“Уушгиа баярлуулж ухаанаараа уралдацгаая” сэдэвт “Цасны өдөрлөг” боллоо

Т.Батчулуун
Сэтгүүлч
“Уушгиа баярлуулж ухаанаараа уралдацгаая” сэдэвт “Цасны өдөрлөг” боллоо

     Энэ оны нэгдүгээр сарын 21-ээс Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 14-р өвлийн спартакиад эхэлсэн. Тус спартакиадын хүрээнд Баяжуулах үйлдвэрийнхэн өнөөдөр “Уушгиа баярлуулж ухаанаараа уралдацгаая” сэдвийн дор “Цасны өдөрлөг” зохион байгуулав. Энэхүү өдөрлөгт 14 хэсгийн 600 гаруй ажиллагсад оролцлоо. Өдөрлөгийн эхэнд баг хамт олноороо ажлын байрны дасгал хийж, Сархиа цанын баазыг гороолж алхав. Дараа нь чарга,олс таталтын тэмцээн явагдлаа. Чарганы тэмцээнд тус цехийн Аж ахуйн хэсэг тэргүүн байрт шалгарав. Удаах байруудыг Өөрөө нунтаглах хэсэг, Баяжуулах үйлдвэрийн захиргааны баг эзлэлээ. Олс таталтын тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг түрүүлж,  дэд байрт Хаягдлын аж ахуйн хэсэг, гутгаар байрт Цахилгаан хөтлүүр,автоматикийн хэсэг шалгарлаа. 2023 оныг Баяжуулах үйлдвэр  “Ёс зүй сахилга хариуцлага-Амжилтын үндэс”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх жил болгон зарласан. Уг уриан дор олон төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь  “Уушгиа баярлуулж ухаанаараа уралдацгаая” сэдэвт “Цасны өдөрлөг” байв. Түүнчлэн ажилчдын чөлөөт цагийг цэвэр агаарт үр бүтээлтэй өнгөрүүлэх,бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамирт өргөнөөр хамруулах,тэдний ажиллах эрч хүч, хүсэл зорилгыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү “Цасны өдөрлөг”-ыг зохион байгуулжээ. Энэ үеэр Спорт цогцолборын Сархиа цанын баазын арга зүйч-багш П.Энхтүвшин: “Энэ жил Монголын бүх ард түмний спартакиад болон хүүхдийн наадам болно. Өдөрт хуваарийн дагуу үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд спортын 2-3 төрлийн тэмцээн явж байна. Цех, хэсгийн “Цасны өдөрлөг” эхэлсэн. Баяжуулах үйлдвэрийн хамт олны дунд спортын хоёр төрлийн тэмцээн амжилттай явагдлаа. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын өвлийн 14-р спартакиад 3-р сарын 10-ны үеэр явагдаж дуусах ёстой. Уг спартакиадын уулын болон гүйлтийн цана, снапордын төрөлд Дулааны станц, Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн тамирчид оролцоно. 2023 оны хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Бүх ард түмний спартакиад Эрдэнэт үйлдвэрийн Сархиа цанын баазад болох юм” гэв. 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.