Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Хөгжлийн түүчээ

Хөгжлийн түүчээ (35)

     Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбоо Хамтын гэрээний хэрэгжилтийг хангах  ажилд анхаарлаа хандуулж, хамтарсан ажлын хэсгүүд ажилдаа ороод буйг холбооны удирдлага мэдээлэв.  Тухайлбал, 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс ажиллагсдын  ажлын нөхцөл болон удаан жилийн нэмэгдлийг шийдвэрлүүлэхээр тооцоо судалгааг бэлэн болгожээ. Мөн Ил уурхай, Авто тээврийн байгууллагын зарим хэсгийн хүнд машин механизмын жолооч, ажиллагсдын ажлын байрны нөхцөл, цагийн хуваарилалтыг зохицуулах ажлын хэсэгт ҮЭ-ийн Холбооны төлөөлөл хамтран ажиллаж байна.
     Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны анхдугаар форум ирэх 11 дүгээр сард болно. Үүнтэй холбогдуулан тус форумыг зохион байгуулах ажлын хэсгээс үйлдвэрийн ажилтан, гишүүдийн дунд форумаар хэлэлцэх асуудлаар санал асуулга явуулах юм. Үйлдвэрчний Эвлэлийн холбооны цаашдын ирээдүй, урт хугацааны бодлого хөтөлбөрт  өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой уг санал асуулгад  биечлэн болон цахим хэлбэрээр гишүүн бүр оролцох аж.
     Анхдугаар форумын бэлтгэл ажлын хүрээнд тус ҮЭ-ийн Холбооноос өөрийн байгууллагын бэлгэдэл, тайлбар бүхий лого зохиох  уралдаан зарлахаар шийдвэрлэжээ. Аливаа байгууллагын бэлгэдэл тэмдэг нь цаг үеэ дагаад, боловсронгуй болон өөрчлөгддөг. Энэ үүднээс тус  холбооныхон байгууллагынхаа бэлгэ тэмдгийг шинэчлэхээр болжээ. Уг уралдааныг Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, чөлөөт уран бүтээлч, эх бэлтгэгчдийн дунд нээлттэй зарласан байна. Лого зохиох уралдаанд оролцогчид бүтээлээ 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 8-ны дотор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбоонд ирүүлэх юм байна.

 


 

     Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа  биеийн тамир, спортын авьяас чадварыг хөгжүүлэх, спортоор дамжуулан эрүүл энх хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон талын хөтөлбөр, бага наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын бага наадам нь тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд өргөн утга агуулгатай болж буйгаараа онцлог юм.  
     Хангарьд паласын өмнөх хөл бөмбөгийн ногоон талбайд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын спортын гуравдугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны эхэнд үйлдвэрийн бүх цех хэлтсийн хамт олны төлөөлөл, баг тамирчдын жагсаал талбайг чимэв. Наадмын үйл ажиллагааг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх  нээж, нийт тамирчиддаа өндөр амжилт хүсэж, мэндчилсэн юм. Тэрээр “1991 онд Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд их спортыг дэмжих зорилгоор спорт цогцолборын дэргэд Хангарьд клубыг байгуулах шийдвэр гаргаж байсан нь эдүгээ тив дэлхийд алдартай олон тамирчдыг төрүүлэх үндэс нь болсон” гэдгийг хэлсэн үгэндээ дурьдав.  
     Нээлтийн үйл ажиллагааны нэгэн бахархалтай үйл явдал нь Монгол төрийн далбаа болон Эрдэнэт үйлдвэрийн тугийг залах ёслол байлаа. Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа, Б.Батбаяр, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Жанчивдорж, Д.Цагаан-Эрдэнэ, Гавьяат дасгалжуулагч  Ч.Раднаабазар тэргүүтэй зууны манлай үйлдвэрийн алдартан, цуутай тамирчдын төлөөлөл Монгол улсын төрийн далбаа, Олон улсын Олимпын хорооны хүндэт туг болон Эрдэнэт үйлдвэрийн сүлд тугийг спортын гуравдугаар бага наадмын хойморт  хүндэтгэлтэйгээр залав. Энэ үеэр төрийн дуулал эгшиглэж, дараа нь бага наадмын шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөлөө. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүрээнд болж буй Спортын гуравдугаар бага наадамд нийт 1400 тамирчин спортын 11 төрлөөр 381 багц медалийн төлөө авхаалж самбаа, авьяас чадвар, бяр хүчээ сорин өрсөлдөх юм.  “Энэ удаагийн бага наадмын спортын төрөлд газрын теннис шинээр орж, оролцох цехүүдийн тоо  нэмэгдсэнээр наадмын цар хүрээг тэлж байна. Долоо хоногийн турш үргэлжилж, дүнгээ гаргана”  гэж тус бага наадмын Ерөнхий шүүгч,  спортын мастер М.Отгонбаяр онцоллоо.
     Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан  цаг үеэсээ эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд их спорт, урлаг соёлыг дэмжих бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. Үүний үр дүнд тус үйлдвэрийн дэргэдэх спорт ордон, Хангарьд клубээс  Атлантын олимпын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин, МУГТ  Д.Нармандах, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, боксын тамирчин, МУГТ  У.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн аварга, МУГТ  Г.Болдбаатар, олимпын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, МУГТ Э.Бэхбаяр, МУГТ Т.Мөнхтуяа нарын олон арван цуутай тамирчид төрөн гарч, Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсаар  байна.

 

     Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд үргэлжилж, 8 дугаар сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг Даваа гаригт хэлэлцлээ. Өнгөрсөн сард уулын цул гаргалт 2 сая 127 мянган метр куб  буюу 103,7 хувиар, хөрс хуулалт 910 мянган метр куб буюу төлөвлөгөөнөөс 59,5  мянган метр куб илүү, хүдэр олборлолт 3 сая 102 мянган тонн буюу төлөвлөгөөнөөс 42 мянган тонныг илүү олборлож, төлөвлөгөө давсан үзүүлэлттэй байна. Олборлосон нийт хүдрээс Баяжуулах үйлдвэрт исэлдсэн хүдэр 2 сая 663 мянган тонн буюу төлөвлөснөөс 30 мянган тонныг илүү өгчээ. Исэлдсэн хүдэр 439 мянган тонныг олборлож,  төлөвлөгөөг 12 мянган тонноор  давуулан биелүүлсэн байна. Өрөмдлөгийн хэмжээ сарын хугацаанд 42950  тууш метрт хүрч, төлөвлөснөөс 7700 тууш метр илүү гүйцэтгэжээ. Харин ачаа эргэлт 18 сая 382 мянган тонн километр буюу төлөвлөгөөнөөс 458 мянган тонн километрээр илүү байв. Баяжуулах үйлдвэр өнгөрсөн 8 дугаар сард 2 сая 696 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 63 мянган тонноор давуулан биелүүлжээ. Металл авалт бодит гүйцэтгэлээр 89,3 хувь, молибден 56 хувийн үзүүлэлттэй байв. 8 дугаар сард баяжмалын ачилт хэвийн үргэлжилж, 811 вагон зэсийн баяжмал, 179 чингэлэг молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна.
     Оны эхний 8 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелснийг албаны хүн онцлов.  Үйлдвэрийн хамт олон төлөвлөж байснаас 607 мянган метр куб уулын цул илүү гаргаж, 297 мянган куб метр хөрс илүү хуулж, 398 мянган тонн хүдэр илүү боловсруулсан амжилттай ажиллажээ. Цэвэр метал авалт төлөвлөгөөнөөс илүү 2 сая 902 мянган тонн зэс, зэсийн баяжмалд, 255 тонн молибден, молибдений баяжмалд тус тус илүү үйлдвэрлэсэн байна.
     Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 308 ажил төлөвлөж, дөрвөн чиглэлээр гүйцэтгэж байна. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл,  эрчим хүчний тоног төхөөрөмжийн болон системүүдийн  бэлтгэл,  аж ахуй,  нийгмийн барилга байгууламжийн бүрэн байдал, түүхий эд материал, хангамжийн асуудлаар намар өвлийн улиралд бэлтгэж буйг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий ярьлаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь Баяжуулах үйлдвэрийн булинга дамжуулах хоёрдугаар шугамыг  450 метр чулуун доторлогоотой ган хоолойгоор солих ажил  юм. Одоогийн байдлаар, 170 орчим метрийг сольсон байна. Мөн Хаягдлын аж ахуйн шинэ 15 дугаар далангийн байгууламжийн бүтээн байгуулалт 70 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Түүнчлэн Дулааны цахилгаан станцын 2 дугаар зуухны их засвар, Ил уурхайн 12 дугаар экскаваторын их засварын ажлууд тус тус өрнөж  байна.

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит  Технологийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, тус үйлдвэрийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Ж.Эрдэнэбилэг, Хөгжлийн бодлогын газрын дарга, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяр, ШУТИС-ийн профессор Л.Гүрбазар болон Монгол 21 сан, Капитрон банкны төлөөлөл, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш оюутнууд оролцов. Тус сургуулийн  хамт олон өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилд  Монгол улс, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн боловсролын салбарт баримталж буй бодлогын хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж,  44 магистр, бакалавр 149, Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтаар 22 мэргэжилтэй ажилчин, Ахлах сургуулиар 24 сурагч  нийтдээ 239 оюутан төгсгөсөн байна. Мөн ХАБЭА, БИ, мэргэжлийн сургалт, гадаад хэлний сургалтаар давхардсан тоогоор 11117 хүнийг сургажээ. 
     Хичээлийн жилийн үйл ажиллагааг нээж, Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням хэлсэн үгэндээ “Тус сургууль ёс зүйг дээдэлж, сэтгэлгээний өөрчлөлт гаргахдаа " Мэндлэх ёс"- ыг хэвшүүлж, сайн инженер бэлтгэхийн зэрэгцээ хүмүүнлэг, ёс зүйг эрхэмлэн дээдлэх том зорилт тавьж, хэрэгжүүлж эхэлсэн” гэдгийг тэмдэглэсэн нь шинэлэг байв. Харин тус сургуулийн төгсөгч Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж, сургуулийн ирээдүй өнгөтэй буйг тодотгов.
     Нээлтийн ёслолын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийг   Ашигт малтмал баяжуулалтын технологи-3 ангийн оюутан Б.Чимэглхам, Уул уурхайн ашиглалтын технологи-5 ангийн оюутан Б.Анхбаяр,Уул уурхайн ашиглалтын технологи-5 ангийн оюутан Б.Золзаяа, “Монгол 21”сангийн тэтгэлгийг  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэт хотын даргаар олон жил ажилласан, Зөвлөх багш Догсомын Тогооч, Цахилгаан системийн автоматжуулалт -3 ангийн оюутан Б.Ишдорж, Ашигт малтмал баяжуулалтын технологи-4 ангийн оюутан Н.Баярмаа, ОРА Металл компанийн тэтгэлгийг Инженерийн бэлтгэл ангийн оюутан Г.Батбаяр, Инженерийн бэлтгэл ангийн оюутан Э.Түвшинтөгс, Капитрон банкны тэтгэлгийг  Ашигт малтмал баяжуулалтын технологи-5 ангийн оюутан Э.Азжаргал,  Япон Улсын Засгийн Газрын Sakura Science хөтөлбөрийн тэтгэлгийг  Цахилгаан системийн автоматжуулалт-4 ангийн оюутан Э.Цолмон,Төгсөгчдийн холбооны тэтгэлгийг Цахилгааны инженер-1 ангийн оюутан Г.Одмаа нарт тус тус гардууллаа.
    Шинэ хичээлийн жилд магистр, бакалавр, МБОС 1 жилийн анги,  Ахлах сургууль болон бусад сургалтанд нийт 893 оюутан, суралцагч суралцахаар элсээд байна. 
     Технологийн сургууль 2018 онд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Сургалтын дэвшилтэт арга ажиллагааг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлсэн.
    Дээд боловсролын байгууллагын түвшинд оюутан суралцагч бүрийг хөгжүүлж, тэдний бүтээлч санаачлагыг урамшуулан дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, суралцахуйн арга барилд сургах, төлөвшүүлэх замаар сургалт судалгааны ажлын чанарт ахиц гаргах зорилтоо найман чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.



 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Индонез улсын Жакарта хотод болж буй Азийн зуны спортын наадмаас алтан медаль хүртлээ. Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн олон улсын тэмцээний 12, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр  “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
     Тэрээр энэ удаагийн Азийн зуны спортын наадмын анхны алтан медалийг хүртсэнээр ийнхүү Азийн хошой аварга боллоо.
     Мөн Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийн төрлөөр 11 дэх тамирчин, Азийн наадам болон Азийн аварга болсон чөлөөт бөхийн зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, Гавьяат тамирчин П.Сүхбат, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар гээд Монголын чөлөөт бөхийн үе үеийн шилдгүүд дээрх хоёр тэмцээнд түрүүлж байв.
     Э.Бэхбаярын анхны багш нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ аж.

     Нийгмийн хариуцлагын  үлгэр жишээ загварыг тогтоогоод буй Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа,  жил бүр компанийн ажиллагсад болон ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн нарийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ онд гуравдахь жилдээ оношилгоо, эмчилгээний Медипас төв эмнэлэгтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан энэ жилийн эрүүл мэндийн үзлэг, оношилгооны хөтөлбөрийн онцлогийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор Медипас төв эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийг хамгаалах албаны дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/  Т.Мягмарсүрэнтэй ярилцлаа.    

     -Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хэзээ эхэлсэн бэ? Үзлэгийн явц ямар байна вэ?
     Энэ жилийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээ, үзлэг өнгөрсөн 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн. Нэг өдөрт 50-55 хүн хүлээн авч үзлэгт хамруулж байна. Энэ нь хэвийн ачаалал учраас энэ хувиараар үргэлжлүүлээд ирэх оны 3 дугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар буюу үзлэгийн арван хоёр дахь хоногийн дүнгээр 564 хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо үйлчилгээг аваад байна. Үүнээс 106 нь эмэгтэй ажилчид байна. Манай эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад гуравдахь жилдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үйлчилгээг хүргэж байгаа. Энэ жилийн үзлэгийн багцыг сонгохдоо бид өмнөх хоёр жилийн үзүүлэлт, үр дүн дээр үндэслэн боловсруулсан гэдгийг юуны өмнө тодотгох хэрэгтэй.

     -Өмнөх жилийн үзлэгээр хоёр үндсэн багцын оношилгоо, шинжилгээнд хамруулсан. Тухайлбал, ходоодны дурангийн шинжилгээтэй, шинжилгээгүй гэх зэргээр ангилж байсныг санаж байна. Харин энэ жилийн багцууд ямар онцлогтой вэ? Өмнөх  жилүүдийн үзүүлэлтийг үндэслэснээр үзлэгийн төрлүүд өөрчлөгдсөн байх?
     Урьдчилан сэргийлэх үзлэгийн энэ оны багцуудыг бид ажиллагсдын насны ангиллаар боловсруулсан. Тодруулбал, 36 хүртэлх насныхан, 36-аас дээш насныхан гэж ангилсан. Энэ бол хамгийн гол онцлог гэж хэлж болно. Ингэж насаар ангилах болсон нь учиртай. 35 хүртэлх насны залуучууд  хараа сонсгол хэвийн, ахмад ажилтнуудтай харьцуулахад үйлдвэрийн хортой нөхцөл болон амьдралын буруу хэвшлээс үүдсэн өвчлөл бага байдаг учраас дээрх төрлийн шинжилгээнүүдийг цөөлсөн. Харин залуучуудын дунд зонхилж буй ходоодны үрэвсэл, хеликобактерийн илрүүлэг, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний наалдацын шинжилгээ зэргийг нэмэлтээр оруулж байгаа. Өнгөрсөн жилийн үзлэгийн дүнгээс харахад бүх төрлийн хавдрын өвчний илрүүлэг өндөр байсан тул энэ удаагийн үзлэгт өтгөн далд, цус илрүүлгийн шинжилгээнд бүх хүмүүсийг хамруулж байна.  Монголчуудын амьдралын хэв маяг, хоол хүнстэй холбоотойгоор манайд бүдүүн гэдэсний хорт хавдар нэмэгдэх хандлага бий. Маш хурдан хугацаанд эрчимтэй явагдаж, үсэрхийлдэг энэ төрлийн хавдрыг эрт илрүүлэх зорилгоор өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг багцдаа оруулсан. Энэ шинжилгээ нь дэлхий нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгийн бүрэлдэхүүнд зайлшгүй багтдаг. Өндөр ач холбогдолтой энэхүү шинжилгээг одоогоор зөвхөн манай эмнэлэгт хийж байна. Өтгөнд Хеликобактерийн эрт илрүүлэх шинжилгээг  энэ удаа  хийж буйн учир нь өмнөх хоёр жилийн үзлэгийн үр дүн, өөрөөр хэлбэл ходоодны дуран болон хеликобактерийн илрүүлгээр хийгдсэн эмчилгээний үр дүн ямар түвшинд байгааг тогтоох, хяналт тавих зорилготой юм. Дараагийн багц болох 36-аас дээш насныхны үзлэг нь дотроо таван хэсэгт хуваагдаж байгаа. Нурууны үзлэг шинжилгээний багц нь үйлдвэрлэлийн доргионд  нуруунд гэмтэл авах эрсдлийг багасгах зорилгоор хийгдэнэ. Мөн зүрхний эхо, ходоод болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээтэй, бүсэлхий нурууны рентген зураг Д витамины шинжилгээтэй багц шинжилгээнүүд бий. Тав дахь багцын онцлог Д витамин болон судасны хатуурлыг илрүүлэх шинжилгээ юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлд олон жил ажилласан, насжилт зэргээс үүдэлтэй өвчлөл 36-аас дээш насныханд илүүтэй тохиолддог тул  сонсголын бичлэг, нүдний хараа, нүдний даралт, нүдний уг үзэх, холестерин өөх тосны   солилцооны 4 үзүүлэлт    гэх зэрэг зайлшгүй шаардлагатай шинжилгээнүүд багц үзлэгт багтсан.

     -Өмнөх жилүүдийн үзлэгээр хамгийн олон илэрсэн буюу анхаарал татсан өвчлөл юу байв? Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач тусын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө үү.
    Өнгөрсөн хоёр жилийн үзлэгийн явцад зүрхний бичлэг нь өөрчлөлттэй 1000 гаруй хүн гарсан. Хурц шигдээстэй 4, хуучин  шигдээстэй 44, зүрх тэлэгдсэн, зүрхний хавхлагын гажиг, ангина өвчин зүрхэндээ нөлөөлсөн гээд зөвхөн зүрх судасны өвчлөлийн эмгэг олон оношлогдсон. Өөрчлөлттэй гарсан хүмүүсийг эргэж дуудах, эмчилгээнд оруулах арга хэмжээг  бид давхар авч ажиллаж байна. Ер нь Орхон аймгийн хувьд зүрх судас, цусны даралт ихдэх өвчин хамгийн их байгаа. Тиймээс энэ жилийн үзлэгийн багцандаа зүрхний эхо шинжилгээг дахин оруулсан тул идэвхтэй сайн хамрагдаарай гэж хэлмээр байна. Ингэснээр бид зүрхний гэнэтийн нас баралтаас урьдчилан сэргийлж чадна. Бас нэг онцлог шинжилгээ үзлэгийн багцад багтаж байгаа. Энэ бол CAVI/ AVI буюу артерийн судасны хатуурлыг шинжилдэг үзлэг. Хүний солигддоггүй эрхтнүүд болох тархи, зүрх, бөөр, нүдний торлог зэргийг тэжээж байдаг артерийн гол судас хатуурснаас тухайн амин чухал эрхтэн өвчилж эхэлдэг. Харин манайхан энэ эмгэгийг эрт илрүүлээгүйгээс болоод артерийн судас 75 хүртэл хувийн  нариисалд  хүрсэн тохиолдолд эмчид хандаж байгаа. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахын тулд бид артерийн судасны шинжилгээг багц үзлэгт оруулсан.  Тамхидалт болон амьдралын буруу зуршлууд нь артерийн судасны хатуурлын эмгэгт нөлөөлдөг болохыг ч уг шинжилгээг ашигласан  судалгаа тогтоосон байдаг. Иймд урьдчилан сэргийлэх CAVI/ AVI  шинжилгээнд хүн бүхэн хамрагдахыг анхааруулья. Дараагийн нэг онцлох зүйл бол ходоодны дурангийн шинжилгээнд эрт хамрагдаад өвчлөл байгаа эсэхийг илрүүлчих юм бол ходоодны хавдраас 100 хувь сэргийлэх боломж бүрдэнэ. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ажиллагсдынхаа эрүүл мэндэд оруулж буй хувь нэмэр болох урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгийн  ач холбогдлыг хүн бүр ухамсарлаж, багцад багтсан бүх шинжилгээнд тогтоосон хугацаанд хоцролгүй хамрагдаж, оношлуулаарай гэж зөвлөе. Медипас эмнэлгийн хамт олон, нарийн мэргэжлийн эмч нар та бүхний эрүүл мэндийг хамгаалахад бүх боломж, мэдлэг туршлагаа зориулах болно гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна.  

М.Балжинням

 

 

 

 

    Катодын зэсийн “ Ачит Ихт” ХХК , “БиДиСЕК” үнэт цаасны компани хамтран өөрийн компанийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад зориулан гаргасан давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх төсөл, шинээр байгуулж буй хаалттай хувьцаат  компани болох “Ачит зэс”-ийн үйл ажиллагааны талаар өнөөдөр танилцууллаа. “Ачит зэс” компанийн гаргаж буй давуу эрхийн хувьцаа нь Монголдоо анхдагч бөгөөд энгийн хувьцаанаас өөр нөхцөлтэй юм байна. Тухайлбал, хувьцааг гурван жилийн хугацаатай эзэмшиж, улирал тутам ноогдол ашиг хүртэж, шаардлагатай бол арилжиж болох аж. “Эрдэнэт” үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид, “Ачит Ихт” компанийн ажилчид хөдөлмөрийнхөө үр шимээр өөрийн сонголтоор, давуу эрхээр хувьцаа эзэмшиж, үүгээр дамжуулан уул уурхайн баялгаас  хүртэх боломжийг олгож байгаа юм гэж тус компанийн Тамгын газрын дарга Ц.Ариунжаргал онцоллоо.
    “Ачит ихт” компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус хүдрийн овоолгыг ашиглан катодын зэс гаргахаар 2014 онд ашиглалтад орсон. “Эрдэнэт”-ийн овоолгоос гаргаж буй цэвэр зэс нь Лондонгийн металын биржийн “А” зэрэглэлийн шаардлага хангадаг юм.

 

 


У.Цэрэнбат
 

     Бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлсэн 100 ажилтныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бүтээмж, инновацийн төвөөс шалгарууллаа. 100 манлайлагчийн жагсаалтанд багтсан ажилтнуудын 42% нь инженер техникийн ажилтан, 58% нь ажилчин, ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 25% нь технологийн, 37% нь механикийн, 17% нь эрчим хүчний, 6% нь автоматжуулалтын, үлдсэн 15% нь бусад чиглэлийнх байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн цехүүдийн ажилтнуудаас Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсгийн автоматикийн инженер Д.Оюунцэцэг сайн саналын системээр дамжуулан нийт 36 санал гаргаж, 61%-ийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дахь удаа жагсаалтыг тэргүүлсэн бол, захиргаа болон нийгмийн цехүүдийн ажилтнуудаас Захиргаа хүний нөөцийн хэлтсийн архивын ажилтан М.Энхзаяа сайн саналын системээр дамжуулан нийт 69 санал гаргаж, 5.7%-ийг нь хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг анх удаа тэргүүлсэн байна.

 


У.Бат

Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Засгийн газраас баталсан “Цагаан тоос бууруулах” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч хамтын ажиллагаа үргэлжлэн, өнөөдөр цагаан тоостой бүс нутагт 35-аас дээш жил амьдарсан иргэдийг шинжилгээнд хамрууллаа. Энэхүү шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Медипас” эмнэлгийн эмч нар хийж, тэдэнд зөвлөгөө өгсөн. Компьютер томограф, уушигны нарийн шинжилгээнд хамрагдсан 35 иргэн тус бүр 185 мянган төгрөгийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа. Цаашид цагаан тоостой бүс нутагт амьдардаг 3700 гаруй иргэдээс дахин 270 гаруй хүнийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж Орхон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн онцолсон.

 

У.Цэрэн

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог