлэлийг үе шаттай зөв оновчтой хийх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн олон улсын зах зээлд тэнцэхүйц стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нөөц боломжийн тухай. Үүнийг хэрэгжүүлнэ гэж тэр эрс шийдэмгий өгүүлнэ лээ.  
      Хүн бүхэн өөр өөрийн чадах зүйлийг хийж, амжилтанд хүрэх хичнээн сайхан. Түүн лугаа Б.Баасансүрэн даргын багийхан ингэж ажиллаж, ийм ихийг бүтээсэн шүү гэж харж, бахархах сайн ажил үйлсийг хойчдоо үлдээх нь түүний чин хүсэл. Өөрийн багт ажиллаж буй мэргэжил нэгт хамтрагч, залуусаа тэр үнэт баялаг хэмээн бахархдаг. Хүсэл эрмэлзлэлийнхээ төлөө  шинийг эрэлхийлж, цаг  үргэлж том  сэтгэж, холыг харах нь түүний бас нэг давуу чанар. Хүн болж төрсний их хувь заяа түүнд эрин зууны манлай хотод ажиллаж амьдрах ерөөл хайрласан шиг тэр өөрөө ч Эрдэнэтээ, Засвар механикийн заводаа их хөгжлийн оргил өөд хүргэх билэг ерөөлөөр дүүрэн явна. Түүний хэлсэнчлэн,  хөгжлийн бодлогоо зөв тодорхойлсноор бүс нутгийг хамарсан металл боловсруулах үйлдвэр төдийгүй улс орныхоо аж үйлдвэрийн тодорхой салбаруудын  машин, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, тоноглолын үйлдвэрлэлийн том төв болох цаг үе ойрхон гэдэгт итгэнэм.


М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн компанийн хэтийн төлөвд чухал нөлөөтэй хүдрийн нөөц бүхий орд, илрэлүүдийн геологи хайгуул болон эрэл үнэлгээний ажил газар дээрээ хэрхэн үргэлжилж буйг өнгөрсөн лхагва гарагт явж үзлээ. Үйлдвэрийн Хөгжил, их барилгын асуудал хариуцсан дэд захирал Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр болон Ерөнхий захирлын зөвлөхүүд тэргүүтэй холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг Ил уурхайгаас эхлээд Баруун хойд болон Төвийн ордоор дамжаад Завсрын хэсэг, судалгааны томоохон биет болох Оюут, Шандын орд дээр ажилласан юм. 1985, 2012 онд эрлийн хайгуулын шатанд нөөц тогтоосон Шандын орд дээр өрмийн гурван машин ажиллаж байна. Энэ удаа 1300 гаруй метрийн гүний түвшинд өрөмдлөг явуулсан нь анхны тохиолдол бөгөөд энд хүдэржилт байх магадлалтай дүн гарчээ.
     Ерөнхий захирал энэ үеэр “Хүдэржилт боломжийн байдалд харагдаж байгаа нь 300-400 метрээс цааш. Хэрэв нөөц тогтоогоод ашиглах болвол далд уурхайн асуудал яригдана. Далд уурхайн зардал илүү өндөр байдаг. Тэр утгаараа хүдрийн агуулга ямар байхад онцгой анхаарч байна. Зэсээ дагаад өөр үнэт металл байж гэмээнэ ордын үнэ цэнэ нэмэгдэх учиртай. Ойрын жилүүдэд геологи хайгуул, судалгааны ажил үргэлжилнэ” гэж ярив.
     Шандын орд дээр илүү нарийвчилж гүний хайгуул хийх, олон төрлийн эрдэс болон металл тодорхойлох, геологийн үнэлгээ хийж нөөцийг бүрэн тогтоох ажил давхар хийгдэж байна. Түүнээс гадна өрөмдлөгийн явцад гүний тодорхой түвшнөөс салаалах шинэ технологи ашиглаж байна. Нэг цооногоос олон салаа өрөмдөж зардал бууруулах технологийг энэ жилээс ашиглаж эхэлжээ.    
     Энэ жилийн геологи хайгуул нь агаар сансарын зургийн тайлал, геофизикийн аргачлалуудаас гадна талбайн урсгал сарнилын хүрээний болон хөрсний геохимийн дээжлэлтүүд, хувирлын зэрэг өмнө хийгдэж байгаагүй цогц ажлыг Эрдэнэтийн Овоо ордын эргэн тойрон 60 км радиуст хийж байгааг геологич онцолж байлаа. Мөн ашиглалт явуулж буй орд дээр олон улсын Жорк кодоор шалгалт, хяналтын өрөмдлөг болон нөөц, баялагийн үнэлгээний ажил хийж байна. Олон улсын туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүд энэ ажлыг удирдан явуулж  байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч “Гео сан” компани геофизикийн аргаар агаарын болон газрын тандан судалгаа, “Дипирамид” компани хувирал, структур, зураглал, “Тайтлайн ресурс”-ийнхэн нөөц, баялагийн үнэлгээ хийж байгаа аж. Мөн Геологи хайгуулын ангийн 20 гаруй ажилтан хээрийн ажилд байнгын хяналт тавьж, чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.          
     Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр геологийн болон талбайн судалгааны ажилд их хэмжээний хөрөнгө хүч зарцуулах болсон. 2017 онд өмнөх онтой харьцуулахад Геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн бол энэ жил 3,2 дахин өсгөжээ.

М.ОДГЭРЭЛ

 














 

     Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” соёлын өдрүүдийг Улсын Драмын Эрдмийн театрт зохион байгууллаа. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, бүтээн босгох, чухал судалгаа, шийдвэрүүдийг гаргахад гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлнтүүд, уурхайчид нэгэн дор цуглаж төрөлх үйлдвэрийнхээ 40 жилийн ойн баярын  хуралд оролцлоо. Мөн энэ үеэр уурхайчдын 40 жилийн амжилтыг харуулсан архивын ховор баримт материал, гурван үеийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, олны хүртээл болгосон.  

      Баярын хурал, хүндэтгэл ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Содном, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний сайд асан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга, Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Очирбат, Геологи, уул уурхайн яамны орлогч сайдаар ажиллаж байсан, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, зөвлөлийн гишүүнээр 20 шахам жил ажилласан Д.Рэнчинханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор Ч.Хурц тэргүүтэй Уул уурхай, аж үйлдвэрийн үе, үеийн сайдаар ажиллаж байсан эрхэмүүд, ахмадууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн Монголын талын дарга, гишүүнээр ажиллаж байсан, мөн тус зөвлөлийн хянан шалгах хорооны дарга, шинжээчээр ажиллаж байсан эрхэмүүд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирал, орлогч захирлаар ажиллаж байсан эрхэм хүндтэй хүмүүс, тус үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдаас бүрдсэн төлөөллүүд нэгэн дор цугласан.
      20-р зууны Манлай бүтээн байгуулалт болж, Дэлхийн жишигт эрэмблэгдсэн  Эрдэнэт үйлдвэрийн анхны шанг таталцаж, ажил үйлсээрээ дархалсан эрхэм уурхайчдадаа баяр хүргэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, УУХҮЯ, Монгол улсад суугаа элчин сайдын яам, хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд баярын мэндчилгээ өвөртлөн ирсэн.    

        Баярын хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн нээж үг хэлсэн. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудалд чухал шийдвэр, оновчтой бодлогыг хэрэгжүүлж ирсэн төр засгийн үе үеийн удирдлагууд болон Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон үе үеийн уул уурхайн яамны удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгоход залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт хотын анхдагчид, илгээлтийн эзэд, Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, Ахмадууд, Уурхайчид, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, ажилчдадаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлсэн. Мөн, “Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор агсан Ш.Отгонбилэг Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж, энэ үйлдвэрийг чадамгай удирдаж, Монгол хүний, Монгол инженерийн үнэлэмжийг өөрийн оронд болон дэлхийн бусад орнуудад үзүүлж чадсан, бүх шатны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гавъяатай хүн юм. Ийм учраас энэ баярынхаа өдөр Ш.Отгонбилэг агсныг дурсан санаж, түүний гэр бүл, үр хүүхдэд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон гүн хүндэтгэл талархалаа илэрхийлж байна” гэсэн. Мөн, “Энэ 40 жилийн түүхэн хугацаанд дэлхийд томд тооцогдох үйлдвэрийг 24 цаг тасралтгүй, доголдолгүй ажиллуулж чадах удирдах ажилтнууд болоод инженер техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэж, ийм том үйлдвэрийн сайн авч явах ажилтан ажилчдын бүхэл бүтэн “арми”-ийг бий болгосон нь Эрдэнэт үйлдвэрийн үнэт зүйл гэж би ойлгож байна” гэсэн юм. Тэрээр цааш нь, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны түүхэн амжилт, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярьж, шинээр боловсруулан хэрэгжүүлж буй үндсэн чиглэл, төслүүдийг танилцуулж, Эрдэнэт үйлдвэр энэ жилээс цааш дахин 60 жил ажиллах нөөцийг тогтоож, баталгаажуулсан тухай бахархан дуулгасан юм.       
     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн улс, эх орны хөгжилд оруулж ирсэн хувь нэмрийг онцгойлон тодотгож, “Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид та бүхэн  улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол улсын засгийн газар итгэл төгс байна” гэсэн.
     Уурхайчин хамт олонд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бие төлөөлөгчөөрөө дамжуулан илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

     Энэ үеэр мөн, компанид үр бүтээлтэй амжилттай ажилласан Автотээврийн байгууллагын хүнд даацын белазын  жолооч Б.Ууган-Эрдэнэ, Автотээврийн байгууллагын автомашины цахилгааны засварчин С.Энхболд нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр, “Уул уурхайн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр Засвар механикийн заводын ороомогчин, өндөр настан Л.Саруултуяа, Геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч Б.Октябрь, Засвар механикийн заводын цахилгаан ба хийн гагнуурчин Э.Оюунболд нарыг тус тус шагнаж, урамшуулсан.


     Ойн баярын үйл ажилалгаанд хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Уурхайчин” соёлын ордон, “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэрийн ажилчин, уран сайханчид, авъяаслаг уурхайчид “Хайрлан жаргах эх орон” хүндэтгэлийн концертоо толилуулсан юм.

     Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэ эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.
     Тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын ээлжит шийдвэрээр ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  болж, өнөөдөр цолыг нь гардуулж өглөө.
     Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ: Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, Монголросцветвет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм гэж онцолж байв.
     Мөн Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.
     ШУТИС-ийн профессор цол хүртсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.




 

 

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Элдэвтэй эр

     Одоогоос 18 жилийн өмнө энэ шавилхан залууг би  таних болсон юм. Гадаад дүр төрх нь “Аман хуур” киноны  Соном өвгөнийг санагдуулах эл эрийг Дамбийн Одсүрэн гэдэг. Гадна, дотнын мэргэжлийн танилууд нь “Эрдэнэт”-ийн Одсүрэн гэх. Эрдэнэт үйлдвэрийнхэн Баяжуулахын Од хэмээнэ. Түүнийг таньж, мэдэхгүй хүмүүс ийн дотно ханддаг нь эрхэлсэн ажилдаа эзэн байж, мэргэжлийн ур чадвараараа олонд танигдсаных биз. Нэгэн цагт Сайншандын Төмөр замын боловсон хүчний дарга асан Майдарын Дамбийнх 15 хүүхэдтэй айл байх.  Одсүрэн тэдний 10 дахь хөвгүүн нь. 15 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нь төмөр замчнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Түүний ээж Самбуугийн Цэрэнбалжир гэж өндөр насалсан, буянтан байв. Эдүгээ үр хүүхдүүд нь бүгд тус тусын ажил алба эрхлэн улс орондоо өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулж явна. Түүний ханийг Жигжидсүрэнгийн Долгорлхам гэдэг. Тогооч мэргэжилтэй. Шүлэг бичих авьяастай. Хотын төвийн 19-р цэцэрлэгт амтат хоол хийн бяцхан үрст үйлчилж, хорооллын хашаандаа ногоо тарьж, цэцэг үрслэн суух. Энэхүү аав, ээжийнх нь хөдөлмөрч тууштай зан чанар, авьяас билгийг төрсөн үр хүүхэд нь өвлөсөн бололтой. Том хүү  О.Анхучрал нь Триатлионы  холбоонд тамирчин дасгалжуулагч. Уулын ашиглалтын механик инженер мэргэжилтэй. Триатлионы спорт сонирхогчдын хоёр удаагийн улсын аварга тамирчин. Дунд охин О.Азжаргал нь 2002 онд Монгол улсын урлагийн үзлэгийн “Бяцхан тод авьяастан”-аар шалгарч байв. Харин авьяас билэг нь хожим тодрох ирээдүйн нэгэн төлөөлөл нь бага охин Бөртэ-үжин бөлгөө...

     Энэхүү хөргийн эзэн Улаанбаатар хотын Тээврийн ТМС-ийг улаан дипломтой төгсөж, гагнуурчны дөрөвдүгээр зэрэг эзэмшээд  Эрдэнэтийн “отгон” илгээлтийг өвөрлөж ирсэн залуусын нэг. Түүний ажлын дадлага туршлага бүтээлч хөдөлмөрөөс суралцсан олон арван залуус буй. Одоо түүний шавь нараас Эрдэнэт үйлдвэрт найм нь, Оюутолгойд хоёр нь ажилладаг гэнэ.
     ...Д.Наранбаатар даргатай Засварын хэсгийнхэн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тасралтгүй  үйл ажиллагааг ханган ажилладаг. Ээлжит болон ээлжит бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг хамт олон. Бутарсныг эвлүүлж, салсныг нийлүүлж, хуучирсныг шинэчилдэг нь гагнуурчны ажлын онцлог. Одсүрэн үр дүнтэй, өндөр бүтээлтэй, гар сэтгэл нийлэн ажилладаг  бригадын дарга Ш.Эрдэнэбат, залуу ажилтан Н.Отгондорж, Э.Батзаяа, Э.Гомбодорж, Э.Энхбаяр, С.Бат-эрдэнэ нарынхаа ажил үйлсээр бахархаж явдаг гэсэн. Нимгэн зузаан төмрийг ямар электродоор хэрхэн яаж гагнах нь тухайн мэргэжилтнээс нарийн мэдрэмж шаардана. Бид бол төмрийн мэс заслын эмч нар юм гэж тэр ажил мэргэжлээ тодотгов. Түүний хэсгийнхэн Бүтээмж чанарын “Эв нэгдэл” дугуйлангийн гишүүд. Тэд олон бүтээлч санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.  Одсүрэн хотын төвөөр алхахдаа хийсэн ажлаа ярих. “10-р хорооллын шугам хоолойны засварыг хийж, Уурхайчин соёлын ордны өмнөх лед дэлгэцийн суурийг би гагнаж босгосон. 400 метр газар, Эрдэнэт хотын цэвэр усны шугамыг би шинэчлэн сольж байлаа” гэж “томорно”. Манай Засварын хэсэг 150 ажилтантай. Даргын нарийн бичиг, үйлчлэгч хоёроос бусад нь эрчүүд. Сайхан даа гээд хариу нэхсэн харцаар намайг ширтэх. Тэрбээр улс төр, уран зохиол, урлаг спорт, уул уурхайн сэдвийг хөндөж ярих дуртай. Өөрийн үзэл бодлоо хамгаалж баримтаар нотлох гэж чигээрээ зүтгэнэ. Маргасан нөхцөлд бууж өгөхгүй зөрүүдэлнэ. Энэ нь түүний ямарваа нэг ажлыг гүйцэт хийж санаа амардаг, хөдөлмөрч зангийн илрэл мэт. Түүний нэг дутагдал нь хүнд үгүй гэдэггүй. Би чадахгүй, амжихгүй гэж хэнд ч хэлж үзээгүй гэхэд болно. Ямартаа нэг найз нь Эрдэнэтийн байшингийн булан тойроод ирэхээр  Од л гагнуур хийж суух юм гэхэв. Учир нь Эрдэнэтийн орон сууцуудын нэг давхарт  үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээхэд Одсүрэн гагнуур хийн ажилласан байдаг. Анх түүний хаалга үүдийг нь нээсэн байруудад одоо үсчин, гоо сайхан, цайны газар ажиллаж буй. Ингэж тэр олон байгууллага, хувь хүнтэй ойртон дотносож хөдөлмөрлөсөн хүртээмжтэй эр. Тэр түмэнд хүндлэгдсэн хөдөлмөрийн сайчуулын нэг. Хэтийдсэн магтаал зарим хүнийг ичээх нь бий. Харин “хийсэн ажилтай, хэлэх үгтэй” Одсүрэн шиг аливаа юманд эвсэлтэй  элдэвтэй эрийг сайшаахад ичих зүйл алга. 

     32 жил гагнуурчнаар ажилласан түүний хийж бүтээснийг энд жагсаавал хэдэн хуудас материал болно. Баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин Дамбийн Одсүрэнгийн ажилласан хугацаанд хийсэн гагнуурын оёдлын уртыг тооцоход олон зуун километр гарч байх жишээтэй. Нэг баримт дурдахад 2000 онд Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг далайцтай хийж  КМД, КСД бутлуурыг цаг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөд тэр бусдыгаа манлайлан оролцжээ. Ер нь тэр зүгээр сууна гэж үгүй. Үндсэн ажлынхаа хажуугаар Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн усны шугам хоолойн ажилд гар бие оролцон ажилласан байна. Чи унтаж амардаг юм уу гэхээр... Орой амраад эрт босоод сурчихсан юм. Хүн ажиллаж байхдаа амардаг байхгүй юу гэж ам таглана.  Найз нөхөд нь “Аман хуур”-ын  Соном оо гэж хошигнож дуудахаар би тэр хүн биш ээ. Харин төрсөн жилтэйгээ ямар нэг талаараа адилхан байж болох юм гэх. Нээрээ л “элдвийн зүйлийг элэглээд байдаг, илбэч эрдэмтэй бичин” жилтэн тэр бөлгөө. Тиймээс юм бүхэнд авхаалж самбаатай, овсгоотой. Хүн хийе бүтээе гэсэн сэтгэл байхад болохгүй зүйл бүтэхгүй ажил байхгүй гээд л зүтгэнэ. Энэ нь түүний бусдаас ялгарах давуу тал. Барилдаад уначихаараа дахиад нэг үзчихье гээд зууралдаад салахгүй. Хэрвээ тэр урлаг, спортоор тууштай хичээллэсэн бол юм дуулгах байсан нөхөр. Техник мэргэжлийн сургуулийн оюутан явахдаа гар бөмбөгийн шилдэг холбогч байж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж явсан “толгой”.  Мөнхүү нийтийн цэнгээнт бүжгийг гаргууд хийнэ. Баяжуулах үйлдвэрийн ахмадын “Од” бүжгийн хамтлагийн гишүүн. Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан,урлаг спортын олон талын авьяастай, ийм нэгэн элдэвтэй эрийн энгэрт эрхэт төрийн одон гялалзах цаг ирсэн мэт ээ.

 


Т.БАТЧУЛУУН
 

     Энэ сарын 12-нд Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Архивын товчооны дарга Б.Одонтуяа нар хамтран ажиллах, туршлага судлах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хоёр тал архивын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, цахимжуулах чиглэлд хамтран ажиллахаар болов. Энэ үеэр Б.Одонтуяа: “ Бид энэ ажлын хүрээнд мэргэжилтнүүдээ солилцох, төрөл  бүрийн сургалт явуулах, цахим  программ хангамжийн туршлага солилцох  зэрэг мэргэжлийн чиглэлийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахаар зорьж байна” гэв.  Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Архивын газрын мэргэжилтнүүд, хотын найман дүүрэг, ЗДТГ-ын архивын тасгийн дарга нарын 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцлоо.


М.ЖАВЗАНПАГМА

     Дорнодын талаас газрын тос оргилсон тэр намар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагбулагт цагаан дээлээ үнэт тосоор мялаан сэтгэл дүүрэн инээд алдан буй дүрс бүхий мэдээг телевизээр үзэж байхдаа  хожим уул уурхайн сэтгүүлч болоод эрхэм энэ хүмүүнтэй ярилцаж суухын чинээ зүүдлээгүй явлаа. Хүний амьдрал баялаг агаад таашгүй. Бид гурвантаа уулзаж эрдэс баялгийн салбарын талаар ярилцаж байгаа ч энэ удаагийнх илүү элгэмсүү, нээлттэй өрнөлөө.

-Та Завхан руу сайн явж ирэв үү?
-Сайхан яваад ирлээ. Би чинь Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн шүү дээ. Бунхантын өвөлжөөнд төрсөн юм.

-Бунхант гэдэг ямар учиртай нэр вэ?
-Манай өвөлжөөний бэлд найман бунхан байдаг юм.Их Монголын үеийн язгууртан хүмүүсийн булш оршдог юм гэнэ лээ.

-Ингэхэд таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би долоон нас хүртлээ нутагтаа байсан. Аав маань намайг таван настай байхад өөд болсон. Бага дүү Жамбалралди маань нэг ой дөнгөж өнгөрч байсан. Дүүгээ харж, ойр зуурын аргал түлээ ойртуулах төдийхнөөр ээждээ тусалдаг байсан биз. Манайх Хавцгайт, Шаврын гол хавиар зусдаг, Бунхант, Ханан, Тулгын өвөлжөө сэлгэн нутагладаг айл байсан юм билээ. Би Бунхантад, миний дүү Дондовсамбуу Хананд, бага дүү Жамбалралди Тулгад төрсөн гэдэг. Өвөлжөөний орчимд худаг, ус байхгүй цасны хунгар хайлж уудаг байлаа. Зун Шаврын голоос усаа зөөнө. Хүний өөрийн хурга ишиг эргүүлсэн шиг өдрийг өнгөрөөнө. Айлын хүүхдүүдтэй шилбүүр унаж уралдаж тоглох ийм л ажилтай байсан байх.

-Та хэдтэй хотод орж ирсэн бэ?
-Намайг найман нас хүрэх жил ээж маань хотод нүүж ирсэн. Нүүх ч гэж дээ, тэмээний тэнгийн нэг талд хамаг хөрөнгөө хийсэн, нөгөө талд нь намайг арганд хийгээд тэгнэчихсэн, 10-аад хонь туугаад, ээж минь хээр морио унаад, гэр оронтойгоо нүүж явсан Галбадрахынх гэдэг айлыг бараадан сар гаруй явж Улаанбаатар гээч газар ирж байлаа шүү дээ.

-Та чинь хоёр дүүтэй юм шиг байсан. Яагаад ганцаараа тэмээнд тэгнэгдэж ирдэг билээ?
-Дондовсамбууг багад нь авга ахынд өргүүлчихсэн юм билээ. Бага дүү Жамбалралдийг зун хот руу явахын даваан дээр айл ирээд аваад явчихсан. Би дүүгээ өгөхгүй гэж уйлж унжиж, зуураад тавихгүй өчнөөн юм болсон. Хөөрхий дөө, муу ээж минь хүн танихгүй, газар мэдэхгүй нутагт хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрахав гэж бодож, бас үр хүүхэдгүй нэг ч гэсэн айлд үрийн заяа хайрлах гэсэн юм байлгүй дээ. Чи хэрэггүй юм асууж байж баахан гуниг зарлуулчих юм. Гэхдээ яахав, миний хүүхэд нас энэ.

-Бүр сэтгэл эмзэглэчихлээ, уучлаарай. Та тэгээд хотод ирээд ямар сургуульд оров?
-Хотод ирээд Амгаланд суурьшсан. Амгаланбаатар хотын 8-р сургуульд бүртгүүлэхээр хамар хашааныхаа хүүхэдтэй очсон юм. Бүртгэж байгаа багш овог нэрээ хэл гэсэн. Би ойлгохгүй дуугүй зогсоод л байсан. Багш асуултаа давтахдаа чамайг хэн гэдэг вэ гэж асуухад нь би Очирбат гэсэн. Аавын чинь нэр хэн бэ? гэхэд нь би аав байхгүй гэсэн. Тэгвэл ээжийнхээ нэрийг хэл гэсэн. Би Пунсалмаа гэж хэлсэн. Энэ өдрөөс би Пунсалмаагийн Очирбат болсон хүн дээ.

-Та яагаад аав байхгүй гэж хэлсэн  юм бэ? Та аавтай ш дээ.
-Тийм л дээ. Гэхдээ бурхан болсон хүний нэр хэлж болохгүй. Лам хувраг байсан хамаатан садан, ойр төрлийн хүнийхээ нэрийг хэлдэггүй цээрлэдэг байсан болохоор тэр байх. Миний аав Гонсын Гэндэнжав гэдэг чинь Галуутайн хүрээний зурхайч лам байгаад хүрээ хийдийг тараахад “хар” болж ээжтэй минь гэрлэж, би төрсөн юм гэнэ лээ. Чи мөн үгэнд дуртай хүүхэд юм аа.

-Уучлаарай, мэргэжил минь ийм юм аа. Хэр сурагч байсан бэ?
-Би бусдын адил л хүүхэд байсан. Бөмбөг өшиглөдөг, лабтуу цохидог, ширээний теннис тоглодог, бас ном уншдаг, онц сурдаг сурагч байсан. Харин аравдугаар ангиас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхсон. Харамсалтай нь миний хүслээр болоогүй.

-Та Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн байх аа. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Аж үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан мэргэжилтнээр нэг жил ажиллаад Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр томилогдож зургаан жил ажилласан. Эндээс миний ажлын гараа эхэлсэн гэж үздэг дээ.

-Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар ажиг сураг сонсдог байв?
-Хамгийн түрүүн Эрдэнэтийн овоо гэдэг газар Чехүүд хайгуул хийдэг гэж сонссон. Харин Эрдэнэтийн үйлдвэрийн талаар бол 1972 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилогдоод байхад Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудлыг хариуцаж ажиллахыг М.Пэлжээ сайд надад үүрэг болгосон.

-Тэгвэл та Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй эрт холбогдсон юм байна...?
-Би Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй 1972 оны тавдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн холбогдсон. Энэ өдөр намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилсон юм. М.Пэлжээ сайд намайг дуудаж уулзаад эхэлж хэрэгжүүлэх долоон төрлийн ажлын даалгавар өгсний нэг нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудал байсан. Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудал Монгол Зөвлөлтийн эдийн засгийн харилцаанд мөрдөж байсан журам дүрмийг зөрчсөн, дүрмийн гадуур урьд өмнө байгаагүй хурдтай тоглолт болсон юм. Ордын нөөц батлагдаагүй байхад ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлах, улмаар уулын баяжуулах үйлдвэрийн техникийн зураг төслийн даалгавар боловсруулах, уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот, төмөр зам, авто зам зэрэг барилга байгууламжийн талбайг сонгох комисс байгуулагдан ажиллах шийдвэрүүд ар араасаа ойрхон гарч хэрэгжүүлсэн.

Эрдэнэтийн Зөвлөлийн гурван дарга Костин Владимир Николаевич, Пунсалмаагийн Очирбат, Дугарын Рэнчинханд нар. 1974 он.

-Та түрүүн ордын нөөцийг баталсны дараа хийгдэх ажлууд түрүүлээд хийгдээд явсан юм ярилаа. Ордын нөөц чухам хэзээ батлагдсан юм бол?
-Эрдэнэтийн овооны Зэс-молибдений ордын нөөцийг Зөвлөлт, Монголын нөөцийн комиссуудын хамтарсан хурлаар 1972 оны 12-р сарын 18-ны өдөр баталсан шиг санагдаж байна. Чи түрүүн Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй та ямар холбоотой вэ? гэж асуусан. Товчхон хэлбэл 1972-1976 онд болсон Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл явдалд би холбоотой.

-Тэгвэл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан таны хувь нэмрийн тань талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцмаар байна л даа.
-Эрдэнэтийн бүтээн байгуулалтад нэг хүнд хамаатуулах юм тун бага. Энэ бол хамтын бүтээл. Тэр тусмаа Монгол, Зөвлөлтийн олон арван зураг төслийн байгууллага, олон мянган барилгачин, олон зуун инженерийн хамтын хөдөлмөрийн үр дүн. Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1973 оны 11-р сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Игнатий Новиков нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр байгуулагдахаас өмнө 1973 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэтийн овооны ордыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ, техникийн зураг төслийг Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газраар батлуулах болон засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах ажилд тус салбарыг хариуцсан орлогч сайдын хувьд байнга оролцож ажилладаг байлаа. Эрдэнэтийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бол цэвэр манай яамны, миний хариуцах ажил байсан. Би энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Хамтарсан үйлдвэрийн удирдах дээд байгууллага нь Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл байсан. Энэ Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга нь би байлаа. Зөвлөлтийн хэсгийн дарга нь эхлээд ЗХУ-ын өнгөт металлургийн яамны орлогч сайд Костин Владимир Николаевич, дараа нь Тюряков Александр Феодорович болсон. Хамтын үйлдвэрийн Зөвлөл анхныхаа хурлыг 1974 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийж хурлыг Монголын хэсгийн дарга би даргалж, хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлаар Зөвлөлтийн иргэн Шлыков В.А-ийг, нэгдүгээр орлогч захирлаар Монголын иргэн Д.Лхагвасүрэнг томилж байлаа. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамны орлогч сайд Э.Бямбажав, Материал техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга А.Юндэндорж, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны орлогч дарга Д.Жамбалдорж, Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны төлөвлөгөөний хэлтсийн дарга Г.Дорж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн нар байсан. Эд нар мартагдах учиргүй анхдагч хүмүүс юм шүү. Бид Эрдэнэтийн асуудлыг хамтарч шийддэг байсан. Би энэ ажлыг 1976 оны зургадугаар сар хүртэл хийгээд өөрийн хамтран зүтгэгч Дугарын Рэнчинхандад хүлээлгэн өгч байлаа.

-Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон түүхээсээ хуучлаач?
-Эрдэнэтийг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаас нь эхлээд шүүлт хийх, нэмэлт өөрчлөлт хийж холбогдох дээд байгууллагад оруулж, хамгаалж батлуулах, барилга байгууламжийг эхлүүлэх, анхны 4 сая тонн хүдэр олборлох, ил уурхайг ашиглалтад оруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг эхний жилд нь эзэмших техник-технологийн болон мэргэжилтэй ажилчдаар цаг хугацаанд бэлтгэх ажлыг бүрэн хангаж байлаа. Энэ нь үйлдвэрийн дараагийн ээлжүүдийг ашиглалтад хүлээж авах суурь болдог юм. Уулын инженерийн хувьд оруулсан хувь нэмэр гэвэл Эрдэнэтийн овооны ордын ашиглалтын систем, горимын тооцоог хийж зураг төсөлд нь өөрчлөлт оруулах санал тавьж, уулын үндсэн малталтын эхний үеийн хэмжээг 14 саяас 7 сая шоо метрээр багасгаж анхны хөрөнгө оруулалтыг 30 сая рублиэр багасгаж, тэр хөрөнгийг Засвар механикийн заводыг барихад шилжүүлэн хэрэглэх боломжийг бүрдүүлж байлаа. Энэ аргачлал дээрээ үндэслэн Техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дээр 1975 онд хамгаалсан юм. Ингэж Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.

-Ер нь та дэлхийд данстай энэ үйлдвэрийн Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд оруулсан өгөөжийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Асар их хувь нэмэр оруулсан. Бүтээгдэхүүний үнэ тогтоох, валют санхүүгийн тооцооны аргачлалын зөрүүгээс шалтгаалж 1981 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай, Монгол улсаас дотаци өгдөг байлаа. Энэ нь Зөвлөлтийн гадаад худалдааны доогуур, Монголын дотоодын бөөний үнийн дээгүүр байсны зөрүүгээс үүдсэн алдагдал байсан. Энэ гажуудлыг Монголын эдийн засагчид арилгах талаар шаргуу хөөцөлдсөний дүнд 1984 онд талууд харилцан зөвшөөрч хэвийн болгосон юм. Ер нь Эрдэнэтийн үр ашиг өгөөжийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө тэндхийн үе үеийн удирдлагууд байнга санаачилгатай ажиллаж, техник технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж, хүч чадлаа нэмэгдүүлсээр уурхай гүнзгийрэх тутам хүдрийн агуулга буурдаг байгалийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй хамгаалж, өндөр байлгаж чадсаар ирсэн гавьяатай улс.Зах зээлд шилжих хүнд үед монголын эдийн засгийг малчид, уурхайчид нуруундаа үүрч гарсны дотор Эрдэнэт үйлдвэр гадаад худалдааг бараг дангаараа авч гарсан шүү дээ. Эрдэнэтийн гүйцэтгэсээр байгаа нэг гавьяат үйлс бол уул уурхайн мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг “Их уурхай” болж чадсан явдал юм. Уурхайн “хүмүүн капитал” гээчийг жинхэнээр нь үйлдвэрлэдэг газар бол Эрдэнэт. Мөнгөн болоод хүмүүн капиталыг 40 жил үйлдвэрлэсэн Эрдэнэт үйлдвэр дахиад 40-өөс доошгүй жил тасралтгүй үйлдвэрлэх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ бол уурхайчин бидний итгэл юм шүү.

-Хэрэв та Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал бол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт шинэчлэлт хийх байсан бэ?
-Хэрэв би Эрдэнэтийн Ерөнхий захирал байсан бол Шагдарын Отгонбилэг болон түүний багийнхны хийснийг л хийх байсан. Эдүгээ цагийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, түүний багийнхны хийж байгааг л хийх байсан. Ш.Отгонбилэг бол социализмын хаалттай хязгаарлагдмал үед Монголын уул уурхайг дэлхийд нээж өгсөн хүн. Бадамсүрэн бол дэлхийн уул уурхайг монголд нээж байгаа хүн. Энэ онд Бадамсүрэн дэлхийн 15 орны уул уурхайн салбарынхныг Эрдэнэтэд цуглуулж тэднийг өөр хооронд нь өрсөлдүүлж чадаж байна билээ. Би очиж үзсэн. Бахархаж байсан. Залуу байсан бол хийх л ажил даа гэж бодож явсан.

-Монголын уул уурхайн салбар таны амьдралтай салшгүй холбоотойг гэрчлэх сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний эзэмшсэн мэргэжил гэж тухайн хүний амьдралтай салшгүй холбоотой байдаг эд юмаа. Би төрийн тэргүүн байж үзлээ. Хийх ажил их байсан. Тэдэн дотроос давын өмнө өнөө л уул уурхайгаа шүүрээд авсан байх юм. Улсын валютын сан хөмрөг дундраад ирэхийн цагт юун түрүүнд “Алт хөтөлбөр” толгойд ороод ирэх юм. Бензин шатахууны гачигдалд ороод ирэхээр “Нефть хөтөлбөр” өөрийн эрхгүй хөтлөөд явах юм. Их Британы дэлхийд алдартай Бритиш Петролиум компани дээр Лондонд очоод манай монголд нефть байна уу? гэж сураглаад, дагуулж ирж судлуулаад, Америкийн СОКО интернейшнлийн Эдуард Сторийг ятгаж байж өрөмдүүлээд баярлахдаа гоёлынхоо дээлийг нефтээр мялааж байлаа шүү дээ. Үүнээс сайхан дурсамж гэж юу байхав.

-Таны энэ цагийн бодол, мөрөөдөл...?
-Алт, Нефть, Оюу толгой, Таван толгойн баялаг ард түмний минь нурууг тэнийлгээд сэтгэлийг нь амраагаад өгөөсэй л гэж бодож мөрөөдөж сэтгэлээ чилээж сууна даа.

-Таны үр удмаас мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?
-Байлгүй яахав. Миний зээ хүү Аранжиндорж Санктпетрбургийн Уул уурхайн их сургуульд суралцаж төгссөн. Уулын инженер. Миний бага охин бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. Эрдэс баялгийн салбарын бизнест хүчин зүтгэж байна.За, үг олдож үхэр холдлоо. Ингэсхийгээд өндөрлөх үү дээ, хоёулаа.Эрдэнэтийн гэрэлт ирээдүйд итгэл төгс байна. Уурхайчдадаа 40 жилийн ойн баярын мэнд хүргэе!

-Цаг зав гаргасан танд баярлалаа.


Эрдэнэтийн Зөвлөлийн хоёр дахь дарга Тюряков Александр Феодорович, Пунсалмаагийн Очирбат нар. 1990 он.


М.ОДГЭРЭЛ

     Эрдэнэт үйлдвэр оны эхний есөн сард 712 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулсан нь төлөвлөгөөнөөс 14 сая кВт-аар илүү гарчээ. Тайлант хугацаанд хүдэр боловсруулах төлөвлөгөө  101,8 хувийн биелэлттэй байсан нь ийнхүү цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихсэхэд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр гурван тарифт тоолуур хэрэглэснээр үйлдвэрийн хэмжээнд 2,2 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэмнэсэн байна. Мөн  269 мянган Гкал дулаан хэрэглэсэн нь төлөвлөгөөнөөс даруй 21 мянган Гкал-аар хэтэрчээ. Энэ хугацаанд цэвэр ус 18 сая м3, бохир ус 5,2 сая м3, эргэлтийн ус 59,3 сая м3-ийг хэрэглэжээ.

Я.ЭНХ

Даваа, 15 10-р сар 2018 00:00

Эрдэнэт үйлдвэр эхний 9 сард

     Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  энэ оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100-116 хувиар биелүүлэв. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад манай уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллалаа. Энэ хугацаанд  400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


Я.ЭНХ

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог